НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТӨСӨЛ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага, худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, тэдгээрт тавигдах шаардлагыг тодорхойлох, бүртгэлжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийх, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан болон эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон энэ журмыг дагаж мөрдөнө.
1.3. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа,  үйлчилгээ эрхлэхэд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг удирдлага болгоно.
1.4. Энэ журам нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэнд нэгэн адил үйлчилнэ.

ХОЁР. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, АНГИЛАЛ
2.1. Худалдаа:
2.1.1. хүнсний зах, худалдааны төв;
2.1.2. хүнсний бус барааны зах, худалдааны төв  (барилгын материал, мод, автотехникийн, төрөлжсөн барааны г.м);
2.1.3. их дэлгүүр;
2.1.4. агуулах дэлгүүр;
2.1.5. бөөний төв;
2.1.6. хайпермаркет;
2.1.7. супермаркет;
2.1.8. минимаркет;
2.1.9. хүнсний дэлгүүр;
2.1.10. ая тухтай дэлгүүр (конвиниенс стоор);
2.1.11. үзүүлэнгийн танхим;
2.1.12. аутлет;
2.1.13. бутик;
2.1.14. төрөлжсөн барааны дэлгүүр;
2.1.15. мухлаг
2.1.16. түргэн үйлчилгээний цэг (цаашид “ТҮЦ” гэх);
2.1.17. улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа;
2.1.18. дахивар авах цэг;
2.1.19. бусад.
2.2. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ:
2.2.1. ресторан;
2.2.2. баар (паб);
2.2.3. баар  (караоке);
2.2.4. баар (диско клуб);
2.2.5. баар (бильярд);
2.2.6. баар  (спорт);
2.2.7. баар  (тайчих клуб);
2.2.8. кафе;
2.2.9. цайны газар (нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх);
2.2.10. түргэн үйлчилгээтэй  болон сүлжээ хоолны газар;
2.2.11. кофе шоп;
2.2.12. явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг;
2.2.13. хүргэлтийн хоолны үйлчилгээ;
2.2.14. кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ;
2.2.15. бусад.
2.3. Ахуйн үйлчилгээ:
2.3.1. үсчин;
2.3.2. гоо засал;
2.3.3. хумс засал;
2.3.4. хувцас захиалга, засвар;
2.3.5. гутал засвар;
2.3.6. гэр ахуйн тавилгын засвар;
2.3.7. ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
2.3.8. алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
2.3.9. цүнх засвар;
2.3.10. нүдний шил захиалга, засвар;
2.3.11. цоож, түлхүүр засвар;
2.3.12. цаг засвар;
2.3.13. хими цэвэрлэгээ, угаалга;
2.3.14. гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
2.3.15. айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ;
2.3.16. айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ;
2.3.17. эд бараа түрээслэх үйлчилгээ;
2.3.18. нийтийн халуун ус;
2.3.19. саун, алжаал тайлах төв;
2.3.20. бусад.
2.4. Зочлох үйлчилгээ
2.4.1. зочид буудал;
2.4.2. дэн буудал;
2.4.3. жуулчны бааз;
2.4.4. амралтын газар;
2.4.5. гэр буудал;
2.4.6. бусад.
2.5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ
2.5.1. фитнес, спининг;
2.5.2. усан бассейн;
2.5.3. боулинг;
2.5.4. аэробик, иог, спорт бүжгийн клуб;
2.5.5. бильярд;
2.5.6. спорт заал;
2.5.7. цанын бааз;
2.5.8. мөсөн гулгуур;
2.5.9. бусад.
2.6. Авто үйлчилгээ
2.6.1.  авто агрегат засвар;
2.6.2.  авто кузов засвар;
2.6.3.  дугуй засвар;
2.6.4. автомашины угаалга;
2.6.5 автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;
2.6.6. автомашины доторлогоо;
2.6.7. автомашины зогсоол /битүү, ил/;
2.6.8. бусад
            2.7. Тоглоомын төв
2.7.1. цахим;
2.7.2. хүүхдийн;
2.7.3. бусад.
2.8.  Соёл урлагийн үйлчилгээ:
2.8.1. соёл урлагийн /дуу, хөгжим, бүжиг, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт/ сургалтын газар;
2.8.2. дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газар
2.8.3. соёлын төв, үзвэр үйлчилгээний газар
2.8.4. бусад.

ГУРАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ, БҮРЭЛДЭХҮҮН, ЧИГ ҮҮРЭГ
3.1. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий “Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл” (цаашид “Зөвлөл” гэх)  дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.
3.2. “Зөвлөл”-ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд “Зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар батална.
3.3. “Зөвлөл” нь дараах байгууллагуудын төлөөллийг оролцуулж болно:
3.3.1. дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж;
3.3.2. дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж;
3.3.3. дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн  асуудал хариуцсан нэгж;
3.3.4. дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж;
3.3.5. дүүргийн газрын харилцааны асуудал хариуцсан нэгж;
3.3.6. дүүргийн Татварын хэлтэс.
3.3.7. тухайн хорооны Засаг дарга;
3.3.8. хүний эрх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн холбооны 3 хүртэлх төлөөлөл
3.3.9. хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг;
3.4. “Зөвлөл” нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.4.1. “Онлайн бизнес төв”-ийн  “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д бүртгүүлсэн аж ахуйн нэгж, иргэний бүрдүүлэх баримт бичгийг тогтоосон хугацаанд  системд оруулсан эсэх, холбогдох хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавьж, бүртгэлийг баталгаажуулна. Шаардлагатай тохиолдолд ажлын байрыг газар дээр нь очиж шалгана.
3.4.2. дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг мэдээллийн систем ашиглан бүртгэлжүүлж, нэгдсэн санг бүрдүүлнэ.
3.4.3. хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг сурталчилж, хэрэгжилтийг хангуулна.;
3.4.4. ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулна.
3.4.5. худалдаа, үйлчилгээний чиглэлээр нутаг дэвсгэртээ тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад  уламжилна.
3.4.6. холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг бүрэн хангасан, үлгэр жишээ тохижилт хийсэн  худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж урамшуулна.
3.4.7. энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хагас, бүтэн жилээр тайлагнаж, өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлнэ.

ДӨРӨВ. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

4.1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь худалдаа, үйлчилгээний  чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. “Зөвлөл”-ийг   удирдлага, чиг үүргээр хангаж, хяналт тавина.
4.1.2. худалдаа, үйлчилгээний чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.
4.1.3. худалдаа, үйлчилгээнд хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновац нэвтрүүлсэн, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан иргэн, аж ахуйн нэгжийг шагнал, урамшуулалд хамруулна.
ТАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд хууль тогтоомж, стандартад зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
            5.1.1. худалдаа үйлчилгээ эрхлэх барилга байгууламж, цэг салбарын гадна болон дотор орчныг холбогдох стандартын шаардлагын дагуу тохижуулж, эрүүл, аюулгүй байдлыг хангасан (авто замаас зайтай, явган хүний замтай, явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих зам талбайтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, хог хаягдал ангилан ялгах зориулалтын хогийн савтай, орчны тохижилттой, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан), тээврийн хэрэгслийн ил, далд зогсоолын талбайтай байх;
           5.1.2. галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;
5.1.3. гадна хаяг, хаягийн байгууламж нь холбогдох журам, стандарт шаардлагад нийцсэн байх, худалдаа, үйлчилгээний ангиллыг стандартаар тогтоосон нэршлээр байршуулсан байх;
5.1.4. стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх;
5.1.5. худалдаа, үйлчилгээний барилга байгууламжийн орох хэсэг, дотоод орчин, ариун цэврийн өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилтыг стандартын дагуу хийсэн, шаардлагатай хэрэглэгдэхүүн, тэмдэг, тэмдэглэгээг бий болгосон байх;
5.1.6. худалдаа, үйлчилгээний газар нь эрүүл ахуйн нөхцөл, стандарт шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй, гэр хороолол, зуслан, ногоон бүсэд байрлалтай бол сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байх;
5.1.7. агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулах бол халаалтын асуудлыг цахилгаан болон бусад утаагүй  шийдлээр шийдсэн байх;
5.1.8. худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэртэй байх;
5.2.  Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд энэ журмын 5.1-д зааснаас гадна үйлчилгээний төрлөөс хамаарч дараах тусгай шаардлага тавигдана:
5.2.1. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэл”-д бүртгүүлсэн байх,
5.2.2. зах, худалдааны төвийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон газарт байгуулах,
5.2.3. хоол, хүнсний хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх хоол үйлдвэрлэл үйлчилгээний болон хүнсний худалдааны газар тохирлын гэрчилгээ авсан байх;
5.2.4. хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар нь холбогдох стандартын шаардлагыг хангасан өөх тос баригчийг суурилуулж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангасан байх;
5.2.5. их дэлгүүр, 100-аас дээш суудалтай ресторанд хүүхэд саатуулах булантай байх, ариун цэврийн өрөөнд хүүхдийн тэрэгтэй орох боломжтой, хүүхдийн живх солих тавцантай байхаар зохион байгуулсан байх;
5.2.6. ресторан нь хүүхдэд зориулсан хоолны цэстэй, хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон ширээ сандал, хоолны хэрэгсэлтэй байх;
5.2.7. зах, худалдааны төвд түрээслэгчдийн хувцас солих,  цай уух өрөөг тусгайлан төлөвлөж тохижуулсан байх.
5.2.8. улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдааг дүүргээс баталсан байршилд эрхлэх ба худалдаа эрхлэгчид нь гарал үүслийн гэрчилгээтэй, баталгаажилттай бүтээгдэхүүнийг худалдах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, жин хэмжүүр баталгаажсан, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ариун цэврийн өрөө, гар угаах орчинг бүрдүүлсэн байх;
5.2.9. явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг нь дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан, холбогдох стандартад заасны дагуу экологийн цэвэр орчин, хатуу хучилт бүхий талбайд байрших, ажлын байрнаасаа 100 метрээс холгүй орших зориулалтын ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байх;
5.2.10. ТҮЦ нь дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх;
5.2.11.  Нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан бараа, үйлчилгээ эрхлэх тохиолдолд нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн байх;
5.3. Энэ журмын 2.2.2-2.2.8-д заасан ангиллын үйлчилгээний газар  зөвшөөрөгдөх дуу чимээний хэмжилтийг дуу шуугиан хэмжих итгэмжлэлийн эрхтэй лабораториор хийлгэсэн байх. Үүнд:  
5.3.1. нийтийн орон сууц, гэр хорооллын дунд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбайн орчимд байрладаг бол өдрийн цагаар 55 дБа, шөнийн цагаар 50 дБа-аас хэтрэхгүй байх.
ЗУРГАА. “ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ”-ИЙН “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛИЙН  СИСТЕМ”-Д БҮРТГҮҮЛЭХ
6.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж  нийслэлийн нэгдсэн мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээний нэгдсэн ulaanbaatar.mn  портал системийн “Онлайн бизнес төв”-ийн “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсэнд нэвтэрч бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:
6.1.1. цахим системийн “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсэнд  хандаж хүсэлт гаргах бөгөөд Төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн “ДАН” системд нэвтэрч овог нэр, хаяг, утас,  цахим хаягийг мэдээлнэ.
6.1.2. эрхлэх  үйлчилгээний төрлийг сонгож, “үйлчилгээ авах” хэсэгт нэвтэрнэ.
6.1.3. тухайн үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлага, хүлээх үүрэгтэй танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд төрийн мэдээлэл солилцооны “Хур”  системээс аж ахуйн нэгж бол “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний мэдээлэл, иргэн бол “Иргэний үнэмлэх”-ийн мэдээллийг, мөн  үйлчилгээ эрхлэх байрны “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний  мэдээллийг татаж харуулна.
6.1.4. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар орон сууцны зориулалтыг өөрчилсөн байранд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа тохиолдолд уг тушаалыг, түрээсийн байранд үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд түрээсийн гэрээг “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний хамт файл хэлбэрээр системд оруулна.
6.1.5. худалдаа, үйлчилгээ эрхлэх газрын хаяг болон байршлын мэдээллийг газрын зураглал дээр тэмдэглэж оруулна.
6.1.6. худалдаа, үйлчилгээ эрхлэхэд дараах баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж бүрдүүлнэ. Үүнд:
6.1.6.1.  галын аюулгүй байдлын дүгнэлт;
6.1.6.2. хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх бол мэргэжлийн хяналтын мэдээллийн санд бүртгүүлсэн хуудас (бүртгүүлсэн тохиолдолд системээс татаж харуулна)
6.1.6.3. хог тээврийн гэрээ;
6.1.6.4. зах, худалдааны төв эрхлэх бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, “Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлт”;  
6.1.6.5. авто засвар, авто угаалгын  үйлчилгээ эрхлэх тохиолдолд “Машин угаах техникийн нөхцөл”, “Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлт”;  
6.1.6.6. энэ журмын 2.6.1-2.6.4-д заасан төрлийн үйлчилгээ эрхлэх бол “Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ”, “Тохирлын гэрчилгээ”;
6.1.7. энэ журмын 6.1.6-д заасан баримт бичгийг өмнө нь бүрдүүлсэн бол "Тийм", бүрдүүлээгүй бол "Үгүй" хариултыг сонгоно. “Үгүй” хариултыг сонгосон тохиолдолд хүсэлт  холбогдох байгууллагуудад системээр илгээгдэнэ.
6.1.8. энэ журмын 6.1.6.1-д заасан “Галын аюулгүй байдлын дүгнэлт”-ийг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс олгоно.  
6.1.9. энэ журмын 6.1.6.3-т заасан “Хог тээврийн гэрээ”-г дүүргийн Татварын хэлтэс, эсвэл Тохижилт үйлчилгээний компани ОНӨААТҮГ-тай байгуулна.
6.1.10. энэ журмын 6.1.1-6.1.5-д заасан мэдээллийг оруулсны дараа, 6.1.6.1-6.1.6.6-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн эсэхээс үл хамааран  QR  код бүхий “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудас”-ыг хэвлэн авч, үйл ажиллагааг эхлүүлж болно.
6.1.11. тавигдах шаардлага, стандартыг хангаагүй, хуулиар болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон байршилд байрласан, мэргэжлийн байгууллагаас холбогдох дүгнэлт олгох боломжгүй тохиолдолд хариуцсан албан хаагч тэмдэглэлээр тайлбарыг системд оруулж   “татгалзах” үйлдэл хийнэ.  
6.2. энэ журмын 2.1-2.3, 2.6, 2.7.2-т заасан үйлчилгээний хүсэлтийг тухайн дүүргийн худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж хүлээн авч, дүүргийн “Зөвлөл” хянан баталгаажуулна.
6.3. энэ журмын 2.4-т заасан үйлчилгээг нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан газар, 2.5-д заасан үйлчилгээг нийслэлийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан газар, 2.7.1-д заасан үйлчилгээг нийслэлийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан газар, 2.8-д заасан үйлчилгээг нийслэлийн соёл, урлагийн асуудал хариуцсан газар тус тус хүлээн авч, хянан баталгаажуулна.
6.4. Хувь хүний мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу зохицуулна.

ДОЛОО. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН  ЭРХ

7.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах эрхтэй байна:
7.1.1. холбогдох хууль тогтоомж, журам, стандартын шаардлага хангасан тохиолдолд “Онлайн бизнес төв”-ийн “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д бүртгүүлж худалдаа, үйлчилгээ эрхлэх;
7.1.2. төрийн бодлого, хууль, журам, стандартуудтай холбоотойгоор санал боловсруулж, шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргах;
7.1.3. худалдаа, үйлчилгээндээ хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновац нэвтрүүлсэн, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан тохиолдолд шагнал, урамшуулалд хамрагдах;
7.1.4. худалдаа,  үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж,  дүрэм, журам, заавар, стандарт, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах;
7.1.5. энэ журамд заасан эрх зөрчигдсөн гэж үзвэл дээд шатны байгууллага, албан тушаалтан, эрх бүхий байгууллагад гомдол гаргах.
НАЙМ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮҮРЭГ

8.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь  дараах үүрэгтэй байна:
8.1.1. худалдаа, үйлчилгээний газрууд татвар төлөгчөөр бүртгүүлж, үйлчилгээ үзүүлэх тухай бүр сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгох;  
8.1.2. холбогдох хууль, тогтоомж,  дүрэм, журам, стандартыг мөрдөж, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж, хотын соёл, тохижилт, ногоон байгууламжийг сайжруулахад хувь нэмэр оруулах;
8.1.3. тогтоосон цагийн хязгаарыг мөрдөж ажиллах;
8.1.4. орчны 50 м хүртэлх талбайг зураглалаар тогтоосон хил хязгаарт тухайн гудамжны стандарт ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижуулах, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хариуцах;
8.1.5. галын аюулгүй байдлын норм, дүрэм, стандартыг хангаж ажиллах;
8.1.6. хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалтын хогийн савыг дотор болон гадна орчинд байршуулан ангилан ялгах, дахин ашиглах боломжтой ангилсан хог хаягдлыг хуваарийн дагуу тусад нь тээвэрлүүлэх;
8.1.7. худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх;  
8.1.8. үйлчилгээний онцлогт нийцсэн ажлын хувцас өмсөж, албан тушаал, нэр бүхий энгэрийн тэмдэг зүүх;
8.1.9. хүнсний зориулалтын уут, сав, баглаа боодлыг худалдаа, үйлчилгээнд нэвтрүүлэх;
8.1.10. хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хоолны цэсэндээ шим тэжээлийн мэдээлэл /илчлэг/-ийг тусгах;
8.1.11. ТҮЦ эрхлэгчид нь инженерийн шугам сүлжээ, зам, талбайд засвар, тохижилтын ажил хийх үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөх;
8.1.12. ТҮЦ нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл, горим шаарддаггүй барааг худалдах;
8.1.13. мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалах, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн цэг, биржээр дамжуулан худалдах;
8.1.14. сайжруулсан түлш, мод, барилгын материал, элс, хайрга, цемент, шохой, чулууны худалдаа, дахивар нөөцийн цэгийг дүүргээс зөвшөөрсөн байршилд  эрхлэх;
8.1.15. ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг энэ журмын 2.1.1, 2.1.4, 2.1.6, 2.1.7-д заасан ангиллын худалдааны газарт төрөлжсөн тасгаар 21-ээс дээш насны хүнд худалдах, аюулгүй ажиллагааны санамж, зааварчилгааг дагалдуулах.

ЕС. ХЯНАЛТ ТАВИХ

9.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн худалдаа, үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын газар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, иргэд, үйлчлүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг  хангуулах  арга хэмжээ авна.
9.2. Хяналтын байгууллага энэ журмын 6.1-д заасан мэдээлэлд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлнэ.
АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
10.2. Энэ журмыг 3-аас дээш удаа зөрчсөн, холбогдох хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчлийг арилгуулах талаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцална.  
Sign in to Google to save your progress. Learn more
Та дээрхи журмын төслийг дэмжиж байнa уу? *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy