АРЫН САЙХАН ХАНГАЙ МИНУ
ТЭНГЭРИЙН ТОЛЬ ТЭРХИЙН ЦАГААН НУУР
АРЫН ХАНГАЙН ЭГШИГЛЭН
(магтуу)
Хүннү эцгийн хөх тамга
Хангай, Тарвагатайн хүдэр уулс
Хүннү эхийн бэхэн таталга
Хануй, Хүнүй, Тэрх, Тамир, Орхон.
Дэлхийг цуулж дэргэн цовхчих
Чулуут, Суман, Гичгэнэ гол.
Хангай хааны дэгжин гоёл
Хайрын хатан цэнхэр мэлмэрээ
Тэнгэрийн толь, газрын гангараа
Тэрхийн цагаан, Өгий нуур.
Тэнгэрээс унаж тэнцэрсэн солир
Тайхар чулуу сансрын хөшөө.
Галаар тургиж дотроо уужилсан
Ганган хүрэм Хоргын тогоо.
Хөлгөн шатрын өрмөл туурь
Хүннү гүрний Луут хот.
Буурал цадигийн үлэмж гэгээрэхүй
Бурханы хутагт Чүлтэмжамц, Санжайжав
Зуун дамнасан мөнх оршнол
Цуут эрдмийн суут мэргэд.
Уулсаа түшиж ханхайн дэвсэн
Ургаа хад шиг хүчит бөхчүүд
Салхины хурд шинжиж сорьсон
Шандас эрдүү хурдан хүлгүүд.
Хөврөх уулс нүгнийн хүүрнэх
Хөгнөн сарьдаг өнийн галав
Хөлгөн судрын босоо төрх
Хөхөмтөн дүнсийх сүрлэг хангай.
Уулнаас нь уул төрж арсалдсан
Арын сайхан хангай
Уснаас нь ус ундарч цэнхэрлэсэн
Халхын ганган хангай.
2025.5.10
СУВАРГА ХАЙРХАН
БУЛГАН УУЛ
ҮҮЛ СЭЭТЭГНЭЖ ӨНЖСӨН ӨГИЙ НУУРЫН ҮЗЭСГЭЛЭН
ДЭЛХИЙГ ЦУУЛЖ ДЭРГЭН ЦОВХЧИХ ЧУЛУУТ ГОЛ
ЧУЛУУТ ГОЛ
Н. Нямжав “Суман гол”, 2012
ГАЛААР ТУРГИЖ ДОТРОО УУЖИЛСАН ГАЛТ УУЛ – ХОРГЫН ТОГОО
... Тэрхийн хаан гол боргиондоо хахахад
Тэсийн хатан ус цалгисан байж таараа
Хан Бүргэдэйн минь зулайд нар сар дальдрахад
Хахираа, Түргэний их уулс навтасхийж таараа ...
ДҮҮРИЙМАА
Хормойдоо өлгийдсөн тогоруун сүүдэр чи
Хорьхон насан би яасан их олз олоо вэ
Хотондоо хотлуулсан цагаахан хун чи
Хорвоо надад ямар их аз хайрлаа вэ.
Туургат гэрт минь нүдэлсэн Хатан Сэмбэрүү чи
Түргэнийхээ уулаас Хан Бүргэдэйг минь ширтэж ургасан
Майхнаар халхалж тэнгэрээс нууж авдаг бишрэлт цэцэг
Миний тоонотыг ширтэн Цагаан Дэглийдээ нүдэлсэн.
Тэрхийн гол
Тэрх Цагаан нуурынхаа долгис чичрэх мандалд
Тэмүүлж агсчих завь шиг чамайг л гэж би хүн болсон
Үүрэг нуурын шагшуургатай сарны дор бүүвэйлцэн
Үүлэн хадаг дэлгэн барьж дуугаар чамдаа сүй тавьсаан
Тэсийн цагаан хун чи далавчиндаа давалгаа наадуулж
Тэрхийн голын хаялганаас амслаа гэж зүүдэлсээн
Ардын дуутай мөнхөрсөн алиа хонгор Дүүриймааг
Алтан дэлхийг нэгжээд ч олно доо гэж би зүрхэлсээн
Насны жаргал гэрэлтсэн хосгүй маргад эрдэнэ чи
Нар. Сар, Од хөтлөн намайг л гэж заларсан
Ижилгүй ийм хувь тавилан хаа байдаг юм бэ
Эх хүн чамдаа бишрэлээ дэвсэж сөгдмүү
Миний гурван Маралын тэнтэр тунтар тэнцрээнд
Минж булган хангайн сортой сэрвээ бэдэртэнэ
Миний ботгон үрсийн ээжээ дуудах шулганаанд
Мичид зургаан эрхэсийн үүлтэй өлмий цэлмэнэ
Үртэй хүний жаргал чинийх минийх
Өглөгийн буянт гар нь харин чинийх
Өөдөө дөлтэй амьдрал чинийх минийх
Үүрд халуун илч нь харин чинийх
Туяат амьдралын чинь өөхөн дэнлүү би
Чамгүй бол цагаан голтой чандруу
Тос нэмлээ ч хоймроос хол гэрэлтэхгүй
Тортогтой гуулин цөгцний тал нь сүүдэртэй дэнлүү
Хормойдоо өлгийдсэн тогоруун сүүдэр – чи
Хорьхон насандаа би яасан их олз олоо вэ
Хотондоо хотлуулсан цагаахан хун - чи
Хорвоо надад ямар ч их аз хайрлаа вэ.
1988.1.21 Берлин-Шарнхорст
ДҮҮРИЙМАА
Хойд Тэрхий ай сав
хараагаараа зүүрмэглэхэд
Хархираа, Түргэний нуруунаас
тасарч ирсэн уул аа
Хан Бүргэдэйн хөвүүн
сарны зүүд зүүдлэхэд
Хархираа, Түргэний голоос
тасарч ирсэн ус аа
Салхи гүйцэмгүй хурдны
туурайн галаас цахилж
Шаагисан мөндөр цайруулж
манайд буусан Аз аа
Сансар бүтэн туулсан
одтой хамт харваж
Савтай сүү цалгиан
надад ирсэн хайр аа
Найрын эрдүү шуранхайнаас
найман шаргатай алдуурч
Намрын цэнхэр салхитай
дэгдэж ирсэн хайр аа
Нар сар хурайлж
дэлхийг хөлд оруулахад
Намайг л гэж бүрэлдсэн
хувь заяаны төөрөг өө чи.
1998.1.2
ХАЙРЫН ХАНАСАН УУСМАЛ
Мэргэдийн судар шившиж ардын дуу шивнэхэд
Мөрийтэй тоглоом шиг амьдралаас амжиж шүүрсэн Аз минь
Мэнгэний чинь өнгө Долоон Бурханд тодроход
Миний чацуут Од уулга алдан дайвалзсаан
Тэнгэр газар хямрааж учирсан хойно хоёул
Тэрхийнхээ голын рашаанаас тэнхээгээрээ залгилъя
Тив ертөнц товлож зуун алгасч учирсан хойно
Тэсийнхээ голын долгистой гүйхээрээ хөөцөлдье
Амь тэнссэн нарны цөм шиг дурлалд
Алсын одод жороолж сар туйвна
Далай аятай мэлтэлзэх хайрын ханасан уусмалд
Дэлхий шал согтуу, тэнгэр халамцуу дайвна
Жаргалтай хайрын дуулианд уулс талцан шүргэлцэж
Замбуулингийн унага тоосоороо зэрэг тоглоно
Жалга жалгын усны гижиг хүрэн цовхчиж
Жаран хэлийн шувуухай найрал дуулж цэнгэнэ
Хайр солир мэт жин дарж дэлхий хотолзоно
Хамаг сэтгэл жингүйдэж үүлс дайвалзана
Хүнд хөнгөний тэнцвэр зүүний үзүүр мэт ээ
Хөөрхий зүрх зүүний үзүүр тэмтчих дусал мэт ээ
Далай шиг мэлтэлзэх хайрын ханасан уусмал
Даанчиг их дурлалаас нэрсэн болоод дундрамгүй
Даргилах цай, өрдөх гал шиг хайрын ханасан уусмал
Даанчиг дэврүү сэтгэлээс тогтсон болоод зөөгтөмгүй...
Мэргэдийн судар шившиж ардын дуу шивнэхэд
Мөрийтэй тоглоом шиг амьдралаас амжиж шүүрсэн Аз минь
Мэнгэний чинь өнгө Долоон Бурханд тодроход
Миний чацуут Од уулга алдан дайвалзсаан.
1995.11.21 Улаанбаатар хот
Миний ерөөлт Эх Агааны Номин тандаа
ХАДАМ ЭХ
Хүн үүссэн цагаас
биесээ хайсан эрэлд
Хэдэн галвыг мөхөөж
ханьтайгаа учрахуй
Хэлтгий тогтсон сарны
зовлон сая дуусч
Хээр хонож бэтгэрсэн
шаналан нэг амарлаа
Эс анх бүрэлдэхэд
заяаны зураг тэнийж
Эх үрийн ерөөл
тэмтрэгдсэн байж таараа
Тэр жилийн хавар
дэлхийд намайг ирэхэд
Тэнэж төрсөн хүүгээ
зүүдэлсэн байж таараа
Уртын дууны шуранхай газраас тасарч
Унтаа үрс эхийн бүүвэйнд сөөм торнидог
эх орон минь,
Уяанд морь шилгээж, шүлэг задгай цалгиж
Умрын салхи буурын зогдортой ноцолдох эх орон минь
Тэрхийн хаан гол
боргиондоо хахахад
Тэсийн хатан ус
цалгисан байж таараа
Хан Бүргэдэйн дуулганд
нар сар дальдрахад
Хархираа, Түргэний их уулс
навтасхийж таараа
Хаа холын уулс
цуурайлан доргиход
Хадам эцэг “дөрөө”
чангалсан байж таараа
Хавь ойрын шаазгай
цуглаж суугаад шулганахад
Хадам эх уулга
алдсан байж таараа
Замбуулингийн бөөрөнд
дөрөө харших газар
Заяаны ханийн харц
уул нэвт гэрэлтэхэд
Цаана нь Хадам Эх
совингоороо жаргаж
Жаргалын найман морьтой
дүүлэх мэт болоо доо
Хөтөлгөө морь бахардуулж
айсуй ирэх хүүгээ
Хавирган сар өедүүлж
хүлээсэн байж таараа
Хүүхнийхээ тал биеийг
хүслээсээ ургуулсаар
Хөх уулсыг намстал
харуулдсан байж таараа
Эх үрийн зураг
зурхайн толь баярлуулж
Эсгий үүдний сиймхийгээр
нар шагайн хэлмэрчлэхэд
Тооно манасан хадаг
гал намиран хурайлж
Толгой шидлэх ажнай
гурав шившиж баясаа даа
Тэр жилийн хавар
дэлхийд намайг ирэхэд
Тэнэж төрсөн хүүгээ
зүүдэлсэн байж таараа
Тэрхийн хаан гол
боргиондоо хахахад
Тэсийн хатан ус
цалгисан байж таараа.
1996.8.25
ЭХ ҮРИЙН ДУУЛАЛ
Арван наймтай эх араг тэврэн дуншиж
Адсага, шар өтөг амийг нь сахина
Сэтэрт халзан эргэ хотондоо яраглан
Шинэ оны битүүн сараа нууж дуншина
Эрлэг хатавчинд цомцойж хоёр амь анана
Эхийн ёолох бүрийг амтархан залгилах гэж
Эвэрсэн амаа эцсийн овоор шүлсдэнэ
Эцгийн улайссан мод толгойноос чийрхэнэ
Сэрвэнгийн эхний өвөлжөө эхийн дор эвхэрч
Тэмээн чулууны цохио орвонгоороо ганхана
Үйртэл зуусан шүд чихран үхлийг тас хазахад
Үрийн зулайд хөлс чийхарч өвөлжөө амсхийлээ
Эрмэг хээр азарга чонотой ноцолдож хонов
Эмээлийн бүүрэг шон дээрээ өндөлзөж хонов
Дээд Сэрвэнгийн өвөлжөө, Цахир
Эр хар сур ханын толгойд тийчилж хонов
Эргийн нэхий гурван бүс шаналж хонов
Гурван их нуруу хотолзож хонов
Гучин гурван говь давалгаалж хонов
Гурван мөнгөн мичид ороолж хонов
Гуутай дагшин бурхад нойргүй хонолоо
Өмөрч зулгарсан эх дорхноо сэвхийж
Үрийн цолгин дуунд нулимсаа инээж юүлэв
Одноос одонд халих эх үрийн дуу
Орчлонгийн хазгай тэнхлэгийг тэгшилж тогтов ...
Халгин цалгих баяр сэтгэлийн сүүнд үерлэж
Хавар хаврын цэцэг найган найган дуулав
Насны хоёр амь элгэн хайранд бүрэлдэж
Намар намрын шувуу зэллэн зэллэн дуулав.
1996.8.28
Шүлэг Г. Лхагваа
Ая Г. Дамба
ТЭРХИЙН ШААГИА
Тэрхийн уран долгис
Тэлмэн жороо дэргүүлнэ
Тэшиг жороо гүйдэлд нь
Тэнгэр газар бөмбөлзөнө
Хангайн гоо дагина
Хайрын зүүд шиг мэлмэрнэ
Хайрын уяхан зүүдэнд нь
Хадан хясаа намалзана
Сүүгээ цалгиаж ерөөсөн
Эхийн сэтгэл шиг гол оо
Шүлгэн бүүвэйнд нялхарсан
Сүйт бүсгүй шиг гол оо
1997.6.19
Шүлэг Г. Лхагваа
Ая Х. Сэргэлэн
СЭРГЭЛЭН БАГА НАСАА ДУУЛЖ ЯВНА БИ
Цэнхэр тэнгэрийн хаяа газарт нийлэх тэртээ
Захгүй шаргал талын нарийн зөргөөр хөлхөж
Сэрүүн сайхан хангайдаа сэтгэл сэргэж явсан
Сэргэлэн бага насаа дуулж явна би
Хурдан морины нуруунд гийнгоо аялан хурдалж
Хуйвтай шилбүүр барин хурга ишигээ хариулж
Хүйтэн булгийн усанд өнжин умбаж тоглосон
Хөгжөөнт бага насаа дуулж явна би
Шиврээ зөөлөн борооноор хувцсаа тайчин гүйлдэж
Шинэхэн татсан солонгыг гартаа барихаар хөөцөлдөж
Цэгээн талын цэцгүүд өнгө алаглах зунаар
Цэнхэр ямбуу цамцтай дэрвэж явна аа би.
1967 он, Хар тэнгис, Одесса хот
Дээд Сэрвэнгийн гол
Цахир
ОЧИРХАЙРХАН УУЛ
Юүлсэн бүх галба тэмдэг тавьж отголсон
Ертөнцийн бүсэлхийгээс тээр дээр онголсон
Суварга ханан зоо нь дэлхийн эрэс шиг ханхайдаг
Суугуул эрдүү төрх нь уулсын эцэг шиг намбайдаг
Дүнчүүр сэтгэл шившин байж амь оруулсан уул минь
Түмний хайр ширээн байж хэл оруулсан уул минь
Уул болсон цагаасаа урмаар тэжээлгэж танхил болсийм
Ухаан орсон үеэсээ хүн малд ноолуулж налгар болсийм
Дэлхийн хүй цөглөхөд галтай цуг бүрэлдсэн
Дэлхийн зулай битүүрэхэд газрын хэвлий тийрч өндийсэн
Галба юүлэхэд ганхалгүй босоогоороо үлдсэн
Галт хайлшаар тургиж дотроо уужилсан
Өтгөсийг элээж өр нимгэрсэн буурал уул
Үүл сэмэрч ус хагстал мэгших уйтай
Өвсөө зөөллөж өлгийтийг угтсан буянт уул
Өвөл хэнзэрч үндэс яргатал баясах хөөртэй
Үлдсэнээс орь ганцаараа өвөөгийн өвөөгийн танил
Өнчрөхөөс орь ганцаараа үе үеийн танил
Орчлонд ганцхан хувь Очирхайрхан уул минь
Ондоо юугаар ч дутаагүй миний л шүлгээр дутсаан
1993.8.15 Цэцэрлэг хот, Булган зочид буудал
Тариат сумын уугуул, хосгүй яруу найрагч Жигжидсүрэнгийн
Ганболдын Баяр агсны гал ноцсон шүлгүүдийн
бяцхан шүүмж эвлүүлгээр эрхэм найрагчийг
орчлонд батлан сонордуулав.
ДӨРВӨН НҮДТЭЙ ДЭЛХИЙ
Архангайн Тариат (Хорго)-ын Ганболдын Баяр найрагчийн 29 насны гал цог, хийморь сүлд цогцолсон хоёр дахь ном. Өөрийн оролдлогоор бичиг үсэг гадарлах болсон төрмөл найрагчийн уран бүтээлийн ховорхон олзоос хүртэж сууна. Сүнсний дуудлага бол мэдлэгээс хол түрүүлдгийг түүний яруухан шүлгүүд илтгэнэ. Амьсгаа бүхэнд хүлхүүлж, судас бүхэнд лугшдаг яруу сайхан найраг аа гэж…
Сэтгэлийн их орон зайд солонго татаж давалгаалсан
Сарны бүтэн тамгатай Тэрхийн Цагаан нуур минь
Галвын цэнхэр уулсын цэцгэн гоёлт хормойг ноолсон
Галын тарнитай газрын нүдэн нуур минь
Дэндүү чиг сайхан үлгэрийг аминчилж надад л хуучилсан
Дээдийн ариун сүнстэй дэлхийн гангараа минь
Согоон жимээр бороо цайрах хавраар
Солонгонд завилсан лусын алтан буулт ч билүү та минь...
Б.Төмөрбаатар
Тэрхийн цагаан нуур, 1985
Баяр найрагчийн ингэж яруухан шүлэглэсэн Тэрхийн Цагаан нуурандаа намаржмаар байсан ч завдалгүй аанай л нүүдлийн шувуу шиг бууж мордоод ирлээ. Сайхан нутгийн минь дөрвөн улирлыг чимсэн нэгэн найрагчийн онгодтой шүлгээр дайлуулсан шигээ би бээр уянгын цэнхэр хорвоод уусаж шингээд ирлээ.
Намрын хөнгөн уйтгарт газрын нүд хүлэгдэхэд
Нарыг ижийтэй минь аргамжиж өнжөөдөг
Завилсан тэнгэр шиг өвгөд минь дээлээ орхиод буцахад
Зангирсан цагаан манангаа даалгүй сөхөрч өмөлздөг
Хуучин судар шиг Мандал Толгой та
Хүн сүнстэй дэлхий мөн өө
Насны уяан дээрээс сүүдэр үргээж үүрссэн
Найргийн омголон морьд мөн өө
Архан талд нь өвөлжиж, өвөрт нь зусаж ноолсон багахан толгойг би сая л ухаарч гярхай найрагчаас ичингүйрсэн шиг нэг сайн ажиж авлаа. Хаа сайгүй л байдаг нэг жижигхэн товцгоос дэлхийн дайтай ийм шүлэг түүх гэдэг үнэнхүү сайн найрагчийн хийдэг ажил мөнөөс мөн дөө. Тэрхийн цагаан нуур, ер бүх шүлэг нь нуурнаасаа, уулнаасаа, сэтгэл дотроосоо цанхаалж, дэлбэрч тэсрэн гарч байгаа нь найрагч бээр юмсын дотоод мөн чанарт ууссаных аа.
Босоо төрсөн унага шиг
Бодлоос минь үүрсдэг
Он цагийн омруу сууж бууралтсан
Нүүдлийн цэнхэр орчлонд дуудаж залбирах
Нарны сүүтэй уул юм шүү...
Уул усаа ингэжий амилуулж хэвлүүхэн дуулсан найрагч хүүгийн үгийн аясаар сэтгэл эргэцэж, дэргэд нь байсаар атал нутгаа харин ч бүр саначихлаа гээч. Эцэг эх нь Цахирын уугуул, хар багын сайн мэдэх нөхөд юмсан. Тэдэнд минь хүмүүний бүүхэл газар усны сэтгэл эвэлгэх тэнгэрийн хиштгт үр заяажээ.
Аавыгаа санасан сэтгэлийн уулнаас
Алдуул хэдэн адуу өвс хазалж сонсогдоно
Өнийн тэртээ суугаа ижийгээ нэг санахад
Өвсний үзүүрийн салхи хүнддэх шиг санагдана
Аавын минь суугаа зүгийн салхи
Сэврээж тавьсан тохомны үнэртэй
Аавын минь суугаа тэр зүгийн өглөө
Хазаарын сур хөлөрсөн шүүдэртэй…
Ижийгээ зүүдэлж хоносон шөнө
Ижий гөрөөс янзгалж хонодог юм гэнэлээ
Сүү, нар хоёрын энгэрээс
Сүүдэр өөрөө хальтирч унадаг юм гэнэлээ
Тоонын цамхаг шүргээд өнгөрөх тогоруун цуваа
Тэнгэрийн цагаан сүү дусаагаад явчхаж
Элэгдэхийн харам тавилангаас би
Эвий муу ижийгээ хаана нуултай билээ
Ботгон нүднийхээ болор цөцгийнд
Бурхадаар мануулж нуусан юмсан
Гараад орохын чөлөөнд ижийгээс минь
Газрын дайтай эмтэлж аваад явчхаж…
Будант орчлонгоос буцахын зарланг
Бурханы шувуу зууж иртэл
Хайрын бурам ижийдээ
Галын тарни шиг
Ганц шүлэг биччих л гэж
Нойроо би шөнийн эрвээхэйд ганзгалаад
Тэнгэрийн цаад руу үлээчихвээ…
Яруу найргийн хүрдэнд түмэнтээ эргэсэн хорвоогийн эцэг эх бүх л яруу сайхнаар хахаж, ачийг нь хариулчих чин зүрхний үг үлдээгүй мэт санасансан, үгүй юмсанж. Эхийн тухай ийм гүнзгий, гүн бясалгал, яруу сайхан, үлэмжийн хайр хосолсон шүлгийг өөр хэн бичлээ гэсэншүү юм бодонгоо нэн ч хөхөн баяслаа.
Насны аагинд согтуу омголон морьтой залуус
Нарны сормуусан дээгүүр дуулж давхилдсан наадам
Өдөр нэвт гэрэлтэх монгол охидын үзэсгэлэнд
Өндөр тэнгэрийн нүд унаж дурлам наадам...
Г.Баярын гайхалтай ухаарал шингэсэн ийм содон сонин монгол наадмаар Архангай зунжин намаржин бялуурч, Суврага Хайрханы төрийн тахилга, Буур хэмээх даян аврага Жамъяны 110 жилийн ойн баяр цэнгэл гээд наймдугаар сарыг хөлчүүртэл наадаж байх юмсанж.
Ганцаардлын ямбууг цуулж
Гал асаахсан
Сээмэн улаан нарыг
Сэтгэлийнхээ тоононоос зүүхсэн
Өчигдрийн бороонд норсон цамцыг чинь
Өвөртөө хатаахсан
Наалинхай чиний ертөнцөд эрх дураараа
Намрын унага мэт босоогоороо унтахсан…
Үүдээ битгий түгжээрэй
Ургаж гүйцсэн удвал цэцэг бүсгүй минь
Бурхадын сормуус тэврэлдээд эхлэхээр би
Бодь гөрөөс мэт тэнгэрийн өвс зуугаад очно шүү
Онгон одод цамцаа тайлж нүцгэрэхэд
Оргуул салхи мэт цэцгийн гэрэл хулгайлаад очно шүү
Өрхөө завсартай бүтээчхээрэй
Үзэмний халуун дарс минь
Шар согоодын үнэрт залуу марал цанхаалаад ирэхэд
Загасны бүжиг саран дээр эргэнэ шүү…
Намайгаа санавал тэртээх уулсыг саравчлаарай
Наран тогоруудын одох зүгт би суудаг юм шүү
Намрын өвсөөр захиа тэрлэж явуулаарай
Уруул уруулын чимээнд сар үнэгчилсэн
Үлгэрийн зүүд тэр л хавруудыг зуун жилээр тамгалаарай…
Чамтай уулзсан тэр үдшийн бороо
Норсон гэзэгнээс чинь тэнгэр ханхалж
Сүүдэр хэрчсэн инээдийн чинь айлгүйд
Сэтгэлийн товч шилбэнээсээ мултарч
Гал хөвсөн зүггүй алаг нүдэнд чинь ухаан баларч
Яг тэр зогсож байгаа газраа нам үхмээр байсан…
Хачин чимээгүй үхэл шиг шөнөөр
Зүрхээ лаа болгон асаагаад
Хаа сайгүй чамайгаа хайгаад олсонгүй
Харин тэгтэл чи минь
Харцан дотор минь дарс залгилж суусан байж…
Тэнд л гэрэлтэх Долоон Бурханы нэгийг чамдаа өмчилье
Тэнгэрлиг хайрын онгон сахиусаа
Бүжин хонгор зүрхэнд чинь зүүж өгье
Цас ханзарч цэцэглэх аз жаргалын хавраа
Зүрхний чинь цэнхэрхэн гэгээвчээр нуугдаж харъя
Гуних дургүй эмнэг цагаан сэтгэлээ задгайлж
Ганц л чинийхээ харцан дор борооший
Хязгааргүй хүслийн омголон цагаан унагаа
Халуухан сэтгэлийн чинь наранд аргамжъя…
Галзуу хайрын солиотой онгод. Тэнгэрийн агсал дэлдэж мордон зайдан уначхаад хийсгэж яваа найрагч бол бурханлиг сүнс юм. Найрагч нь “үхээд” шүлэг нь үлдэхийг гүн бясалгал гэдэг. Үүнийг бас сэтгэлээс ангижрахуй гэх. Сайн шүлгийг сүнсний ийм тансаг мэдрэмжээр бичдэг. Сэтгэлийн хүлээс алдарч ертөнц алга болон хязгааргүй эрх чөлөөнд умбах ийм нэгэн гайхалтай бясалгал найрагчийн урланд өрнөдөг бөлгөө. Мөч бүхэнд үхэж, мөч бүрд гэгээрч байх бурханлиг заяа найрагчид бий.
Баяр найрагчийг дэлхийн суутнууд Моцарт, Бетховен, Пушкин, Чойном шиг хосгүй нэгэн гэлтэй. Дээд өндөр төвшнөөс буусан тэнгэр язгуурт нэг нь ийм ховорхон авъяасыг тээж ирдгийм. Гайхалтай яруу найрагчдын буугаад мордсон дуулим замбуулинд найргийн тамгаа бардамхан дарчхаад буцлаа даа.
Чамд ах нь дээд диваажинд ордон зааж өгнө өө. Тэнд цагийн дөрвөн улиралд яруу найраг цанхаалж, хайрын түрлэг дөрвөн зүг найман зовхисоос цаглашгүй гэрлээр бүүвэйлж, Бурханы айзам аялгуу хотол даяар уянгалан дуурьсаж байдгийм.
Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Гүррагчаагийн Лхагваа
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тэнгэрийн хүү, хосгүй найрагчийг үдэж үг тэрлэв.
... Наргил даргил амьдралд
хүмүүнийг уйдаахгүй гэж
Намрын уйтай нууранд
шувуудыг тогтоох гэж
Найраг эсгэж
шүлгэн сүү залгилуулах гэж
Насаараа би
үгэн эрхи хэлхэж яваа юм ...
Веб хуудас: Lkhagvaa.mn