1 of 6

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваагийн мэндчилгээ

Эрдмийн түлхүүрийг лавхан атгасан инженер, мэргэжилтэн шавь нартаа үдэлтийн үг дайх завшаанд талархаж шүлгэн эрхи хэлхэн эрхэм баярыг тань хуваалцъя.

Зун зуны энэ өдөр

Тэнгэр дуутай цэлмэж

Зун зуны энэ өдөр

Салхи бүжигтэй дэгдэхэд,

Хаа сайгүй багш нар

Баярын мишээлтэй хөөрцөглөн

Хамаг монголын инженерүүд

Бүтэн өнгөөр дуулахад,

Зуны эхэн сар

Энгэр заам задгайлан

Зурган дуниар зэрэглээ

Талын энгээр хөшиглөхөд,

Зээр шиг сүрэглэх залууст

Гоёл бүхэн зохиж

Цэцгэн дундаас ялгарч

Ромб гардаж байхад,

2 of 6

Цэн цэн хөнгөн гунигтай

Оюутан насаа үдэж

Жин жин тэвэр баяртай

Залуус амьдралд хөл тавихад

Мянга мянган шавийнхаа

Хийморьт үрчлээ тэнийж

Манай сургуулийн багш нар

Жингүйдэж байна аа.

Оюутан нас, оюутан ахуй ард хоцорлоо, залуус минь. Инженер, мэргэжилтнүүд их хурдны нуруунд босоо хийморьтой дүүхэлзэж байна. Хүлгийн жолоог таталгүй урагшилвал хүслийн өндөрлөгт хүрч, оргилд гарч чадна аа. Дэлхий дээр ам хөдөлж байхад мэргэжил маань насан турш хүрэлцэнэ. Ийм их зах зээлийг эзэгнэн хөдлөхөд зөвхөн өрсөлдөх чадварын чинь хэмжүүр болсон эрдэм боловсрол тус болно оо. Өөртөө амьдрал агуулж буй бүхэн агуу юм. Идээ унд, хоол хүнс ийм юм. Бидний үйлдвэрлэн бүтээж буй идээнд хөдөлмөрийн хамгийн нандин хэсэг, сэтгэлийн охь шим шингэж байдаг болохоор үнэлэмж үгүй юм.

3 of 6

Эрхэм нандин энэ мэргэжлийн эзэд та бүхэн эх орондоо элбэгжүү амьдрал, эрүүл энхийн жаргалан бэлэглэх их хүслэн, урам зориг тээн амьдралд хөл тавьцгааж байна. Эх орны маань бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл та нараар дутаж буй тэр орон зайг эзэгнэгтүн. Амжилт, аз жаргалын эзэд болцгоогтун.

Уудам чиг заяасан Монголын минь

тос даасан заяа

Улсын минь сэтгэлийг зассан

таван тансаг идээ

Дэлгэрхэн жаргалтай түмний минь

зуун мянганаар базааж

Дээдийн буянаа үлдээсэн

таван тансаг идээ ...

Орчлонгоор нэг идээгээ магтаж

тэнхээгээрээ хашгирмаар

Оддын нулис – Солир

асгартал гуугалмаар

Инээдээ дуустал шавхаж

баяраа дааж ядтал

Энэ алтан хөрс шороонд

ханатал цацмаар ...

4 of 6

Жангар, Гэсэр хүүрнэж

идээ цагаа базаасан

Захын гялаан цойлуулж

дуу хуур цалгиасан

Морьтон ардын амны хишиг

уулгалан дэлгэртүгэй!

Монгол хүнсчид – их үйлчид

буянаараа жаргатугай !

ШУТИС, 2009 он

5 of 6

ХҮНСНИЙ ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Хүнсний инженер, биотехнологийн сургууль –

Хураагуур судсаар хүрхрээ шиг чихэлдэж

Багшийн зүрх агшихад манарч муурч

Бас дахин тэлэхэд хөлс чийхран тавирч

Эгээ л таван цул зургаан саваа дундалчилгүй

Идээ хоолны технологийн чивх норгон

Хөлд орж, хэлд зүгширч

Хүнс хоол энэ тэрээр донтсон

Эгдүүтэй додьгор энэ бяцхан оюутнууд

Ньютоны механиктай нүүрэлдэж

Нүүрс ус, уурагтай төрхөмссөн шиг

Бичил амь, вирус бактери нүдэлж

Биотехнологи, квант механик том том ярьсан шиг

Аминдэм, линолын хүчлээр угжуулсан

Адтай баахан антиоксидант оюутнууд

Зун амраад харьчхад нь

Цухалдаж агааргүйдэм, аминдэмгүйдэм

6 of 6

Цуглаж хураад адуу шиг, эмнэг хангалууд шиг

Чих дүлийрэм, газар доргим

Кальцийн хлор шахцийм шиг, плазм юүлцийм шиг

Эрдэнэ засгийн унагыг исгэрүүлэм

Энэ шаагилдсан их молекулууд –

Хүнсний инженер, биотехнологийн оюутнууд!

ШУТИС, 2009 он