ЯРУУ НАЙРАГЧ ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА
ЭХ ОРНЫ ДАЙНЫ СЭДЭВТ ДУУЛЬ, НАЙРАГЛАЛ
Герман, Берлин хот
Амь үрэгдсэн хүүгээ тэвэрч буй эх.
Дайны хохирогчдод зориулсан дурсгалын цогцолборын гол хэсэг
Герман, Япон хоёр
тэр жил галзуурахад
Газар, элэг өмөрч
дэлхий, зүрх шархадсийм
Мал адгуус, хот балгас
устаагүй үлдсэн нь тоотой
Маргаангүй хорьдугаар зуун
өөрөө галзуурсийм
Тавин таван сая амиар
тэр галзууг номхруулж
Төчнөөн айл өрхийг
хүүгээр нь нэрийдсийм
Эцэггүй үлдсэнээ мэдэлгүй
тоглоомдоо улайрсан үрс
Эх орны дайнаас
авлагатай хоцорсийм (Эр цэргийн дууль)
ОХУ-ын Волгоград хот дахь
Мамаевын дурсгалын цогцолбор
дэлхийд хэмжээгээрээ хамгийн томд
тооцогддог, 85 м өндөр.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус
асгарсан Сталинградын тулаанд зориулан босгожээ. лоомдоо
1945 оны 4 ба 5-р сард Берлиний төлөөх тулалдаанд амь эрсэдсэн Зөвлөлтийн 80 000 дайчдын дурсгалын хөшөө.
Архитектор Яков Белопольский.
Трептов нь тухайн газрын нэр.
Эх орны дайны агуу ялалтын түүхт 80 жилийн ойд
Хар дайнд цайз болж
Харгис дайсанд эрлэг болж
Хар фашизмын яллагч болж
Харин өөрөө нар болж
Тэр жилийн аюулыг өвдөглөн
Трептовт орос цэрэг мөнхөрчээ
ТРЕПТОВЫН ЦЭЦЭРЛЭГ
Эх газрын хэвлий – Трептовын цэцэрлэгт
Эгэл орос цэрэг
Буун дуутай нойрсжээ
Гамшиг чирсэн хилэнц – дайны хорыг ариулан
Галт мэстэй хамт
Газрын хэвлийд шингэжээ
* * *
Үзээгүйдээ үхье гээгүй
Өр зүрхтэй хүн байсан
Үйлийн лайд сөхрөөгүй
Үүрээгтээ үнэнч цэрэг байсан
Бусад шигээ хуягт сөрөн
Бууны сум чээжээрээ халхлан
Үхлийн өмнө хэлэх үг нь
“Үнэн", “Ялалт” хоёр байсан
Харь газар ясаа тавихад
Харамсах юм тэдэнд байгаагүй
Нөхрийн төлөө амиа золиход
Нүгэл буяны ялгаа байгаагүй
Эх орон – Зөвлөлт гүрэн
Эхнэр хүүхэд – гал голомт
Амар энхийг олж байвал
Айх юм тэдэнд байгаагүй
Амиа тэгэвч зөнд нь орхиж
Аз туршиж гарзанд хаяагүй
Үхлийг заавал үнэ хүргээд
Өөртөө гомдолгүй нар шиг жаргажээ
Хар дайнд цайз болж
Харгис дайсанд эрлэг болж
Хар фашизмын яллагч болж
Харин өөрөө нар болж
Тэр жилүүдийн аюулыг өвдөглөн
Трептовт цэрэг эр мөнхөрчээ
Залуухан улаан цэрэг
Трептовын цэцэрлэгт
Жанжин тугаа далавчлан
Жигүүр дор нь бөхийжээ
Эрсэдсэн амь халуухнаараа
Ялалтын хөшөөнд мөнхөрч
Эр цэргийн дурсгалд
Байгаль хүндтэй бөхийжээ.
1978.6.25 Берлин - Дрезден
Ленинградынхны баатарлаг үйлсэд зориулав.
ТАЛХ
Эхийнхээ шарилд сөхөрч уй тайлах бүсгүй
Энэ нутгийн заншлаар цэцэг өргөсөнгүй
Энгийн л нэг хөшөө гавъяа түүх бичсэнгүй
Эргэн тойронд нам гүм хэдэн хүн мэгшинэ
Эхдээ охин цэцг бус талх өргөжээ
Эвийлэх зөөлөн сэтгэлтний харь элэг эмтэрчээ
Эх орны дайн хал амсуулсан зүрхэнд
Энэ хэрчим талх сум шиг харван иржээ ...
Галзуурсан ярга, хар дайн
Гал түймэр, далайн шуурга
Хүний хэлэнд шургалсан
Хамгийн аймшигт үгс
Түгшүүр зүдүүр алинтай ч
Талх хүч тэнцэнэ
Талхгүйдэж сая саяараа үхлийн халалга татсан
Тамиргүйдэж амьдаараа тасын хоол болсон
Хон хэрээ толгой дээр нь сууж байхад
Хойчийн өдрийн талхны тухай л бодож байсан ...
Инээд хөөр, зол жаргал
Энх тайван, баяр цэнгэл
Хүний хэл өөрөө дурласан
Хамгийн нандин үгс
Тансагхан ариухан бүхэнтэй
Талх хүч тэнцэнэ
Үр нүдлэх тариан талбайд
Өнийн жаргал үүр шиг гийсэн
Талх, давстай зочноо угтаж
Далай цалгиам дуугаа түрсэн ...
Талх даанч өгөөмөр
Дайсан, нөхрийг ялгахгүй
Хар санаа шүглэсэн газар ч
Цагаан сэтгэл амлаж байдаг
Хайр ивээл хургасан газар ч
Цайлган эх шиг өрөвчхөн байдаг
Талхыг овог нэр шигээ
Том үсгээр хүндэлж бичдэг
Хазахдаа хайрлаж, үнэнийг ухаарч
Хатчихвал өр нь өмрөн шаналдаг
Амьдрал туулсан өтгөс
Зовлон даадаг нулимсаа
Атгахан талхны элтэрхийд
Зовхио юүлэн өгч байна
“Талх мандтугай”
Ингэж хэлэх зүрхтэй
Ингэж тунхаглах эрхтэй
Эмгэд өвгөд
Эх орны дайныг
Энд өвдөглөж сууна.
* * *
Яруу найраг талх шиг энгүүн
Яг ижил ариухан тансаг
Ааг амт нь жигдрэн бүрэлдсэн
Амьдралын зүйргүй нандин олз
Яруу найраг, талх хоёр
Яг адилхан
Амьдралыг найраг дуулдаг юм бол
Араанд уусах талхны шим хүч нь байг!
Аз жаргалыг найраг дуулдаг юм бол
Ач авралын ширхэг тариа сүлд нь байг!
Тариа – энэ домогт нэр
Таалалт хорвоод бийд чинь гялайлаа!
Тариа – энэ шидэт үр
Тансаг амьдралд ирсэнд чинь гялайлаа!
Талх – энэ эрхэм үгтэй
Төрөлх хэл минь баярлалаа!
Талх – энэ гайхам идээтэй
Таван ханат минь гялайлаа! 1983.11.4
ХӨШӨӨ
Тэр жил амьсгал хураасан эр цэрэг нойрсож байна
Тэр хавар амь тасарсан эцэг энд нойрсож байна
Сүйт бүсгүйнхээ гараас аяга цай амтлангаа
Сүүлийн харцаа бэлэглэсэн арван наймт нойрсож байна
Эх хүн хойно элэг нь бүтэн эмтэрч
Эрлэгийн дайны шувтаргыг совингоороо мэдэрч
Эргэж уулзахын бэлгэ баруун хацрыг нь ч үлдээлгүй
Ээлжилж үнсээд багтарсан ээжийн хүү нойрсож байна
Тэд хөрс шороондоо шингэжээ
Түмэн цэцэг болж хөрснөөсөө дэлгэрчээ
Тэд хөх тэнгэртээ шингэжээ
Түмэн гэрэл болж огиоргуйд манджээ
Дээр нь тэнгэр гашуудна
Дэргэд нь цэцэг аргадаж торойно
Дээр нь үүл бараалан зангирна
Дэргэд нь ногоо гандаж гудайна
Үхлийг гагц байгаль аргадаж
Үнэнийг харин хүн гуйвуулна ...
Тэр жил амьсгал хураасан эр цэрэг нойрсож байна
Тэр хавар амь тасарсан эцэг энд нойрсож байна
Сүйт бүсгүйнхээ гараас аяга цай амтлангаа
Сүүлийн харцаа бэлэглэсэн арван наймт нойрсож байна.
1980.2.2 Дрезден - Көтен
ЭР ЦЭРГИИН ДУУЛЬ
Герман, Япон хоёр
тэр жил галзуурахад
Газар, элэг өмөрч
дэлхий, зүрх шархадсийм
Мал, хүн, хот балгас
устаагүй үлдсэн нь тоотой
Маргаангүй хорьдугаар зуун
өөрөө галзуурсийм
Тавин таван сая амиар
тэр галзууг номхруулж
Төчнөөн айл өрхийг
хүүгээр нь нэрийдсийм
Эцэггүй хоцорсноо мэдэлгүй
тоглоомдоо улайрсан үрс
Эх орны дайнаас
авлагатай хоцорсийм
* * *
Ava Noble
Гал атгаж цэрэг төрдөггүй
Ган ширээж цэрэг болдоггүй
Эх оронтой хэн бүхэн
Элгэн хайраараа цэрэг болдгийм
Аз жаргалд хайртай бүхэн
Аваа өгөөнд цэцэн болж
Заавал дийлэхийг өөртөө даатгаад
Замгаа шүүрэн босдог юм
Гэнэгүй байсан зүүд цочроон
Гэмгүй явсан зүрх эмзэглээн
Түгшүүрийн дохио дорно зүгээс
Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд
Дуулга цагаан Алтай
Уулга алдан сүүрсч
Дуулим дорно тал минь
Ууцаа нугалам хотойсийм
Өстний сургаар унаагаа юүлээд
Өрхийн тэргүүн цэрэг болсийм
Явуулын хүн шиг уяа хоослоод
Яаруу гээч нь мордоод явсийм
Ган сэлмийн ир хялайвч
Чин сэтгэл дуулга болж
Гацсан замаг цэнэгээ баравч
Эр зориг цайз болж
Эх орны эр цэрэг
Их анд орос нөхөр
Газрын дөлийг атгаж унтраан
Гавъяа нэхэлгүй эрсэдсэн билээ
Булгих зүрхэнд эх орон
Буцлах цусанд эв олон
Алтан амиа бөхлөх юмтай
Аадрын үер шиг шаагисан эрс
Бууны сумаар мөндөр буусан
Бузар хэргийн зарга шүүж
Дайны талбарт эзний ёсоор
Дархан цолтой үлдсэн билээ
Хангал морьд дайнд омгорч
Хар үйлтэнд хамт өширч
Харайлт бүрдээ нутаг усаа
Харь хэлтнээс булааж байсийм
Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож
Эр цэрэг хүлэггүйдэн явгарч
Эх орны алхам газрын төлөө
Эрчилсэн цусаа тогтоох завгүй
Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө
Эмээл дээрээ үхэж байхад
Ингэн сүү шиг мэлмий тал минь
Элгэн дээрээ зовлонг тэвчиж
Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь
Итгэлтэйеэ манаж байсийм
Дайныг үүрч, дайныг туулсан
Тал, эр, морь гурав
Нэгэн хүйгээр амин холбоотой
Нутаг усандаа ээлээ өгч
Нэхэл хатуу тулаан дундаас
Нэрийг нь авч гарсийм
Үхэл сэхэл хоёрт
Гомдол баяр үгүй
Үүрэг хүлээсэн цэрэг
Энэ гурав байсийм
Цусаа юүлсэн амиар
Цулбуур алдарсан мориор
Цурам ч аниагүй талаар
Ялалт ирсийм
Ялалтын сүрээ туганд мандуулж
Ялсан урмаа дуунд шингээж
Явсан эрс буцаж ирсийм
Хонгио тэр үед дариа хоосолж
Хорвоо эмзэглэн амиа хоосолж
Аз жаргалын үнэ цэн
Асгарсан цусны төлбөр байсийм
Дарийн хороор хонгио зэвэрч
Дайны гамшгаар дэлхий гасалж
Амь юүлж, газар шархдаж
Аз жаргал буцаж ирсийм ...
Герман, Япон хоёр
тэр жил галзуурахад
Газар, элэг өмөрч
дэлхий, зүрх шархадсийм
Мал, хүн, хот балгас
устаагүй үлдсэн нь тоотой
Маргаангүй хорьдугаар зуун
өөрөө галзуурсийм
Тавин таван сая амиар
тэр галзууг номхруулж
Төчнөөн айл өрхийг
хүүгээр нь нэрийдсийм
Эцэггүй хоцорсноо мэдэлгүй
тоглоомдоо улайрсан үрс
Эх орны дайнаас
авлагатай хоцорсийм. 1975 он
ТАЛХНЫ ДУУЛЬ
Эх орны шөнө намуухан дүнсийж
Их хотын дүүргээс талх ханхална
Энэ үйлдвэр нойргүй байна
Энд талхчин завгүй байна
Ирэх өдөрт хүч тэнхээ нөөцөлж
Эх орны зүрх энд цохилно
Ирэх өдөрт хөөр мишээл зэхэж
Энх амьдралын судас энд булгилна
Тариа будаа амилан хувилж
Талх төрөх гайхам агшин
Таны гэрт дээдлэх идээ
Талхчин бүсгүйн нандин заяа!
Зохисон гэж дэгжин цагаан өмсгөл
Зол заяаны зохиомж урамтай үйл
Гунигт түүхийг халхлан юу ч болоогүй юм шиг
Гунхах бүсгүйн идээ их зовлон өгүүлнэ ...
Эцгийнхээ томдсон хүрэм хөдөрч
Элбэгдсэн шаахайг нь хөлдөө углаж
Арван тавтай Вера эгчийн
Ажилчин зам талхнаас эхэлсэн
Үнэрт нь өөрсдөө цадаж үлдээд
Үртсийг нь хүртэл фронтод илгээсэн
Цагаан өмсгөлгүй ч цагаан сэтгэлтэй
Цагийн албагүй тэр хүмүүсээс
Хун шиг заяа өвлөж ирсийм
Хувь тавилан жаргалтайгаа ирсийм
Арван хоёртой Таня Савичевыг
Аюул нөмөрч үхэл дуудсан
Энэ орчлонд даанч эмгэнэлт
Элэг эмтэлж зүрх зогсом
Айдсын хөлс ясанд хатам
Үнэний гэрч, үхлийн гэрч, өлсгөлөнгийн гэрч
Өдрийн тэмдэглэлийн есөн зурвас
Сүүлчийх нь энэ байна
«1942 он
Тавдугаар сарын 13
Өглөөний 7 цаг 30 минутад
Ээж нас барлаа
Савичевынхан үхэцгээлээ
Цөм үхлээ
Таня ганцаар үлдлээ».
Дайны тухай айшгийн түгшүүрт
Талхны тухай гүн эмгэнэлт
Таня охины үлдээсэн зурвас
Тангарагийн бичээс зүрхэнд сийлжээ
Үнэнийг амьдралд уустал үйсэн
Өлсгөлөнг эгнэгт яллаж дарсан
Энэ өдрийг нартай тээсэн
Эрх чөлөөний тэмцлийн салхинаас
Хувь заяа нь талхчин бүсгүйд
Цагаан өмсгөлтэйгөө дэрвэж ирсийм
Хувь тавилан нь талхчин бүсгүйд
Зол учралтайгаа дэрвэж ирсийм.
1984.2.14
Гэрийнхнийхээ үхлийг тоочиж бичсэн 11 настай Таня Савичевагийн 9 хуудас өдрийн тэмдэглэл Ленинградын Пискаревын оршуулгын газрын музейд хадгалагдаж байдаг.
Түүний энэ тэмдэглэлийг нацистуудыг ялласан Нюренбергийн шүүх гэрчийн баримт болгожээ.
БҮСЛЭЛТИЙН ТАЛХ
Эх орны дайн, Ленинградын бүслэлт
Эрэлхэг есөн зуун хоногийг дэлхий мэднэ
“Бүслэлтийн талх” нэр нь хүртэл ийм байлаа
Бүлээн амиараа хэрчмийг нь сольж байлаа
Эргэн тойрон битүү бүслэгдсэн хотод
Эцсийн цус талхны төлөө урсаж байлаа
Ладог нуур дээгүүр талхны үнэр ханхийж
Лав хэдэн зуун онгоц битүү хамгаалжээ
“Амьдралын замыг амиараа хаа” гэж Гитлер
Аль хэдийнээс цухалдаад цөхрөнгөө баржээ
Хоёр зуухан грамм
Хоногийн хоол их үнээр олдож байлаа
Баатарлаг үйл бүтээгсэд тэсч тэмцэж
Бараг нэг сая хүн өлбөрч үхлээ
Өлсгөлөнг фашизм Ленинград руу турхирч
Өдөр шөнөгүй есөн зуун хоног анав
Өлбөрөлд дуртай хар тас, үхлийн зэвт сум
Өөр бусад нь эндэхийн тэнгэрийг орхиж одов
Ленинград Талхны эрхийн бичиг
1941 оны 10-р сар
Хоногийн норм 200 грамм
Хаяа манасан үхлийн бузар дайрлага
Хамаг талхыг зэр зэвсэг болгож
Өлсгөлөн зажлуулж, өлбөрөл залгиулах сумны гарзгүй
Өстнөө таниулах нүгэлт мэх сонгон авчээ
Хөлдүү талх хивэгийнх үү, буудайнх уу
Хэн ч ингэж бодож зүрхэлсэнгүй
Хэзээний цэргүүд гал тойрон сууж
Хичнээн ч юм тэвчээр гаргаж гэсэхийг нь хүлээнэ
Сайхан, дотно, гайхам үнэр хавиар нэг ханхийж
Салхи түүнийг дагуулан өлссөн хотоор хэснэ
Үр тарианы институтийхэн
Үзэг барин хориглолтод орсон байлаа
Хар үхлийн бүслэлтийг талхаар сэт цохих
Хаа ч үгүй ийм төслийг шийдэж байлаа
Энэ дэлхийн тарианы дээж
Эдний ширээн дээр дэлгээтэй
Их гүрнийг тэжээх амьдруулах
Ирээдүйг хамтад нь шийдэж байлаа
Ленинградын бүслэлт 1941 оны 9 р сарын 8-ний өдрөөс 1944 оны 1-р сарын 27-ныг хүртэл 872 хоног үргэлжилж 1,5 сая гаруй хүн амь өлбөрч үхжээ.
Нэг ч хормын завсаргүй дэлбэлэх бөмбөгөнд
Нева мөрөн хэд хуваагдаж байна уу гэлтэй
Энд тэндгүй их буу нижигнэж
Исаковын сүм, Өвлийн ордон
Эрмитаж, ер юм үлдэлгүй
Эзгүйрч байна уу гэлтэй ...
Эрдэмтэн Вавиловын шавь нар
Энэ тухай бодох завгүй
Эх орон, хүн ард нь
Ирээдүйтэйгээ харагдсаар байлаа
Эд гартаа буу барьсангүй
Энэ дайнд өөр зэвсгээр тулалдаж байлаа
Есөн зуун хоног, бүслэлт
Ер бусын аймшиг, гамшиг, бас тэвчээр
Талх яг энд
Танктай адил гавъяа бүтээв
Бүслэлтийн 900 хоногт Вавиловын
Үр тарианы институтийнхэн үрийн
сангаа хамгаалсаар 27 нь өлбөрч үхжээ.
Тариа будаа цөм
Ялгуусан зэвсэг болов
Эх орныхоо үрийн санг
Эрдэмтэд биеэрээ хамгаалж байв
Өдөр шөнөгүй есөн зуун хоног
Үрийн агуулахаа хамгаалж байв
Өлсөх зовлонг тэвчих бэрх ч
Үр тарианаас ширхэгийг хороовол
Өөрийгөө шууд урвасанд тооцох
Өршөөлгүй хууль үйлчилж байв
Тарианы шидэт үнэр өлсгөлөн дундуур
Талхны үнийг мэдрүүлэх дамчин мэт байв
Үр тарианы эхэмсэг ганц ширхэг үр
Үхэл амьдралыг заагласан бат бэх цайз байв
Тариа хамгаалагчид өөрсдөө бүр өлсгөлөн
Талыг нь аминдаа илүүчилвэл тамын хар нүгэл
Тамир тэнхээ нь ердөө хатуужлаар сэлбэгдэж
Талхыг маргаашийханд үлдээхээр амь зууж байв
1941 оны 12 сарын 28. Жена өглөөний 12 цагт нас барав.
Эмэг эх 1942 оны 1-р сарын 25-ны 3 цагт нас барав.
Лека 1942 оны 3-р сарын 17-ны өглөө 5 цагт нас барав.
Вася өвөө 1942 оны 4-р сарын 13-ны шөнийн 2 цагт нас барав.
Леша өвөө 1942 оны 5-р сарын 10-ны өдрийн 4 цагт нас барав.
Ээж 1942 оны 5-р сарын 13-ны өглөө 7 цаг 30 минутад нас барав.
Савычевыхан үхэцгээлээ. Бүгд үхлээ. Ганц Таня үлдэв.
Өгөөмөр гээч нь ноогдлынхоо жаахнаас
Өлссөн хүүхдэд илүүчилж байв
Энэ ертөнцийн бүх тариа цугларсан
Эрдэмтэн Вавиловын үрийн дээжийг
Хойч үедээ дамжуулж чадвал
Хоёрдугаар дайнд тэдний ялалт энэ байв
Иван амандаа нэг ч будаа халгаасангүй
Үнэртэж зогссон хүүтэй хоёр зуун граммаа хуваалаа
Хөөрхийлөх гэтэл дуу нь гарсангүй
Хэд алхаад ойчлоо, дэлхий дууслаа
Халааг нь Петр гуаи авав
Хайран сайхан хорин есөн нөхөр нь
Үр тариагаа хамгаалсаар өлбөрч үхэцгээлээ
Хөөрхий Иванаас хойш хэдэн хоног
Хүйтний эрч бүр тачигнав
Галт шуурга бүслэлтийн тийш долоо хоног
Газар тэнгэрийн оч болон дүүлсээр байлаа
Аз болоход сум нааш ойртсонгүй
Ач болж улаан цэрэг халгаасангүй
Өөртөө тушаан ань гэж агуулахаа хамгаалж
Өнөөдрийг үзэх гэж чадлаараа тэмцсээр
Урт гээч амьсгаа авч сая нэг уужраад
Унасан хэвээрээ зул шиг жаргалаа
Эргэн тойрон нь нам гүм
Энд тэнд буун дуу холдож
Үрийн агуулах ирээдүйтэй үнэгчлэн
Үүрийн гэгээ Ленинградыг нөмрөн ирлээ ...
Зөвлөлтийн хүний сэтгэлийн хатанд
Зүдгүүр зовлон, гамшиг өөрөө сөхрөн унасан
Иргэний үүрэг, хувийн тангараг, эр зоригийн өмнө
Эх орны хоёрдугаар дайн бууж өгсөн
Хүн зонд ширхэг будаа үлдээгээд
Хөрстөд өөрийгөө өлбөрүүлсэн
Зөвлөлтийн хүний мөс, гүндүүгүй зан -
Зүйргүй энэ хүчит “зэвсгийн” өмнө
Дайсны Барс танк, мессершмидт хүчгүйдэж
Дайн хад мөргөсөн мэт номхорсон ...
Аз жаргал гэж юу вэ, энх тайван гэж
Адил эрхтэй үг юу вэ, талх тариа гэж
Орчлонд Ленинградчууд үнэнээр тангараглан зарласийм
Октябрийн эх орон сүлдэндээ хоёуланг нь залсийм.
1989.11. 4
ДУЛАМСҮРЭН
(найраглалаас)
Аав тэр жил эсгий хийнэ гэж
Ахар уртын ноос тампуулж
Идэшний шарын шир зөөллөж
Элдэх бул шинийг бэлдлээ
Гэтэл дайн, атаа жөтөө
Грийн үүд татаж ирээд
Ээж биднийг үг солиулалгүй
Эцгийг минь дуудаад явлаа
Аавын оочилсон аяга цай
Амраа даган өрөмтөж үлдлээ
Чөдөр хүртэл ганзганд хүрэлгүй
Зэлэн дээр сарвайж үлдлээ
Эзнээ үгүйлсэн адгуус хүртэл
Энэ дайнд хамт гундаж
Тохомны хөлсөө гөвөөгүй хэвээр
Толгой гудайн нуухтаж хоцров
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө, 1971 он
Уран барималч Хишигт, Мишиг нар
“Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг тэнгэрт нартай хамт мөнхлөв. Газарт галтай цуг дархлав” Д.Пүрэвдорж
Саарал хаврын гуниг тээсэн
Салхи гэмээнэ хүйтэн догшин
Эсгий өрх тооно балбаж
Эмзэглэх сэтгэлд тоосоо гөвлөө
Үлдсэн биднийг шаналан нөмөрч
Өвсөн толгойг шарланги дарсан
Тэр зуны хур татарч
Дэлхий зовхи хуурайшсан байлаа
Цөхөрсөн сэтгэлд нулимс
Цөөрч туньж ирдгийм билээ
Газар сэтгэлд ав адилхан
Ган гачиг тохиодгийм билээ
* * *
Хар дайнд ганц хүн биш
Халх гол, дорнод тал
Хамаг монгол, Зөвлөлт гүрэн
Хал үзэн дайтаж байлаа
Берлин хүрсэн танкийн хөшөө, Улаанбаатар
Үхлээс айх хүн тэнд үгүй ч
Өрөө зурахад ёолохгүй гэж үү
Газар орон минь дайсанд булаагдвал
Галба юүлж сөнөх бус уу ...
Аавынхаа амиар амьдрал хийж
Ард нь бид үхэлгүй үлдэж
Эзнээ алдсан гал голомтын
Эвэрсэн нурмыг сахиж үлдэх
Ийм л хувь ээж бидэнд
Энэ дайн үлдээгээд явлаа
Хагацалд дуртай харалган дайн
Хоймор эзгүйлэн хоослоод явлаа
* * *
Дайны шарх эмзэг хэвэр
Давч сэтгэлд хорсож байхад
Танкны мөр арилаагүй хэвээр
Дархан хилд хоргодож байхад
Хувь заяанд эрлэг болох гэж
Хорвоод бүхэлд нь эзэн суух гэж
Дараагийн дайн хар сүүдрээ
Долоон мянган бээрийн цаанаас
Хон хэрээний дуугаар хэлмэрчлэн
Хорт мэсний утаагаар зарлан
Элэг сайт зөвлөлт нөхдийн
Эв сэтгэл дамнуулж тусгалаа
Үхэл дундуур их дайныг
Үүрч туулсан улаан цэрэгтэй
Эрлэгийн дайны хүйтэн саварт
Элгээ эмтэлсэн олон эхтэй
Итгэл сэтгэлийн хүж барилцан
Эв нэгдлийн хүч түшилцэн
Уул талдаа монгол мүмэн
Улаан армийн “цэрэг” боллоо
Эх орон дайн сонсохуй
Эрчүүд хэдийн буугаа мөрлөж
Эргэж ирэхээ амлаж чадахгүй
Эмээл дээр багтарч байлаа
Хавтганд чинь хээ хатган
Ханцуйнд чинь нударга тавьж
Эр нөхрөө дайнд үдэхүй
Эмзэг сэтгэлд аянга ниргэж
Бадриун гарыг нь атгаж салахуй
Барьц бүрмөсөн алдаж билээ
Дуудлага аваагүй хадам эцэг
Дуугаа хураан тамхилж сууснаа
Хаяа дэрлүүлж гэрээ буулгаад
Хамтдаа яьаад өглөө
Хоёр айлд эр орлож
Хоногийн тоотой тэмцэж байтал
Эр цэргийн ар болж
Ижийстэйгээ тэсч байтал
Хадам эцгийн сургийг дуулган
Сумын төвөөс элч ирлээ
Ханцуйнаасаа бичиг сугалан
Шургуулга дээр дуугүй тавилаа
Орон гэрий нь буйр сэлгэж
Оронд нь чулуугаар шав тавилаа
* * *
Дайн бол дайн л байдаг
Түүнд ганц эрлэг л баярладаг
Үхлээс олонтаа сонсох юм
Үнэндээ дайнд юусан билээ
Бууж өгөлгүй тэмцсэний гэрч
Буман эр хүйтэн булшинд
Эрлэгийн дайныг биедээ шингээж
Энх амгалан руу нар шиг жаргажээ
Эсгий бүрээсний сиймхий даган
Эрх чөлөөний нар гийж
Хагас нь тасарсан эсгий үүдний
Хамаг зайгаар ялалт түглээ
Ялсан цэргүү буугаа орхин
Явсан замаараа буцаж ирлээ
Нэгэнт нөмөрсөн дайныг дайсантай
Ниргэж дуусгаад шуугилдаж ирлээ ...
Дайсангүй ч унасан газар минь
Дайны нэг талбар байлаа
Дайтаагүй ч бид нутаг усандаа
Дайсан хориголосон цэрэг байлаа. 1979.4.15 Веб хуудас: Lkhagvaa.mn