ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ,ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмаар нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас үүсэх хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, ангилсан болон бусад хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, төвлөрсөн хогийн цэгт үйл ажиллагаа явуулах, ландфилд булшлахад үүсэх харилцааг зохицуулана.
1.2. Энэхүү журам нь Хог хаягдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3 Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа нийт хүн, үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.
1.4 Энэ журмаар аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахгүй.
1.5 Журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан, гэрээгээр эрх олгосон төрийн бус байгууллага, олон нийтийн хяналтыг иргэдийн бүлэг, иргэн тавина.
1.5 Энэхүү журамд заасан хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгж байгууллага нь Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гэрээ” байгуулж, бүртгэл, хяналтын нэгдсэн санд орсноор үйл ажиллагаа эрхэлнэ.
1.6 “Нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гэрээ”-г 3-аас доошгүй жилийн хугацаатайгаар байгуулна.
1.7 Энэхүү журмын 1.5-д заасны дагуу гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагыг хог хаягдлын үйлчилгээ эрхлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага гэнэ.
1.8 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн нутаг дэвсгэр дэх хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
1.9 Хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэх маягт, хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гэрээний загвар, бүрдүүлэх материалын жагсаалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер батална.


ХОЁР. НИЙТИЙН ЭДЭЛБЭР ГАЗАРЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ
2.1 Нийтийн эдэлбэр газар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг энэхүү журмын 1.5-д заасны дагуу гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
2.2 Хотын гол гудамж, талбай, алслагдсан зам, замын байгууламжийн талбайн хэмжээ, зураглал, хуваарь, тусгай зориулалтын машин техникээр цэвэрлэгээ хийх бүс, гудамж, замын маршрутыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер баталж, хэрэгжилтэнд хяналт тавина.
2.4 Нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг Дүүргийн Засаг дарга сонгон шалгаруулж, эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлнэ.
2.5 Зам талбайн цэвэрлэгээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас баталсан тарифыг үндэслэн Хог хаягдлын тухай хуулийн 41.12-т заасны дагуу цэвэрлэгээний зардлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
2.6 Зам талбайн цэвэрлэгээний өдөр тутмын хяналтыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болох ба энэ хяналтын ажлыг цэвэрлэгээний ажлын зардлын 2 хувиар санхүүжүүлнэ.
2.7 Нийтийн эдэлбэр газар, зам талбайн цэвэрлэгээг зам, талбайн онцлог, улирлын байдлаас шалтгаалан гараар болон тусгай зориулалтын машин техникээр гүйцэтгэнэ.
2.8 Зам талбайн үйлчлэгч нь тусгайлсан өвөл болон зуны улиралд ажиллах ажлын хувцас, хэрэглэлтэй байна.
2.9 зам талбайн үйлчлэгчийн ажлын багаж, хэрэгсэл, ажлын хувцасны нийтлэг загвар, өнгө, жилд олгох давтамжийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер батална.
2.10 Хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй, хотоос алслагдсан зам, замын байгууламжийн цэвэрлэгээг өдөрт 1-ээс доошгүй давтамжтай цэвэрлэх ба нэг удаагийн цэвэрлэгээнд зам талбайн үйлчлэгчид 5000 м2 хүртэлх талбай, ногдохоор ажлын хуваарь, хүний нөөцийг төлөвлөнө.
2.11 Авто зам, автобусны зогсоолын цэвэрлэгээг зуны улиралд өглөөний 05:00-07:00 цаг, өвлийн улиралд өглөөний 06:00-08.00 цагийн хооронд бүрэн цэвэрлэж автомашин саадгүй зорчих нөхцлийг хангах ба гэнтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед цаг харгалзахгүй цэвэрлэгээг хийнэ.
2.12 Аж ахуйн нэгж, байгууллага нь Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т заасны дагуу орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газарзам талбайн хог хаягдал, хөл газрын ургамал, цас мөсийг өдөр бүр тогтмол цэвэрлэх ба энэ үүргээ мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байгаа нь энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
2.14 Нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээнд дараах зам, талбайг хамруулна. Үүнд:
2.14.1 Олон улс, улс, нийслэл, олон улсын чанартай авто зам, замын байгууламж, гүүр, гүүрэн гарц, явган хүний зам, зам дагуух ногоон байгууламж, хайс, хашлага
2.14.2 Үндэсний болон нийслэл, дүүргийн хэмжээний цэцэрлэгт хүрээлэн, зорчих хэсгийн тусгаарлах зурвас, талбай, хөшөө, түүхийн дурсгалт газар
2.14.3 Орон сууц, гэр хороолол доторх гол болон туслах авто зам, замын байгууламж, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал, талбай, авто зогсоол
2.13.4 Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн авто болон явган зам, голын эрэг, гольдрол, амралт, зугаалгын бүсийн ой мод, амралтын талбай, авто болон явган зам,
2.15 Нийтийн эдэлбэр газар зам, талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага дараах нийтлэг үүрэг хүлээнэ. Үүнд:
2.15.1 Нийтийн эдэлбэр газарзам, талбайн үйлчлэгчид болон жолооч, ачигчдад энэхүү журмын 2.8 баталсан загвар, жагсаалтын дагуу өвөл, зуны ажлын хувцас, хэрэгсэл, багаж, материалаар жилд 2-оос доошгүй удаа хангах.
2.15.2 Зам талбайн цэвэрлэгээний дараалал, хуваарь, аргачлалыг батлуулах,
2.15.3 Өвлийн улиралд хариуцсан автозамын халтиргаа гулгааг цас орсон даруйд нягтаршиж, мөстөхөөс өмнө халтиргаа, гулгаа арилгах тусгай зориулалтын бодис, давсыг цацаж, замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нөхцлийг бүрдүүлэх
2.15.4 Гэнтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлс болох цас, зуд, үер усны аюулын үед ажиллах шуурхай ажиллагааны төлөвлөгөө, нөөц автомашин, багаж, тоног төхөөрөмж, материалын тоо, хэмжээг гарган байгууллагын даргаар батлуулж, нийслэл, дүүргийн онцгой комист жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлэх
2.16 Нийтийн эдэлбэр газарзам, талбайн цэвэрлэгээний үйл ажиллагаанд тавигдах шаардлага
2.16.1 Хууль, журам, ажил үүргийн тодорхойлолт, хуваарь, цэвэрлэгээний арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг багтаасан чиглүүлэх сургалтад хамрагдсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, ажилтнуудыг ажиллуулах.
2.16.2 Өвчтэй, хэт ядарсан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үед зам талбайн цэвэрлэгээний үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байх.
2.16.3 Авто замын цэвэрлэгээг гүйцэтгэхдээ ослоос сэргийлсэн цацруулагч бүхий түмбийг цэвэрлэгээний талбайгаас 30 хүртэлх метрийн зайнд байрлуулан аюулгүй ажиллагааг хангах
2.16.4 Авто замын болон явган хүний зам талбайн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг авто замын ус зайлуулах ил болон далд шугам сүлжээ, түүний худагт хийх, ил задгай овоолж, салхиар хийсэж, тархах нөхцөл үүсгэхгүй байх
2.16.5 Нийтийн эдэлбэр газарзам, талбайд байрлуулсан хогийн савны хог хаягдлыг хогийн сав дүүрч, халихаас өмнө давтамж харгалзахгүй суллаж цэвэрлэх
2.16.6 Авто замыг цэвэрлэхдээ авто замын бродьюр, замын голын тусгаарлах хайс, авто зам болон явган хүний замын бүх зорчих хэсгийг хамруулах ба гадна температуур +5 градуусаас дээш байх тохиолдолд тогтмол чийглэж цэвэрлэх
2.16.7 Өвлийн улиралд цас, мөсийг хайлуулах зориулалтаар цацсан бодис бүхий цас, мөсийг ногоон байгууламж, гудамж талбайд овоолон орхихгүй, тухай бүр ачиж, тээвэрлэх
2.16.8 Авто болон явган замын хайс, хашлага, нийтийн эдэлбэр газарзам талбайн хогийн сав, сандал бусад архитектурын жижиг байгууламжийг хамгийн багадаа 4-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд сард хоёр удаа, 10-р сарын 01-ээс 03 дугаар сарын 31-ний хооронд сард нэг удаа арчиж, угааж цэвэрлэх
2.16.9 4-р сарын 01-ээс 09-р сарын 30-ны хооронд хатуу хучилттай авто болон явган хүний замын хог хаягдлыг гар болон механикаар чийгшүүлэн цэвэрлэх
2.16.10 Нийтийн эдэлбэр газар, зам, гудамж талбайн цэвэрлэгээг дараах дарааллаар гүйцэтгэх. Үүнд:
а. Автобусны буудлын цэвэрлэгээ, хогийн сав суллах
б. Авто замын зорчих хэсгийн дагуух цэвэрлэгээ
в. Явган хүний замын цэвэрлэгээ
г. Зар хуулах, нийтийн эдэлбэр газрын эд хөрөнгө дээр наасан, зурсан зар сурталчилгааг хуулах, арилгах
д. Нийтийн эдэлбэр газаргудамж, талбайн хогийн сав суллах
е. Ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ
ё. Хайш, хашлага, архитектурын байгууламж угаах
2.16.11 Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд хийж нийтийн эдэлбэр газарзам талбайн хог хаягдал тээвэрлэж байгаа машинд ачуулах
2.16.12 Ажилд гарахын өмнө ХАБЭА-ийн зааварчилгааг тогтмол танилцуулан, ажлын хувцас, хэрэглэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, тухайн өдрийн ажил гүйцэтгэх зааварчилгааг өгч, ажилтан бүрээр гарын үсэг зуруулж, тэмдэглэл хөтлөх.
2.17 Нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээг гүйцэтгэх ААНБ нь дараах доод шаардлагыг хангасан байна.
2.17.1 Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг механикаар цэвэрлэгч жижиг оврын тусгай зориулалтын авто машин 2 доошгүй байх.
2.17.2 Ажилчдын ажлын хувцас солих өрөө, бие засах газар, халуун усанд орох нөхцлийг бүрдүүлсэн түрээсийн болон өөрийн ажлын байртай байх.
2.17.3 Нийтийн эдэлбэр газрын зам талбайг цэвэрлэх үйдчдэгчийн тоо хамгийн багадаа 5 доошгүй байх
2.17.4 Нийтийн эдэлбэр газрын .зам талбайн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг тээвэрлэх 2.5тн дээш даацтай 5 доошгүй жилийн насжилттай 1 доошгүй машинтай байх.
2.17.5 Цас мөс халуулах зориулалт бүхий бодис нөөцлөх шаардлага хангасан агуулахтай байх.
2.17.6 Санхүүгийн чадавхтай байх, Нийгмийн даатгал, татварт хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.
2.17.7 Нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх механик түрдэг тоног төхөөрөмж 5 ширхэг, шүүр 10 ширхэг, түрдэг хогийн сав 10 ширхэг, цавчуур 10 ширхэгээс доошгүй бэлдсэн байх.
2.17.8 Нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээнд ажиллах машин техник нь цэвэрлэгээний үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх боломжит газар зүйн мэдээллийн (GPS) системтэй байх ба Улаанбаатра хотын Захирагчийн ажлын албаны нэгдсэн бүртгэл хяналтын цахим системд холбогдох боломжтой байх

ГУРАВ. НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ

3.1 Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг сар бүр зохион байгуулах ба их цэвэрлэгээний хуваарийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер батална.
3.2 Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан, албан хаагчид, орон сууцны хороолол, гэр хороонд оршин суугч иргэд, их дээд, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, оюутан, сурагчид хамрагдана.
3.3 Цаг агаарын аюулт үзэгдэл, газар хөдлөлт, үер, зудын үед нийслэлийн Засаг дарга хуваарьт бус бүх нийтийн их цэвэрлэгээг зарлан, зохион байгуулж болно.
3.4 Бүх нийтийн их цэвэрлэгээнд дараах нийтийн эдэлбэр газар, гудамж, талбай, ногоон бүсийг хамруулна. Үүнд:
3.4.1 Олон улсын болон улс, орон нутгийн чанартай авто зам, явган замын дагуух 50 хүртэлх метрийн өргөн зурвас
3.4.2 Төмөр замын хамгаалалтын бүс болон бүсээс гадагш 50 хүртэлх метрийн өргөн зурвас
3.4.3 Голын гольдрол, эрэг түүний хамгаалалтын бүс
3.4.4 Зуслангийн ногоон бүс
3.4.5 Орон сууцны хороолол, гэр хорооны доторх авто болон явган зам, ногоон байгууламж, бичил цэцэрлэг, гудамж, амралт, тоглоомын талбай, жалга, суваг, үерийн усны далан, шуудуу
3.4.6 Нийтийн эдэлбэр газарзам талбайн цэвэрлэгээнд тогтмол хамрагддаггүй авто болон явган хүний зам, замын байгууламж, гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралт, зугаалгын бүс, бичил тохижилт
3.4 Дүүргийн ЗДТГ нь нутаг дэвсгэрийн бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдах нийтийн эдэлбэр газаравто зам, гудамж, зам, талбай, ногоон бүсийг тодорхойлж, дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн ААНБ, их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулиудад зураглалаар хариуцуулан, гэрээ байгуулан ажиллана.
3.5 Нийтийн их цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дараах үүргийг хүлээнэ.
3.5.1 Бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдэд дүүргээс зураглалаар хариуцуулсан нийтийн эдэлбэр газаргудамж, зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэж, холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх.
3.5.2 Бүх нийтийн их цэвэрлэгээнд ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж,шаардлагатай зардлыг санхүүжүүлж, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, цэвэрлэгээний багаж, материалаар хангах.
3.5.3 Орон сууц, гэр хорооны оршин суугч иргэд бүх нийтийн их цэвэрлэгээний өдрүүдэд оршин суугаа газрын нийтийн эдэлбэр газаргудамж, зам, талбайг цэвэрлэх ажилд оролцох ба СӨХ, хороонд цэвэрлэгээнд оролцсон талаар бүртгүүлж, өрхийн дэвтэрт тэмдэглэгээ хийлгэх.
3.6 Нийтийн их цэвэрлэгээнд тавигдах шаардлага
3.6.1 Цэвэрлэсэн хог хаягдлыг ил задгай овоолон орхих, шатаахгүй байх
3.6.2 Цэвэрлэгээнээс гарсан хог, хаягдлын уутанд хийж уутны амыг боон хог хаягдал ачихаар тодорхойлсон байршилд хүргэх
3.6.3 Хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг хангах үүднээс цэвэрлэгээнд оролцож байгаа иргэд амны хаалт, бээлий хэрэглэх.
3.6.4 Сургуулийн сурагчид, насан хүрээгүй хүүхдүүдийг багш, эцэг эхийн хараа, хяналтын дор бүх нийтийн цэвэрлэгээнд оролцуулах
3.7 Бүх нийтийн их цэвэрлэгээг улирлын онцлогийг харгалзан дараах төрлөөр гүйцэтгэнэ.
3.7.1 Хур хог цэвэрлэх, ачиж, тээвэрлэх
3.7.2 Цас, мөс цэвэрлэх, халтиргаа гулгаа арилгах
3.7.3 Шарилж болон хогийн ургамал цэвэрлэх
3.7.4 Нийтийн эдэлбэр газаргудамж талбайн хайс хашлага, архитектурын жижиг байгууламжийг угааж, цэвэрлэх, будаж, өнгийг сэргээх
3.7.5 Авто зам, төмөр зам дагуух хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ
3.7.6 Орон сууц, нийтийн байрны орц, шатны хонгил, цонх, хаалгыг угааж цэвэрлэх
3.7.7 Гэр хорооны гудамж, жалга, далан сувагт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачиж, тээвэрлэх
3.7.8 Зуслан, ногоон бүсийн ой мод, голын эрэг, гольдролд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, ачиж тээвэрлэх

ДӨРӨВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ

4.1 Хог хаягдлыг ангилах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.7-д заасныг ойлгоно.
4.2 Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр дараах байдлаар ангилна.
4.2.1 Орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилна.
1. Дахин боловсруулах боломжтой хог хаягдал
2. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал
4.2.2 Гэр хорооны айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах 5 төрлөөр ангилна.
1. Дахин боловсруулах боломжтой хог хаягдал
2. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал
3. Үнс буюу шаарга

4.3 Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын төрлийг дараах өнгөөр илэрхийлнэ.
А. Хуванцар, гялгар уут – Ногоон
б. Хөнгөн цагаан лааз, метал хаягдал – Улбар шар
в. Цаас – Цэнхэр
г. Шил – Цагаан
д. Органик хаягдал – Бор
е. Бусад хог хаягдал – Хар
ж. Ахуйн аюултай хог хаягдал - Шар
4.4 Энэхүү журмын 4.3-т заасан энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах төрлийг хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлтэй уялдуулан ААНБ, иргэд, өөрсдийн санаачлагаар нэмэгдүүлж болно.
4.5 Аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны хорооны СӨХ, гэр хорооны айл өрх бүр гадна талбайдаа энэхүү журмын 4.2-т заасан төрлөөр хог хаягдал хадгалах сав, бункертэй байх ба энэхүү сав, бункер нь Хог хаягдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
4.5.1 Шавьж, мэрэгч, шувуу, амьтан орох боломжгүй хамгаалалт, хаалт, тагтай байх
4.5.2 Энэхүү журмын 4.3-т заасан ангиллын төрлийг заасан таних тэмдэгтэй байх
4.5.3 Хог хаягдлыг ангилж хийх, хадгалахад хялбар хийц загвартай, өнгө үзэмжтэй байх
4.6 Картон цааснаас бусад төрлийн ангилсан хаягдлыг зориулалтын уутанд хийж, уутны амыг боож битүүмжлэн энэхүү журмын 4.5-т заасан хогийн сав, бункерт байршуулан, хадгалах ба хог ачиж цуглуулах хуваарийн дагуу ирсэн хог тээврийн авто машинд ачуулна.
4.7 Айл, өрх, аж ахуйн нэгж байгууллага нь ангилан ялгасан хог хаягдлаа ангиллын төрөл тус бүрээр хуваарь, маршрутын дагуу ачуулна.
4.8 Барилга, байгууламжийг өргөтгөх, шинээр барихдаа түүний зориулалт, хүн амын нягтрал, хог хаягдлын үүсэх хэмжээ, ангиллын төрлөөс хамаарч хог хаягдал хадгалах байр, талбайн байршлыг барилга, байгууламжийн зураг, төсөлд тусгасан байна.
4.9 Нийслэл, дүүрэг, хороо, СӨХ-өөс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хог хаягдлын ангилан ялгалтын талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааг улиралд 2-оос доошгүй удаа тогтмол зохион байгуулна.
4.10 Гэр хорооны газар нутгийн онцлогоос хамаарч ангилсан хог хаягдлыг худалдан авах түр хадгалах цэгийг байгуулж болно.
4.11 Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэгийн үйл ажиллагааг “Нийслэлийн худалда үйлчилгээний нийтлэг журам”-аар зохицуулна.
4.12 Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэг нь орчны аюулгүй байдлыг хангасан, журмын 4.3-т заасны дагуу хог хаягдлыг төрөлжүүлэн агуулахад эмх цэгцтэй хадгалж, хог хаягдлын овор хэмээг багасгах нягтруулах төхөөрөмжтэй байна.

4.13 Нийтийн эдэлбэр газаргудамж талбайд дахин боловсруулах хог хаягдал болон бусад гэсэн 2-оос доошгүй төрлөөр ангилдаг хогийн савыг байршуулна.
4.14 Нийтийн эдэлбэр газаргудамж талбайд байршуулах хогийн савыг хүн ихээр төвлөрдөг, хог хаягдал их хэмжээгээр үүсдэг дараах байршлуудад байршуулна.
4.14.1 Төрөлжсөн зах, худалдааны төв,
4.14.2 Үзвэр үйлчилгээний газар,
4.14.3 Нисэх онгоцны буудал,
4.14.4 Төмөр замын буудал,
4.14.5 Автобусны буудал,
4.14.6 Таксины зогсоол,
4.14.7 Цэцэрлэгт хүрээлэн,
4.14.8 Тохижилт бүхий амралтын талбай,
4.14.9 Хүүхдийн соёл амралтын хүрээлэн,

ТАВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ

5.1 Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйл ажиллагаа нь дараах удирдлага зохион байгуулалттай байна.
5.1.1 Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг энэхүү журмын 5.2-т заасан доод шаардлагыг хангасан эрх бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэх ба Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулснаар тухайн дүүргийн хог хаягдал цуглуулж,тээвэрлэх үйл ажиллагааг эрхэлнэ.
5.1.2 Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь овор хэмжээ ихтэй энгийн болон барилгын хог хаягдлыг Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасны дагуу нэмэлт үйлчилгээний хөлс төлж эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тээвэрлүүлнэ.
5.1.3 Сууц өмчлөгчдийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлаа эрх бүхий мэргэжлийн байгууллагатай “Хог ачиж, тээвэрлүүлэх гэрээ” байгуулж, тээвэрлүүлнэ.
5.1.4 Дүүргийн Засаг дарга нь хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна.
5.1.5 Дүүргийн Засаг дарга нь дүүргийн нийт хорооны 50-аас доошгүй хувийг Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж ачиж, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ байгуулна.
5.1.6 “Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний гэрээ”-ний үлгэрчилсэн загварыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер батална.

5.2 Хог тээврийн компанид тавигдах шаардлага

5.2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь дараах доод шалгуурыг хангасан байна.
• Орон сууцны хороолол, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог ачиж тээвэрлэх тусгай зориулалттай 5 дээшгүй жилийн насжилттай 2,5 тонноос дээш даацтай 3 доошгүй автомашинтай байх
• Гэр хорооны хог хаягдал, үнс тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог ачиж тээвэрлэх зориулалттай задгай тэвштэй, өөрөө буулгагч төхөөрөмжтэй 5 дээшгүй жилийн насжилттай, 3 тонноос дээш даацтай 3 доошгүй автомашинтай байх,
• Машин техникийн засварын тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл бүхий өөрийн эсвэл түрээсийн дулаан граж, авто баазтай байх
• Хог хаягдлын менежмент, ачаа тээврийн чиглэлээр 3 доошгүй жил ажилласан туршлагатай инженер, техникийн 2-оос доошгүй ажилтантай байх
• “Санхүүгийн чадавхтай байх, нийгмийн даатгал, татварт хугацаа хэтэрсэн өргүй байх
• Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийх боломжтой газар зүйн мэдээллийн (GPS) системтэй байх ба Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэгдсэн бүртгэл, хяналтын цахим системд холбогдож, машин техникийг бүртгүүлсэн байх
• Хог тээвэрлэх тусгай зориулалтын машин тус бүр салоны болон урд, хойд талыг хардаг хар хайрцагны камертай байх
• Хог тээврийн зориулалттай 3 автомашины тутамд ангилсан хог хаягдлыг тээвэрлэх зориулалтаар 1-ээс доошгүй шахдаг тэвштэй тусгай зориулалтын машиныг тоноглож бэлтгэсэн байх
5.3 Хог цуглуулж, тээвэрлэх байгууллагын үүрэг

5.3.1 Хог хаягдал цуглуулалт тээвэрлэлтийн статистик тоо, мэдээ, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого, түүний зарцуулалт, хог хаягдал цуглуулалт тээвэрлэлтийн хуваарь, маршрут, хүний нөөц, машин, техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл, хог хаягдлын талаарх хууль, эрх зүйн мэдээлэл, иргэдэд чигэлсэн хог хаягдлын боловсрол олгох сурталчилгааны мэдээлэл бүхий байгууллагын цахим хуудсыг ажиллуулах.
5.3.2 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээнд гарч буй жолооч, ачигчдыг хог хаягдлын талаарх хууль тогтоомж, харилцааны соёл, хог ачиж, цуглуулах тээвэрлэх арга зүй, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны талаар сургалтад жилд 1-ээс доошгүй удаа хамруулах.
5.3.3 Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч, ачигчийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан өвөл, зуны ажлын хувцсаар жилд 2-оос доошгүй удаа хангах.
5.3.4 Өвчтэй, хэт ядарсан болон архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн жолооч, ачигчийг ажилд гаргахгүй байх.
5.3.5 Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч нь цуглуулж, тээвэрлэсэн хог хаягдлын төрөл, эх үүсвэр, хэмжээний талаарх тайлан мэдээг батлагдсан тайлангийн маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд дүүргийн Засаг даргад хүргүүлэх.
5.3.6 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний орлогын 2-оос доошгүй хувийг иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд зарцуулах.
5.3.7 Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед хог хаягдал цуглуулах, тээвэрлэх төлөвлөгөөг харьяа дүүргийн онцгой байдлын албатай зөвшилцөн боловсруулж, дүүргийн Засаг даргаар батлуулан мөрдлөг болгон ажиллах.
5.3.8 Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол улсын болон олон улсын хог хаягдал цуглуулж, тээвэрлэх норм, стандарт, шаардлагыг мөрдөж ажиллах.
5.3.9 Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх хуваарь, чиглэлийг замын хөдөлгөөний нягтрал, авто замын нөхцөл байдал, цуглуулах, ачих арга, хэлбэр, хог хаягдлын хэмжээ, эх үүсвэрийн төрөл, эдийн засгийн үр ашиг, улирлын онцлогийг харгалзан өдөр, шөнийн хуваарьтай байх ба хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн хуваарь, график болон тээвэрлэлтийн маршрутыг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай зөвшилцөн тухайн дүүргийн Засаг даргаар батлуулах.
5.3.10 Хог ачих өдөр, хогоо гаргах цагийн хуваарийг мөрдүүлэх, хэвшүүлэх үйл ажиллагааг тухайн хорооны Засаг дарга зохион байгуулах,
5.3.11 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байгаа бүх автомашиныг даатгал, үзлэг оношлогоонд бүрэн хамруулж, авто тээврийн хэрэгслийн техник ашиглалтын хувийн хэрэг хөтлөх.
5.3.12 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлан ажиллахаас гадна дараах стандартыг дагаж, мөрдөх.
/а/. Ахуйн хог хаягдал тээвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлага (MNS 5344:2011)
/б/. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага (MNS 4598:2011)
/в/. Авто тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын тогтолцоо, тодорхойлолт (MNS 4601:2011)
/г/. Авто тээврийн салбарын ажилчдын ажил мэргэжлийн стандарт (MNS 6595:2016)
5.3.13 Хог тээврийн автомашины бүрэн, бүтэн байдлыг ажилд гарахаас өмнө шалгаж, ажилд гарах зөвшөөрөл өгөх бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх.
5.3.14 Техникийн саатал болон бусад тодорхой шалтгааны улмаас цуглуулах, тээвэрлэх хуваарийг зөрчихгүйн тулд нөөц машин, техник, жолооч, ачигчтай байх.
5.3.15 Хог хаягдлын автомашины даац, тэвшний өндөрт тохируулан ачиж, битүүмжлэн тээвэрлэх ба тээвэрлэлтийн явцад хог хаягдал хийсэх, тархах, асгарахаас сэргийлэх арга хэмжээ авах.
5.3.16 Хог хаягдал ачиж, цуглуулах үйлчилгээнд ажиллаж байхдаа тэвшний шахах төхөөрөмжийн хавхлагийг нээхгүй байх, автомашиныг эзэнгүй орхихгүй байх, хог нягтруулагч төхөөрөмж ажиллаж байхад өөр үй өөрөө буулгагчийн тэвшийг өргөөтэй явах, даралтын клапанг оролдож тохируулахгүй байх зэрэг аюулгүйн ажиллагааг хангаж ажиллах.
5.3.17 Хог хаягдлыг ачиж, тээвэрлэсний дараа тээврийн хэрэгсэл болон тэвшийг тогтмол цэвэрлэж, сард 2 доошгүй удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх.
5.3.18 Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, хуваарь, чиглэлийг хянах, мониторинг хийх зорилгоор хог хаягдлын автомашинд суулгасан мэдрэгч, тоног төхөөрөмжийг зориуд гэмтээх, эвдлэхгүй байх.
5.3.19 Шахаж нягтруулах төхөөрөмж бүхий автомашиныг хог хаягдал тээвэрлэхээс бусад зориулалтаар ашиглахгүй байх.
5.3.20 Дараах нөхцөлд хог тээврийн автомашиныг үйлчилгээнд гаргахгүй байх арга хэмжээ авч ажиллах.
/а/. Тоног төхөөрөмж, нягтруулах механизмуудын болон өргүүрийн эд ангиас шингэн алдагдсан
/б/. Хог тээвэрлэх чингэлэг цоорсон, битүүмжлэл алдагдсан,өнцгийн бэхэлгээ, гогцоо, тулгуур эвдэрсэн, өргөх механизмын тогтоох чадвар, нягтруулагчийн явалт ажиллахгүй болсон
5.3.21 Төвлөрсөн цэгт тээвэрлэсэн хог хаягдлыг бүртгүүлж, жинлүүлэн, зөвхөн төвлөрсөн цэгийн чиглүүлэгчийн заасан хог хаягдал хүлээн авах талбайд буулгах ба хог хаягдлыг буулгахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллана.
5.3.22 Хог хаягдал ачсан үед ачаан дээр хүн тээвэрлэхгүй байна.
5.3.23 Төвлөрсөн цэгт хүлээж авах хог хаягдлын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хог тээврийн автомашины даацыг зориудаар нэмэгдүүлэх, нэмэлт тоноглол, хэрэгсэл байрлуулах, пүүн дээр давхарлан зогсоохгүй байх арга хэмжээг авна.

5.4 Хог хаягдал ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд тавигдах шаардлага

5.4.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдал ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд дараах шаардлагыг баримтална.
5.4.2 Орон сууц, аж ахуйн нэгжээс дахин боловсруулах хог хаягдлыг 7 хоногт 1-ээс доошгүй, дахин боловсруулах боломжгүй хаягдал 7 хоногт 3-оос доошгүй удаа, гэр хороололд дахин боловсруулах хог хаягдлыг 2 хоногт 1-ээс доошгүй удаа, дахин боловсруулах боломжгүй хаягдал (үнс\шаарга) 7 хоногт 1-оос доошгүй удаа цуглууж, ачиж тээвэрлэнэ.
5.4.3 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж, ахуйн нэгж, байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо нь хог ачих хуваарьт өдрийн 17:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хог хаягдлаа зориулалтын цэгт байршуулж ачуулна.
5.4.4 Бункергүй орон сууцны хорооллын айл өрх нь хог ачих хуваарьт өдрийн 17:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хог хаягдлаа зориулалтын цэгт байршуулж, ачуулна.
5.4.5 Орон сууцны доорх худалдаа үйлчилгээний зориулалттай байр талбайд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү журмын 4.2-д заасны дагуу хог хаягдлаа ангилж, ялгах ба тухайн орон сууцны зориулалтын хогийн цэгт хог хаягдлаа байршуулж, гаргана.
5.4.6 Айл, өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг хугацаа бага зарцуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жолооч, ачигчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байдлаар ачиж, цуглуулах арга, хэлбэр, технологийг сонгох бөгөөд хог хаягдал ачилт, цуглуулалтанд ангилалт, төрлөөс шалтгаалан зориулалтын уут, хогийн савыг ашиглана.
5.4.7 Хог хаягдлыг ачих, цуглуулахад дуут дохио, чанга яригч, хөгжмийг 9.00 цагаас 18.00 цагийн хооронд эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн орчимд ашиглахгүй байна.
5.4.8 Аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны байр, нийтийн эдэлбэр газаргудамж талбайн хогийн сав, бункер, дүүргэлтийг 90 хувиас хэтрүүлэхгүйгээр тогтмол хуваарийн дагуу тухай бүр ачиж тээвэрлэнэ.
5.4.9 Хог хаягдлыг холихгүйгээр шалгаж ангиллын төрлийн дагуу ачиж, тээвэрлэнэ.
5.4.10 Хог хаягдлыг ачиж, цуглуулах үед галын аюулгүй байдлыг хангаж, хог ачих цэгээс 10 метрээс дотогш гал гаргахгүй ажиллана.
5.4.11 Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг ачиж цуглуулах цагийн хуваарийг 2-оос илүү цагаар хэтрүүлэхгүйгээр ажиллана.
5.4.12 Хог хаягдлыг ачиж, цуглуулах үед ууталсан хог хаягдлыг уутнаас задлахгүйгээр, хог хаягдлыг ил задгай тархааж хийсгэхгүйгээр ачиж тээвэрлэнэ.
5.4.13 Хог хаягдлыг ачсаны дараа хогийн сав, бункер болон орчныг цэвэрлэн эзэмшигчид хүлээлгэж өгнө.
5.4.14 Хогийн сав, бункер эзэмшигч, өмчлөгч, ашиглагч нь дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд 2 сард нэг удаа угааж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.
5.4.15 Нийтийн эдэлбэр газаргудамж талбайн хогийн сав болон орон сууцны бункер, аж ахуйн нэгжийн хогийн цэгээс хог хаягдлыг шөнийн цагаар цуглуулж, тээвэрлэж болох бөгөөд хөдөлмөрийн болон замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааг ханган, хангалттай гэрэлтүүлэгтэй орчин гүйцэтгэнэ.
5.4.16 Шөнийн цагаар ачилт, цуглуулалт, тээвэрлэлт хийхдээ иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан дуут дохио өгөх, чанга дуу авиа гаргахгүй байх
5.4.17 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслэлийн даатгал, үзлэг оношлогоонд бүрэн хамруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомшинаар гүйцэтгэнэ.
5.4.18 Хог тээврийн автомашины жолооч нь 3 доошгүй жил тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байна.
5.4.19 Хог хаягдал тээвэрлэх хуваарь, чиглэл өөрчлөх тохиолдолд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 72 цагийн өмнө мэдэгдэнэ.
5.4.20 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг тухайн дүүргийн нэр, байгууллагын лого, бүртгэлийн дугаар бүхий таних тэмдэгтэй автомашинаар гүйцэтгэнэ.

5.5 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх санхүүжилт

5.5.1 Аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 сарын 19-ний өдрийн 192,А/243 тоот тушаалаар батлагдсан аргачлалын дагуу эзлэхүүнд суурилж тооцож авна.
5.5.2 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу цуглуулж, тээвэрлэсэн хог хаягдлын хэмжээгээр тооцож дүүргийн Засаг дарга санхүүжүүлнэ.
5.5.3 Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д заасны дагуу хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогоос санхүүжүүлнэ.
5.5.4 Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.14-т заасны дагуу Нийслэлийн төсвөөс дэмжлэг үзүүлэх тохиолдолд уг зардлыг нийслэлийн урсгал ажлын шууд зардалд тусгаж, санхүүжилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хянаж санхүүжүүлнэ.

ЗУРГАА. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ

6.1 Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг Хог хаягдлын тухай хуулийн 9.3.2-т заасан зөвшөөрөл бүхий, 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлсэн бүртгэлийн дугаар авч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
6.2 Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эхлэгч нь Хог хаягдлын тухай хуулийн 8.1.3-д заасан журмын дагуу дахин боловсруулсан болон сэргээн ашигласан хог хаягдлын мэдээ, тайланг тогтоосон хугацаанд Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирүүлнэ.
6.3 Энгийн хог хаягдал дахин ашиглах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7-р зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэнэ.
6.4 Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.12-д заасныг, энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.11-д заасныг ойлгох ба үйл ажиллагаандаа Хог хаягдлын тухай хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А\443 дугаар заасан ерөнхий шаардлагыг удирдлага болгоно.
6.5 Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь сэргээн ашиглах хог хаягдлаа төрөлжүүлэн цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гэрээгээр болон журмын 5.1-т заасны дагуу зөвшөөрөл авч өөрсдөө гүйцэтгэж болно.
6.6 Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгчид тавигдах нэмэлт шаардлага.
6.6.1 Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах технологи нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх
6.6.2 Хог хаягдал дахин боловсруулсан бүтээгдэхүүн нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн, мал, амьтан, ургамал, байгаль орчинд аюулгүй, Монгол улсын болон олон улсын стандартад нийцсэн, хүний хэрэгцээ шаардлагыг хангасан байх
6.6.3 Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь хог хаягдлын хууль, тогтоомж, стандарт, шаардлага, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд аюулгүй ажиллагаа, сэргээн ашиглах технологи, арга ажиллагааны талаар сургалтын хөтөлбөр боловсруулж, ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулах
6.6.4 Техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ хийх заавар, дүрэм, аргачлал боловсруулах
6.6.5 Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрт гамшгийн эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тухайн дүүргийн онцгой байдлын газраар батлуулан, менежментийн төлөвлөгөөг боловсруулан үе шаттай хэрэгжүүлэх.
6.6.6 Дахин боловсруулж, сэргээн ашиглаж байгаа хог хаягдлын үйлдвэрлэлийн процесс, технологийг харуулсан зураглал, схемийг гаргаж олон нийтэд нээлттэй байршуулах
6.6.7 Дахин боловсруулах, сэргээн ашиглах хог хаягдал хүлээн авах талбай нь хатуу хучилттай, дээвэртэй, хог хаягдал салхиар тархах, хийсэхээс сэргийлсэн хашаатай байх ба хог хаягдлын бүтэц, найрлагыг тогтоох, хэмжих, ачиж буулгах, шахаж нягтруулах техник, тоног төхөөрөмжтэй байх.
6.6.8 Эрүүл ахуйн шаардлага хангасан, лабораторийн шинжилгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн хог хаягдлаар дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх.
6.6.9 Хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь 30 хоногийн хугацаанд туршилтын үйлдвэрлэлийг явуулан, үйл ажиллагааны горим, технологийн үзүүлэлт, агаар ялгарах ялгарлын хэмжээг тогтоож стандарт, шаардлага хангасан тохиолдолд үйл ажиллагааг эхлэх
6.7 Төвлөрсөн хот, суурин газарт энгийн хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар нутаг, суурин газарт өндөр даралт болон битүүмжлэл бүхий хог хаягдал шатаах зориулалтын, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж хог хаягдлыг сэргээн ашиглаж болно.
6.8 Шатаах зууханд шатаах хог хаягдлын ачаалал хүчин чадлаас илүү гарсан болон зуухны бүтцэд өөрчлөлт гарах, зуухны үйл ажиллагааны үзүүлэлт зөвшөөрөгдсөн хязгаараас давсан тохиолдолд зуухны үйл ажиллагааг зогсоож хэвийн нөхцөлд орсон тохиолдолд дахин ажиллуулна

ДОЛОО. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ, БУЛШЛАХ

7.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, олон улсын зээл, тусламжаар байгуулсан хог хаягдал булшлах, устгах байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Хог хаягдлын тухай хуулийн 9.3.8 зүйлийн баримтлан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гэрээ байгуулна.
7.2 Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулсан хог хаягдал булшлах, устгах байгууламжийн үйл ажиллагаа эрхлэгч нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гэрээ байгуулан, Нийслэлийн Засаг дарга Хог хаягдлын тухай хуулийн 9.3.2 зүйлд заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.

7.3 Энгийн хог хаягдлыг төвлөрсөн цэгт төлөвлөх
7.3.1 Хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөхдөө хог хаягдлын суурь судалгаан дээр үндэслэх бөгөөд хог хаядлын бүтэц, нягт, үүсэж байгаа хэмжээг харгалзан үзэж булшлах технологийг сонгоно.
7.3.2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, олон улсын зээл, тусламжаар байгуулсан хог хаягдал булшлах, устгах байгууламжийн газар нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эзэмшилд байх ба 1,2-р зэрэглэлийн төвлөрсөн цэгийг хаасны дараа 10 жилийн турш байгаль орчны хяналт, мониторингийг хийнэ.
7.3.3 Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хог хаягдлыг хүлээн авч устгах, булшлах төвлөрсөн цэгийг Хог хаягдлын тухай хуулийн 17.1,17.4,17.5 -д заасан шаардлагуудыг хангасан 1 болон 2 зэрэглэлд хамааруулсан байдлаар төлөвлөнө.
7.3.4 Захын дүүргийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг 3 зэрэглэлд хамааруулан Хог хаягдлын тухай хуулийн 17.6-д заасан шаардлагуудыг хангасан байдлаар төлөвлөнө.
7.3.5 Хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг сонгох, төлөвлөхдөө тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хангаж ажиллана
7.3.6 1,2-р зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг төлөвлөх, зураг, төслийг хийхэд доорх хүчин зүйлсийг харгалзана. Үүнд
а. Тухайн сонгосон газар нутаг 10 жилээс дээш жил хог хаягдал хүлээн авах нөөцтэй эсэх
б. Хөрсөөр хучих шороо, хөрс олборлох боломж
в. Хууль тогтоомжоор хориглосон байршил болон төвлөрсөн цэгийн хил, хязгаарын зааг шаардлагад нийцэж байгаа эсэх
г. Салхины зонхилох чиглэл
д. Дэд бүтэц, авто замын сүлжээ, харилцаа холбоо
е. Бусад эрсдэл
7.3.7 1,2-р зэрэглэлийн төвлөрсөн цэгийг төлөвлөхдөө хөрсний болон гүний усны шинжилгээг зайлшгүй хийх бөгөөд төлөвлөсөн талбайн хамгийн өндөрлөг цэг, хог хаягдал булшлах талбай, төвлөрсөн цэгийн хамгийн нам цэгт өрөмдлөг хийж дээж авна.
7.3.8 Хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбай төлөвлөхдөө дараах үйл ажиллагааг харгалзан үзнэ. Үүнд
а.Шимт хөрсийг нөөцлөн төвлөрсөн цэгийн ногоон байгууламж болон нөхөн сэргээлтэд ашиглах
б.Мод, бут сөөгийг шилжүүлэн суулгах
в.Төвлөрсөн цэгийн үүрийг ухаж бэлтгэх, гарсан шороог үерийн хамгаалалтын далан эсвэл хучилтад хэрэглэхээр нөөцлөх
г.Суурийг бэлтгэхдээ 2 градусаас доошгүй налуутай шүүрлийн ус цуглуулах боломжтойгоор бэлтгэнэ.
д.Хог хаягдлын бүтэц, жилийн дундаж хур тунадас-ны хэмжээ, хогийн цэгт устгаж, булшлах хог хаягдлын хэмжээ, хими, физикийн шинж чанараас шалтгаалан суурийн хучилтын технологийг сонгох бөгөөд мембран дэвсгэр шаардлагагүй тохиолдолд г ус нэвчих хурд 1х10-6 см\сек доошгүй байхаар шавар хөрсийг нягтруулан суурийг бэлтгэх ба в мембран давхарга шаардлагатай тохиолдолд 2 мм багагүй зузаантай (+40 өөс -40 хэм ) тэсвэрлэх чадалтай, уян HDPE материалтай байна.

7.4 Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын үүрэг
7.4.1 Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зааварчилгааг ажилтнуудыг ажилд гарахын өмнө өдөр бүр өгөх ба хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн бүрэн, бүтэн байдлыг шалгаж ажилд гаргах.
7.4.2 Ажилтан, албан хаагчдыг өвөл болон зуны улирлын хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, ажлын хувцас, гутлаар жилд нэг удаа хангах.
7.4.3 Ажилтан, албан хаагчдыг хог хаягдлын хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, шаардлага болон хог хаягдлыг устгах, булшлахтай холбоотой мэргэжлийн сургалтад хамруулах, сургалтад хамрагдаж, тэнцсэн ажилтан, албан хаагчдыг ажиллуулах
7.4.5 Төвлөрсөн цэгийн үүр болон хог хаягдал хүлээн авч буй талбайд ил гал гаргах, тамхи татах болон шатах, тослох материал агуулахгүй байх.
7.4.6 Төвлөрөн цэгт мал, амьтан оруулах, бэлчээх, тэжээхийг хориглоно.
7.4.7 Төвлөрсөн цэгт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд хамруулах.
7.4.8 Төвлөрсөн цэгт хүлээн авч, устгасан, булшилсан хог хаягдлыг эх үүсвэр болон төрөл бус бүрээр хэмжилт хийн бүртгэл хөтлөн мэдээллийн бааз үүсгэх бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны болон дүүргүүдийн хог хаягдлын мэдээллийн цахим системд холбох.
7.4.9 Төвлөрсөн цэгийн байгууламжийг хог хаягдал хүлээн авах талбай, хөрсөөр дарж булах талбай, хаалт хийж нөхөн сэргээх талбай, аюул, ослын үед хог хаягдал хүлээн авах нөөц талбай, хөрс бэлтгэх, нөөцлөх талбай гэж ангилан хүлээн авч буй хог хаягдлын хэмжээ, төвлөрсөн цэгийн хүчин чадлаас хамааруулан сар, улирал, жилээр газар зохион байгуулалтыг төлөвлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган Улаанбаатар хотын Захирагчийн ажлаар батлуулах.
7.4.10 Хог хаягдлын төвлөрсөн цэгийн диспетчер нь бүртгэлийн программ хангамж болон компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, дундаас дээш боловсролтой хүнийг ажиллуулах.
7.4.11 Төвлөсөн цэгт дахин боловсруулах хог хаягдал түүгч иргэдийг бүртгэлжүүлэн зохион байгуулалтад оруулах ба бүртгэлгүй иргэд, насан хүрээгүй хүүхдийг төвлөрсөн цэгийн талбайд нэвтрүүлэх, хог түүх үйл ажиллагаа эрхлэхгүй байх.

7.5 Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах шаардлага
7.5.1 Хог хаягдлыг төлөвлөж, батлагдсан талбайгаас өөр талбайд хүлээж авахыг хориглох бөгөөд байгалийн гамшигт үзэгдэл, давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай зөвшилцөн нөөц талбайд хог хаягдлыг авч байна.
7.5.2 Хог хаягдал хүлээн авч байгаа ажлын талбайд хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах үйл ажиллагаа эрхлэхгүй байна.
7.5.3 Нэг болон хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт өдөр бүр, гуравдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдлыг долоо хоногт 3 доошгүй удаа шороон хөрсөөр хучиж, нягтаршуулах ба хог хаягдлын хөрсөөр хучих зузаан 15 см багагүй байх.
7.5.4 Хог хаягдлыг дарж нягтруулах, хөрсөөр хучихдаа байгууламжийн тоног төхөөрөмж, бохир шингэн болон хий зайлуулах хоолойг гэмтээх, эвдрэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.
7.5.5 Нэг болон хоёрдугаар зэрэглэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгт хог хаягдлыг хүлээн авах, дарж, нягтруулах, хөрсөөр хучих үйл ажиллагааг шөнийн цагт хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд талбайн чиглүүлэгчийн удирдлага дор гүйцэтгэж, осол, аваар гарахаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.
7.5.6 Биологийн болон хими, физикийн аргаар хог хаягдлыг устгахдаа ашиглах бодис, технологийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, дүгнэлт гаргуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэнэ.
7.5.7 Хэт хуурайшилттай, халуун, салхи, шуургатай үед хог хаягдал хийсэх, агаарт тоосонцор үүсэхээс сэргийлэн хог хаягдал хүлээн авч байгаа талбайг усаар норгож чийглэх, хог хаягдал шатаж, гал гарсан тохиолдолд шуурхай унтраах зорилгоор усан сан болон ус шүрших төхөөрөмж бүхий усны машинтай байх бөгөөд гал унтраах ажиллагаанд оролцох ажилтнууд нь гал унтраах сургалтад хамрагдсан байна.
7.5.8 Хог хаягдал булшлах, устгах байгууламж уруу орох замыг хөрсөөр хучиж, нягтруулан хог тээврийн автомашин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
7.5.9 Хэт ядарсан, өвчтэй, болон согтууруулах ундаа хэрэглэсэн үед булшлах байгууламжид ажиллах техник, хэрэгслийн жолооч, туслах ажилтнууд, чиглүүлэгчийг ажиллуулахгүй байна.
7.5.10 4-р сарын 1-ээс 9-р сарын 30 ны хооронд 2 сарын, 10-р сарын 1-р ээс 3-р сарын 31 хооронд 4 сарын хэрэглээнээс доошгүй хог хаягдал хучих хөрсийг нөөцөлж хадгална.
7.5.11 Хог хаягдлын төвлөрсөн цэгт ажиллах машин, техникүүд нь журмын 5.26 заасан стандартуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
7.5.12 Хог хаягдал дарж булах, нягтруулах, хөрсөөр хучих үйл ажиллагаанд ашиглах хүнд даац-ийн машин, механизмуудын засах, үйлчилгээ хийх засварын төвийг хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд байгуулах ба дугуй солих, нөхөх төхөөрөмж, агаарын шүүр цэвэрлэх компрессор болон шаардлагатай сэлбэг, хэрэгслийн нөөцийг бүрдүүлнэ.
7.5.13 Төвлөрсөн цэг дээр ажиллаж байгаа хүнд даацын техник хэрэгсэл болон автомашинууд үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийх боломжтой газар зүйн мэдээллийн (GPS) систем, хог хүлээн авч байгаа талбайд камер суурилуулах ба Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нэгдсэн хяналт, бүртгэлийн цахим системтэй холбогдох.
7.5.14 Нөөц бүрдүүлэх шаардлагатай тоног, төхөөрөмж сэлбэг хэрэгслийн жагсаалтын тухайн байгууллагын дарга батлах

7.6 Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах шаардлага

7.6.1 Хог хаягдал тээвэрлэн ирж байгаа автомашиныг ачаатай үед төвлөрсөн цэгт орох пүүн дээр жигнэж, бүртгэн, хэмжилт хийн, ачиж, тээвэрлэсэн хог хаягдлын эх үүсвэр, хог хаягдлын төрлийг тодорхойлох ба шаардлагатай үед хяналтын ажилтан ачиж, тээвэрлэсэн хог хаягдлыг шалгаж, нягтлан биологийн, химийн болон аюултай, шатах, дэлбэрэх эрсдэлтэй хог хаягдал илэрвэл төвлөрсөн цэгт нэвтрүүлэхгүй байх.
7.6.2 Хог хаягдал асгаж, буулгасны дараа төвлөрсөн цэгээс автомашин гарахад ачаагүй үеийн автомашины жинг хэмжиж, пүүлэх бөгөөд ачаатай үеийн жингийн зөрүүгээр төвлөрсөн цэгт тээвэрлэгдэн ирсэн хог хаягдлын хэмжээг тооцон бүртгэж, баталгаажуулна.
7.6.3 Хог хаягдлын төвлөсөн цэгийн бүртгэлийн байр нь дараах тоног төхөөрөмжтэй байна.
а. Автомашины дугаар мэдэрч бүхий хяналтын камер
б. Автомашиныг жинг харуулсан гадна мэдээллийн дэлгэц
в. Автомашины хог хаягдлын бүтцийг хянах камер
г. Бүртгэлийн программ хангамж бүхий иж бүрэн компьютер, хэвлэх машин
д. Төвлөрсөн цэг дээр ирж буй хог тээврийн автомашиныг бүртгэх мэдрэгч
е. Дотор болон гадна хяналтын камер
ё. Бүртгэлийн программ хангамжтай холбоотой дижитал авто пүү
ж. Автомашиныг дугуйг ариутгах, цэвэрлэх төхөөрөмж
з. Гадна гэрэлтүүлэг
7.6.4 Хог хаягдлын төвлөрсөн цэгт шингэн хог хаягдал, хүний шарил, эд эрхтэн, тэсэрч дэлбэрэх, химийн, аюултай хог хаягдал булшлахгүй байх.
7.6.5 Төвлөрсөн цэгийн үйл ажиллагаанаас үүсэх агаар, хөрс, усанд ялгарах ялгаралд 6 сар тутамд хяналт, шинжилгээ хийх, ялгарал нь стандарт шаардлагаас өндөр болсон тохиолдолд шалтгаан нөхцөлийг тогтоон, засварлаж ялгарлыг хэвийн хэмжээнд хүргэх ба давтан шинжилгээгээр ялгарал нь дахин стандарт, шаардлагаас өндөр байвал, ялгарал хэвийн хэмжээнд очтол төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас түр хаана.
7.6.6 Төвлөрсөн цэгээс ачиж, цуглуулсан дахин боловсруулах хог хаягдлыг хэмжиж, жигнэн, нэр төрлөөр бүртгэн, бүртгэлийн бааз үүсгэнэ.
7.6.7 Хаалтын хучилт хийгдсэн болон нөхөн сэргээлт хийгдсэн талбайг эргүүлэн ухаж, хог хаягдлыг гаргаж, тараахыг хориглох ба зайлшгүй тохиолдолд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл авч ухаж болох бөгөөд эргүүлэн нөхөн сэргээлтийг хийх.
7.6.8 Төвлөрсөн хогийн цэгт дараах хүнд даацын техник, хэрэгсэл, машин, механизм, техник тоног төхөөрөмжүүд зайлшгүй байна. Үүнд:

а. Хүнд даацын гинжит бульдозер
б. Гинжит экскаватор
в. Хучилтын хөрс, шороо тээвэрлэх автомашин
г. Ус шүрших тоноглол бүхий усны машин
д. Гал унтраах иж бүрэн тоног, төхөөрөмж, хувцас, хэрэгсэл

7.6.9 Төвлөрсөн хогийн цэгт гамшгийн эрсдэлийн нөлөөллийн үнэлгээ хийлгэж, тухайн дүүргийн онцгой байдлын газраар батлуулан, менежментийн төлөвлөгөөг боловсруулсан байх.

7.7 Энгийн хог хаягдал устгах, булшлах үйл ажиллагаанд Үйл ажиллагаанд хяналт тавих төрийн бус байгууллагын үүрэг
7.7.1 Хог хаягдал булшлах, устгах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтыг ТББ болон иргэдийн бүлгээр гүйцэтгүүлэх бөгөөд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
• Төвлөрсөн цэгийн ойролцоо амьдарч байгаа айл, өрх, оршин суугч иргэд болон ААНБ-аас төвлөрсөн цэгийн үйл ажиллагааны талаарх судалгааг сар бүр түүвэрлэн авч захиалагчид тайлагнах
• Иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг бүртгэн зөрчлийн мэдэгдлийг хог хаягдлын төвлөрсөн цэгт үйл ажиллагаа эрхлэгчид шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтийг байдалд газар дээр нь үзлэг шалгалт хийж, санал гомдол гаргасан иргэдэд эргэж мэдэгдэх
• Төвлөрсөн цэгийн хог хаягдлын талбайн зохион байгуулалт, хог хаягдлыг хөрсөөр булж, нягтруулах үйл ажиллагаа,түүний давтамж, машин механизмын үйл ажиллагаа, нөхөн сэргээлт, хучилтын хөрс нөөцлөлт, хогийн цэгийн бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын байрны зураг авалтыг сар бүр хийж, гүйцэтгэлийг фото зургаар баримтжуулан сар бүрийн 5-ны дотор захиалагчид хүлээлгэн өгөх
• Хөндлөнгийн хяналт, шалгалт хийх жилийн ажлын төлөвлөгөөг Улаанбаатар хотын ЗАА-аар батлуулан, мөрдөж ажиллах
• Хог хаягдал булшлах технологи, хучилтын давтамжийг удаа дараа зөрчсөн, хөндлөнгийн хяналтын байгууллагын зөрчлийн мэдэгдлийн биелэлтийг хангаагүй, хогийн цэг дээр удаа дараа гал гарч хог хаягдал шатсан, бүртгэлийн үйл ажиллагааг зориудаар будлиантуулж, худал бүртгэсэн нь тогтоогдсон, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг хангалтгүй дүгнэгдсэн хог хаягдал булшлах, устгах үйл ажиллагаа эрхлэгчийн гэрээг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга цуцлах бөгөөд цуцлагдсанаас хойш төвлөрсөн цэгийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

НАЙМ. ХАРИУЦЛАГА

8.1 Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
8.2 Хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх холбоотой маргааныг хоёр тал харилцан зөвшилцөж шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
8.3 Хог хаягдлын үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь энэхүү журмыг зөрчсөн болон “Нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрээг дангаар цуцалж, нийслэлийн нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх гэрээг хүчингүй болгоно.

***
Та дээрхи журмын төслийг дэмжиж байна уу? *
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy