НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫГ ТОХИЖУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ-ын төсөл
Нэгдүгээр бүлэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Нийтийн эдэлбэрийн газарт хийгдэж буй тохижилтын ажлыг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай, хүртээмжтэй, арчилгаатай болгох, нийтийн эдэлбэрийн газарт тохижилтын ажлыг төлөвлөх, зураг төсөл хийх, зургийн дагуу гүйцэтгэх, гүйцэтгэлд хяналт тавих, хүлээж авах, арчлалт хамгаалалтыг эзэнжүүлэхэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2 Гадна зар сурталчилгааны байгууламж, хөшөө баримал байрлуулах түргэн үйлчилгээний цэг барьж байгуулах асуудал энэ журмаар зохицуулагдахгүй.
1.3 Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад хот төлөвлөлт, хот байгуулалтын үндсэн зарчмыг хэрэгжүүлж, нийтийн эрх ашгийг эрхэмлэнэ.
1.4 Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурьд
1.5 сан утгаар ойлгоно.
1.5.1 “нийтийн эдэлбэрийн газар” гэж Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан газрыг;
1.5.2 “нийтийн эдэлбэрийн газрьг тохижуулах" гэж нийтийн эдэлбэр газарт хот төлөвлөлт, хот байгуулалтын норм, дүрмийн дагуу явган зам, дугуйн зам, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, баримал, амралт, тоглоом, биеийн тамирын талбай, бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, байгуулах замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинг үүсгэх цогц үйл ажиллагааг;
1.5.3 “нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах төсөл” (цаашид “төсөл” гэх) гэж энэ журмын 1.4.2-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулж боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг;
1.5.4 "нийтийн эдэлбэрийн зам талбайг нөхөн сэргээх" гэж барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах. шугам сүлжээ барих болон түүнд холболт хийх явцад эвдэрч гэмтсэн нийтийн эдэлбэрийн зам, талбай, шугам сүлжээ, ногоон байгууламжийг батлагдсан зураг төслийн дагуу хэвийн байдалд буцаан оруулах үйл ажиллагааг;
1.5.5 “хот тохижилтын нэгдсэн мэдээллийн сан” гэж тохижилтын ажлын төлөвлөлт, байр зүй, батлагдсан зураг төсөл, тоо хэмжээ, ажил эхэлсэн, дууссан огноо, төсөвт өртөг, захиалагч, гүйцэтгэгчийн талаарх цогц мэдээллийг;
1.5.6 “Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө” гэж нийтийн эдэлбэр газар дээр төсвийн хөрөнгө оруулалт болон хандив, тусламж, иргэн хуулийн этгээдийн хөрөнгөөр бий болсон автозам, замын байгууламж, үерийн хамгаалалтын далан, борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ, мод, бут сөөг, ногоон байгууламж, бичил цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, спорт, хүүхдийн тоглоом, амралт чөлөөт цагийн талбай, усан оргилуур, хөшөө дурсгал, гэрэлтүүлэг зэрэг нийтийн зориулалттай бусад эд хөрөнгийг,
1.5.7 “Тохижилтын ажлын захиалагч” гэж нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах санаачлага гарган, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг;
1.5.8 “тохижилтын ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллага” гэж тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий, хүний нөөц, хөдөлмөрийн багаж, машин техникийн хүчин чадал бүхий хуулийн этгээдийг;
1.4 Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө нь нийслэлийн өмч бөгөөд арчлалт, хамгаалалтын асуудлыг нийслэл, дүүрэг хариуцан зохион байгуулна.
1.6 Энэ журмыг өмчийн хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.

Хоёрдугаар бүлэг. НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫГ
ТОХИЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах, тохижилтын ажлын ашиглалтын үйл ажиллагааг, нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба удирдан зохион байгуулах бөгөөд тохижилтын ажлын бодлого төлөвлөлт, хэтийн чиг хандлага, тавигдах шаардлага, зааварчилгааг тодорхойлох, хийгдсэн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх тохижилтын ажлын зөвлөлтэй /цаашид Зөвлөл гэх/ байна.
2.2. Зөвлөлийн дарга нь Улаанбаатар хотын Ерөнхий менeжер байх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүн ажлын чиг үүргийг тушаалаар батална.
2.3. Зөвлөл нь дараах төлөөллөөс бүрдэнэ.
2.3.1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлого хариуцсан нэгж;
2.3.2. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын асуудал хариуцсан нэгж, инженерийн байгууламж хариуцсан нэгж;
2.3.3. Нийслэлийн хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага;
2.3.4. Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллага;
2.3.5. Дүүргийн Засаг даргын Тамгын газар;
2.3.6. Ландшафтын архитектур, дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага;
2.3.7. Ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн иргэн, хуулийн этгээд
2.4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тохижилтын ажлын төлөвлөсөн байдал, батлагдсан зураг төсөл, ажил эхэлсэн дууссан огноо, төсөвт өртөг, захиалагч, гүйцэтгэгч зэрэг мэдээллийг агуулсан хот тохижилтын нэгдсэн мэдээллийн сантай байна.
2.5. Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах үйл ажиллагаа нь дараах дараалалтай байна.
2.5.1 Тохижилтын ажлын захиалагч нь улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ирэх онд хийгдэх, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн шаардлагад нийцсэн тохижилтын ажлын зураг төсөл, зураг төслийн дагуу гүйцэтгэх тохижилтын ажил, тохижилтын ажлын ашиглалт, арчлалт хамгаалалт, сэрэгээн засварлах саналыг шаардагдах зардлын хамтаар 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ.
2.5.2 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь ирүүлсэн саналыг ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотын архитектур орон зайн төлөвлөлт, дизайны шийдэлд нийцэж байгаа эсэхийг нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага, газрын асуудал эрхэлсэн байгууллагуудтай хамтран судалж, ашиглалт, арчлалт хамгаалалттай холбоотой зардлыг бодитой тооцоолж, зөвлөлөөр хэлэлцүүлэн Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.
2.5.3 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв батлагдсаны дараа нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилтын ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлуулна.
2.5.4 Дүүргийн Засаг дарга нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих тохижилтын ажлын саналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ.
2.5.5 Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь тохижилтын ажлын төлөвлөгөөнд туссан ажлын зургийн даалгаварыг захиалагч этгээдэд хүргүүлж, төлөвлөж буй тохижилтын ажлын мэдээллийг хот байгуулалтын дундын мэдээллийн санд оруулж, тохижилтын ажлын эх загвар зургийг мөрдөгдөж буй журманд нийцүүлэн баталж, зураг төслийн ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.
2.5.6 Тохижилтын ажлын захиалагчийн хяналтыг нийслэлийн хэмжээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн байгууллага хариуцна.
2.5.7 Тохижилтын ажлын захиалагч нь тохижилтын ажил хийхээр төлөвлөж буй байршилд нийслэлийн өмчид бүртгэлтэй эд хөрөнгө байгаа эсэх, элэгдлийн хугацаа нь дууссан эсэхийг магадлаж, бүртгэлтэй эд хөрөнгийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасуулах асуудлыг шийдвэрлүүлнэ.
2.5.8 Захиалагч этгээд нь тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх, өмчид бүртгэх, ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх ажлыг зохион байгуулна.
2.5.9 Нийслэлийн өмчид бүртгүүлэхээр хүсэлт гаргахдаа дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж хавсаргана. Үүнд:
2.5.9.1. Захиалагчийн хүсэлт,
2.5.9.2. Ашиглалтанд оруулах комиссын акт,
2.5.9.3. Ажлын гэрээ,
2.5.9.4. Гүйцэтгэлийн төсөв, хөрөнгийн нэр төрлөөр задалсан задаргааны хамт
2.5.9.5. Фото зураг, хөрөнгийн байршлыг тэмдэглэсэн байр зүйн зураг, санхүүжилтийн эх үүсвэр баталсан шийдвэр, бусад шаардлагатай бичиг баримтууд
2.5.10 Нийслэлийн өмчийн асуудал хариуцсан байгууллага нь тохижилт ажлын үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг холбогдох журмын дагуу нийслэл өмчид бүртгэн авч эзэмшигч этгээдийн данс бүртгэлд бүртгэх ажлыг хариуцан зохион байгуулна.
2.5.11 Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн тохижилтын ажлын санхүүжилтыг тохижилтын ажлын үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгиийг хүлээн авч, Нийслэлийн өмчид бүртгэн авсны дараа олгоно.
2.5.12 Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дүүргийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтыг хот тохижилтын ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагад хариуцуулж, арчлалтын зардлыг тооцож Нийслэл, дүүргийн төсөвт суулгана.
2.5.13 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн хэмжээнд тохижилтын ажлын хөндлөнгийн хяналтыг иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор хийлгэж, арчлалт хамгаалалт, сэргээн засварлах зардлыг санхүүжүүлнэ.
2.5.14 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллого бүртгэлийг жил бүр явуулж, илэрсэн эвдрэл, гэмтлийг тодорхойлох, сэргээн засварлах ажлын зардлыг төсөвт тусган санхүүжүүлэх, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна.
2.5.15 өөрийн хөрөнгөөр нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулсан иргэн, хуулийн этгээд нийслэлийн нутгийн захиргааны эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн нийтийн эдэлбэрийн газар дээр тохижилтын зориулалтыг өөрчлөхгүйгээр түр хугацаагаар үйл ажиллагаа явуулж болно.
2.5.16 Хийгдсэн тохижилтын ажлыг хот тохижилтын нэгдсэн мэдээллийн санд оруулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зохион байгуулна.

Гуравдугаар бүлэг. ТОХИЖИЛТЫН АЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
3.1 Нийтийн эдэлбэрийн газарт хийгдэх тохижилтын ажил нь ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хотын архитектур орон зайн төлөвлөлт, дизайны шийдэлд нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардагыг хангасан байна.
3.2 Тохижилтын ажил нь баталсан зураг төслийн дагуу, эрх бүхий мэргэжлийн байгууллага холбогдох норм дүрэм, техникийн нөхцөл, тавигдах шаардлага зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэсэн байна.
3.3 Захиалагчийн хяналтыг нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн байгууллагаар хийлгэсэн байна.
3.4 Хийхээр төвлөлөсөн болон хийгдсэн тохижилтын ажлыг хот байгуулалтын дундын мэдээллийн санд бүртгэсэн байна.
3.5 Тохижилтын ажлын үр дүнд бий болгосон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг нь нийслэл, дүүргийн өмчид бүртгүүлсэн байна.
3.6 Тохижилтын ажлын үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө нь ашиглалтанд оруулсан огноо хариуцагч байгууллагын нэр, хаяг, зэрэг мэдээллийг агуулсан шошго, тэмдэглэгээг батлагдсан загварын дагуу хийж байрлуулсан байна.

Дөрөвдүгээр бүлэг. НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ЗАМ, ТАЛБАЙ, НОГООН
БАЙГУУЛАМЖИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ, БАРИЛГЫН ОРЧНЫ ТОХИЖИЛТ
4.1 Нийтийн эдэлбэрийн газарт хийгдсэн тохижилтын ажлын нөхөн сэргээлт,
4.1.1 Нийтийн эдэлбэрийн газарт хийгдсэн тохижилтын ажлыг нөхөн сэргээх тохиолдолд хийгдсэн тохижилтын ажлыг үнэлж, судалгаа хийсний үндсэн дээр дахин тохижилт хийх асуудлыг энэхүү журмын 2 дугаар зүйлийг баримталж шийдвэрлүүлнэ.
4.1.2 Нийслэл хотод шинээр Инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, сэргээн засварлах нийтийн эзэмшлийн зам талбай, эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, тохижилт ногоон байгууламжийн ашиглалт хамгаалалтыг хангахад Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарны 31-ний өдрийн А/926 дугаар захирамжаар батлагдсан “Авто зам тохижилт, ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах” журмыг баримталж хэрэгжилтэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана.
4.2 Барилгын орчны тохижилт:
4.2.1 барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, засварлах, барих, явцад орчны тохижилтыг Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу мэргэжлийн байгууллагаар иж бүрэн гүйцэтгүүлэх;
4.2.2 Барилга байгууламжийн орчны тохижилтыг эрх бүхий байгууллагаас баталсан эх загвар зургийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.
4.2.3 Шинээр ашиглалтанд орох барилгын орчны тохижилтын ажлыг хүлээн авахад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын асуудал хариуцсан нэгжийн төлөөллийг оролцож, арчлалт хамгаалалтыг эзэнжүүлэх ажлыг зохион байгуулна.
4.2.4 Барилгын орчны тохижилтыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу иж бүрэн гүйцэтгүүлэх үүргийг Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу барилгын захиалагч хариуцна.
4.2.5 Барилгын орчны тохижилтын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд барилгын захиалагч иргэн хуулийн этгээд нь барилгын орчны тохижилтын ажилд шаардагдах зардлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дансанд байрлуулах бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь тохижилтын ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу сонгон шалгаруулж, тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна.
4.2.6 Барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, засварлах барих явцад барилгын орчны тохижилтыг ажлын зургийн дагуу хийх, барилга угсралтын явцад эвдэрч гэмтсэн нийтийн эдэлбэрийн зам, талбайг бүрэн буцаан сэргээх ажлыг барилгын захиалагч (хөрөнгө оруулагч) хариуцна.

Тавдугаар бүлэг. ХОРИГЛОХ ЗҮЙЛ
5.1 Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дараах үйл ажиллагаа гуйцэтгэхийг хориглоно.
5.1.1. батлагдсан зураг төсөлгүйгээр тохижилтын ажил гүйцэтгэх;
5.1.2. хотын ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгажсан хэсэгт болон гэр хорооллын дахин төлөвлөлт зарлагдсан байршилд нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5.1.3. нийтийн эдэлбэрийн газарт хийгдэх тохижилтын ажлын зардлыг зориулалтын бусаар зарцуулах;
5.1.4. зөвшөөрөлгүйгээр худалдаа, түргэн үйлчилгээний цэг, тамхи татах цэг, рекламны самбар, хөшөө баримал байрлуулах;
5.1.5. үерийн усанд автагдах боломжтой газарт тохижилтын ажил төлөвлөх, хийж гүйцэтгэх /намаг, гуу жалга, далан шуудуу зэрэг инженерийн байгууламж бүхий газарт/;
5.1.6. сургууль цэцэрлэг, эмнэлэгийн эдэлбэр газрын орц гарцыг хааж тохижилт хийх;
5.1.7. түүх соёлын дурсгалт газар, төрийн онцгой обьект, төрийн тусгай хамгаалалттай газар, бусад эзэмшил бүхий газарт тохижилт хийхдээ хариуцагч эзэмшигч иргэн, хуулийн этгээдээс холбогдох зөвшөөрөл авалгүй хийх;

Зургаадугаар бүлэг. ХАРИУЦЛАГА
6.1 Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага дараах ногдуулна. Үүнд:
6.1.1. зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэрийн газар дээр тохижилт хийсэн эсвэл дур мэдэн ашигласан бол Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, гэм буруутай этгээд нь тухайн газрыг өмнөх байдалд оруулж, нөхөн сэргээж, гарсан зардлыг бүрэн хариуцна.
6.1.2. энэ журмын 2.5.15 дах заалтыг зөрчин тухайн газрын тохижилтын зориулалтыг өөрчлөн гэрээнд зааснаас бусад зориулалгаар үйл ажиллагаа явуулбал гэрээг цуцалж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгоно.
6.1.3. Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулах, ашиглах явцад холбогдох хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг тухайн иргэн, хуулийн этгээд бүрэн хариуцна.
6.1.4. Барилга, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэсний дараа зам, талбай, шугам сүлжээ, ногоон байгууламжийг анх байсан байдлаар нь сэргээн засварлаагүй эсвэл дутуу буюу чанаргүй гуйцэтгэсэн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
6.1.5. Журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Ta дээрхи журмын төслийг дэмжиж байна уу?
Ta санал хүсэлтээ доорхи талбарт дэлгэрэнгүй бичиж илгээнэ үү!
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms