НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛ
Нэг.Нийтлэг үндэслэл
Хоёр. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага
Гурав. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
Дөрөв.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
Тав. Тусгай зөвшөөрөл олгох
Зургаа. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах
Долоо. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
Найм. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
Ес. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх
Арав. Хориглох зүйл
Арван нэг. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх
Арван хоёр. Хяналт
Арван гурав. Хариуцлага


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны .......
дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА
ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл \цаашид “тусгай зөвшөөрөл” гэх\-ийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох /шинээр олгох, сунгах, нэр шилжүүлэх, эрх сэргээх, хаяг шилжүүлэх, захирлын нэр солих, хаясан гээснийг дахин олгох/, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэ журмын хүрээнд явагдана.
1.3. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллагуудад энэ журам нэгэн адил үйлчилнэ.
1.4. Тусгай зөвшөөрлийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу Нийслэлийн Засаг дарга олгох бөгөөд Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлснээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер олгоно.
1.5. Дараах ангиллаар тусгай зөвшөөрөл олгоно. Үүнд:
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:
-Ресторан
-Баар
-Кафе
Худалдааны чиглэлээр:
-Хүнсний дэлгүүр
-Минимаркет
-Супермаркет
-Хайпермаркет
-Бөөний төв
-Агуулах худалдаа

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага

2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагааны төрлөөс хамаарч худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрын стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан /бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын гэрчилгээтэй/ байх;
2.2. Худалдаа, үйлчилгээ явуулах байр нь үйлчилгээний зориулалттай, холбогдох хууль тогтоомжоор хориглоогүй байршилд байх;
2.3. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь шинээр үйл ажиллагаа эхлүүлэх, хөрөнгө оруулалт хийхийн өмнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын салбар хариуцсан мэргэжилтэн нараас зөвлөгөө авсан байх;
2.4. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэстэй Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан байх;
2.5. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх
2.6. Гэр хорооллын нутаг дэвсгэрт шинээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд халаалтын асуудлыг цахилгаан болон шинэ дэвшилтэт технологийн шийдлээр шийдсэн, цэвэр, бохир усны төвлөрсөн болон хэсэгчилсэн системд холбогдсон байх;
2.7. Ашигласан, эзэмшсэн, өмчилсөн газраас гадна орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижилтын ажлын журмын дагуу тохижуулсан байх;
2.8. Эзэмшил газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж, бий болгосон байх;
2.9. Хаяг, рекламыг холбогдох журам, тавигдах шаардлагын дагуу хийж, байршуулсан байх;
2.10. Тухайн хорооны Засаг даргатай “Хог хаягдлын үйлчилгээний гэрээ” байгуулсан байгууллагатай хог хаягдал ачуулах гэрээ байгуулах, битүүмжилсэн хогийн сав, хог хаягдлын цэгтэй байх, холбогдох заавар журмын дагуу хог хаягдлыг ангилан ялгадаг байх;
2.11. Дохиолол, телехяналтын камерын системд холбогдсон байх
2.12. Гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажиллах гэрээ байгуулах буюу энгийн харуул хамгаалалттай байх
2.13. Татвар төлөгчөөр бүртгүүлж, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх;
2.14. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд “Бохир усан дахь өөх, тос баригч төхөөрөмж, техникийн шаардлага MNS 5975:2009” стандартын шаардлага хангасан өөх тос баригчийг суурилуулсан байх
2.15. Үүдний хэсэгт хальтиргаа гулгаанаас хамгаалсан шалавч, тэргэнцрийн зориулалтын замтай байх;

Гурав. Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг

3.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч болон эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд дараах нийтлэг үүргийг хүлээнэ. Үүнд:
3.1.1 Худалдаа, үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг чанд биелүүлж ажиллах;
3.1.2 Тусгай зөвшөөрөл авснаас хойш ажлын 14 хоногийн дотор Нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх, суутгасан татварыг хуулийн хугацаанд нь төлөх, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх;
3.1.3 Холбогдох стандартын дагуу тохижуулсан, үйлчилгээний зориулалттай байранд үйл ажиллагаа явуулах;
3.1.4 Тохижилтын ажилд тавигдах шаардлагын дагуу гадна орчноо тохижуулах, ногоон байгууламж бий болгох, хаягийг эх хэл дээр, холбогдох журамд нийцүүлэн байршуулах, гэрэлтүүлэгтэй болгох;
3.1.5. Орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгах;
3.1.6. Хог, цас, мөсний цэвэрлэгээний багаж хэрэгсэлтэй байх;
3.1.7. Хог хаягдлын гэрээний дагуу үйлчилгээний хураамжийг хугацаанд нь төлөх,
3.1.8. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох баримт бичгийг бүрдүүлж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээний ажилтанд өгөх, улсын тэмдэгтийн хураамжийг Хотын Ерөнхий менежерийн тушаалаар тусгай зөвшөөрөл сунгагдсанаас хойш 30 хоногийн дотор төлөх;
3.1.9. Худалдаа, үйлчилгээний ажилтан ажил үйлчилгээг эрхлэхийн өмнө болон цаашид 6 сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах;
3.1.10. Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангасан, чанар аюулгүй байдлын баталгаажилттай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
3.1.11. Тусгай зөвшөөрөлд заагдсан ангиллын дагуу, зөвхөн зөвшөөрөл олгогдсон байршилд үйл ажиллагаа явуулах;
3.1.12. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж ажиллах;
3.1.13. Хяналт тавих эрх бүхий байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх,
3.1.14. Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангуулж, холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг мөрдөж ажиллах;
3.1.15. Барилга байгууламж нь “Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03” дүрмийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд цахилгааны гэрэлтүүлэг нь хамгаалалтын бүрхүүлтэй гэрэлтүүлэх хэрэгслээр тоноглогдсон байна. Барилга байгууламжийн цахилгааны монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийж, аюулгүй байдлыг хангасан байх;
3.1.16. Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02 норм дүрмийн 6.22-т заасны дагуу барилга байгууламжийн худалдаа, үйлчилгээний заал болон авралтын гарцан дээр ослын гэрлийг суурилуулах;
3.1.17. “Галын техник. Зөөврийн гал унтраагуур. Туршилтын аргачлал MNS6413:2013” стандартын шаардлага хангасан 2-оос доошгүй гал унтраагуурыг байрлуулах
3.1.18. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг байршуулсан мэдээллийн самбартай байх;

Дөрөв. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

4.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2 дугаар зүйлд заасан тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
4.1.1. Тусгай зөвшөөрлийн хүсэлт /хавсралтаар баталсан маягтыг асуултын дагуу үнэн зөв, тодорхой бөглөсөн байх/;
4.1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.1.3. Ажлын байранд гаргуулсан улсын байцаагчийн дүгнэлт, стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасаныг гэрчлэх баримт /стандартын хуудас/ эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээний тохирлын гэрчилгээ /хуулбар/
4.1.4. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэстэй байгуулсан “Үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
4.1.6. Ажлын байрны Галын аюулгүй байдлын дүгнэлт /хуулбар/;
4.1.7. Хороотой байгуулсан “Тохижилт, цэвэрлэгээний гэрээ”, “Хог тээвэрлэх гэрээ” /хуулбар/, орчины 50 метр талбайн зураглал /шаардлага хангасан/;
4.1.8. Гадна, дотоод орчины тохижилтын зураг /шаардлага хангасан/;
4.2. Тусгай зөвшөөрлийн хүсэлтэд дээр дурдсанаас гадна хүсэлтийн төрлөөс хамаарч дараах бичиг баримтуудыг хавсаргана. Үүнд:
4.2.1. Шинээр хүсэлт гаргасан тохиолдолд байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар /хуулбар/;
4.2.2. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар, Нийслэл хотын албан татвар ногдсон, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт хавсаргах;
4.2.3. Тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын албан хүсэлт, тусгай зөвшөөрөл эх хувиар;
4.2.4. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх тохиолдолд түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил дутагдлаа арилгасан тухай цагдаа эсхүл мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт
4.2.5. Хаяг шилжүүлэх тохиолдолд шилжин очих байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар /хуулбар/, тусгай зөвшөөрөл эх хувиар;
4.2.6. Захирлын нэр солих тохиолдолд тусгай зөвшөөрөл эх хувиар, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр холбогдох өөрчлөлт хийлгэсэн тэмдэглэл;
4.2.7. Хаясан, гээсэн тохиолдолд олон нийтийн хэвлэлээр хүчингүй болгож, зарлуулсан баримт

Тав. Тусгай зөвшөөрөл олгох

5.1. Тусгай зөвшөөрөл олгох /шинээр олгох, нэр шилжүүлэх, эрх сэргээх, сунгах, хаяг шилжүүлэх, захирлын нэр солих, хаясан гээснийг дахин олгох/ эсэх асуудлыг “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох комисс” /цаашид Комисс гэх/-ын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
5.2. Комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батална.
5.3. Комисс нь үйл ажиллагаандаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлана.
5.4. Аж ахуйн нэгж, байгууллагуудын тусгай зөвшөөрлийн хүсэлт /шинээр олгох, нэр шилжүүлэх, эрх сэргээх, сунгах, хаяг шилжүүлэх, захирлын нэр солих, хаясан гээснийг дахин олгох/-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн өргөдөл, эрэлт, хүсэлт, үйлчилгээ хариуцсан ажилтан /цаашид үйлчилгээний ажилтан гэх/ хүлээн авч, Үйлчилгээний нэгдсэн програмд бүртгэн, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтэн нарт илгээнэ.
5.5. Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтэн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн салбар хариуцсан мэргэжилтэний хамт газар дээр нь очиж анхан шатны хяналт хийн, мэдээлэл бэлтгэж, комиссын хуралд танилцуулна.
5.6. Комиссын хурлыг ажлын 21 хоногт 1 удаа хийнэ. Шаардлагатай тохиолдолд Комиссын даргын санаачилгаар ээлжит бус хурал зарлан хуралдуулна.
5.7. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагад Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёр жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгоно.
5.8. Тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох барим бичгийг хүлээж авсан Үйлчилгээний ажилтан баримт бичгийн хуудасны тоо, хариу мэдэгдэх хугацааг тусгасан магадлагааг аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.
5.9. Тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын 21 хоногт багтаан шийдвэрлэнэ.
5.10. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгоно.
5.11. Кафены ангиллаар үйл ажиллагаа эрхлэгчдэд зөвхөн спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоно.
5.12. Хүнсний зах, худалдааны төв, бөөний худалдааны газарт тусгайлан тохижуулсан лангуу, агуулах бүхий зөвхөн 1 цэгт зөвшөөрөл олгоно.
5.13. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудад стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно.
5.14. Улирлын чанартай үйлчилгээ болон олон нийтийг хамарсан арга хэмжээнд шаардлагатай тохиолдолд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар олгоно.
5.15. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны www.ubservice.mn сайтад байршуулж нийтэд мэдээлнэ.
5.16. Дагуул хотын захирагч өөрийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.

Зургаа. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах

6.1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1-д заасан байршлаас гадна дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:
6.1.1. Энэ журмын 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй тохиолдолд;
6.1.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, тэр нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд;
6.1.3. Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгоогүй;
6.1.4. Ханан пийшин, ил задгай зуухан халаалттай, зөөврийн усан хангамжтай байранд;
6.1.5. Улсын комисс хүлээж аваагүй, шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлыг мэргэжлийн байгууллагын зураг төсөл, дүгнэлтийн дагуу гүйцэтгээгүй барилга байгууламжинд;
6.1.6. “Орон сууцны тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно/ дэх заалтыг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн хана цөмлөх, тагтыг эвдэх зэргээр гадагшаа хаалга, шат гаргасан, өргөтгөл хийсэн газруудад;
6.1.7. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 /... зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах/ дахь заалтыг зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах үйлчилгээнд;
6.1.8. Эрх бүхий байгууллагаас газар хөдлөлтөнд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй, нурах аюултай нь тогтоогдсон барилга байгууламжинд;
6.1.9. Худалдаа, үйлчилгээний байр нь холбогдох стандартын шаардлагыг хангасан тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй боловч Тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг хангаагүй;
6.1.10. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 100 метрийн тойрогт;
6.1.11. Бүх төрлийн хүнсний биш барааны худалдааны төвийн үйлчилгээний танхим, түрээсийн лангуунд;
6.1.12. Түргэн үйлчилгээний цэг, мухлагт;
6.1.13. Орон сууцны нэг болон зоорийн давхарт баарны ангиллаар;
6.1.14. Хоол үйлдвэрлэлгүй /гал тогоогүй/ үйлчилгээний газруудад;
6.1.15. Орон сууцны нэг болон зоорийн давхарт бөөний төв ажилуулах хүсэлт гаргасан тохиолдолд;
6.1.16. Аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд өөр аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр тусгай зөвшөөрлийн хүсэлт гаргасан тохиолдолд;
6.2. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол үндэслэлийг зааж тухайн аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр хариу өгнө.
6.3. Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтээр баталгаажсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

Долоо. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

7.1. Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тавигдах шаардлагыг зөрчсөн тухай хяналт тавих эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг Комиссын хурлаар хэлэлцүүлж, хурлын шийдвэрийг үндэслэн Хотын Ерөнхий менежерийн тушаалаар түүнийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ:
7.1.1. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг зөрчсөн, согтууруулах ундаа тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах түүгээр үйлчлэх ажилд 21 насанд хүрээгүй хүн авч ажиллуулсан, 21 насанд хүрээгүй хүнд үйлчилсэн;
7.1.2. Нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгоогүй гомдол удаа дараа татварын албанд ирсэн;
7.1.3. Тусгай зөвшөөрөл олгох тухай Хотын Ерөнхий менежерийн тушаал гарснаас хойш 1 сарын хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй;
7.1.4. Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хугацаанд нь хийлгээгүй;
7.1.5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 61, 2013 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын 2 дахь заалт /2.1-2.15/-ыг хэрэгжүүлээгүй;
7.1.6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан удаа дараагийн гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдсон;
7.1.7. Онцгой нөхцөл, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан гарсан захирамж, тушаалыг зөрчсөн;
7.1.8. Холбогдох хууль тогтоомжоор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон заалтыг зөрчсөн;
7.1.9. Энэ журмын 12.1-д заасан эрх бүхий албан тушаалтнаас хяналт тавих үйл ажиллагаанд саад учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон;
7.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
7.3. Дагуул хотын захирагч өөрийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Найм. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

8.1. Комиссын хурлын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер, дагуул хотын Захирагчийн тушаалаар дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
8.1.1. Нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй, суутгасан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгоогүй гомдол 2 болон түүнээс дээш удаа Татварын албанд ирсэн тохиолдолд;
8.1.2. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлсэн, худалдсан;
8.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
8.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;
8.1.5. Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
8.1.6. Хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай цагдаа, мэргэжлийн хяналт, татварын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн нь үндэслэлтэй бол;
8.1.7. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй, зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн;
8.1.8. 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, 21 насанд хүрээгүй хүн ажиллуулсан, энэ зөрчлийг нэг жилийн дотор давтан гаргасан;
8.1.9. Энэ журмын 10.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан;
8.2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5.1; 5.2; 5.3; 5.8; 5.9; 5.10-т заасан журмыг зөрчиж үйлдвэрлэсэн буюу импортолсон, эсхүл хяналтын шинжилгээний дүгнэлтгүй согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, дахин олгохгүй.
8.3. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харъяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

Ес. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх

9.1. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд эрх сэргээх асуудлыг хэлэлцэхгүй.
9.2. Тусгай зөвшөөрлийг хугацаанд нь аваагүйгээс түдгэлзүүлсэн тохиолдолд эрх сэргээх асуудлыг 3 сараас өмнө авч хэлэлцэхгүй.
9.3. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, энэ журмын 4.1, 4.2.4-т заасан бичиг баримтыг бүрдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг Комиссын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ.
9.4. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж ахуйн нэгж, байгууллагад дахин тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 2 жилийн хугацаанд авч хэлэлцэхгүй.
9.5. Дагуул хотын захирагч өөрийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлийн эрх сэргээх асуудлыг шийдвэрлэнэ.

Арав. Хориглох зүйл

10.1. Тусгай зөвшөөрөлтэй газарт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.5, 7.6, 7.7-д зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно;
10.1.1. Хотын албан татварын тухай хуулийн хүрээнд суутгасан татвараа нуун дарагдуулах;
10.1.2. Тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах;
10.1.3. Орон сууцны барилгын үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах;
10.1.4. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон цагийн хязгаарыг зөрчих;
10.1.5. Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлын баталгаажилтгүй, тохирлын гэрчилгээгүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;
10.1.6. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн газрыг ашиглах, тусгаарлаж хайс, хашаа барих;
10.1.7. Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа;
10.2. Тусгай зөвшөөрөлгүй болон тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно;
10.3. Бөөний худалдааны төвд согтууруулах ундааг жижиглэнгийн үнээр худалдахыг хориглоно.
10.4. Жижиглэн худалдааны газруудад худалдаалж буй согтууруулах ундааны хэмжээ нь хүнсний бараа бүтээгдэхүүний 10 хувиас ихгүй байна.
10.5. Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт эрхэлдэг аж ахуйн нэгжийн лого тэмдэг, согтууруулах ундааны сурталчилгаа /зураг/ байршуулах, ил болон далд хэлбэрээр сурталчилахыг хориглоно.
10.6. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн програмд бүртгэгдээгүй хүсэлтийг Комиссын хурлаар хэлэлцүүлэхийг хориглоно.
10.7. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтнууд энэ журмын 4 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичгийг аж ахуйн нэгж, байгууллагаас үндэслэлгүйгээр шаардахыг хориглоно.

Арван нэг. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх

11.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авах;
11.2. Тусгай зөвшөөрлийн эрхийг түдгэлзүүлсэн хугацаа дууссан тохиолдолд энэ журмын 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу сэргээлгэх;
11.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих явцад хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд шаардлага тавих буюу дээд шатны албан тушаалтанд мэдэгдэх;

Арван хоёр. Хяналт

12.1. Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүрэг, хорооны Засаг дарга, дагуул хотын Захирагч, цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
12.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарь зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаарх баримт бүхий мэдээллийн дагуу хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авна.
12.3. Тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол тухайн аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна.

Арван гурав. Хариуцлага

13.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дагуул хотын Захирагчид хандан, Комиссын хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
13.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

Та дээрх журмыг дэмжиж байна уу?
Та саналаа дэлгэрэнгүй бичнэ үү!
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms