НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛ
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл (цаашид “тусгай зөвшөөрөл” гэх)-ийг шинээр олгох, сунгах, нэр шилжүүлэх, эрх сэргээх, хаяг шилжүүлэх, захирлын нэр солих, түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэ журмын хүрээнд явагдана.  
1.3. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад энэ журам нэгэн адил үйлчилнэ.
1.4. Тусгай зөвшөөрлийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга олгох бөгөөд Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлснээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.
1.5. Тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар сунгана.
1.6. Тусгай зөвшөөрлийг олгоход эрх бүхий байгууллагаас баталсан нормативыг баримтална.
1.7. Тусгай зөвшөөрлийг хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдэд дараах ангиллаар олгоно:
1.7.1. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:
1.7.1.1. ресторан;
1.7.1.2 баар (паб лоунж);
1.7.1.3. баар  (караоке);
1.7.1.4. баар (диско клуб);
1.7.1.5. баар (бильярд);
1.7.1.6. баар  (спорт);
1.7.1.7. баар  (тайчих клуб);
1.7.1.8. кафе.
1.7.2. Худалдааны чиглэлээр:
1.7.2.1. хүнсний дэлгүүр;
1.7.2.2. ая тухтай дэлгүүр;
1.7.2.3. минимаркет;
1.7.2.4. супермаркет;
1.7.2.5. хайпермаркет;
1.7.2.6. агуулах дэлгүүр;
1.7.2.7. бөөний төв.

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
2.1. Худалдаа, үйлчилгээ явуулах байр нь анх батлагдсан зураг төслөөр үйлчилгээний зориулалттай, холбогдох хууль тогтоомжоор хориглоогүй байршилд байх;
2.2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын стандартын шаардлагыг хангасан  байх;
2.3. Эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартад заасны дагуу эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, иргэн, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй, гэр хороолол, зуслан, ногоон бүсэд байрлалтай бол  сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байх;
2.4. Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа бол  халаалтын асуудлыг цахилгаан болон агаарын бохирдол үүсгэхгүй шийдлээр  шийдсэн байх;
2.5. Эзэмшил газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж, бий болгосон байх;
2.6. Хаяг, рекламыг холбогдох журам, тавигдах шаардлагын дагуу хийж, байршуулсан байх;
2.7. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалтын хогийн савтай байх;
2.8. Дохиолол, теле хяналтын камерын системд холбогдсон байх;
2.9. Гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажиллах гэрээ байгуулсан,  эсхүл энгийн харуул хамгаалалттай байх;
2.10. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, стандартын шаардлага хангасан кассын машин, и-баримт хэвлэх төхөөрөмж, пос терминалтай байх;
2.11. Барилга байгууламжийн орох хэсэг, дотоод орчинд тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан тохижилтыг стандартын дагуу хийсэн, шаардлагатай хэрэглэгдэхүүн, тэмдэг, тэмдэглэгээг бий болгосон байх.

Гурав. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах
3.1. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь заалт болон  2 дугаар  зүйлд заасан тавигдах шаардлагыг хангаж, нийслэлийн нэгдсэн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээний нэгдсэн ulaanbaatar.mn портал системийн “Онлайн бизнес төв” платформын “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д бүртгэгдсэн хуулийн этгээд уг системийн “Тусгай зөвшөөрлийн хүсэлт” цэсэнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар илгээнэ.
3.2. Тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргана.
3.3. Хуулийн этгээд хүсэлтийн төрлөөс хамаарч дараах баримт бичгийг системд оруулна:
3.3.1. тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
3.3.2. тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх бол тусгай зөвшөөрөл эзэмшигч  хуулийн этгээдийн албан хүсэлт,  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
3.3.3. тусгай зөвшөөрлийг сэргээх бол зөрчлийг арилгасан талаарх холбогдох байгууллагын мэдээлэл;  
3.3.4. тусгай зөвшөөрлийн хаяг шилжүүлэх бол шилжин очих байрны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
3.3.5. захирлын нэр солих бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох  өөрчлөлт хийлгэсэн тэмдэглэл бүхий хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ;
3.3.6. дохиолол, теле хяналтын камерын системд холбогдсон тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
3.3.7. гадна, дотоод орчны тохижилтын зураг.
3.4. Цахимаар илгээсэн хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж хүлээн авч судлан, шаардлагатай тохиолдолд ажлын байрыг газар дээр нь очиж шалган, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт  танилцуулна.
3.5. Улаанбаатар хотын Ерөнхий менежер хүсэлтийг хянан баталгаажуулсны дараа худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж тэмдэгтийн хураамж төлөх нэхэмжлэхийг системээр тухайн аж ахуйн нэгж, байгууллага руу илгээнэ.
3.6. Тэмдэгтийн хураамжийн төлбөр төлөгдсөний дараа аж ахуйн нэгж, байгууллага QR  код бүхий “Тусгай зөвшөөрөл”-ийг хэвлэн авна.  
3.7. Кафены ангиллаар үйл ажиллагаа эрхлэгчдэд зөвхөн спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоно.
3.8. Хүнсний зах, худалдааны төвийн 1000 кв.м талбай тутамд зориулалтын агуулах бүхий, 51 кв.м-ээс дээш талбайтай, тусгайлан тохижуулсан 1 цэгт  тусгай зөвшөөрөл олгоно.
3.9. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудад стандартад заагдсан ангилал тус бүрээр тусгай зөвшөөрөл олгоно.
3.10. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд дулааны улиралд өөрийн эзэмшлийн гаднах талбайд сүүдрэвчтэй үйлчилгээ эрхэлж болох бөгөөд иргэдийн ая тух, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
3.11. Тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 5 өдрийн дотор мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны (www.ubservice.ub.gov.mn) цахим хуудасны “Ил тод байдал цэс”-ний “Тусгай зөвшөөрөлтэй ААНБ” цэсэнд байршуулна.

Дөрөв. Түр зөвшөөрөл олгох
4.1. Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх түр зөвшөөрөл олгож болно.
4.2. Энэ журмын 4.1-д заасан түр зөвшөөрлийг тухайн арга хэмжээг зохион байгуулагчтай гэрээ байгуулсан, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгоно.
4.3. Түр зөвшөөрлийн хугацааг тухайн үйл ажиллагаа явагдах хугацаагаар тогтоох бөгөөд уг хугацаа 30 хоногоос илүүгүй, тогтоосон цагийн  хязгаарт нийцсэн байна.

Тав. Тусгай зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах
5.1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1-д заасан хориглосн байршлаас гадна дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл шинээр олгохоос татгалзана:
5.1.1. энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй бол;
5.1.2. орон сууцны хотхоны үйлчилгээний хэсэг бүхий нэг байранд 1-ээс дээш цэгт;
5.1.3. гэр хорооллын нутаг дэвсгэрт хувийн сууцны зориулалттай, нам даралтын зуухан халаалттай, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй байранд;
5.1.4. улсын комисс хүлээж аваагүй, шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлыг мэргэжлийн байгууллагын зураг төсөл, дүгнэлтийн дагуу гүйцэтгээгүй, анх батлагдсан зураг төслөөр үйлчилгээний бус зориулалттай байранд;
5.1.5.  Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 (Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно) дэх хэсгийг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн хана цөмлөх, тагтыг эвдэх зэргээр гадагшаа хаалга, шат гаргасан, өргөтгөл хийсэн газарт;
5.1.6. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 (... зориулалтын бус байранд 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах) дахь заалтыг зөрчин, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол;
5.1.7. эрх бүхий байгууллагаас газар хөдлөлтөнд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, нурах аюултай нь тогтоогдсон барилга байгууламжинд;
5.1.8. хүнсний бус барааны худалдааны төвийн үйлчилгээний танхим, түрээсийн лангуунд;
5.1.9. түргэн үйлчилгээний цэг, мухлагт;
5.1.10. орон сууцны нэг болон зоорийн давхарт  баар, бөөний төвийн   ангиллаар;
5.1.11. гал тогоогүй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт.
5.2. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй:
5.2.1. тусгай зөвшөөрлийн  нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд;
5.2.2. үйл ажиллагааных нь талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 3 болон түүнээс дээш удаа үндэслэл бүхий гомдол гаргасан бол;
5.2.3. татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, и- баримт олгохгүй байгаа бол;
5.2.4. татварын байгууллагад татварын өртэй тохиолдолд.

5.3. Тусгай зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан бол “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д  хуулийн үндэслэлийг зааж тайлбар оруулна.

Зургаа. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
6.1. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлж,  энэ тухай мэдээллийг “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д оруулна:
6.1.1. тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш сунгуулах хүсэлтээ 6 сараас дээш хугацаанд гаргаагүй;
6.1.2. илэрсэн зөрчлийг арилгах, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэх талаар хяналт тавих эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;
6.1.3. хууль тогтоомж, стандартад заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй;
6.1.4. холбогдох хууль тогтоомж зөрчсөн зөрчилд ногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй;
6.1.5. согтууруулах ундаа тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах түүгээр үйлчлэх ажилд 18 насанд хүрээгүй хүн авч ажиллуулсан, 21 насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зөрчлийг 1 жилийн дотор давтан гаргасан;
6.1.6. төлбөрийн баримт олгоогүй гомдол 3-аас дээш удаа татварын албанд ирсэн;
6.1.7. тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш  1 сарын хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй;
6.1.8. үйл ажиллагааных нь талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 3-аас дээш удаа гаргасан гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдсон;
6.1.9. онцгой нөхцөл, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан гарсан шийдвэрийг зөрчсөн;
6.1.10. холбогдох хууль тогтоомжоор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон заалтыг зөрчсөн;
6.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
6.3. Тусгай зөвшөөрлийг гурван сараас илүүгүй хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэл арилмагц тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
6.4. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн  хугацааг  тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн түдгэлзүүлсэн хугацааг сунгуулах хүсэлт болон илэрсэн зөрчлийг арилгах боломжийг харгалзан гурван сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
6.5. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгасан хуулийн этгээд “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийн “Тусгай зөвшөөрөл цэс”-ний “Эрх сэргээх үйлчилгээг” сонгож хүсэлт, холбогдох баримт бичиг, тайлбарыг оруулж хүсэлтийг илгээнэ.
6.6. Цахимаар илгээсэн хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж хүлээн авч судлан, шаардлагатай тохиолдолд ажлын байрыг газар дээр нь очиж шалган, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт  танилцуулна.
6.7. Улаанбаатар хотын Ерөнхий менежер хүсэлтийг хянан баталгаажуулсны дараа худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж тэмдэгтийн хураамж төлөх нэхэмжлэхийг системээр тухайн хуулийн этгээд рүү илгээнэ.
6.8. Тэмдэгтийн хураамжийн төлбөр төлөгдсөний дараа хуулийн этгээд QR  код бүхий “Тусгай зөвшөөрөл”-ийг хэвлэн авна.  
6.9. Тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан бол салбар хариуцсан нэгжээс үндэслэлийг зааж системд тайлбар оруулна.

Долоо. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
7.1. Дараах тохиолдолд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож энэ тухай мэдээллийг “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д оруулна:
7.1.1. нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй,  суутгасан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй,
7.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
7.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;
7.1.4. тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл тэдгээр нь худал мэдээлэл агуулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
7.1.5. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг гурван сарын хугацаанд гурав, түүнээс дээш удаа зөрчсөн;
7.1.6. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй, эсхүл хоёр сарын хугацаанд хоёр, түүнээс дээш удаа тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх зөрчил гаргасан;
7.1.7. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн;
7.1.8. тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах  зэргээр бусдад шилжүүлсэн, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах байршлыг өөрчилсөн;
7.1.9. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй;
7.1.10. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс бусад тохиолдолд зургаан сараас дээш хугацаагаар тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулаагүй;
7.1.11. стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, хуурамчаар үйлдсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг ашигласан, захиалгаар хийлгэсэн, хуурамч онцгой албан татварын тэмдэг наасан согтууруулах ундаа худалдан борлуулсан, цахим төлбөрийн баримтгүй согтууруулах ундаа худалдан борлуулсан;
7.1.12. энэ журмын 8.1-д заасан  хориглосон үйл ажиллагаа явуулсан;
7.2. Энэ журмын 7.1.4, 7.1.5-7.1.9, 7.1.12-т заасныг зөрчсөн тохиолдолд  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, гурван жилийн хугацаанд дахин олгохгүй.
7.3. Энэ журмын 7.1.11-д заасныг зөрчсөн  хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож,  дахин олгохгүй.
7.4. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг ажлын 5 өдрийн  дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харъяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
Найм. Хуулийн этгээдийн эрх, үүрэг
8.1. Хуулийн этгээд дараах эрхтэй байна:
8.1.1. холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авах;
8.1.2. тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн хугацаа дууссан тохиолдолд энэ журмын 6 дугаар зүйлд заасны дагуу  сэргээлгэх;
8.1.3. согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих явцад хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд шаардлага тавих буюу энэ тухай дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах;
8.1.4. энэ журмын 1.7.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх түр зөвшөөрөл авах;
8.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд дараах нийтлэг үүргийг хүлээнэ:
           8.2.1. худалдаа, үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж, стандарт, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж ажиллах;
           8.2.2. тогтоосон цагийн хязгаарыг мөрдөж ажиллах;
           8.2.3. тусгай зөвшөөрөл авснаас хойш ажлын 10 хоногийн дотор нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх, суутгасан татварыг хуулийн хугацаанд нь төлөх, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, и-баримт олгодог байх;
           8.2.4. орчны 50 м хүртэлх талбайг зураглалаар тогтоосон хил хязгаарт тухайн гудамжны стандарт ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижуулах, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хариуцах;
           8.2.5. улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан, тохирлын гэрчилгээ авсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
           8.2.6. барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангаж, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг мөрдөх;
8.2.7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг байршуулсан мэдээллийн самбартай байх;
           8.2.8. согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулах.  
Ес. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл
9.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно:
9.1.1. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хүрээнд суутгасан татвараа нуун дарагдуулах;
9.1.2. тогтоосон цагийн хязгаарыг зөрчих;
9.1.3. хорин нэгэн нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
9.1.4. стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, эсхүл баталгаажилтгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
9.1.5. онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
           9.1.6. анх батлагдсан зураг төсөл нь үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж, тохижуулснаас бусад орон сууц, түүний өргөтгөл, орц, хонгил, суурийн давхарт 18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх (Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2011 оноос өмнөх тушаалаар нийтийн орон сууцны зориулалтыг өөрчилсөн байранд энэ заалт хамаарахгүй);
9.1.7. согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг үйлдвэрийн лонх, савлагаатай нь  худалдаж үйлчлэх.
9.1.8. согтууруулах ундааг зайнаас /холбоо, олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан/ болон өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан худалдах, түүгээр үйлчлэх;
9.1.9. согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэх;
9.1.10. согтууруулах ундааг гар дээрээс, эсхүл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, түдгэлзүүлсэн  үед  худалдах, түүгээр үйлчлэх;
9.1.11. тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах;
9.1.12. согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт эрхэлдэг хуулийн этгээдийн лого тэмдэг, согтууруулах ундааны сурталчилгаа (зураг) байршуулах, ил болон далд хэлбэрээр сурталчлах;
9.1.13. орон сууцны барилгын үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах;
9.1.14. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газрыг ашиглах, тусгаарлаж  хайс, хашаа барих.

Арав. Хяналт
10.1. Тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дагуул хотын Захирагч, дүүрэг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
10.2. Үйл ажиллагаа явуулах цагийн хязгаар зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаарх мэдээллийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгалт хийж, холбогдох  арга хэмжээ авна.
10.3. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбогдуулан 5 жил тутам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг аттестатчилал явуулна. Тохирлын гэрчилгээтэй худалдаа, үйлчилгээний газруудын тусгай зөвшөөрлийг аттестатчилалд хамруулахгүйгээр шууд сунгана.

Арван нэг. Бусад

11.1. Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Sign in to Google to save your progress. Learn more
Та дээрхи журмын төслийн саналыг дэмжиж байна уу? *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy