Эцэг эх, хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө
захиж амьдарсан минь санаснаар болоогүй ч
үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна!
Яруу найрагч Ундаарга овогт
Гүррагчаагийн Лхагваа
ЯРУУ НАЙРГИЙН МИНЬ ӨГҮҮЛЭМЖ
(эх орон, иргэний уянгын цөөн шүлгийн шүүмж)
Энэхэн богино амьдралд аз таарч яруу найраг, шинжлэх ухаан гэсэн хос морь сойсон ба морьд маань гайгүй давхисан гэж амихандаа боддог. Битүү нэмнэж, сэм хөлс авч гурайтал сойсон хүлгүүдээ хүний нүдэнд өртүүлэлгүй өөрийнхөө л ариншингаар чимээгүйхэн уяж сэтгэлдээ л уралдуулсан болохоор олон хүн мэдэхгүй. Номнууд гарч байсан ч тэр бүр хүн зонд хүртэмжгүй. “Болор цом” наадамд шүлгээ сойж болох ч бүх юм тэмцээн уралдаан нэрийн дор нэгийгээ гишгиж дээш ахих тэмцэл болчихсон нийгмийн араншингаас миний зам гаждаг. Шүлгийг хаа нэгтээ Нацагдорж найрагчийн хөшөөний дэргэд ч юмуу тайзан дээр уншаад л буугаад явчих соёл гэмээр ч юмуу, нэг тийм гэмгүй, мөрөөрөө сайхан заншил байдагсан бол шүлгээ олны өмнө дуртайяа унших байлаа.
Уран бүтээл бол судсаар гүйх цус, хэрдсээр урсах сансрын амин эрчмээр тэтгүүлж сэтгэл зүрхнээс ундардаг биз. Эсвэл сансраас шууд өгөгддөг ч байж мэднэ.
“Хайрын ханасан уусмал” ном маань монголын яруу найргийн нэгэн шинэ хуудас, шинэ дүр төрх гэж хэлж болно.
Амьдралыг Бурхан Буддагийн Их Хөлгөний зиндаанд аваачингаа шинээр хэрхэн бүтээж буй мөрүүд монгол яруу найргийн минь шинэ өгүүлэмж юм.
Амьдрал нэртэй
Их Хөлгөнийг задлалгүй
Ахиад хоёул нэгийг
шинээр зохиов
Бүх хэлээр уянгалсан
найраг юм гэв
Бүх өнгөөр таталсан
зураг юм гэв
Бүтэн хөгөөр эгшиглэсэн
хөгжим юм гэв
Бөмбөрцгийг улайстал дүрэлзсэн
хайр юм гэв
Бүгээнтэй адуу, нурманд нь
манасан гал юм гэв
Бүрхээрт цамнах нэрмэл, тогорууны
доголон нулимс юм гэв ...
Амьдрал хэмээх Их Хөлгөн сударт
равнай өргөж
Амжиж хоёул шинээр бүтээж
баринтиглав
Сүүмэн төдий ч сүүдэргүй
гэрэлтэйхэн
Сүүлчийн цэгийг амьдрал танд
хатгалаа
Үхлийн хар мэнгэн дээр
сүүн тэмдэг тавьж
Үйтэн хуарын чинь хээг
мялааж өмсгөлөө ... (Цус сэлбэх шүлэг, 1998.12.26)
Хожмын Лхагваа хэмээгч бичил Оршихуй бээр Хангай, Тарвагатай хоёр их нуруу биесээ арай гэж олж уулзсан тэр нэгэн цөлх хангайн сүрлэг уулсын орныг эзэгнэнхэн араг тэвэрч дунших ачит бурхан эхээсээ монголынхоо Гурван их нурууг хотолзуулан байж, Гучин гурван говийг давалгаалуулан дуншуулж, Гурван мөнгөн мичдийг тогтож ядтал сандаргаж, Гуутай дагшин бурхадыг нойргүй хонуулан байж мэндэлсэн билээ. Ийм сүр дуулиантай Монгол оронд ирэхэд минь даяар Оршихуй хөл хөөрцөг болж, хожмын ханийн минь мэнгэний өнгө Долоон бурханд тодроход миний чацуут од уулга алдан дайвалзсан гэж орчлонгийн бүх юмсыг шүтэн барилдуулж энэ их зол учралыг хожим сэтгэлээ цанхаалуулан байж дуулж хайлсан билээ.
Хүний төрлийг олох нь тэрбум хувилбарт ганц тохиох боломж атал энэ дэлхийд эцэг эх, эх орон, нутаг усаа олж ирж төрнө гэдэг санаа саванд багтамгүй ажээ.
Хангайн нурууны сүрлэг уулсын асга хадтай өвөлжөөнд ил галтай, эсгий үүдтэй гэрийнхээ зүүнтээ ийн мэндэлвэй.
Эрлэг хатавчинд цомцойж хоёр амь анана
Эхийн ёолох бүрийг амтархан залгилах гэж
Эвэрсэн амаа эцсийн овоор шүлсдэнэ
Эцгийн улайссан мод толгойноос чийрхэнэ (Эх үрийн дуулал, 1996.8.28)
Хорвоод хүн мэндэлнэ гэдэг нэгэн айл гэрийн баяр жаргалан төдийхэн биш, хоёр амь хорвоогийн жинлүүрийн зүү савлуулж буй тэрхүү түгшүүрийг хан хорвоогийн үйлийн дайд дүйцүүлэн дүрсэлж байна. Шүлэг найргуудаа хожим анзаарахнээ энгийн эгэлхэн юу ч бай агуулгаараа орчлонгийн дайд томорч бие даасан төрхийг олсон байх юм. Яруу найргийн олз гэж энэ байх.
Дээд Сэрвэнгийн эхний өвөлжөө эхийн дор эвхэрч
Тэмээн чулууны цохио орвонгоороо ганхана...
Гурван их нуруу хотолзож хонов
Гучин гурван говь давалгаалж хонов
Гурван мөнгөн мичид ороолж хонов
Гуутай дагшин бурхад нойргүй хонолоо ...
Өмөрч зулгарсан эх дорхноо сэвхийж
Үрийн цолгин дуунд нулимсаа инээж юүлэв
Одноос одонд халих эх үрийн дуу
Орчлонгийн хазгай тэнхлэгийг тэгшилж тогтов
Халгин цалгих баяр сэтгэлийн сүүнд үерлэж
Хавар хаврын цэцэг найган найган дуулав
Насны хоёр амь элгэн хайранд бүрэлдэж
Намар намрын шувуу зэллэн зэллэн дуулав (Эх үрийн дуулал, 1996.8.28)
Энэ шүлэгтээ төрж буй эхийгээ ертөнцийн төв болгон харуулахын хамт эх үрийн эрхэм нандин, хосгүй ховор заяаг найган найган дуулах хавар хаврын цэцгээр, зэллэн зэллэн ганганах намар намрын шувуудаар орчлонгийн дайд дуурьсгасан билээ.
Гурван их нуруу хотолзож хонов
Гучин гурван говь давалгаалж хонов
Гурван мөнгөн мичид ороолж хонов
Гуутай дагшин бурхад нойргүй хонолоо (Эх үрийн дуулал, 1996.8.28)
“Эх үрийн дуулал” шүлэг бол хамгийн агуу төрөлтөн эхийг үртэй нь хорвоогоор нэг уянгалуулан цуурайлуулсан яруу дүрслэл юм.
Хорвоогийн нэгэн гайхамшиг, хүн хэмээх бичил оршихуй мэндэлж буй нь ерөөс ертөнцийн агуу үйл ажээ.
Өөрийн төрснийг хожмын ханийнхаа нутагтай хамтатган нэгэн бие, нэгэн амь болгож “Хадам эх” шүлгэнд гаргахдаа намайг төрөхөд Тэрхийн хаан гол минь боргиондоо хахан баясаж, тэр даруй ханийн минь нутагт Тэсийн хатан ус цалгин ижилсэж, Хан Бүргэдэй уул минь догдлон хөөрч, зулайд нь нар, сар дальдчин баясахад нэгэн зуур ханийн минь нутаг Хархираа, Түргэний их уулс навтасхийсийм гэж хоёр биеийнхээ учир тавиланг хаа холын нутаг усныхаа харилцан долгислоор, Оршихуйн хэлээр илэрхийлж, хоёр биеийнхээ учралыг яруу найрагт содон өнгөөр бүтээсэн билээ.
Тэрхийн Хаан гол
боргиондоо хахахад
Тэсийн Хатан ус
цалгисан байж таараа
Хан Бүргэдэйн минь дуулганд
нар сар дальдрахад
Хархираа, Түргэний их уулс
навтасхийж таараа
Хаа холын уулс
цуурайлан доргиход
Хадам эцэг дөрөө
чангалсан байж таараа
Хавь ойрын шаазгай
цуглаж суугаад шулганахад
Хадам эх уулга
алдсан байж таараа ... (Хадам Эх, 1996.8.25)
Төдөлгүй нэхий манцуйгаа зад тийрч, цамц оодойсон сэргэлэн бага насаа дуулав аа.
Чисчүү оодон тэрлэгийнхээ хормойг
Солонготой тань уралдуулж
Цэнхэр ямбуу цамцханаа
Цэцэгтэй тань хамт гандаасан ...
Амьдрал үхлийг нүүрэлдүүлж
Аз эзийн тавиланд ганц л нүүртэй нутаг минь
Үхэхийн цагт ясаа тавих гэж муйхарлах
Өөдгүй зөрүүд занг надад өгсөн уул ус минь (Намайг дуудах нутаг, 1984 он)
Шиврээ зөөлөн борооноор
хувцсаа тайчин гүйлдэж
Шинэхэн татсан солонгыг
гартаа барихаар хөөцөлдөж
Цэгээн талын цэцгүүд
өнгө алаглах зунаар
Цэнхэр ямбуу цамцтай
дэрвэж явлаа би (“Сэргэлэн бага нас” дуу, 1967 он, Одесса хот)
Эх нутгийн бороо шалба ороолгон ариусгаж, идэр есийн жавар зад шавхуурдан эр болгож, эцэг эхийн хайр энэрэл нэвширтэл адислаж, адармаатыг айл саахалтаараа, аймаг хошуугаараа бөөцийлөн хүн болгожээ.
Хүн жаргал, зовлон хэмээх тэмдэгтэй өгсүүр замаар аялж, өргөсний шалбархай аньж, үүлтэй тэнгэр цэлмэхийн тоогоор ухаан маань сөөм торних ажээ.
Эцгийн босго алхан борви тэнийж
Эх газрынхаа шороог идэж туучиж явахдаа
Хүслийн дөрөөг ханхийлгэж жийсэн
Хүрэн бүргэд би
Амьдралд агсам тавьж ирсээн
Амьдралын ханасан уусмал гэж хаа байна
Амтлах гэж, ууж согтох гэж би төрсөөн (Намрын цэнхэр зэрэглээ,1996.11.23, Берлин, Шарнхорст)
Галт уулын халуун хайлш мэт эсэргэн залуу насаа Газартай харгалдаж гал гаргаж, Одтой шүргэлцэн оч үсэргэж явснаар дүрсэлжээ. Элдүүртэй нэхий урагдтал ноцолдож, эмнэгийн туурайтай хамт цахилж, идэр есийн жаварт мориноосоо уртын дуу аялсан шиг ид хав, эр бяр, онгод хийморь цогцолсон цойлж одох агсал шиг залуу насыг өөрөөр яаж буулгах билээ дээ. Амьдралдаа агсан согтуу тавих нь бүүхэл архи амсаж үзээгүй мөртөө шүлгэндээ агсамнаж, шүлгээрээ ч агсам тавьдаг хүн дээ би. Яруу найраг гэдэг заримдаа үгийн агсамнал гэлтэй.
Үйлийг үүрч, үгний хор буцалгаж
эсвэл
Үхтэл дурлаж, үлгэр шиг жаргал надад
эрхлэж байхад чи төрсөн
Гадаа хэн нэг нь
агсам тавьж
Гансны толгойгоор аав
татаад авахад чи төрсөн
Ганц л би найрагч юм шиг үүлгэртэн
гэргий дуншиж, цай дэвэрч
Галын хайчаар татаа авахад
чи төрсөн
Ядаргаатай эхээс төрсөн
сульдаатай шүлэг байхгүй ээ!
Ядаж аль нэгийг чинь
согтуудаа бичээгүй!
Харин шүлэг минь чи өөрөө
хөлчүү байж мэднэ!
Хайранд норж, дурлалд нэвчсэн
халамцуу байж мэднэ ...
Наргил даргил амьдралд
хүмүүнийг уйдаахгүй гэж
Намрын уйтай нууранд
шувуудыг тогтоох гэж
Найраг төрүүлж шүлгэн сүү
залгилуулах л гэж
Насаараа би шүлгэн эрхи
хэлхэж яваа юм аа (Зүүдэлж сэрсэн шүлэг, 1993.8.23)
Тийм ээ, би наргил даргил амьдралд хүмүүнийг уйдаахгүй гэж, намрын уйтай нууранд шувуудыг тогтоох л гэж яруухан найрагч болсийм.
Найргийн бороо яруусан шаагиж, шаттал дурлаж, шарттал согтож, самууртал дайтаж, шаагисан мөндөр сэтгэлээс бууж үер болж байж шүлэг төрөхүйд даамай орчлонгоор нэг бахардан гүймээр, далай цалгитал хашгирмаар, даадаг л юм бол баяраа энэ газар шороонд ханатал цацмаар аа гэж шүлэглэсэн минь учиртай. Онгод гээч нь энэ биз ээ.
Өвөлжөөний хад ганхуулж
гэрийн бууц өндөлзүүлэн
Үг төрөхөд хань минь
эх барьж авсан ...
Нарны бодрол, сарны зүүд
чиний санаа алдалт шиг
Намар оройн бороо
цэцэгний хатсан навч шиг
Найргийн эхэн төгсгөл
солир мэт жин дарна
Намайг дэлхийн буюу тэнгэрийн болохыг
өөрөө ч эс таана
Солонго хөөсөн гэнэн нас
аргалын чийгтэй эвэрч
Согтуу мэт эсэргэн залуу нас
цойлж одохоос өрсөж
Солир тэнгэрээс нулимах зуурт
зугтах эгшинд амжиж
Сарны даялга туйвуулан
шүлгэн бороо шаагина
Найргийн үерт хайр самардаж
залуус согтуу
Нар гуйвж, сар дайвж
дэлхий согтуу
Шүлгэн бороо залгилсан бүхэн
шал согтуу
Сүг хадны зураг цуурайгаа
давтаж агсамдуу ...(Шүлгэн бороо, 1994.7.17)
Амьтан, ургамал, хүн, шүлэг ч адилхан, ерөөс төрж, амилж байгаа бүхэн агуу юм.
Амьдрал чамайг үзэн ядахгүй ээ,
гэхдээ өмөөрөхгүй
Архины тачаал, шулмын хорлол
шүглэхвий гэж л
Гэрэл сүүдрийн хугарал дээр
аргацаж тогтох амьдрал чамд
Гэрэвшүү нялх үрийн
жишүү харц бэлэглэхсэн
Мөнхөрч үлдэхээр хуйвалдаж
бурхантай үгсэж тохироогүй хойно
Мөрийтэй тоглоом шиг амьдралд
өөрийнхөөрөө л дуулах минь
Мөс шиг жиндээх хахирган
өвлийн сарыг гээчхээгүй хойно
Мөхөөлдөхөөс нь өмнө амьдралыг
чөтгөрөөс өрсөж түйвээх минь (Амьдралд агсамнах шүлэг, 1993.9.23)
Хүүхэд биднийг нутаг усаараа хамжиж хүн болгосон тэр нандин үнэнийг телевиз радиогийн олон нэвтрүүлгээр ярьсансан. Сурвалжлагч бүсгүй бид хоёр үгсэн тохирч, нутгийн минь ахмадууд хүүхэд биднийг хэрхэн хамжиж хүн болгосныг Монголын радиогоор сэтгэлээ онгойтол яриад гарч ирэхэд тэдэнтэйгээ диваажинд хуучлаад ирсийм шиг байж билээ. Хүний газар он жилээр сууж байхдаа нутаг усаа, нутгийн буурлуудаа үгүйлж заримд нь захиа явуулдагсан.
Сайртсан хөлийн хагархайд халуун тос дусаах шиг
Шаанги хатуу үг нь хайр дотроо агуулдаг
Суутан гэдгээ мэдэлгүй өөрийнхөөрөө л амьдарсан
Сумын тулхтай өтгөс бурхад байсныг мэдсэнгүй
Огторгуйгаас халих одыг шүлсээрээ үдэж
Оронд нь нутгийн буурлууд мөнхрөөсэй гэж хүссэнсэн
Одоо байхгүй олон хүний нүдний сонжоог даах гэж
Ойворгон зангаа багадсан дээлэндээ тас нуусансан
Хөтөл давж одсон эргэж ирэхгүй дээдсийн
Хөл нүцэглэж таваргасан бүлээн мөр үлдсэн
Хөдсөн дээлэндээ ахадсан хав халуун сэтгэл
Хүний өөрийн гэж ялгадгүй монгол ухаан үлдсэн
Ургаа хад шиг өвгөд минь мод толгой шигээ элсэн
Уур нүдүүр шигээ мөлийж бор эмгэд элсэн
Ардаа мөр үлдээлгүй цэмцгэр амьдраад
Арван тавны сар шиг нүүр бардам буцсан
Сэтгэлд том том цүнхээл үлдээж нурсан Хүн уулс
Сиймхий хадагны нэхэлгүй өтгөс минь элсэн
“Хүн шиг юм болуужин” гэж хар ухаандаа сонжсон
Хүүхэд бид ань гэж ясыг нь өндөлзүүлэлгүй өссөн.
Алдуулын эрэл шиг амьдрал хөвөрсөн сур мэт
Асга хадны нугачаа, хаврын зэрэглээ мэт ээ (Одоо байхгүй олон хүн, 1996.8.19)
Яруу найргийн тэнгэрлиг аянд намайг хөтөлж замыг минь заасан ачтан бол дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан багш. Нэг удаа багшаасаа шүлэг найргийн онол ном сураглахад минь: “Яруу найргийг онол номоор бус авъяасаар бичдэг. Сайн найрагчийн бүтээл багш чинь шүү” гэж захисансан.
Миний бие багшийнхаа дурсгалд зориулан 1980 онд бичсэн шүлэгтээ:
Найргийн сөн цалгиан түшиж
Нарт даяар бялхаан барьж
Буман оюунд цангаа тайлах
Бурхан найрагч ховорхон заяа ...
Шүлэгтэй хүн үхэхгүй
Сүр сүлд хоёроо үлдээсэн байдгийм
Үгэндээ өөрөө нэвт шувт шингэж
Үнэн, амьдрал хоёрт биеэрээ урвасан байдгийм
Амьдрал дундаас найраг хайх эрэлчин
Алтных шиг гартаа мэдрэгч барьж яваагүй
Амьдралын төгсгөлд найргийн тэтгэвэр аваагүй
Ажлын цагтай хамт өдрийн эрлээ дуусгаж байгаагүй
Найрагчид ганц л багаж - сэтгэл байсан
Нартад гар хоосон - үзэгтэй л байсан
Ажлын талбар зах нь үл харагдаж
Амьдрал бүхэлдээ инээд нулимстай угтсан (Б.Явуухулангийн дурсгалд, 1982 он)
Энэ шүлэгт сэтгэл хэмээх ганц багаж, үзэгнээс өөр юмгүй гар хоосон найрагч, түүнийг инээд нулимстай угтсан амьдрал хоёрын шүтэлцээг харуулахдаа:
Шүлэгтэй хүн үхэхгүй ээ
Сүр сүлд хоёроо үлдээсэн байдгийм
Үгэндээ өөрөө нэвт шувт шингэж
Үнэн, амьдрал хоёрт биеэрээ урвасийм хэмээн багшийгаа мөнхийн нөр бүтээлтэй нь алдаршуулан дуулсан билээ.
Биднийг хүн болгосон нутгийн буурлуудаа ажиж, аргадаж аядуу явсны ачаар өвөг монголчууд дотооддоо оршсон ухамсрын хүмүүс байсныг тэднээсээ олж нээсэн билээ. Суутан гэдгээ мэдэлгүй өөрийнхөөрөө амьдарсан Сумын тулхтай өтгөс бурхад байсныг мэдсэнгүй, Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдэс минь ... гэж тэднийгээ дотоод мөн чанараас нь эрж хайж олохыг хичээсэн мөрүүд цуурайтаж үлджээ.
Миний буурлууд эхээс төрөхдөө
Мэдрэлийн ядаргаагүй, талдаа унасан
Хонины бэлчээрт чулуу хавируулж
Хорвоотой тэд мэнд мэдсэн ...
Дээдэс минь, алтан ураг минь
Дэлхийн багана тулж явсан
Дээрх нар, дэргэдэх гал шиг
Дээлэндээ ноцож явсан
Дэлтэй агсал чихдэж мордоод
Тив тойрч ухаан суусан
Морин дээр дээлтэйгээ гандаж
Монгол үндсээ газартай гагнасан ... (Дээдэс минь, 1988 он, Берлин хот)
“Ээж айсуй” хэмээх жижигхэн шүлэг амьдралын юухан хээхэн боловч ямархан яруу тансаг найраг, гүн ухаан болохыг үзүүлнэ. Аргал түүнгээ ээж минь аавын тоглож өссөн толгодыг аргалтайгаа хормойлж буй энхрийлэл, ижий тогоруу хоёр тэртээ ард тонголзох байгалийн содон уран зураг орчлонгийн бөөрөнд нэг хавтгайд тодорно. Гал алдчихвий гэхдээ гарамгүй голын барьцгүй ус шиг амьдралын аяг аашийг олох гэж ээж минь араг үүрч газрыг, аргалыг, амьдралыг аргадан байж зэрэглээнд хөвөн Газрын элгэнд бэтэг шиг торойж Галын эрэлд салхитай эвэрнэ. Амьдралын ийм гүнзгий гүн мэргэн ухаан бол яруу найраг юм. Монгол ахуй тэр чигээрээ зах хязгааргүй найраг ажээ.
Аавын тоглож өссөн
Алагхан толгодыг
Аргалтайгаа хормойлж
Ижий минь тэртээ ард бөртөлзөнө
Ижийтэй хамт тогоруу тонголзоно
Галын эрэлд салхитай эвэрч
Газрын элгэнд бэтэг шиг торойно
Гантай зуны хуурай тэнгэр шиг
Гарамгүй голын барьцгүй ус шиг
Амьдралын аашийг олох гэж
Аргадаж бүртэлзэнэ ... (Ээж айсуй, 1995.3.7)
“Аргал түүсэн ижий” шүлэгт аргалыг амьтайгаар дүрсэлж, аргалчны анзаарагдамгүй өчүүхэн гэмээр үйлээр дамжуулж эх үрийн асрал элбэрэл, нутгийнхаа нэгэн алтан агшныг нээсэн билээ.
Амгаланы цаад амгалан ижийг минь
баярлуулсан даргай хөх аргал
Ачтаны цаад ачтан гэрийг минь
гялайлгасан галтай хөх аргал
Адгуугийн цаад адгуу аавыг минь
тайтгаруулсан салхитай хөх аргал
Арчаагүйн цаад арчаагүй намайг
бүлээцүүлсэн нартай хөх аргал
Аяа, надад ижийг минь таниулсан
нутгийг минь нүдлүүлсэн
Аргал гэдэг илч хурсан
бүхэл бүтэн амьдрал аа
Намар хаврын зэрэглээнд ижийг минь
ачаатай тэмээ шиг хөвүүлсэн
Намайг яруу сайханд
ангасан ботго шиг живүүлсэн
Нарны хооронд бидэн хоёрыг
гүнгэр гангар дүйцүүлсэн
Насны хоёр амийг
араг үүрүүлж жаргаасан
Намайг ижийг минь бараадуулж
нэгэн орчлонг ухааруулсан
Намайг бараадуулж ижийд минь
нэгэн уярал хайрласан
Аяа, аргал түүсэн өдрүүд минь
ижийгээ хань татаж
Алагхан толгодоо элээж
найраг түүсэн өдрүүд минь ... (Аргал түүсэн ижий, 1993.8.18)
Аргал гээч анзаарагдамгүй зүйл сэтгэлд огт өөрөөр бууж, улмаар аргалыг амьдралтай шүтэн барилдуулсныг дээрх шүлгээс харж болно. Ижийг минь баярлуулсан даргай хөх аргал, гэрийг минь гялайлгасан галтай хөх аргал, адгуу аавыг минь тайтгаруулсан салхитай хөх аргал, арчаагүй намайг бүлээцүүлсэн нартай хөх аргал ... Аяа, надад ижийг минь таниулж нутгийг минь нүдлүүлсэн Аргал гээч илч хурсан бүхэл бүтэн амьдрал юм шүү гээд аргал надад амин зуулга төдийгүй ижийг минь таниулж, нутгийг минь нүдлүүлж орчлонг таниулсийм гэсэн санаа энд бий.
Ижийдээ хань болонгоо аргалын эрэлд хамт байсан өдрүүд бол амьдрал түүсэн, найраг түүсэн, эхийгээ бараадаж хорвоог ухаарсан мөчүүд байсан төдийгүй сөөмөөр торних үрээ дагуулан гүнгэр гангар гэсэн шиг сэтгэл дүүрэх эхийн уярал хайлан ... амьдрал ханхалсан яруу найраг ингэж бүтсийм.
Эх орон, иргэний уянгын шүлгүүд яг ийм сэтгэлгээгээр нутгийнхаа юм бүхэнтэй зайгүй авцалдан шүтэлцэж бүтсэн байдаг.
Олон хоног саамшиж чинэсэн
Охидын хөх шиг бор толгод эх нутаг минь
Олзны хүн шиг харьд намайг одоход
Овооны чинь чулуу нэгээр дутуу ...
Охидын сэтгэл шиг халуун хүйтэн хямарсан
Орог бор толгодод нар ургаж шингэж байгаа
Олон хэлээр шувууд хууч хөөрч, оньсого таалцаж
Од явгалан бууж, морьд тургилж, үлгэр ирж буцаж байгаа
Азарган бороо хөгжим найрч, цэцэг тормолзож
Ар хөвчийн унага босоогоороо төрж
Амрагийн дуу, эхийн бүүвэйнд уясч
Агины үнэрт согтсон нутгийн бор толгод минь (Нутгийн бор толгод, 1993.10.24)
Яруу найраг бол онгодын хирээр туйлах хуурай агсамнал юм. Түүнийг зогсоож дийлэхгүй. Сэтгэлийн их үерлэл юм.
Тухайн сэдэвтээ гүнзгий уусч, гүн рүү нь яргаж, мөн чанараас нь ургуулж, бас өөрөө түүндээ нэгдэж нийлдэг, нөгөөтэйгүүр Монгол ахуйгаа даамай дөвийлгөж, амьдралыг сэтгэлгээний өөр өнцгөөс үлэмж товойлгон дүрсэлсэн арга барил шүлэг найргуудад маань зонхилж буй.
Тийм болохоор шүлгүүд минь чухамхүү монгол амь, амьсгаатай, лугших зүрх, сонордох мэлмийтэй бүтсэн гэж боддог.
Шинжлэх ухаан талаасаа бол миний хэлдгээр “юм бүхэн амьтай, бас амилуулж болдог”, “эрчим агуулсан бүхэн ухамсартай, амьтай” гэх буюу “энергижих, ухамсар шингэх буюу шингээхийг амилах үйл явц” гэх онол маань хийсвэрлэл огт бус, яруу найрагт ч, шүлэг амилуулж буй үг бүхэнд биеллээ олдог, тиймээс шүлэг найраглал бүр, үг бүр амилахыг яруу найраг гэх биз ээ.
Яруу найраг төдийгүй уран зурагт зураас амилж, хөгжимд авиа амилж, бүжигт хөдөлгөөн бүхэн амилж, ерөөс бүх хэлбэрийн уран бүтээл ийм л байдаг. Бүгд амилуулах урлаг юм.
Хүүгийн нь суугаа энэ газар
Хөл дор далай тургилж байдгийм
Таны сэтгэл шиг цэнхэр далай буцлан
Давалгаандаа хөөс цахран байдгийм
Эцэг эхийн сэтгэлийг урж тасдах гэж төрөөд
Эрлийн замд танаасаа алслан зугтаж яваа
Эр хүний төлөө нялхын хайр өвөрлөн
Энэ л далай шиг сэтгэл тань давалгаалж суугаа
(“Хүний нутгийн цэнхэр далай” 1989, Берлин Шарнхорст)
Хөтөлгөө морьтой эцгийнхээ
Тамирыг барсан он жилүүд
Хүүгийх нь агсагдаж туулсан зам
Таны зөнгөөрөө мэдэрсэн орчлон
Аяа хөөрхий,
Цахиур бууныхаа цэнэг шиг
Нэг л дуусах насыг тань
Замбууг тойровч хүрэлцэх
Мөнхөд санаж явсансан...
(“Хөтөлгөө морьтой эцэг” 1986, Берлин Шарнхорст)
ЭХ ОРОН ИЖИЙ МИНЬ
Эмээлийн бүүрэгт гуравтайдаа ассан
Ил гал шиг хүрэн эрс хөтөлгөө морьтой цахилан
Энгүй их газар нутаг түүнийх гэдгийг ч тоолгүй
Эсгий гэрээ хаана л бол дугуйлж эрх чөлөөнд буйлсан
Ижий орон энэрэл минь!
Дорнын их тал довтолговч барагдахгүй
Долоон Бурхан од миний өмч шиг дэргэдээс салахгүй
Наран дор малтайгаа задгай салхинд ээнэгшин
Насаа сартай хамт элээсэн эх орон минь!
Уртын дуутай хамт өссөн аргамжааны морь
Уулгалан довтолговч гурав хоногийн өл өлхөн даах
Салхин хүлэг өөрийгөө сойж уяанд зүүрмэглэн
Сав шимийн ертөнц зүүдэлж жаргах эх орон минь!
Дотоодоо манаж ухаанаа хурцлах үрчлээт дух
Дорнын мэргэн ухаан эгэл боргилын туйл
Догшрохвий гэж сэтгэлээ аргадан уяж
Доод суудлыг эрхэмд барьсан монгол ухаан
Эх орон минь!
Хаадын хаан, дэлхийн эзэн тэд дээлийн энгэр задгайлаагүй
Хамжааргатай нам дуугарсан ихэс минь
Хал үзэж хатууг туулавч үг дуугараагүй
Хаан харц ялгаагүй тэнгэрийн таалал сөрөөгүй
Хан хорвоогийн нэгэн эс яаж төгсөхөө анзааран
Хал балгүй, ардаа мөргүй сэмхэн амьдарч
Хан хуурын чавхдсанд овгоо мөнхөлж үлдээсэн
Хамаг Монгол мэргэдийн эх орон ижий минь!
2023.11.14 Улаанбаатар хот
ШҮЛЭГ МИНУ
Харзны ус шүлэг сонсон бүлээсч
Хаврын ногоо эрт соёолон
Шинэхэн сарны туяа
Харанхуйг сүлж тоононд завилан мэндлэх
Сэтгэлд ивэлж сүү шиг асгарсан
Зүрхэнд асч гал шиг бадарсан шүлэг мину!
Эх нутгийнхаа салхин сундлаатай дэрвэх
Эжийн минь элгэн дэх бүүвэйн эгшиг
Эцгийн ухаанд хурцлуулж
Элж мөлийсөн амьдрал, шүлэг мину!
Ханийн гэнэхэн харцанд үг шивнэж
Ханзрах цас шиг мэлмэрсэн уянга мину!
Хайрханыхаа хөлстэй зулайд
Будантай тэврэлдсэн
Хайртай үрсийн минь зүрхэн тольтод
Нартай сүлэлдсэн
Хан хорвоод хавж уусан асгарах
Мөрөөслийн будар хайлан мину!
Тэнүүн Оршихуйн магнайд
Уртын дуутай мандаж
Тэнгэр энгээрээ цуурайлж хурайлсан
Тэнхлүүхэн, бяр амтагдсан шүлэг мину!
Чи бидэн хоёрыг
Аяа, ямархан заяа тэтгэж
Цээл хоолой хөглөн
Орчлонг хөндлөн гулд туулнав
Цэцэгт тал, газрын энгээр задгай цалгиж
Гийнгоо хадаах шүлэг минь
Чи бидэн хоёрыг
Аяа, ямархан тавилан учруулав.
2023.07.10 Улаанбаатар хот
ЭХ ОРОН
Элж одсон бүхний өмнө сөхөрье, эх орон минь
Эдгэрч аньсан үлий, ширгэсэн шалбааг
Эзэнтэй бүхэн миний эх орон,
Элэнц маань дээлээ гандааж, удмаа үлдээж
Эр бор харцгаа мориноосоо аялсан миний эх орон,
Элээний өд, янгирын эвэр, элсний ширхэг
Эзэнтэй бүхэн эх орон минь,
Ирж буцсан сүнс, заларсан бүх бурхад
Эцгийн хөлсний дусал миний эх орон,
Уртын дууны шуранхай газраас тасарч
Унтаа үрс эхийн бүүвэйнд сөөм торнидог эх орон минь,
Уяанд морь шилгээж, шүлэг задгай цалгиж
Умрын салхи буурын зогдортой ноцолдох эх орон минь,
Эзэн Чингис бууж мордсон, захиж үлдээсэн
Эрлэг шохоорхож, чөтгөр гуйж хоргодох миний эх орон,
Эмээл дээр зүүрмэглэн үйлийн үрийг хазаарлаж
Эгээрсэн сүнс зүйргүй баясах эх орон минь,
Буцах нарны хооронд зүгээр л оршиж
Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн эх орон,
Бууж мордох заяанд сэтгэлээ цэнэж аргадсаар
Буурал насны халилаас унаж шингэх эх орон минь! (Эх орон, 2014.3.20)
Жич: Шүлэг найраглалыг үзэх веб хуудас: Lkhagvaa.mn