НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРМЫН ТӨСӨЛ


НИЙСЛЭЛИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НИЙТЛЭГ ЖУРАМ


1. Нийтлэг үндэслэл /1 бүлэг 4 заалт/
2. Үйлчилгээний төрөл, хэлбэр /1бүлэг 6 хэсэг 38 заалт/
3. Удирдлага, зохион байгуулалт /1 бүлэг 5 заалт/
4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох бусад байгууллагын эрх үүрэг /1 бүлэг 2 хэсэг 15 заалт/
5. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг чиг үүрэг /1 бүлэг 32 заалт/
6. Тусгайлан хүлээх чиг үүрэг /1 бүлэг 3 хэсэг 62 заалт/
7. Хориглох заалт /1 бүлэг 30 заалт/
8. Хяналт /1 бүлэг 2 заалт/
9. Хариуцлага /1 бүлэг 4 заалт/

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны .....
дугаар сарын .........өдрийн ....................
.............. дугаар тогтоолын хавсралт

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний
нийтлэг журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийж, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журмыг Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө.
1.3 Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтрал, эрэлт хэрэгцээ, шаардлагыг харгалзан Нийслэлийн Засаг дарга батална.
1.4 Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам нь Монгол улсын үндсэн хууль бусад холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээгээр зохицуулагдана.
Хоёр. Үйлчилгээний төрөл, хэлбэр

2.1 Худалдаа үйлчилгээний хэлбэр:

2.1.1 Бөөний худалдааны төв;
2.1.2 Худалдааны төв /зах/;
2.1.3 Төрөлжсөн хүнсний барааны дэлгүүр: өдөр тутмын эрэлттэй хүнсний барааны дэлгүүр, нэрийн барааны дэлгүүр гэх мэт;
2.1.4 Төрөлжсөн хүнсний биш барааны дэлгүүр: мебель, тавилгын, цахилгаан барааны, барилгын материалын, автотехникийн, гутлын гэх мэт;
2.1.5 Нарийн төрөлжсөн хүнсний барааны дэлгүүр: махны, сүүний, цагаан идээний, ногооны, жимсний, талх нарийн боовны гэх мэт;
2.1.6 Нарийн төрөлжсөн хүнсний биш барааны дэлгүүр: үнэт эдлэлийн, хүүхдийн хувцасны, спорт хэрэглэлийн гэх мэт;

2.2 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр:

2.2.1 Зоогийн газар;
2.2.2 Баар /диско, биллъярд, караоке, бусад/;
2.2.3 Кафе;
2.2.4 Цайны газар /байгууллагын дэргэдэх/;
2.2.5 Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газрууд;
2.2.6 Явуулын түргэн хоолны үйлчилгээ;
2.2.7 Зочид буудал болон жуулчны баазын дэргэдэх зоогийн газар;

2.3 Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлбэр:

2.3.1 Хүнсний үйлдвэр
2.3.2 Хөнгөн үйлдвэр
2.3.3 Жижиг дунд үйлдвэрлэл /хүнс, хөнгөн/
2.3.4 Бусад

2.4 Ахуйн үйлчилгээний хэлбэр:

2.4.1 Үсчин, гоо сайхны үйлчилгээ;
2.4.2 Хувцас засвар, захиалга;
2.4.3 Гутал засвар, захиалга;
2.4.4 Хими цэвэрлэгээ, угаалга;
2.4.5 Гэр ахуйн модон эдлэл засвар, захиалга;
2.4.6 Ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар;
2.4.7 Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга засвар;
2.4.8 Цоож засварлах, түлхүүр олшруулах;
2.4.9 Цүнх захиалга, засвар;
2.4.10 Гэрэл зураг авах, угаах үйлчилгээ;
2.4.11 Нийтийн халуун ус;
2.4.12 Гэр цэвэрлэх,;
2.4.13 Айл нүүлгэх үйлчилгээ;
2.4.14 Саун;

2.5 Авто үйлчилгээний хэлбэр:

2.5.1 Техникийн үйлчилгээ, засвар;
2.5.2 Ашиглалтын материалаар хангах;
2.5.3 Тээврийн хэрэгслийн хадгалалт;
2.5.4 Бусад үйлчилгээ

2.6 Бусад /худалдаа, үйлчилгээ/

2.6.1 Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ, павильон/;
2.6.2 Сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ /улирлын чанартай/;
2.6.3 Бусад /худалдаа, үйлчилгээ/;

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

3.1 Журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар харъяа дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл” /цаашид “Зөвлөл” гэх/ удирдан зохион байгуулна.

3.2 “Зөвлөл” –ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд нарийн бичиг нь дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс байна.


3.3 “Зөвлөл” -ийн дүрэм, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарийг дүүргийн Засаг даргын захирамжаар батална.

3.3.1 Дүүргийн “Зөвлөл” нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ.
• Дүүргийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс
• Дүүргийн ЗДТГ –ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс
• Дүүргийн ЗДТГ-ын Санхүү-Төрийн сангийн хэлтэс
• Дүүргийн Газрын алба
• Дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс
• Дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс
• Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс
• ШӨХТГ-ын дүүргийн улсын байцаагч
• Хороодын засаг дарга нар
• Төрийн бус байгууллагууд болон иргэдийн оролцооны байгууллагууд

3.4 “ Зөвлөл” -ийн гаргасан санал дүгнэлт, чиг үүргийн дагуу Дүүргийн засаг дарга шийдвэр гаргана.

Дөрөв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох бусад байгууллагын эрх үүрэг

4.1 Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1 Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний талаар баримтлах ерөнхий бодлогыг тодорхойлж, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

4.1.2 Дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл” –ийг удирдлага, чиг үүргээр ханган, хяналт тавин ажиллах;

4.1.3 Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлээр хоршин нэгдсэн зохион байгуулалтын дэвшилтэт хэлбэр, шинэ үйлчилгээ, техник технологи, инноваци нэвтрүүлсэн тохиолдолд зохих хууль тогтоомж, журмын дагуу санхүүгийн /хөнгөлттэй зээлд хамруулах, үзэсгэлэн худалдаанд төлбөргүй оролцуулах, хэвлэл мэдээллээр үнэ төлбөргүй сурталчлах, шагнал урамшуулалд тодорхойлох гэх мэт/ болон бусад төрлийн дэмжлэг үзүүлэх;

4.1.4 Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах шаардлагыг дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-д тавих;

4.1.5 Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих зорилгоор худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон иргэдийн оролцооны бүлэгтэй хамтран ажиллах;

4.1.6 Хууль тогтоомжид заасан бусад.

4.2 Дүүргийн Засаг Даргын дэргэдэх “Зөвлөл” дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.2.1 “Зөвлөл” –ийн дарга дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээний хэлтсийг чиг үүргээр ханган, дүүргийн нутаг дэвсгэрт Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулах;

4.2.2 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний газруудын нэгдсэн мэдээллийн санг бий болгож, бүртгэлжүүлэх;

4.2.3 Шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, дүрэм журам, Удирдах дээд байгууллагаас гаргасан тушаал, захирамж шийдвэрийг цаг хугацаанд нь сурталчлан мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах;

4.2.4 Тухайн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй болон жижиг худалдаа, үйлчилгээ /жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо, зайрмаг, квас, ус ундаа, зориулалтын төхөөрөмж бүхий түргэн хоолны цэг гэх мэт бусад жижиг худалдаа, үйлчилгээ/ эрхлэх ажлын байрны тоо, байршил, үнэ тарифийг тогтооно.

4.2.5 Сүүдрэвчтэй болон жижиг худалдаа, үйлчилгээний ангилал, төрөл, тоо хэмжээ, хийц, өнгө үзэмж, аюулгүй байдалд тавигдах тусгай шаардлагыг батална.

4.2.6 Тогтоосон байршил тоо хэмжээгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх эрх олгох, журамлах ажлыг зохион байгуулах

4.2.7 Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг явуулж илэрсэн зөрчил,
дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж, журамлах;

4.2.8 Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавих;

4.2.9 энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тогтоосон хугацаанд тайлагнах;

Тав. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг чиг үүрэг

5.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлнэ.

5.2 Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь ажлын байрны нөхцөл, аюулгүй байдал, тухайн үйлчилгээний стандартын шаардлага хангасан талаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах буюу хууль тогтоомжоор стандартын тохирлын баталгаанд хамрагдах шаардлагатай үйлчилгээ нь тохирлын гэрчилгээ авсан байна.

5.3 Худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллага аж ахуйн нэгж, иргэд нь тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс”-тэй үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулан, худалдаа, үйлчилгээний мэдээллийн санд бүртгүүлж, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулна.

5.4 Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь Хүнсний чиглэлээр шинээр үйл ажиллагаа эрхлэхдээ мэдээллийг маягтын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналтын байгууллагад мэдэгдэн урьдчилсан хяналт шалгалтад хамрагдан эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, бүртгэлд хамрагдсан байна

5.5 Иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь үйлчилгээний зэрэглэлтэй байж болох бөгөөд тухайн үйлчилгээний зэрэглэлийг чиг үүргийн дагуу хамаарч байгаа нутгийн захиргааны байгууллагын эрх шилжүүлсэнээр мэргэжлийн ТББ тогтоож болно.

5.6 Болзошгүй гамшиг болон аюулт үзэгдэл ослын үед Нийслэлийн хүн амыг хоол хүнсээр хангах, хүнсний бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэхэд худалдаа, үйлчилгээний газрууд тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ ханган биелүүлнэ.

5.7 Аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн дотоодын хяналтыг тавьж хэрэгжүүлэх дотоод хяналтын нэгж, ажилтантай байна.

5.8 Худалдаа, үйлчилгээний газар нь гадна болон дотоод орчны аюулгүй байдлыг хангах хяналтын сүлжээнд холбогдон, дүүргийн Цагдаагийн хэлтэстэй гэрээ байгуулж, гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй ажиллана.

5.9 Худалдаа, үйлчилгээний газрууд нь тухайн Хорооны Засаг даргатай “Тохижилт-цэвэрлэгээний гэрээ” байгуулж, НИТХ–ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 тоот тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллана. /2012 оны 61 тоот тогтоолоор өөрчлөлт оруулсан/

5.10 Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;/БНД/

5.11 Худалдаа, үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр, кирилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна./Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журамтай нийцүүлэх/

5.12 Худалдаа, үйлчилгээний газрын ажиллагсад нь ажлын онцлогт нийцсэн дүрэмт хувцас өмсөх ба ажилтаны овог, нэр, ажлын ур чадварын зэрэг дэвийг тодорхойлж бичсэн энгэрийн тэмдэг зүүх бөгөөд шаардлагатай ажлын байранд 6 сар тутамд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байна.

5.13 Цахилгаан техникийн бараа, гэрэл зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг, тавилга, цаг үнэт эдлэл зэрэг баталгаат засварын үйлчилгээ шаарддаг барааг худалдаалдаг гэзрууд нь баталгаат засварын үйлчилгээний дагалдах хуудас болон анхааруулах санамж бичиг, аюулгүй ашиглах заавар, тооцооны чекийг барааны хамт хэрэглэгчдэд дагалдуулж өгч байх үүрэгтэй.

5.14 Худалдаа, үйлчилгээний газрууд нь мэргэжлийн ажилчидаа ур чадварын болон чадамжийн сургалтуудад тодорхой хугацаагаар хамруулж мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг, дэвийг ахиулсан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй чадавхитай баг бүрдүүлж ажиллана. /салбарт мөрдөгдөж буй гол гол хууль, дүрэм, журмын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалтыг жилд 1 -2 удаа зохион байгуулах/

5.15 Худалдаа, үйлчилгээний газрууд нь зах зээлийн судалгааг тогтмол хийж нэгтгэн дүгнэж, үйлчлүүлэгчдийн эрэлт хүсэлтийг цаг тухайд нь барагдуулж, бүтээлчээр сэтгэж, үйлчилгээний шинэ дэвшилтэт чиг хандлагад нийцэж ажиллана.

5.16 Худалдаа, үйлчилгээний газрууд нь “ХЭРЭГЛЭГЧИЙН БУЛАН”-тай байж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, зөвлөгөө өгдөг, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажилтны нэр, холбоо барих утас, бараа бүтээгдэхүүний орц, найрлага, онцлог шинж, танилцуулгыг “Хэрэглэгчийн булан”-д ил тод байршуулсан байна.

5.17 Худалдаа, үйлчилгээний газар нь үйлчилгээний бүс, байршил, ажил үйлчилгээний онцлог, худалдаалж буй барааны нэр төрөл, чанарын талаархи зар сурталчилгааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл ашиглан хэрэглэгчдэд хүргэж ажиллана. /мэдээллийн сайт, үзэсгэлэн, танилцуулга, зурагт хуудас, зар сурталчилгааны самбар гэх мэт/

5.18 Худалдаа үйлчилгээний газрууд нь бараа ажил үйлчилгээнийхээ үнэ тарифыг ил тод байршуулж хэрэглэгчдэд сонголт хийхэд туслах бодит мэдээллийг заавал тавьсан байна.

5.19 Худалдаа, үйлчилгээний газрууд нь стандартын шаардлага хангасан хүнсний зориулалтын цаасан болон даавуун уут, сав баглаа боодлыг худалдаа, үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

5.20 Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар /ариун цэврийн өрөө/ иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх бөгөөд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна.

5.21 Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний ашиглаж буй төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь стандартын шаардлагад нийцсэн, тохижилт сайтай, цэвэрхэн, халдваргүйжүүлэлт хийгдсэн, шөнийн цагт гэрэлтүүлэгтэй байна./БНД/

5.22 Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана./ Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 дугаартай тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт/

5.23 Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь харьяа татварын албанд бүртгүүлж, тайлангаар ногдуулсан татвар, төлбөр, хураамжийг хуулинд заагдсан хугацаанд төсөвт төвлөрүүлж ажиллана.

5.24 Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахдаа газрын эрхийн зөрчилгүй байж, газрын төлбөрөө гэрээний дагуу хугацаанд нь барагдуулж хэвшсэн байх;/НГА/

5.25 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь газар ашигласны хувьд газрын төлбөр төлөх талаарх зохицуулалтыг оруулж өгөх саналтай байна /НГА/

5.26 Нийслэлийн агаарын бохирдлыг багасгах зорилтын хүрээнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь өвлийн улиралд сэргээгдэх эрчим хүчний бие даасан үүсгүүр, стандартын шаардлага хангасан хийн болон цахилгаан халаагуур, бүрэн шаталттай шахмал түлш ашиглана,/СБД/

5.27 Худалдааны танхимд тамхийг зөвхөн тусгайлсан тасгаар худалдана./ХУД/

5.28 Хүнсний чиглэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хүнсний сүлжээний бүх үе шатанд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлнэ./БНД/

5.29 Худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, гудамж, зам, талбай нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3.3, 9.3.4-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан байна.

5.30 Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг бүрэн хариуцна.

5.31 Худалдаа, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.

5.32 Худалдаа, үйлчилгээний газрууд нь Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, стандартыг мөрдөж, үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжид мэргэжлийн байгууллагаар галын дохиоллын системийг сууриллуулж, гар унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулан аюулгүй байдлыг ханган ажиллана.
Зургаа. Тусгайлан хүлээх үүрэг
6.1 Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ
6.1.1 Бөөний худалдааны төв нь жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд бараа бүтээгдэхүүнийг олон тоогоор багцалж, бөөнөөр худалдаалах үйлчилгээ явуулна. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад нийлүүлэхдээ уг барааны мэргэжлийн байгууллагаас олгосон дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний сорилтын дүн, сертификатыг шаардлагатай тоо хэмжээгээр дагалдуулж өгнө.
6.1.2. Батлагдсан зураг төслийн дагуу баригдсан нэгдсэн зориулалтын агуулах бүхий ажлын байранд худалдааны танхимыг худалдаа үйлчилгээний технологийн дагуу тохижуулж худалдааны төвийг ажиллуулна. Тухайн ажлын байр нь худалдан авагчдад зориулсан чөлөөт талбайтай байх ба / лангуу хооронд -2м байх/, лангууг бүтээгдэхүүний нэр төрлөөр төрөлжүүлсэн байна.
6.1.3 Худалдааны төв /зах/ нь дотоодын хяналт тавих журамтай, итгэмжлэгдсэн лабораторитой, түүнийг хэрэгжүүлж, хяналт тавих мэргэжлийн ажилтантай байна. / Эрүүл ахуйн тухай хуулийн 13.1.9,13.1.10 –д зааснаар 50-иас дээш ажилтантай бол орон тоогоор, доош ажилтантай бол гэрээгээр эрүүл ахуйч ажиллуулах/
6.1.4 Хүнс, өргөн хэрэглээний бараа, мал, амьтны гаралтай түүхий эдийн төрөлжсөн худалдааны төвүүд нь /зах/ харъяа дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулна.
6.1.5 Хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлогч, борлуулагч нь аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж худалдаална.
6.1.6 Худалдаа, үйлчилгээний байгууллагууд нь кассын машин болон холбогдох тоног төхөөрөмжийг байрлуулах, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад савлаж, боодолтой өгөх ба үйлчилгээний талон, Е баримтыг дагалдуулна.
6.1.7 Хэрэглэгчдэд зориулан хяналтын баталгаат жин хэмжүүр ажиллуулах, худалдан авсан бараа бүтээгдэхүүний жинг нягтлан үзэх боломжтой тухай зөвлөмжийг харагдахуйц байрлалд бичиж тавьсан байна.
6.1.8 Тухайн нутаг дэвсгэрт улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ /жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо, зайрмаг, квас, ус ундаа, зориулалтын төхөөрөмж бүхий түргэн хоолны цэг гэх мэт/ -г орчны болон үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд, эрхлэх ажлын байрны тоо, байршлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл” тогтооно. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь зохих журмын дагуу тогтоосон тарифыг үндэслэн төлбөр төлж, гэрээ байгуулж ажиллана.
6.1.9 Сүүдрэвчтэй худалдаа эрхлэх байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний гарц, авто зогсоолоос 50 метр зайнд зориулалтаар тохижуулсан орчны болон үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангасан, бараа бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан төхөөрөмж бүхий, шинжилгээний бичигтэй хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдаа эрхлэгч иргэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.
6.1.10 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад /ресторан, диско, караоке, биллъярд баар, кафе, бусад/ тамхигүй орчинг бүрдүүлж ажиллана.
6.1.11 Хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь хоолны орц, норм, технологи ажиллагааг чанд мөрдөн ажиллана. /Хоолны цэсэнд тухайн хоолыг үйлдвэрлэхэд орж буй бүтээгдэхүүний орц, жорын дугаар, гарц, хачир, сүүмсний тайлбарыг бичсэн байна/
6.1.12 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын өрөө тасалгаа нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогт тохирсон технологийн зөв зохион байгуулалттай байна.
6.1.13 Олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа дараах зөвлөмжүүдийг хоолны газрын ажиллагсдад зориулан харагдахуйц байрлалд бичиж тавьсан байна.
А. Гар угаах санамж
Б. Хүнсний бараа бүтээгдэхүүн хадгалах нөхцөл
В. Аюулгүй ажиллагааны санамж
6.1.14 Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийн ажлын зургийг Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагаар хянуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. Батлагдсан зураг төслийн дагуу угсралтын ажлыг гүйцэтгүүлж, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллана.
6.1.15 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад тоног төхөөрөмж, техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг хангасан тухай Галын аюулгүй байдлын дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаар гаргуулж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллана.
6.1.16 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь хэрэглэж буй цахилгаан тоног төхөөрөмжүүдэд газардуулга хийлгэж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах бөгөөд Цахилгаан байгууламжийн БД 43-101-03 дүрмийн дагуу барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулсан байна.
6.1.17 Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, мах махан бүтээгдэхүүн, хиамны үйлдвэр, шарах, хайрах үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэр /боов, боорцог, чипс, шарсан төмс г.м/ /“Бохир усан дахь өөх, тос баригч төхөөрөмж, техникийн ерөнхий шаардлага” MNS 5975:2009/ стандартын шаардлага хангасан өөх, тос баригчийг тавьсан байна.
6.1.18 Баяр наадмын үед ажиллаж буй хоолоор үйлчлэх газрууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан, цэвэрхэн, саруулхан, тохилог, зориулалтын сүүдрэвчтэй, эсвэл дотор нь суух хүрэлцэхүйц хэмжээний сандалтай байх шаардлагатай
6.1.19 Улирлын чанартай болон нийтийг хамарсан баяр ёслолын үеэр гарах худалдаа, үйлчилгээний цэг, тоо, байршлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл” тогтоох ба мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэнэ.
6.1.20 Хүнсний бүтээгдэхүүний болон бэлэн болсон хоол, хүнсний зүйлтэй харьцах, үйлчлэх ба борлуулах үедээ нэг удаагийн хэрэглээний бээлий эсвэл зориулалтын чимхүүр, сэрээ, халбага, шаардлагатай хавчаар, хутгуур зэрэг бусад багаж хэрэгслийг хэрэглэнэ.
6.1.21 Хоол үйлдвэрлэгч нь ажлын онцлогт тохирсон дүрэмт хувцас өмсөж, үсээ далдлан, энгэрийн тэмдэг зүүсэн байх ба хумсаа будаагүй, ээмэг, бөгж, бугуйн цаг, зүүлт хэрэглээгүй, гарын ариун цэврийг сахисан байна.
6.1.22 Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэглэж буй ундны ус нь чанар, аюулгүй байдлыг хангасан байхаас гадна түүнийг хадгалж, нөөцөлж буй сав нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, хүнсний хэрэглээнд нийцсэн байна.
6.1.23 Усны савыг угааж, халдваргүйтгэн хэрэглэх ба ундны усны савыг байнга тагтай байлгаж, усыг бохирдохоос хамгаалах шаардлагатай
6.1.24 Ууц өвчүү, мах чанах үйлчилгээг зориулалтын гал тогоо бүхий нийтийн хоолны газруудад явуулна.
6.1.25 Сүү, сүүн бүтээгдэхүүн, айрагны худалдаа эрхлэгчид нь бараа бүтээгдэхүүндээ гарал үүслийн гэрчилгээ авч хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, дүргээс зөвшөөрөгдсөн цэгүүдээр худалдаална.
6.1.26 Мал амьтны гаралтай түүхий эдийг зориулалтын төрөлжсөн зах, биржид худалдаална.
6.1.27 Түлш, мод, нүүрс, барилгын материал, элс, хайрга, цемент, шохой, чулууны худалдааг хотын төвөөс гадна зориулалтаар тохижуулсан байршилд дүүргийн Засаг даргын дэргэдэх “Зөвлөл”-ийн шийдвэрээр эрхэлнэ.
6.1.28 Худалдаа, үйлчилгээний газрууд нь архи, шар айраг, ундаа, рашаан, даршилсан ногоо, жимсний чанамал зэрэг шилэн савалгаатай бүтээгдэхүүний шилийг цуглуулан үйлдвэрүүдэд дамжуулан эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулж ажиллана.
6.1.29 Хүнсний бус бараа бүтээгдэхүүн худалдаалах зориулалттай худалдаа, үйлчилгээний газруудад холбогдох дүрэм, журмын шаардлагад нийцсэн байршилд шатдаг хий импортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээс шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж худалдаалах төрөлжсөн тасгийг ажиллуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна. Шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг худалдан авагчдад уг бараа бүтээгдэхүүний ашиглалт, аюулгүй ажиллагааны талаарх санамж, зааварчилгааг дагалдуулж өгнө.
6.1.30 Шингэрүүлсэн шатдаг хийтэй баллоныг хүлээж авахдаа хэрэглэгчийн дэвтэрт түүний дугаар, ашиглалтын хугацаа, баталгаат жин, олгосон огноог тогтмол тэмдэглэнэ.
6.2 Ахуйн үйлчилгээ
6.2.1. Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь үзүүлж байгаа ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, баталгаат хугацаа, үнэ, төлбөр төлөх журам, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /цаашид “гэрээ” гэнэ/-ний загвар эцсийн бүтээгдэхүүний загвар, загварын зураг бүхий альбом, сэтгүүл, ажил, үйлчилгээнд үзүүлэх хөнгөлөлтийн жагсаалт, хөнгөлөлт үзүүлэх үйлчлүүлэгчийн төрөл, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын орон нутгийн салбарын хаяг, утас, үйл ажиллагааны аль нэг төрөлд тусгай зөвшөөрөл олгогдсон бол түүний дугаар, хүчинтэй байх хугацаа, олгосон байгууллага зэргийг үйлчлүүлэгчдэд ил тод мэдээллэнэ.
6.2.2. Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоох тохиолдолд үйлчилгээгээ зогсоох, үргэлжлэх, эхлэх хугацааг үйлчлүүлэгчдэд тодорхой мэдээллэнэ
6.2.3 Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь тогтсон байршлаасаа шилжиж өөр байршилд /түр байршил, явуулын үйлчилгээ, хөдөлгөөнт хүлээн авах цэг гэх мэт/ ажил, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд байгууллагынхаа болон үзүүлж байгаа ажил үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээллийг ойлгомжтой, олж авч болохуйц хэлбэрээр, тухай бүрд нь үйлчлүүлэгчдэд хүргэнэ.
6.2.4 Ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь захиалгын хуудас буюу тасалбар хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд түүнд байгууллагын нэр, байршил, улсын бүртгэлийн регистрийн дугаар, үйлчилгээний төрөл, үнэ, ашиглах эд, материал нь гүйцэтгэгчийнх эсвэл үйлчлүүлэгчийнх аль нь болох, төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлсөн эсэх, захиалгыг хүлээн авсан, олгох болон баталгаат хугацаа, захиалга хүлээн авсан хүний албан тушаал, нэр, гарын үсэг, захиалга өгсөн хүний гарын үсэг зэргийг тодорхой тэмдэглэнэ
6.2.5 Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй нэмэлт ажил, үйлчилгээ хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй.
6.2.6 Ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа эд, материалын онцлог чанарыг мэдэхгүйгээс учруулсан хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна
6.2.7 Ажил, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн хувийн материал, эд зүйлсийг хэрэглэх тохиолдолд түүний хадгалалт, ашиглалтыг гүйцэтгэгч бүрэн хариуцна. Ажил, үйлчилгээ бүрэн дууссаны дараа үйлчлүүлэгчид материалын зарцуулалтын талаар тайлагнаж үлдэгдэл материалыг өгөх буюу эсвэл үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр ашиглаагүй үлдсэн материалын үнийг нийт төлбөрөөс хасаж хямдруулж тооцно.
6.2.8 Үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд, захиалгат ажил, үйлчилгээний явц, үр дүнг гүйцэтгэгчийн оролцоотойгоор үзэх үүрэгтэй бөгөөд эцсийн үр дүнд муугаар нөлөөлөх буюу гэрээг зөрчсөн үйлдэл илэрсэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэж, уг зөрчлийн талаар акт эсвэл захиалгын бусад баримт бичигт тэмдэглэнэ.
6.2.9 Үйлчлүүлэгч ажил, үйлчилгээг хүлээн авсны дараа, захиалгат ажил, үйлчилгээг хүлээн авах үед ердийн аргаар илрүүлэх боломжгүй, гэрээг зөрчсөн, гүйцэтгэгч санаатайгаар нуун далдалсан зөрчлийг мэдсэн тохиолдолд энэ тухай нэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
6.2.10 Захиалга гутал нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр, гэрээнд тэмдэглэсний дагуу өсгийн загвар, тоноглол, өнгөний хоршил, материал зэргийг өөрчилж болно. Захиалгыг гүйцэтгэгчийн материалаар хийх тохиолдолд зөвхөн гүйцэтгэгчид бэлэн байгаа материалын загвараас сонголт хийнэ.
6.2.11 Зөөлөн оёдлын болон үслэг, арьсан, нэхмэл, сүлжмэл эдлэл, малгай захиалга, засвар нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Амьтны гаралтай үслэг материалаар бүтээгдэхүүн хийх, засварлах тохиолдолд арьс болон хагас бэлэн бүтээгдэхүүнийг хоёр тал хамт үзэж шалган тэмдэглэнэ.
6.2.12 Хими цэвэрлэгээнд бүтээгдэхүүн хүлээн авахдаа гэрээнд бүтээгдэхүүний нэр, өнгө, материалын бүтэц, иж бүрдэл, тоноглол, хими цэвэрлэгээний үед арилах боломжгүй бохирдол, толбо, үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр нэмж үзүүлэх төлбөрт үйлчилгээ зэргийг тодорхой тэмдэглэнэ.
6.2.13 Гүйцэтгэгч нь бүтээгдэхүүний худалдааны туузан дээрхи арчилгааны тэмдэглэгээнүүдтэй нийцүүлэн, хэрэв ийм тууз байхгүй бол үйлчлүүлэгчтэй тохиролцон ажилбарын төрлийг тодорхойлох ба цэвэрлэгээний явцад эвдэрч болзошгүй тоноглолыг ханзлан авч, салдаг эд ангиудыг бүтээгдэхүүнд бөхөлж оёно.
6.2.14 Үйлчлүүлэгч нь хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлсэн бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа, хэлбэр, оруулга, бүрэн бүтэн байдал, хэмжээ, өнгө, зураг зэрэг нь цэвэрлэгээнд өгөхийн өмнөх байдлаа хадгалж байгаа эсэхийг нарийн шалгаж авна.
6.2.15 Гүйцэтгэгч нь засварласан ахуйн электрон. цахилгаан хэрэгслийг үйлчлүүлэгчид буцааж олгохдоо бүрэн ажиллагаатай эсэхийг нь шалгаж, ажиллуулж үзүүлнэ. Засварлуулсан хэрэгслийн залгах, салгах үйлдэл нь гацахгүй, хөнгөн хялбар хийгдэх ба цахилгаанаар ажилладаг хэрэгслийн цахилгаан тусгаарлагчийн эсэргүүцлийн зайлшгүй байх хэмжээг заавал шалгана.
6.2.16 Гэр ахуйн модон эдлэлийг засварлах, захиалгаар хийлгэх үед үйлчлүүлэгч өөрийн хийсэн зураглалыг санал болгох эсвэл гүйцэтгэгчийн загварыг ашиглах эрхтэй ба хүлээн авахдаа үйлчлүүлэгч нь бүтээгдэхүүний бүтээц, хэмжээ, гадаад байдал, өнгөлгөө, засал чимэглэл нь гэрээний үед зөвшилцсөн зураглалтай тохирч байгаа эсэхийг шалгана.
6.2.17 Үнэт чулуу, металлаар гоёлын эд зүйл хийх засварлах гэрээнд ажлын тайлбар, үнэт чулууны хэлбэр, хэмжээ, хүндийн жин, өнгө, гэмтлийг бичиж, үйлчлүүлэгчийн гарын үсэг бүхий эскизийг хавсаргана.
6.2.18 Гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн хувийн үнэт металлаар гоёлын эд зүйл хийх, засварлах ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд сорьцийг нь эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж эцсийн бүтээгдэхүүн дээр тавьсан байна. Мөн үнэт металлаар бүтээгдэхүүн хийх үед гүйцэтгэгч нь өөрийн тэмдэг, дардсыг бүтээгдэхүүн дээр тавина.
6.2.19 Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг дутуу хийсэн тохиолдолд ямар нэгэн төлбөргүйгээр дутуу ажлыг гүйцээж хийх, хийгээгүй ажлын хэмжээгээр үнийг бууруулах, ажил, үйлчилгээг ижил чанартай, ижил төрлийн материалаар төлбөргүйгээр нөхөж хийх /энэ тохиолдолд үйлчлүүлэгч эхний бүтээгдэхүүнийг гүйцэтгэгчид эргүүлж өгөх үүрэгтэй / шаардлагыг үйлчлүүлэгч тавих эрхтэй.
6.3 Техникийн үйлчилгээ, засвар, ашиглалтын материалаар хангах, тээврийн хэрэгслийн хадгалалт
6.3.1 Техникийн үйлчилгээ, засвар, ашиглалтын материалаар хангах, тээврийн хэрэгслийн хадгалалтын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээрээ дагаж мөрдөх дүрэм, журам, төр захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж, хотын байгаль орчин, тохижилт, соёлжилтод онцгой анхаарч, ажиллана.

6.3.2.Ажлын байрандаа холбогдох эрх бүхий байгууллагуудаар дүгнэлт, шинжилгээ /Онцгой байдлын газрын галын аюулгүй байдлын дүгнэлт, автомашин угаалгын газар нь Ус Сувгийн удирдах газраас шинжилгээ/ хийлгэн баталгаажуулан Нийслэлийн Тээврийн газраар ангилалаа тогтоолгон тухайн дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулан ажиллана.

6.3.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ хийлгэсэн байна
6.3.4 Авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжийн агааржуулалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааг бүрэн хангагдсан байхаас гадна мэргэжлийн байгууллагаар шалгуулж, баталгаажуулсан байна.
6.3.5 Авто машины угаалгын газар нь үйлчилгээнээс гарч байгаа бохир усыг тунгааж, цэвэрлэж зайлуулах /нефьтийн бүтээгдэхүүн болон бусад хорт бодисоор бохирдсон усыг татуургын системд оруулахдаа зориулалтын шүүлтүүр бүхий төхөөрөмжөөр цэвэрлэнэ/ тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.Авто машиныг угаах ажил үйлчилгээнээс гарч байгаа бохир усыг тунгааж, цэвэрлэж зайлуулах /нефьтийн бүтээгдэхүүн болон бусад хорт бодисоор бохирдсон усыг татуургын системд оруулахдаа зориулалтын шүүлтүүр бүхий төхөөрөмжөөр цэвэрлэнэ/ тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
6.3.6 Авто засвар, угаалга, тос тосолгооны материал борлуулах цэгүүд нь оноосон нэртэй байх бөгөөд тэдгээр нь давхардахгүй байна.
6.3.7 Авто үйчилгээний газар нь технологийн карт болон ажил үйлчилгээнд үндэслэлтэй тогтоосон үнийн тарифыг ил тод нийтэд харагдахуйц газарт байрлуулсан байна
6.3.8 Авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь /автомашин угаалгаас бусад/ үйлчлүүлэгчид үзүүлсэн ажил үйлчилгээндээ тохирсон хугацаанд Баталгаат хугацааны хуудас болон анхааруулах санамж бичгийг заавал олгодог байна.
6.3.9 Авто зогсоол /техникийн хадгалалт/-ын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл БНбд 21-04-05 норм дүрмийн дагуу барилга байгууламжид галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар сууриллуулж, удирдлагын самбарыг байнгын харуул хамгаалалтын ажилтан, жижүүр байрладаг өрөөнд төлөвлөсөн байна.
6.3.10 Авто зогсоолд /техникийн хадгалалтын үйлчилгээ/ тээврийн хэрэгслийг байрлуулахдаа заавал бүртгэл хөтөлж ажил хүлээлцэнэ.
6.3.11 Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбд 21-01 -02 норм дүрмийн 6.22 дахь заалтын дагуу үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийн үйлчилгээний заал болон авралтын гарцан дээр ослын гэрлийг сууриллуулна.
6.3.12 Галын техник. Зөөврийн гал унтраагуур. Туршилтын аргачлал MNS 6413:2013 стандартын дагуу шаардлага хангасан гал унтраагуурыг байрлуулж, галын аюулгүй байдлыг хангуулна.
6.3.13 Автозогсоол. Ангилал ба ерөнхий шаардлага MNS 5342:2007 стандартын дагуу авто тээврийн хэрэгслийг зогсоолд байрлуулахдаа автомашин хоорондын болон автомашинаас барилга байгууламжийн хана, багана хүртэлх зай хэмжээг баримтлах, барилгын хийц, бүтээц, материал зэрэг нь барилга байгууламжид тавигдах барилга угсралтын ажил, галын аюулгүй ажиллагааны талаарх норм, дүрэм, стандартын шаардлагыг хангасан байна.
Долоо. Хориглох заалт
7.1 Хадгалах хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсаны улмаас чанарын шаардлага хангахгүй болсон бараа бүтээгдэхүүн худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
7.2 Нийслэл дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлээгүй тохиолдолд ажил үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
7.3 Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, түүнчлэн хуурамч болон шошгод тавих шаардлага хангаагүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татаж аваагүй, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно.
7.4 Худалдаа, үйлчилгээний газруудад зориулалтын бус лангуугаар төрөл бүрийн салат, хадгалалтын хугацаа богино, түргэн гэмтэж муудах хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно./хуушуур, пирошки, торт, гэх мэт бусад/
7.5 Дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдаа /жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдаа, бусад/ эрхлэхийг хориглоно.
7.6 Худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдахыг хориглоно.
7.7 Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно.
7.8 Худалдааны газарт тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглоно.
7.9 Нийтийн хоолны бүх төрлийн үйлчилгээний газруудад тамхи худалдахыг хориглоно.
7.10 Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, хийн газ худалдахыг хориглоно. Шаардлагатай тохиолдолд худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардана.
7.11 Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн сан /хүнсний дэлгүүрээс дээш ангилалд хамаарахгүй/, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар, түлхүүр олшруулах чиглэлээр талбай түрээслэх, зуух ханан пийшин байрлуулан галлахыг хориглоно.
7.12 Түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглоно.
7.13 Стандарт эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, цэвэр бохир усны төвлөрсөн болон хэсгийн холболтонд холбогдоогүй, ханан пийшингээр халаадаг байранд хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл явуулахыг хориглоно. /ТҮЦ, павильон, бусад зориулалтын бус газрууд/
7.14 Нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт зориулалтын бус байр, байгууламжинд диско, караоке, билльярд, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно.
7.15 Үйлчилгээний стандартгүй ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
7.16 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус ажлын байранд /Сүүдрэвч, ТҮЦ, Павильон/ айраг худалдаалах, ууц, өвчүү, мах чанах, шорлог хийх, загас шарах, хуушуур хайрах зэрэг нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг хориглоно.
7.17 Сүү, сүүн бүтээгдэхүүн, айраг болон түүхий мах, махан бүтээгдэхүүн, самар, жимс жимсгэнэ, болон бусад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалахыг хориглоно.
7.18 Нийтийн зориулалттай орон сууцанд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын норм зөрчсөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
Үүнд:
- химийн хорт бодистой харьцах
- хурц үнэртэй, тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах
- арьс шир, түүхий эд хүлээн авах, хадгалах, худалдах
- комиссын худалдаа, хими, цэвэрлэгээ, саун, халуун ус, угаалгын газар, алт мөнгөний дархны үйлчилгээ
- хуушуур, пирошки, боорцог хайрах үйлчилгээ
7.19 Барилгын суурийн давхарт шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж суурилуулах, тэдгээрийг ашиглах, хадгалах, худалдаалахыг хориглоно.
7.20 Жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмжийг хүнсний бараа бүтээгдэхүүнтэй хамт хадгалах, худалдаалахыг хориглоно.
7.21 Хийгээр хангагч аж ахуйн нэгжүүд хэрэглэгч нартай гэрээ хийсэн байх ба ашиглалтын шаардлага хангахгүй хийн баллон, тоног төхөөрөмжөөр хангахыг хориглоно.
7.22 Гадна орчны тохижилт гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, авто машины зогсоол, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй газруудад Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргахыг хориглоно.
7.23 Хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй Хоёрдогч түүхий эд хүлээн авах үйлчилгээг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний гарц болон гэр хорооллын айлуудын дунд, мөн төмөр граж, контейнер, ТҮЦ, орон сууцны хонгил, подвалд явуулахыг хориглоно.
7.24 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай автомашиныг угаах, засварлах, хийн болон цахилгаан гагнуур хийх, шатах тослох материалын худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
7.25 Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно;
7.26 Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглоно;
7.27 Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглоно;
7.28 Нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт жижиг мал амьтны эмнэлэг, дэлгүүр ажиллуулахыг хориглоно.
7.29 Авто машин угаалгын үйлчилгээг ил задгай явуулахыг хориглох бөгөөд авто машин угаалгад саарал ус хэрэглэхийг журамлах
7.30 Авто засвар үйлчилгээний газарт ажилласан масло, дугуй гэх мэт хог хаягдал шатаахыг хориглоно
Найм. Хяналт
8.1 Худалдаа, үйлчилгээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Зөвлөл” хяналт тавина.
8.2 Худалдаа, үйлчилгээний талаарх мэдээлэл, гомдол саналыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны салбар хариуцсан мэргэжилтнүүд, дүүрэг, хорооны Засаг дарга нар эрх мэдлийнхээ хүрээнд шат шатандаа хүлээн авч тухай бүр шийдвэрлэж байна.
Ес. Хариуцлага
9.1 Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.2 Үйл ажиллагаандаа үйлчилгээний соёл, зан харьцааны доголдол гаргаж хэрэглэгчийг хохироосон нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, сэрэмжлүүлэх арга хэмжээг авна.
9.3 Холбогдох хууль тогтоомж, стандарт, энэхүү журмын заалтуудыг давтан зөрчсөн, иргэдийн эрх ашгийг ноцтой хохироосон нь тогтоогдсон нөхцөлд Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох эрх бүхий байгууллагаас зөрчил гаргасан аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох талаарх саналыг үндэслэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зах зээлд зарлах, бүрэн зогсоох арга хэмжээ авна.
9.4 Үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоосон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн талаар хэвлэл мэдээллээр сурталчлан сэрэмжлүүлнэ.

6.2 Ахуйн үйлчилгээ
6.2.1. Ахуйн үйлчилгээ эрхлэгч нь үзүүлж байгаа ажил, үйлчилгээний жагсаалт, тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, баталгаат хугацаа, үнэ, төлбөр төлөх журам, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /цаашид “гэрээ” гэнэ/-ний загвар эцсийн бүтээгдэхүүний загвар, загварын зураг бүхий альбом, сэтгүүл, ажил, үйлчилгээнд үзүүлэх хөнгөлөлтийн жагсаалт, хөнгөлөлт үзүүлэх үйлчлүүлэгчийн төрөл, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын орон нутгийн салбарын хаяг, утас, үйл ажиллагааны аль нэг төрөлд тусгай зөвшөөрөл олгогдсон бол түүний дугаар, хүчинтэй байх хугацаа, олгосон байгууллага зэргийг үйлчлүүлэгчдэд ил тод мэдээллэнэ. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 4.1.2; 5.6-ын тус тус тодруулга. /
7.2.2. Гүйцэтгэгч нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоох тохиолдолд үйлчилгээгээ зогсоох, үргэлжлэх, эхлэх хугацааг үйлчлүүлэгчдэд тодорхой мэдээллэнэ. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 4.1.2-ын тодруулга. /
7.2.3 Гүйцэтгэгч нь тогтсон байршлаасаа шилжиж өөр байршилд /түр байршил, явуулын үйлчилгээ, хөдөлгөөнт хүлээн авах цэг гэх мэт/ ажил, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд байгууллагынхаа болон үзүүлж байгаа ажил үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээллийг ойлгомжтой, олж авч болохуйц хэлбэрээр, тухай бүрд нь үйлчлүүлэгчдэд хүргэнэ. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 4.1.2-ын тодруулга. /
7.2.4 Ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь захиалгын хуудас буюу тасалбар хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд түүнд байгууллагын нэр, байршил, улсын бүртгэлийн регистрийн дугаар, үйлчилгээний төрөл, үнэ, ашиглах эд, материал нь гүйцэтгэгчийнх эсвэл үйлчлүүлэгчийнх аль нь болох, төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлсөн эсэх, захиалгыг хүлээн авсан, олгох болон баталгаат хугацаа, захиалга хүлээн авсан хүний албан тушаал, нэр, гарын үсэг, захиалга өгсөн хүний гарын үсэг зэргийг тодорхой тэмдэглэнэ. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 11.1-ийн тодруулга. /
7.2.5 Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр төлбөртэй нэмэлт ажил, үйлчилгээ хийсэн тохиолдолд үйлчлүүлэгч нэмэлт төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй. /МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 12.9-ийн тодруулга. /
7.2.6 Ажил, үйлчилгээнд хэрэглэж байгаа эд, материалын онцлог чанарыг мэдэхгүйгээс учруулсан хохирлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 12.3-ын тодруулга. /
7.2.7 Ажил, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн хувийн материал, эд зүйлсийг хэрэглэх тохиолдолд түүний хадгалалт, ашиглалтыг гүйцэтгэгч бүрэн хариуцна. Ажил, үйлчилгээ бүрэн дууссаны дараа үйлчлүүлэгчид материалын зарцуулалтын талаар тайлагнаж үлдэгдэл материалыг өгөх буюу эсвэл үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр ашиглаагүй үлдсэн материалын үнийг нийт төлбөрөөс хасаж хямдруулж тооцно. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 6.4.2-ын тодруулга. /
7.2.8 Үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд, захиалгат ажил, үйлчилгээний явц, үр дүнг гүйцэтгэгчийн оролцоотойгоор үзэх үүрэгтэй бөгөөд эцсийн үр дүнд муугаар нөлөөлөх буюу гэрээг зөрчсөн үйлдэл илэрсэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэж, уг зөрчлийн талаар акт эсвэл захиалгын бусад баримт бичигт тэмдэглэнэ. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 6.2-ын тодруулга. /
7.2.9 Үйлчлүүлэгч ажил, үйлчилгээг хүлээн авсны дараа, захиалгат ажил, үйлчилгээг хүлээн авах үед ердийн аргаар илрүүлэх боломжгүй, гэрээг зөрчсөн, гүйцэтгэгч санаатайгаар нуун далдалсан зөрчлийг мэдсэн тохиолдолд энэ тухай нэн даруй гүйцэтгэгчид мэдэгдэнэ. / МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 5.2-ын тодруулга. /
МУ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 5.1; 6.4.2; 12.8; 12.9 болон 13 дугаар зүйлийг салбарын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхийн тулд дараах заалтуудыг журамд тусгаж байна.
7.2.10 Захиалга гутал нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр, гэрээнд тэмдэглэсний дагуу өсгийн загвар, тоноглол, өнгөний хоршил, материал зэргийг өөрчилж болно. Захиалгыг гүйцэтгэгчийн материалаар хийх тохиолдолд зөвхөн гүйцэтгэгчид бэлэн байгаа материалын загвараас сонголт хийнэ.
7.2.11 Зөөлөн оёдлын болон үслэг, арьсан, нэхмэл, сүлжмэл эдлэл, малгай захиалга, засвар нь үйлчлүүлэгчийн зураглал эсвэл загварын зураг бүхий цомог, сэтгүүл болон бэлэн загварын дагуу хийгдэнэ. Амьтны гаралтай үслэг материалаар бүтээгдэхүүн хийх, засварлах тохиолдолд арьс болон хагас бэлэн бүтээгдэхүүнийг хоёр тал хамт үзэж шалган тэмдэглэнэ.
7.2.12 Хими цэвэрлэгээнд бүтээгдэхүүн хүлээн авахдаа гэрээнд бүтээгдэхүүний нэр, өнгө, материалын бүтэц, иж бүрдэл, тоноглол, хими цэвэрлэгээний үед арилах боломжгүй бохирдол, толбо, үйлчлүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр нэмж үзүүлэх төлбөрт үйлчилгээ зэргийг тодорхой тэмдэглэнэ.
7.2.13 Гүйцэтгэгч нь бүтээгдэхүүний худалдааны туузан дээрхи арчилгааны тэмдэглэгээнүүдтэй нийцүүлэн, хэрэв ийм тууз байхгүй бол үйлчлүүлэгчтэй тохиролцон ажилбарын төрлийг тодорхойлох ба цэвэрлэгээний явцад эвдэрч болзошгүй тоноглолыг ханзлан авч, салдаг эд ангиудыг бүтээгдэхүүнд бөхөлж оёно.
7.2.14 Үйлчлүүлэгч нь хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлсэн бүтээгдэхүүнээ хүлээн авахдаа, хэлбэр, оруулга, бүрэн бүтэн байдал, хэмжээ, өнгө, зураг зэрэг нь цэвэрлэгээнд өгөхийн өмнөх байдлаа хадгалж байгаа эсэхийг нарийн шалгаж авна.
7.2.15 Гүйцэтгэгч нь засварласан ахуйн электрон. цахилгаан хэрэгслийг үйлчлүүлэгчид буцааж олгохдоо бүрэн ажиллагаатай эсэхийг нь шалгаж, ажиллуулж үзүүлнэ. Засварлуулсан хэрэгслийн залгах, салгах үйлдэл нь гацахгүй, хөнгөн хялбар хийгдэх ба цахилгаанаар ажилладаг хэрэгслийн цахилгаан тусгаарлагчийн эсэргүүцлийн зайлшгүй байх хэмжээг заавал шалгана.
7.2.16 Гэр ахуйн модон эдлэлийг засварлах, захиалгаар хийлгэх үед үйлчлүүлэгч өөрийн хийсэн зураглалыг санал болгох эсвэл гүйцэтгэгчийн загварыг ашиглах эрхтэй ба хүлээн авахдаа үйлчлүүлэгч нь бүтээгдэхүүний бүтээц, хэмжээ, гадаад байдал, өнгөлгөө, засал чимэглэл нь гэрээний үед зөвшилцсөн зураглалтай тохирч байгаа эсэхийг шалгана.
7.2.17 Үнэт чулуу, металлаар гоёлын эд зүйл хийх засварлах гэрээнд ажлын тайлбар, үнэт чулууны хэлбэр, хэмжээ, хүндийн жин, өнгө, гэмтлийг бичиж, үйлчлүүлэгчийн гарын үсэг бүхий эскизийг хавсаргана.
7.2.18 Гүйцэтгэгч нь үйлчлүүлэгчийн хувийн үнэт металлаар гоёлын эд зүйл хийх, засварлах ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд сорьцийг нь эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж эцсийн бүтээгдэхүүн дээр тавьсан байна. Мөн үнэт металлаар бүтээгдэхүүн хийх үед гүйцэтгэгч нь өөрийн тэмдэг, дардсыг бүтээгдэхүүн дээр тавина.
7.2.19 Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг дутуу хийсэн тохиолдолд ямар нэгэн төлбөргүйгээр дутуу ажлыг гүйцээж хийх, хийгээгүй ажлын хэмжээгээр үнийг бууруулах, ажил, үйлчилгээг ижил чанартай, ижил төрлийн материалаар төлбөргүйгээр нөхөж хийх /энэ
тохиолдолд үйлчлүүлэгч эхний бүтээгдэхүүнийг гүйцэтгэгчид эргүүлж өгөх үүрэгтэй / шаардлагыг үйлчлүүлэгч тавих эрхтэй.


Ta журмын төслийг дэмжиж байна уу?
Submit
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms