1 of 62

ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ

(МОНГОЛ БҮСГҮЙ)

Наргил даргил амьдралд

хүмүүнийг уйдаахгүй гэж

Намрын уйтай нууранд

шувуудыг тогтоох гэж

Найраг эсгэж

шүлгэн сүү залгилуулах гэж

Насаараа би

шүлгэн эрхи хэлхэж яваа юм ...

Ундаарга Гүррагчаагийн Лхагваа

2 of 62

НЭГ. МОНГОЛ ЭХИЙН ДҮР

Хүүгийн нь суугаа энэ газар

Хөл дор далай тургилж байдгийм

Таны сэтгэл шиг цэнхэр далай буцлан

Давалгаандаа хөөс цахран байдгийм

Эцэг эхийн сэтгэлийг урж тасдах гэж төрөөд

Эрлийн замд танаасаа алслан зугтаж яваа

Эр хүний төлөө нялхын хайр өвөрлөн

Энэ л далай шиг сэтгэл тань давалгаалж суугаа ...

Хоосон зурагтай ярилаа гэж дүү нар баахан шоолж

Хорвоогийн эхийн хайраар тохуу хийж байгаа

Хоолноосоо тасалж хонуулсан миний хувийг гоочлон

Хонгор эхийн сэтгэлээр наргиа хийж байгаа

3 of 62

Айлын жаахан Сүндэръяад халамцуу амласан

Амрагийн сэжигтэй үгнээс ясаа хөлөртөл айж

Зам харуулдсан нүдний нь сормуус бүрээс дальдчин

Захиа бичүүлэх гэж эжий минь надад залбирч суугаа ...

Хатуухан барилж элдүүр хангаагүй хүү нь

Хайр даалгүй нялхарсан урийн цэнхэр яргуй

Уургаар цатгаж уйлуулахыг цээрлэсэн хүү нь

Ухаанд тань бүдэрсэн урмын ганцхан цучил

Зүрхнээсээ унагасан мэндийн тоймтой үг тань

Зүйргүй уйтай сэтгэлд үүрийн цагаан хяраа

Зүүднээсээ учиглаж биеэсээ аргамжсан хайр тань

Цөмөрч мэдэх хорвоод тэнцэрч гишгих ухаан ...

“Хүний нутгийн цэнхэр далай”

1989  он, Берлин-Шарнхорст

4 of 62

Замбуулингийн бөөрөнд

дөрөө харших газар

Заяаны ханийн харц

уул нэвт гэрэлтэхэд

Цаана нь Хадам Эх

совингоороо жаргаж

Жаргалын найман морьтой

дүүлэх мэт болоо доо

Хөтөлгөө морь бахардуулж

айсуй ирэх хүүгээ

Хавирган сар өедүүлж

хүлээсэн байж таараа

Хүүхнийхээ тал биеийг

хүслээсээ ургуулсаар

5 of 62

Хөх уулсыг намстал

харуулдсан байж таараа

Тэр жилийн хавар

дэлхийд намайг ирэхэд

Тэнэж төрсөн хүүгээ

зүүдэлсэн байж таараа

Тэрхийн хаан гол

боргиондоо хахахад

Тэсийн хатан ус

цалгисан байж таараа

“Хадам эх” 1996.8.25

6 of 62

Зулын гол шиг нуруугаа

амьдралд холгуулж бөгтийхдөө

Зурхай мэргэн ухаанаа л

аргаар билүүдэж хурцалсан

Зуны нар шиг жавхаагаа

гудиггүйхэн өгчхөөд

Зусар хорвоогийн ариншинг

тоолгүй нулимж эгээрсэн

Тангараг шиг хатуу

үнэн амьдарсан хойно

Тамын шүүхийг ч

та л шүүж чадна

Тэгтэй тэнцүү хүн

голдоо нүхгүй бирдийн

Тэнэмэл сүнсээс ээж та

диваажинг аварч чадна .... “Хадам эх” 1996

7 of 62

Арван наймтай эх араг тэврэн дуншиж

Адсага, шар өтөг амийг нь сахина

Сэтэрт халзан эргэ хотондоо яраглан

Шинэ оны битүүн сараа нууж дуншина

Эрлэг хатавчинд цомцойж хоёр амь анана

Эхийн ёолох бүрийг амтархан залгилах гэж

Эвэрсэн амаа эцсийн овоор шүлсдэнэ

Эцгийн улайссан мод толгойноос чийрхэнэ

Сэрвэнгийн эхний өвөлжөө эхийн дор эвхэрч

Тэмээн чулууны цохио орвонгоороо ганхана

Үйртэл зуусан шүд чихран үхлийг тас хазахад

Үрийн зулайд хөлс чийхарч өвөлжөө амсхийлээ

Эрмэг хээр азарга чонотой ноцолдож хонов

Эмээлийн бүүрэг шон дээрээ өндөлзөж хонов

8 of 62

Эр хар сур ханын толгойд тийчилж хонов

Эргийн нэхий гурван бүс шаналж хонов

Гурван их нуруу хотолзож хонов

Гучин гурван говь давалгаалж хонов

Гурван мөнгөн мичид ороолж хонов

Гуутай дагшин бурхад нойргүй хонолоо

Өмөрч зулгарсан эх дорхноо сэвхийж

Үрийн цолгин дуунд нулимсаа инээж юүлэв

Одноос одонд халих эх үрийн дуу

Орчлонгийн хазгай тэнхлэгийг тэгшилж тогтов ...

Халгин цалгих баяр сэтгэлийн сүүнд үерлэж

Хавар хаврын цэцэг найган найган дуулав

Насны хоёр амь элгэн хайранд бүрэлдэж

Намар намрын шувуу зэллэн зэллэн дуулав.

“Эх үрийн дуулал” 1996.8.28

9 of 62

Газар тамгалсан малын хишиг

        хөх аргал

Гантай тулга таалсан тэнгэрийн өглөг

        хөх хомоол

Наранд эрхэлж бороонд туньсан

       галын бурхан

Намар хаврын зэрэглээнд ижийг минь

       ачаатай тэмээ шиг хөвүүлсэн

Нар жарган жаргатал араг

       дэнхийтэл үүрүүлж зүтгүүлсэн

Нас намбыг нь хүртэл

       алхаанд нь аажуухан дүйлгэж

Над уруу ижийг минь тэртээ холоос

       дэнхэн дэнхэн яаруулсан

Аяа, тэр л яруу тансаг

        зүүд шиг зураг шивнэсэн

Аргал гээч найраг хурсан

       бүхэл бүтэн орчлон

Намар хаврын зэрэглээнд ижийг минь

        ачаатай тэмээ шиг хөвүүлсэн

10 of 62

Намайг яруу сайханд

        ангасан ботго шиг живүүлсэн

Нарны хооронд бидэн хоёрыг

        гүнгэр гангар дүйлгэсэн

Насны хоёр амийг

        араг үүрүүлж жаргаасан

Намайг ижийг минь бараадуулж

       нэгэн орчлонг ухааруулсан

Намайг бараадуулж ижийд минь

        нэгэн уярал хайрласан

Аяа, аргал түүсэн өдрүүд минь

       ижийгээ хань татаж

Алагхан толгодоо элээн

       найраг түүсэн өдрүүд минь

“Аргал түүсэн ижий” 1993.8.18 Улаанбаатар

 

11 of 62

Аавын тоглож өссөн

Алагхан толгодыг

Аргалтайгаа хормойлж

Ижий минь тэртээ ард бөртөлзөнө

Ижийтэй хамт тогоруу тонголзоно

Галын эрэлд салхитай эвэрч

Газрын элгэнд бэтэг шиг торойно

Гантай зуны хуурай тэнгэр шиг

Гарамгүй голын барьцгүй ус шиг

Амьдралын

Аашийг олох гэж бүртэлзэнэ.

Арын цэнхэр уулыг

Арагтайгаа үүрч

Зэрэглээ дагуулан

Жингүйдсээр ижий минь

Тэнгэрийн хаяанаас айсуй

“Ээж айсуй” 1995.3.7

12 of 62

Ээж минь эргэж ирнэ гэж

      хэлж явсан юм шиг

Энэ намрын шувууд

     буцах янзгүй

Ээж минь гуйж

     хайраар далласийм шиг налгар

Энэ намрын гурван сар

      дуусах янзгүй ...

Эх үрийн сэтгэлд

      нуурын шувууд дайвалзан

Эргэнэг хөх уулс

      нулимсанд бөхөлзөнө ...

“Энэ намрын гурван сар”

1995.11.10 Берлин-Франкфурт Майн-Бээжин-Улаанбаатар

13 of 62

Эцгийн алдраар нэрийдсэн

Өвөлжөө бууцаа эргэж

Энгэр талыг хаяалсан

Гэрүүдийн буйрыг тойрч

Ээвэр талын бууцны

Үүдэн зүгээр очлоо

Ээжийнхээ галладаг талын

Тулган чулууг түшлээ

Миний ганц өмч

Онголж сэтэрлэсэн бууц

Мичдээс зориуд тасалж

Надад илгээсэн солир

Эцгийг минь эцэг болгосон

Ээжийг минь эх болгосон

Энэ жаахан газар

Эрдэнэ гэж өөр юуг би хайнам “Өвөлжөөгөө эргэхүй” 1974 он

 

14 of 62

Өглөөгүүр хээр хоносон сар, бас нар

Өө, яасан их унтаа вэ

Үйлийн үрийг сүлжиж хөвөрдөж

Өчнөөн насыг яажшуухан туулаа вэ

Цагаас өмнө үхүүлчээгүй юмсан

Сохор зоосны тусыг мартаж яахин чадах

Сайн цагаас хүүгээ төөрүүлээгүй юмсан

Сайхь хоёр эрдэнийнхээ ачийг яахин мартах

Зургаан сарын бороо наранд гандах орчлонд

Зугаа наргианд автаж нэг нас дуусах

Зүйрлэшгүй Вансэмбэрүү ч гундаж үгүйрэх хорвоод

Зүүдний саарал зэрэглээг гүйцэж яахин чадах ...

Оройн дээд Их Бурхан эзгүй хойгуур

Олон зуун буруу салхилж орвонгоороо эргэв

Зовлонгоо даалгүй хөрстийн хэвлий цөмөрч

Зовиураа даамгүй далай хар салхинд хөөгдөв

15 of 62

Хөөсөрсөн тэнгис шиг хүсэл шунал нэрвэж

Хөглөрсөн энэ орчлонг засах арга мухардав

Суу залийн ертөнцөд ов мэх уралдаж

Сунаж мөргөсөн муу ижий минь ганц үнэн үлдэв

Хилэнцэт бор амьдрал эзэддээ хорлогдоход

Хувирч мэдэхгүй ганц хүн эх минь үлдэв

Оройг алгасаагүй судар тэвэрсэн гороотой

Өдөр өнжөөгүй цай дээжилсэн цацалтай

Бум буман монгол эх зуун зуунаар гуйсийм хойно

Бурхан нэг л өдөр Замбуулингийн хаалга татлаа

Сиймхий умбар гэрт минь үүр хаяарч

Сэгсгэр муу эхэд минь Бурхан бараалхаж байна

Хээр хоносон сар нартай үүрээр учирч

Хөрст даяараа гүн нойроос сэрж байна ...

  “Сунаж мөргөсөн ижий” 2007.10.23

16 of 62

Эвийн хорвоог түшилцэн

Ижий минь нутагтаа бий

Эргэх замын үзүүр тоссон

Эсгий цагаан гэртээ бий

Гэгэл цайлган сэтгэлд нь

Насны хир угаагдаж

Эгэл уужим хайранд нь

Ухааны сэв ариусч

Буман ачлалд ивээсэн

Буянтны дээд ижий минь ..

Эвийн хорвоог түшилцсэн

Эх сайхан нутаг минь

Ирнэ л гэж хүлээсээр

Ижийтэй минь хамт бий ...

“Эвийн хорвоо” 1997 Лейпциг Герман

17 of 62

ХОЁР. МОНГОЛ БҮСГҮЙ

Дэлхийг тэмтчиж чамайг хайсан жилүүдийг

Дээрх нар мэднэ, би явсаар л ...

Дээлтэйгээ хатаж, дээс шиг хөвөрч эрсээр л ...

Дээрх сар мэднэ, сүүдрээ дагуулж хайсаар л ...

Олно л гэж шүд зуусан эрлийн хоногуудыг

Од мэднэ, харваснаас бусад нь хэлнэ

Ондоо тийш миний харц хальтраагүй

Одоо түүнээ нотолж чөтгөртэй ч нүүрэлдэж чадна аа ...

Нар руу цойлсон эмнэгт бугуйл зэхэж

Намайг хайж нартыг дундуйлсан

Заяаны мөнгөн хун минь, аяа алтан хараацай минь

Чамайг надад Бурхан шивнэсийм

Хоёр биеийнхээ эрэлд хорвоогийн бөөрөнд уулзаагүй бол

Хойноос дагасан нар сульдаж унах байсан

Холын хол эрлээс шантарч өөрийг таалсан бол

Хоймсож зүүгдсэн сар гомдож гундах байсан.

(“Хань” 1993.8.16 Цэцэрлэг хот)

18 of 62

Хормойдоо өлгийдсөн тогоруун сүүдэр чи

Хорьхон насан би яасан их олз олоо вэ

Хотондоо хотлуулсан цагаахан хун чи

Хорвоо надад ямар их аз хайрлаа вэ

Туургат гэрт минь нүдэлсэн Хатан Сэмбэрүү чи

Түргэнийхээ уулаас Хан Бүргэдэйг минь ширтэж ургасан

Майхнаар халхалж тэнгэрээс нууж авдаг бишрэлт цэцэг

Миний тоонотыг ширтэн Цагаан Дэглийдээ нүдэлсэн

Тэрх Цагаан нуурынхаа долгис чичрэх мандалд

Тэмүүлж агсчих завь шиг чамайг л гэж би хүн болсон

Үүрэг нуурын шагшуургатай сарны дор бүүвэйлцэн

Үүлэн хадаг дэлгэн барьж дуугаар чамдаа сүй тавьсаан

Тэсийн цагаан хун чи далавчиндаа давалгаа наадуулж

Тэрхийн голын хаялганаас амслаа гэж зүүдэлсээн

Ардын дуутай мөнхөрсөн алиа хонгор Дүүриймааг

Алтан дэлхийг нэгжээд ч олно доо гэж би зүрхэлсээн ...

19 of 62

Туяат амьдралын чинь өөхөн дэнлүү би

Чамгүй бол цагаан голтой чандруу

Тос нэмлээ ч хоймроос хол гэрэлтэхгүй

Тортогтой гуулин цөгцний тал нь сүүдэртэй дэнлүү ...

(“Дүүриймаа”)

1998.1.21   Берлин-Шарнхорст

Хойд Тэрхий ай сав

хараагаараа зүүрмэглэхэд

Хархираа, Түргэний нуруунаас

тасарч ирсэн уул аа

Хан Бүргэдэйн хөвүүн

сарны зүүд зүүдлэхэд

Хархираа, Түргэний голоос

тасарч ирсэн ус аа

20 of 62

Салхи гүйцэмгүй хурдны

туурайн галаас цахилж

Шаагисан мөндөр цайруулж

манайд буусан Аз аа

Сансар бүтэн туулсан

одтой хамт харваж

Савтай сүү цалгиан

надад ирсэн хайр аа

Найрын эрдүү шуранхайнаас

найман шаргатай алдуурч

Намрын цэнхэр салхитай

дэгдэж ирсэн хайр аа

Нар сар хурайлж

дэлхийг хөлд оруулахад

Намайг л гэж бүрэлдсэн

хувь заяаны төөрөг өө чи.

(“Дүүриймаа” 1998.1.2)

21 of 62

Мэргэдийн судар шившиж ардын дуу шивнэхэд

Мөрийтэй тоглоом шиг амьдралаас амжиж шүүрсэн Аз минь

Мэнгэний чинь өнгө Долоон Бурханд тодроход

Миний чацуут Од уулга алдан дайвалзсаан

Тэнгэр газар хямрааж учирсан хойно хоёул

Тэрхийнхээ голын рашаанаас тэнхээгээрээ залгилъя

Тив ертөнц товлож зуун алгасч учирсан хойно

Тэсийнхээ голын долгистой гүйхээрээ хөөцөлдье

Амь тэнссэн нарны цөм шиг дурлалд

Алсын одод жороолж сар туйвна

Далай аятай мэлтэлзэх хайрын ханасан уусмалд

Дэлхий шал согтуу, тэнгэр халамцуу дайвна

Жаргалтай хайрын дуулианд уулс талцан шүргэлцэж

Замбуулингийн унага тоосоороо зэрэг тоглоно

Жалга жалгын усны гижиг хүрэн цовхчиж

Жаран хэлийн шувуухай найрал дуулж цэнгэнэ

Хайр солир мэт жин дарж дэлхий хотолзоно

Хамаг сэтгэл жингүйдэж үүлс дайвалзана

22 of 62

Хүнд хөнгөний тэнцвэр зүүний үзүүр мэт ээ

Хөөрхий зүрх зүүний үзүүр тэмтчих дусал мэт ээ

(“Хайрын ханасан уусмал”)

1995.11.21 Улаанбаатар хот

Үсэргээ морьдын тоостой солонго хөлөглөн бууж

Үдшийн од дайвтал бүжиж цас унаж байхад

Үүлс уулс талцуулан найргийн хурим хийж

Үлгэр шиг жаргал эрхлүүлэн сэтгэлийн дарс залгилж байхад

Үзэг бийр шиг гоо биесээр амьдралыг таталган бичиж

Үүр өглөөг булаалдан хоёул тоглож байхад ...

Уулга томоогүй сэтгэл борооны дусалтай найрч

Уран зургийн бүх өнгөөр сүлэлдэнхэн байдаг аа

Сүүмэн зэрэглээ хөхөж цадсан хавар

Сүрэглэн ирэх шувуудын дуун бүүвэйнд зайлагдан

Хөлчүү хөлчүү уулсыг дайвуулан зүүдлэх мэт

Хөл нийлж навчис товшлохуй тогоруу цам харайдаг аа ...

(“Дурлалын вальс” 1999.1.4)

23 of 62

Зуун гол бэлчирлэж

                         загас ижилсэх холоос

Зуны нар саатуулж

                         гэрлийн сиймхийгээр шивнэлцсийм

Зуун нуруу бэдэрлэж

                         саахалт буух алсаас

Зулхай цагаан үүлний

                          хормойгоор шагайлцсийм ...

Хан хурмаст үүлсээ

                        зунжингаа шилгээхэд

Хайранд норсон зүрх

                        бүтэн зуун цамнасан

Хасаг тэргэний дугуй

                        дэлхий бүтэн эргэхэд

Хайрын сайхан харц

                         насны жаргал амласан

24 of 62

Азарга азарга адуу дэлээрээ

                        тэнгэр хурайлах мэт

Алдрай хайрын жаргалан

                        зэрэглээ шиг цамнасан

Арван засгийн унага

                        тоосоороо зэрэг тоглох шиг

Аз жаргал өөд хоёул

                       шуурга мэт тэлүүлсэн

Миний баярыг би бүүхэл

                         дэлхий даахад ч бэрх

Мичдээр даруулж хоёр эрхэс тэгнэсэн ч

                     газарт тогтоох бэрх

Гал ус нийлэх мөртөө

түймэр шатаж байхад

Гадаад далайг юүлсэн ч

унтраах гэдэг бэрх ...

(“Уяхан замба тивийн нар” 1996.1.12 Улаанбаатар)

25 of 62

Хүн үүссэн цагаас

биесээ хайсан эрэлд

Хэдэн галвыг мөхөөж

ханьтайгаа учрахуй

Хэлтгий тогтсон сарны

зовлон сая дуусч

Хээр хонож бэтгэрсэн

шаналан нэг амарсийм ...

(“Хадам эх” 1996.8.25)

Дуу дуугаа авалцан

                             дэлхий хөлсөөж учрахад

Дундуур бүхэн дүүрч

                             оддын нулимс асгарсан

Дурдан цэнхэр алчуур чинь

                             солирын бороо тосч

Дуслыг шиврээн аяглаж

                             тэнгэр дурлачихсан байсан

26 of 62

Харц харцнаасаа асалцаж

дэлхий хөлрөөж учрахад

Хавар намрын гурван сар

зэрэглээндээ согтсон байсан

Хайртай дөрвөн буурал минь                           

шүлсэндээ цацаж

Ханарч зэллэх шувууд

өндөртөө тогтнож дурлачихсан байсан

Чамдаа би

сарны дарс залгилуулж

Чармай нүцгэн одны

  өвөрт эрхлүүлж суусан

Тэнгэрийн сүүн заадсаар

хөтөлцөнхөн гүйж

Тэнгэрийн нэрмэл усанд

сүүдрээ булхаж наадсаан

27 of 62

Эрдэнэ засгийн шуранхай

                             саранд хадан цуурайлж

Энэ дэлхийг барьцаалан

                             би чамд дурлачихсан байсан

Эр борын түрлэг

                             дөрвөн далай цухалдуулж

Инжиндээ чи нар амлан

                             надад дурлачихсан байсан

Чи надад бэлгэнд ирсэн

                              цэгээн дууны хорвоо байсан

Би чиний бүүвэйнд хайлсан

бичил хүн ертөнц байсан

Чи надад шагналд ирсэн

цэцгийн яруу диваажин байсан

Би чиний баланд ханасан

бичил байгалийн хаан байсан.

(“Эрдэнэ засгийн шуранхай” 2000.1.26 18.30)

28 of 62

Жил жилийн цэцэгтэй цуг алаглан

Чинийхээ хамт дэлхийг чимж амьдрав

Цэн цэнгийн дусал хуртай хамт бударч

Цийлэн цэнхэр тэнгэрийг

Цуурайлтал инээж амьдарлаа ... (1997.3.23)

Айзам бүрд нь намар хоргодсон салхины үзүүрээс

Алдрайхан харц хайраар тоглож над уруу навчис шидлэнэ

Хацар онох навч бүрийг сэтгэлдээ тоолон

Хайртай, хайргүй, хайртай, хайргүй гэж зүрх эмзэглэнэ

Чи, цэнхэр жигүүрт цэн тогоруу

Нисчихвий гэх айдас сэтгэл сэмлэн хэрнэ

Хайргүй гэж ширэв татан хацар оноогүй гунигт навч

Хатуу хорвоогийн шороон дээр харангатаж унана

Чи, цэцэгнээс амилсан цэнхэр дэглий

Цээжинд үндэслэсэн Хатан Сэмбэрүү

29 of 62

Хайртай гэж над уруу шидлэх чиний тунамал харц

Хамаг биеэр шүүгдэж цус давалгаална ...

Аяа намар асгарах навчсаа над дээр гөвнө

Алдрайхан харц хайраар тоглож над уруу навчис шидэлнэ

Хайртай хайргүй, хайртай хайргүй...

Ахиулж чи анхны цасан ширхэг шүүрч шидэлнэ

Намайг оноогүй хайр ёолон гиншин дунгуйрч

Нартын шар хавтгайд арай гэж тогтохуй

Цуурах нь дуулдах сэтгэлээс цуглуулах хэлтэрхий ч үлдэлгүй

Зусарч хувь заяа орхин орхин зугтана

Ингэн туйлаас хаялан наадах эхний цас

Энхэрхэн сэтгэл шиг бишүүрхэн алганд хөвсийн хайлна

Айзам бүрд нь намар хоргодсон салхины үзүүрээс

Алдрайхан харц хайраар тоглож над руу цасан ширхэг шидэлнэ

Чи, цаст хорвоод нүдэлсэн цагаан хун

Зүрхэн дээр минь бууж дөрвөн бэрх наадна

30 of 62

Дэвсээд өгсөн сэтгэлийг хайргүй үнгэн эрхэлж

Дээр нь шоо орхиж төөрөг буулгана

  Намайг жаргаасан чиний даажигнал, аяа хувь заяа минь

Найргаар хурайлж онгодоор тахих шүтээн минь

Намайг хайж дэлхийг нэгжсэн нарны хэлтэрхий минь

Намартаа буцалгүй дэргэд хоцорсон жаргалын цэн хун минь ...

Дуурьсаж цэцэглэх амьдрал гал дундуур бүжиглэж

Дуулж цэнгэх жаргал огторгуйн энгээр бадамлаж

Зэрэглээнд дүүхэлзэх уулс шиг сэтгэл уулгалан цамнаж

Цэцгэн хээтэй торго шиг бидэн хоёр намилзуур

Дэвэрч хайлан бүжихэд дэлхийн эн давчуу

Дэлгэрхэн дөрвөн улирал дэндүү чиг богинохон...

Амьдралын ханасан уусмал гэж хаа байна

Амтлах гэж, ууж согтох гэж би төрсөн.

(“Намрын цэнхэр зэрэглээ”)

1986.11.23 Берлин – Шарнхорст

31 of 62

Шүлэг хамт эрхлүүлж сүүтэй цай хувааж суухад

Зүүд өврөөс сугарч зэрэглээтэй томолдон

Зөн совин тоосорч зүрх зүрхтэй хөөцөлдөн

Зүсэр борооны дусал алган дээр нааддаг

Нарны бодрол, сарны зүүд чиний санаа алдалт шиг

Намар оройн бороо цэцэгний хатсан навч шиг

Найргийн эхэн төгсгөл солир мэт жин дарна ...

(“Шүлгэн бороо” 1994.7.17)

Бүлээн салхи мэт хайр биеэр урсана

Бүсгүйн харц зөөлнөөр сэтгэлд урсана

Орсон буур шиг энэ зүрхийг яана

Одоо яг дэлбэрвэл түймэр болж мэднэ ...

Хайр гэдэг өвчин халдваргүй нь яамай

Хавийн бүсгүйд тараавал хараал тусч мэднэ.

(“Хайр” 1993.8.16 Цэцэрлэг хот Булган буудал)

32 of 62

Чи бидэн хоёр нарны хоёр захаас

Чимээ хураан анирлах сарны сэрүүн амьсгалаас

Дэлгэж тавьсан сэтгэл шиг салхины намуун урсгалаас

Зөн билгээр учирна, зүрхний галаар хүрэлцэнэ. 1980.4.10 Дрезден хот

Шөнийн уртад уйдахгүй гэж

Сайхан зүүд зүүдэлж хонолоо

Зүүдэнд ирсэн шиг жаргалыг

Зүрх надаас нэхэх боллоо. 1975 он

Зуурдын учралд цэг хатгаж

Зүрхнээсээ чамайг хасъя гэлээ

Цурмын жаргалаас сэтгэл дайжуулж

Зүүднээсээ даруй хөөе гэлээ

Гэвч,

Чамгүйд өнгөрсөн үдийн тасархай

Жил сар шиг уртхан байлаа. 1970 он

33 of 62

Ганцхан дуудах утас

Галзууруулж мэдэх нь ...

Хататлаа хүлээсэн

Халууртлаа хүссэн

Тийм ээ, хүссэн хүлээсэн

Тэнгэрлиг бүсгүй...

Утасны цаана

Усгал харц, бүлээн амьсгал

Уянгалиг дуу, уярсан сэтгэл

Уймсан зүрх, үй олон хүлээлт ...

Ахиад дуудах утас

Амьсгааг хоолойд юүлнэ

Дахин нэг дуудвал

Тарчлаан баярлуулах

Тамтай ачтай

Энэ утас ...

34 of 62

Хоёрхон дуудах харилцуур хооронд

Хамаг ухаан нийлж сална

Хонгорхон харц тодорч бүдгэрэн

Хорвоогоор чи дүүрч харагдана ...

Хоёрхон дуудлага харилцуур хооронд

Хорвоогийн жаргал наашилна, цаашилна.

(“Ганц дуудах утас” 1985 он)1985 он

Хорь шүргэх дэгдээхэй чиний

Хорвоог баясгах золбоонд сөхөрч

Хонгор зул хумбан дэлбээгээ

Харуут задлах жавхаанд биширч

Захын одноос тусах гэгээний

Цалманд унах зүрхээ аргадаж

Ижлээ хайсан Сэмбэрүү цэцэгний

Энхэр зулайд хайраа шивнэнэ ...

Насны омгоор сэтгэл хөвсөрч

Найргийн бурманд зүрх хайлна ... (“Зул цэцэг” 1979.4.18 Дрезден хот)

35 of 62

Чамайгаа би насаар нь

Залуу сайхан байлгах гэж ...

Хашийн ялдам царайд чинь

Үрчлээ тавиад өнгөрөх

Хорвоогийн зальхай хоногууд

Ховсдохоос харамлана. (“Хэрсүүжихээс эмээнэ” 1977.10.9 Дрезден хот)

Эрэвгэр алаг нүд тогоотой сүүнд тусаж

Эжий минь надаас түрүүлж уулга алдахад ...

Энэ зун салхи хуйлруулж ирсэн

Эвлэгхэн хэвлүүхэн Намуунаа нар хурааж буцав

Намайг ганхуулж, саяхны цас шиг хайлуулж

Намрын салхины үзүүрээс үг шивнэж буцав

Хотны ноход шуугиулж ирсэн Намуунаа

Холдож бүдгэрэх шувуудыг дагуулж одов

Намрын хонгор салхи үзүүрээсээ гандан

Нартай хамт Намуунтай хамт буцав

Найган ганхах сэтгэл үзүүрээсээ шарлан

Навчтай хамт газартай хамт гундав

36 of 62

Шаазгай шагшуулж ирсэн аль газрын Намуунаа

Салхи гиншүүлж,  зэрэглээ найгуулж буцав

Саалийн зэл, жалга эзгүйрч, эрчүүд дуугаа хураан

Саран тамгат хээрийн нүд нуухтаж хоцров.

(“Намуунаа” 1986.9.9)

Амьдрал гээч атгахан үрлийг хувааж хүртэхэд

Амраг минь надад амттайг нь шилж өгсийм

Амьдрал нэртэй Их Хөлгөнийг задлалгүй

Ахиад нэгийг хоёул шинээр зохиосийм

Бүх хэлээр уянгалсан найраг юм гэв

Бүх өнгөөр таталсан зураг юм гэв

Бүтэн хөгөөр эгшиглэсэн хөгжим юм гэв

Бөмбөрцгийг улайстал дүрэлзэх хайр юм гэв

Бүгээнтэй адуу, нурманд нь манасан гал юм гэв

Бүрхээрт цамнах нэрмэл, тогорууны доголон нулимс юм гэв

Амьдралын Их Хөлгөн сударт равнай өргөж

Амжиж хоёул шинээр зохиож баринтиглав

37 of 62

Сүүмэн төдий ч сүүдэргүй гэрэлтэйхэн

Сүүлчийн цэгийг амьдрал танд хатгалаа

Үхлийн хар мэнгэн дээр сүүн тэмдэг тавьж

Үйтэн хуарын чинь хээг тосоор мялааж  өмсгөлөө ...

“Амьдрал нэртэй их хөлгөн” 1998.12.26

Дэнж бүрхсэн наадам зүүд юм шиг дэрвэж

Тэнзэн ташууртай ах нар бүлтийж мэлэрсэн наадам

Дэлхийг эзлээд ирсийм шиг дээл хөөргөсөн эрс

Талимаа сайхан харцанд чинь талцаж согтсон наадам

Дэвж шаах бөхчүүл тэнхээндээ аархан

Дэлгэрхэн чиний өмнө бяр амтагдсан наадам

Дэл намираа хүлэг уяа битүү гийнгоолж

Дэлхий багадсан хурдны тоосонд нар жижгэрсэн наадам

Инээхэд чиний шүд энэ нарны цаанаас яралзаж харагдан

Инээхэд чиний дуу энэ тэнгэрийн гүнээс цуурайлж сонсдон

38 of 62

Насны найраг намайг чамтай хамт бүүвэйлж

Намрын сувдан шүүдэр бөнжийж үлдсэн наадам ...

“Тэр жилийн наадам” 1998.7.16

Газартай харгалдаж би

Гал гаргаж явна

Одтой шүргэлцэн

Оч үсэргэж явна

Дэлхий дээр тогтохоо больж

Дээлэндээ багтахаа байж явна ...

Өндгөн сар шиг торомгор бүсгүйн

Олзны хүнээ би

Үхүүлэх, жаргуулах ганц эзэнтэй

Өндөр дээд боол оо, би ...

“Харцанд чинь жиргэх шувуухай” 1993.8.24

39 of 62

Жарган жарган хайлан хайлан

Чамайг би зүүдэлж хонолоо

Од цахилах цагаан зураа

Олойр татаад ирэв үү гэтэл

Оч үсрэх халуухан харц

Одны цаанаас мишээж байх юм

Шанага шанагаар самрах сүү шиг

Шаагин хөөцөлдөх инээд нэхэн

Сайхан чиний эрэлд хатаад

Сар нарыг зайчилж явах юм

Цэнхэр яргуйд биеэр хувилаад

Цэцгэн дунд нуугдлаа гэтэл

Амьсгаа дарах анирхан дундаас

Алчуурын чинь чичрээ даллаж байх юм

Инээд шиг асгарах бороон дусалд

Энхэрхэн чи бүтэн норчхоод

40 of 62

Аадар тоссон эрэвгэр сормуус

Аашаар над уруу ирмэж байх юм

Найман говийн зэрэглээ нэвтлэн

Надад эрхлэх бүсгүй чамд

Хан тэнгэрийг цуурайтуулан донслуулан

Хайрын шүлэг уншиж байх юм.

“Чамайг зүүдэлсэн шөнө” 1985

Захын цагаан одыг салхитай тоглуулж

Чамайг би хайсан

Задгай цагаан үүлсийг сартай шивнүүлж

Чамайг би хайсан

Онгон зэлүүд талын өвсийг зайчилж

Чамайгаа сартай хамт хайсан

Олон жилийг нартай нь эцээж

                        Салхитай хамт хайсан

41 of 62

Цэцгэн дундаас сорчилж

                       Эрвээхэйтэй хамт хайсан

Цийлэн огторгуйг самнаж

                        Үүлтэй хамт хайсан ...

“Миний алаг нүдэн” 2017.2.15

Азаар надад Бурхан ханьсуулж заяасийм

Айзам яруу найрагхан минь!

Буруу зөвгүй заяаг эрх дураар нь задгайлж

Бууж мордох хорвоог сандаах гэсийм аа хоёулаа

Бугуйлын эмнэг шиг жавхаатайхан минь!

Үсийг чинь задгайлж наранд харуулъя

Очилж ноцсон хайр минь!

Өврийг чинь задгайлж саранд харуулъя

Очир эрдэнийн шигтгээхэн минь!

Сэтгэлийг чинь задгайлж Бурханд харуулъя

Онгодын цолгин дүрсгүйхэн минь!

42 of 62

Зүрхийг чинь нээж өөртөө харуулъя

Зүггүйтэгч оргилуун дарсхан минь

Зүсрэх хурын шиврээхэн минь!

“Зүсрэх хурын шиврээхэн минь” 2017.3.4

Ханзран хөлрөх цаснаас

гуйсийм, чамайг

Хайрхандаа ч харуулалгүй

нуусан юмсан

Хангайн цэцэгтэй алаглан

таньж ядахад

Хацраас чинь

солонго татсийм

Хаяанаасаа гийн

огторгуй баясаж

Хорин нэгэн зуун

гайхалдан зог туссийм

43 of 62

Хоёр сэтгэлийн далай

сүлэлдэн уулгалж

Хорвоогийн бүх жаргалан

давалгаалан цалгисийм

Чинэрэн лугших

дэлхийн судас -

Чиний хайр, зүйрлэл үгүй

их далайн түрлэг мэт ...

Дэлгэж барьсан сэтгэл минь

дэлхийн энтэй

Дэндүү чиг тормогор нүдэн чи

сарны тамгатай

Дэвэрч асгарах хайр

тэнгэрийн гэлтэй

Дэлгэрхэн эвлэг ааш чинь

тэнгисийн хаялга аятай.

“Тэнгэрийн зүүд” 2024.8.27 Улаанбаатар

 

 

44 of 62

Тэртээх одны гэрэлд

тэрэлсэн найраг

Тэнгисийн цэнхэр давалгаанд

таталсан зураг

Тэр чигээрээ амгалан

сэтгэлийн цэлгэр хойморт

Тэнцэж ядсан хайр

ухаан балар

Зүрхэнд унгалдсан нарны унага

тоосоороо тоглож

Зүүдэнд аргамжсан ботгон нүд

зүггүйтэн наадаж

Цуурайлан дуурьсах инээд

огторгуй цалгиаж

Зүг зүгийн цэцэгс

гайхалдан тормолзож ...

Өгөөмөр ууч тэнгэр ганц будрахдаа

чамайг харуулахуйд

Үзэсгэлэнд чинь хөл алдаж

өвсний толгойд тэнцрэхэд

45 of 62

Нар жуумалзан өглөөг

надад бэлэглэж

Мансуу зүүдний жаргалан

одны сормууст нуугдав аа.

Үг дуустал урсгамаар

чиний сайхан

Өглөгийн хорвоог

дуудан хайлмаар сайхан

Тэнд хөөрхий минь

суугаа юмсанж

Тэр зүгийн тэнгэр

цэлмэг л байгаасай.

“Тэр зүгийн тэнгэр” 2025.1.29

46 of 62

Бороотой шивэрч зүрх гижигдэн

Тэнгэрийн нүднээс над руу асгарч

Сэтгэл живүүлсэн тэр зун,

Чи байсан.

Дөрвөн улирал ээлжлэн сэхээ өгөлгүй

Далайн түрлэг мэт эзэмдэн живүүлж

Даавуу дээлэндээ шатаж амь тавим

Даанч аагим намар,

Чи байсан.

Нисэх мэт өнгөрдөг ч одоо зогссон

Мянганыг хураан тийчлэх цагийн эргүүлгээс

Хувь төгс гэгээн жаргалан цалгиулсан

Хугацаа үгүй хугацаа,

Чи байсан.

2024.10.29

47 of 62

Зууны цэцгүүд цугларсийм шиг үзэсгэлэн

Зун байлаа, чи байлаа.

Зургаан сар үзээгүй мэт гоёмсог

Зун байлаа, чи байлаа.

Зун бүхэн цугларсийм шиг яруу

Зун байлаа, чи байлаа.

Сэтгэлээ танимгүй, үг олдохгүй

Бороо тэнгэрээс бус зүрхнээс асгарч

Сэтгэл үерлэж зад тавьсан

Зун байлаа, чи байлаа.

Бидэн хоёр харь гарагийнх шиг дэлхийд дасч

Бишүүрхэж дассан зун байлаа

Нар учраа мэдэхээ байчихсан

Намар байлаа, чи байлаа.

Навч бүрд талархаж мөчир бүрд бөхийм

Намайг чамтай бүүвэйлэх салхитай найгасан

Намар байлаа, чи байлаа.

Хүн бүр уншим нүүрэнд бичээстэй

Дуун түрлэг дотоодод давалгаалан

Хүж дэлхийн амьсгаа давчдаж, амсхийж

Давхар нартай намар байлаа. “Цэнхэр дэлхийн уянга” 2024.3.21

48 of 62

НАЙРАГЛАЛ

Өнөөдөр чамайг үзлээ гэж үү

Өчигдөр чи хаа байв аа

Жилийн жилд айлсаж буухдаа

Зэрэглээн дунд нуугдлаа гэж үү

Үлгэрийн шидээр дүр хувилсан

Өндгөн цагаан сар юмуу

Үүдэн хоймор зөрөхдөө ажаагүй

Үүлэнд ассан цэвцрүү юмуу

Эрвээхэй нүд чинь нэг л өдөр

Энгэрийн товчинд цахиур цахиж

Элэг эгшээн түймэр тавьж

Эмнэгийн туурай шиг цахиллаа гэж үү...

49 of 62

Галт бамбар газраас шүүрэн

Гариг ертөнцөд дөхүүлэх юм шиг

Ганц үгний мэндийн солионд

Гачлан бүхэн нүүрлэсэн байх юм ...

Хайртай гээч зүрхний үгээ

Чамаасаа харамлаж суугаагүй ээ

Хангайн согоо шиг жавхааг чинь бодож

Харин би өөрөөсөө харамласийм

Өдөр бүр сэмэрч ноорсоор

Өнөөдөр ингээд урагдаж дуусах

Сэтгэлээ би чамаасаа нууж

Сэмхэн дотроо шатаж явсийм

Ууланд нь цэцэгс бөхийлгэн

Усанд нь жараахай саатуулж

Үзэсгэлэн гоод хатан суусан

Үнэнээ чи мартлаа гэж үү

Хайранд чинь гол боломгүй

Хариугүй нэгэн гэж чамлахгүй гэж үү

Амьдралд чинь тал боломгүй

Арчаагүй эр гэж голохгүй гэж үү

50 of 62

Амьдралд чинь тал боломгүй

Арчаагүй эр гэж голохгүй гэж үү

Сарны үзүүр ноцоод авсан ч

Шалихгүй гэж бодохгүй гэж үү

Салхины үзүүр нийтгээд барьсан ч

Саваагүй гэж чамлахгүй гэж үү

Нарны цацрагаар сэтгэлээ сүлжээд

Найргийн өлмийд дэвсэн баривал

Насны чинь жавхааг гундаах юм шиг

Надаас чи цэрвэхгүй гэж үү

Зүрхтэй бүхэн өмнө чинь хайлсан

Зүмбэр ялдам хонгор чиний

Зүггүй цалгих инээд гэвэл

Зүсрийн энхэр шиврээ шүү дээ

51 of 62

Сэтгэл бүхэн дэргэд чинь сэмрэн

Сэлүүргүй завь шиг бөмбөрөн дайвж

Сэхээ өгдөггүй торомгор нүд чинь

Шинэдийн онгон сар шүү дээ

Уул хөвчдөө цалгиасан дуу чинь

Унаган үүрсээ энхрий шүү дээ

Уулга хайлган ааль ааш чинь

Ботгон тойрмын халгиа шүү дээ

Чамайг хэрвээ аваад суучвал

Замбуу даяар халаглах шүү дээ

Сарнай дэрлэж халгай ургасан

Саваагүй үлгэр зохиох шүү дээ

Чамаар баян замлин хорвоо

Чамгүй л бол гундах шүү дээ

Цалгих инээд чинь надтай ширгэвэл

Заяа тавилан чинь сэвтэх шүү дээ....

“Хандармаа” найраглал 1988.2.4 Берлин - Шарнхорст

52 of 62

Цоомой бүсгүй нэг л өдөр

Цалгилуулан дуулж эхэлнэ

Цармын уулс хотолзтол

Цэнхэр зэрэглээг цийлэлзүүлэн дуулна

Цас ханзарч дэлхий хөлөртөл

Цагийн амьсгааг түхэлзүүлэн дуулна

Энэ дэлхийн дуу хуур уруу

Эв өнгөний эрчээр цутгаж

Бүсгүйн хоолой ятгын эгшиг

Байгаль сэргэж ус мэлмэртэл уянгална

Хааяахан холоос ирдэг

Халимагтай хархүү нүдэнд дулаахан

Цоомой тас тас инээнэ

Орчлон дээр хоёулхнаа юм шиг

Чанга чанга хөхөрнө

Даанч сайхан ийм

Инээд гэж бас байдаг аа

Давалгаа шиг

Ар араасаа хөөцөлдсөн

Даргилах цай шиг

Дотроосоо ундарсан

53 of 62

Даанч сайхан ийм

Инээд гэж байдаг аа

Цоомой бүсгүйн инээд

Цахирын дөрвөн хөндийн

Хад чулуу цуурайтуулан

Цан хяруу тэнгэрээс буутал

Ханхийнэ

Цалгилан сугсрах

Өвсөн түрүү дамжин

Цагаан салхи болж

Сэвэлзэн эргэж ирнэ

Цоомой бүсгүйн инээд

Аадар шиг зүггүй асгарна

Мөндөр шиг шаагиж

Хан тэнгэр цуурайтуулан

Хатавч нэвт ханхийнэ

Цахирын дөрвөн хөндий дүүрээд

Цалгилж асгарам

Даанч сайхан ийм

Инээд гэж байдаг аа ...

“Цоомой” найраглал 1986.3.21 Берлин-Карлсхорст

54 of 62

Үнэндээ би сайханд нь болоод

Өлгийд очиж алдарших гээгүй ээ

Эх орныхоо хаана нь ч гэсэн

Илгээлт  авахад бэлэн байна

Эх орон минь эндээс

Эхэлсэн болоод ч тэр үү

Төө зайгүй унаган хангай

Төрсөн нутаг минь сайхаан!

Аав, ээж минь насаа өгсөн

Архангай буяны өлгий!

Тэрх Цагаан нуурын маань

Тэлмэн мандал хайрын мэлмий!

Тамир, Тэрхийн усаар угаагдаагүйсэн бол

Заяа нэгээр дутах

Тарвагатай, Хангайн нуруунд нөмөрлөөгүйсэн бол

Аз нэгээр харих

Уулнаас нь уул төрж арсалдсан

Арын сайхан хангай

Уснаас ус ундарч цэнхэрлэсэн

Халхын сайхан хангай!

55 of 62

Өөр өөр заншил номтой  ч

Үхэл гэдэг бүгдэд нь ижил

Энэнд ганц «арын хаалга»

Эмч хүн байгаа юм

Үхлийг эмч «хаалгадаж» чадвал

Үнэндээ тэгээд «Бурхан» болно

Энэ цагийн амьд бурхдын

Энэрэлт гарт «диваажин» бий

Тийм бурхдын нэгэн болсных

Тэнгэрлиг чинийхээ ойр байж

Хамрын шуухниа хүрч гэмээ нь

Ханхар цээжийг чинь чагнавал сайхан аа!

Цээжинд  чинь алгаа тавиад

Чигчий хуруугаар тогшиж үзвэл

Зүрхгүй юм шиг хэнхдэг чинь

Цүнхээлийн мөс шиг хөндий гэж үү

Сайхан нүдний чинь зовхийг татан

Сар шиг тунарах мэлмийд хүрвэл

56 of 62

Салгалж чичрэх хуруугаа болгоож

Шанааны чинь судсыг дарж анирдвал

Хайрын гүйдэл чамтай холбон

Халуун ялгарч хөлс чийхарна

Зүрхэн хонх хэлмэрч болох гэж

Зүггүйтэн дэнсэлж гарна

Амь дүйн өмнө чинь байгааг

Анзаарч чи мэдэх болов уу

Аль эсвэл тохуу болгон

Арчаагүйд нь хүрч шоолох болов уу

Задгай цамцны энгэр дамжин

Зөөлөн сэвших амьсгалд чинь

Чагнуурынхаа төмөр хэлээр

Чамд хайртай гэж хэлж чадвал

Он улирсан хайрын цэнэг

Одонд харвах мэт сэтгэл уужирна

Нүсэр ачааг зайчилж орхиод

Нүдний аяга нулимстай хоцорно... “Гаатай чихэр” найраглал 1979.4.12 Дреден

57 of 62

Хөтөлгөө морьтой "түргэн тусламж"

Хөндийн хөрсийг язлан довтолгож

Хүний эрэлд жалга дамнан

Хөлчүү юм шиг агсчуулж айсуй

Тэртээ хярд дэлдэх чимээнээр

Дээлийн ханцуй углан өндийж

Энгэртээ тугдайх үрээ хучаад

Эмэг эх нөмгөн цомцойно

Онгон зүүдтэй нойроо хасаж

Олны чимээнд хоосон барж

Манай гадуур тойрч одтол

Манасан нойроо түмэндээ өргөнө

Шөнөөр довтлох хурдан морьтон

Согтуу л биш бол яаруу элч

Өвчтөн хуучтанд доовтрын зар

Үр төрөхөд эмээгийн зар

Хавь ойрын төрөх эхийн

Хайр бишрэл цог шиг ноцож

58 of 62

Хаа холоос уулс дамнан

Харуулдсан нүд өвөрт нь хононо

Хөтөлгөө морьтон дотно танил

Эмэг эхийн яаруу алба ...

Аль нэгтээ айлын эгч

Араг түшин хөлсөндөө нэвчиж

Төрөх үхэхийн тэмцэл дунд

Төөрөг заяагаа таамнан байгаа

Ил галын дөл цоргилон

Эн тэндгүй хүүхэд тарайн нойрсож

Эцэг нь мод толгойгоо улайстал сорж

Эр хонины нэхий барилж суугаа ...

Хос морьтны хөлд

Цастай тал дэжигнэж

Хойд Тэрхийн уулс

Цуурай хадаан доргино

Хөтөлгөө морьтон өгсөхөд

Хулжааж алдсан нойроо

59 of 62

Хол ойрын бүсгүйчүүл

Хумьж ядан хөрвөнө

Хоёр есийн жаварт

Хацраас оч бутрам

Холын одны баримжаа

Уулс дамнан цайвалзана

Хос морьтон яаруу

Үгний солиогүй адгаж

Холын одны жаврыг

Туурайн галтай эвхэж

Хором зайны хожоотой

Бүүрэг дээр асна

Дуншуулж суугаа эхийн дэргэд

Дуугаа хураан цай богшоож

Элч морьтны чимээ горилон

Энэ айл аврал нэхнэ

Алсын одоор баримжаа аван

Аргаа баран дороо займчиж

60 of 62

Хүүгийн эцэг явган бохирч

Хөрзөн аргал галд үйнэ

Эхийн тэвчээр хад чулуу

Ээлээ өгсөн хат товруу

Ёо гэхийг цээртэйд бодсон

Ёс төртэй монгол гэргий

Үрээ гэж өвчнөө нуусан

Өвчин бүүхэл үхлээ нуусан

Орчлонгийн час халуун хайр

Оочиндоо гал зуусан бүсгүй

Хоймроор зулсан үрсээ сэрээчихгүй гэж

Хоолойдоо шаналангаа залгин тэвчинэ

Хос морьтны хөлд

Цастай тал дэжигнэж

Хол ойрын уулс

Цуурай хадаан доргино

Хотны ноход боргон

Айл саахалт хөлсөж

61 of 62

Хонгор эхийн зовиур

Хөнгөрөх шиг болно...

Эмэг эхийн минь

Хөдөөдөө ижилссэн

Хөрслөг сэтгэл

Хүнийг гэсэн илч асаана

Хүж шиг уугиж

Хөрзөн шиг буугиж

Хайр ивээл түгээн

Хойд Тэрхдээ ноцно

Эмэг эхийн минь

Хөдөөдөө хөрвөжсөн

Хүрэн зүрх

Хүнийхтэй хамт цохилно

Хүн мал ч гэхгүй

Хүний өөрийн гэж ялгалгүй

Амьд бүхний төлөө адил хэмээр

Ар Тэрхдээ булгилна

62 of 62

Ойр хавийн үрсийн

Өрлөг нэгэн эх болж

Очир Хайрханаа тойрон

Хичнээн чиг төрөв дөө

Орой магнаг шөнийн

Одон дунд жийгүүлж

Олноо гэсэн сэтгэлдээ

Хичнээн ч жаргав даа ...

Хос морьтны хөлд

Цастай тал дэжигнэж

Хойд Тэрхийн уулс

Цуурай хадаан доргино

Эрчээ огшоон эргэх

Морьтон хоёрын чимээнээр

Эх үр амарчээ гэж

Эгч нар зэрэг уужирна. “Эмэг эхийн зар” 1988.1.26 Берлин - Шарнхорст

Веб хуудас: Lkhagvaa.mn