НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТИЙН БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч, байр ашиглагчийн эрх үүрэг, хариуцлага, үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч, байр ашиглагч нь Монгол Улсын Үндсэн хууль, тогтоомж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам” болон бусад холбогдох журмыг дагаж мөрдөнө.
1.3.Нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоод журам баталж, энэхүү журмын хавсралтаар баталсан үлгэрчилсэн загварын дагуу байр ашиглагчтай гэрээ байгуулсан байна.
1.4.Энэ журамд заасан дараах нэршлийг дор дурьдсан утгаар ойлгоно.
1.4.1.“Нийтийн байр” гэж өөрийн эзэмшлийн 5-с дээш өрөө бүхий амьдран суух зориулалтаар ашиглуулж байгаа барилгыг;
1.4.2.“Нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч” гэж өөрийн эзэмшлийн барилгыг бусдад гэрээний үндсэн дээр ашиглуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
1.4.3.“Нийтийн байр ашиглагч” гэж нийтийн байр /нэг болон түүнээс дээш өрөө/-ыг энэ журмын хавсралтад заасан гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийг;
1.5.Нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч нь харьяа дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байна.

ХОЁР. НИЙТИЙН БАЙРНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1.Нийтийн байр ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол, нэр хүндийг хохироохгүй, нийтийн дэг журмыг гажуудуулахгүй, эрүүл аюулгүй тав тухтай орчинг бүрдүүлж, гэмт халдлагаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах, энэ талаар иргэн, төрийн байгууллагад мэдээлэх;
2.3.Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар мэргэжлийн байгууллагын болон бусад эрх бүхий албан тушаалтнаас тавьсан шаардлагыг биелүүлж хамтран ажиллах, нийтийн дэг журмыг бэхжүүлэх талаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцох;
2.4.Хог хаягдлын тухай хуульд заасан хогийн сав, бункер ашиглаж, ил задгай хог хаягдалгүй байлгах, дүүрэгтэй гэрээтэй хог хаягдал тээвэрлэх байгууллагатай гэрээ байгуулж, батлагдсан хуваарийн дагуу хогоо тээвэрлүүлэх;
2.5.Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулах нийтийн их цэвэрлэгээнд байр ашиглагчдыг идэвхитэй оролцуулах, хөл газрын ургамал, цас мөсийг цэвэрлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, дадал зуршилыг хэвшүүлэх;
2.6.Орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, мод бут, сөөг, зүлэг тарьж ургуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө хайс, хашлага, сандал, хогийн савыг арчилж, хамгаалах, хаяг, хаягийн байгууламжийн холбогдох журмыг мөрдөх;
2.7.Бичиг баримтгүй, иргэдэд үйлчлэхгүй байх, нийтийн байр ашиглагчийг бүртгэлд авч, мэдээллийн санд оруулах;
2.8.Хороо, цагдаа болон хуулийн байгууллагатай хамтран иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэн, “Хөршийн холбоо”-г ажиллуулах;
2.9.Татварын нэгдсэн системд холбогдон е-баримтыг олгон баталгаажуулах;
2.10.Энэ журмын 3.2 дахь заалтыг нийтийн байр ашиглагчаас хэрэгжүүлэхийг шаардах;
2.11.Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж, холбогдох хууль тогтоомж мөрдөх;
2.12.Газрын гэрчилгээтэй, мэдээллийн санд кадастрын зургийг бүртгүүлсэн, газрын төлбөр төлсөн, нийтийн байраа даатгуулсан байх;
2.13.Нийтийн байр ашиглагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн байранд 2-оос дээш оршин суугчдыг хамарсан гэдэсний халдварт болон агаар дуслын замын /менингит, гепатит, салхин цэцэг, улаан бурхан, гахайн хавдар, сүрьеэ г.м/ өвчин гарсан тохиолдол бүрт Халдварт өвчин судлалын үндэсний төв, харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээллэх;
2.14.Нийтийн байр ашиглагч нь 3.1 дэхь заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн байрнаас гарахыг шаардах;

ГУРАВ:НИЙТИЙН БАЙР АШИГЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1.Нийтийн байр түүний ойр орчимд нийтийн хэв журам зөрчсөн үйлдэл гаргахгүй, орчны бохирдол үүсгэхгүй байх;
3.2.Оршин суух хугацаанаас үл хамааран 7-10 хоногийн дотор оршин сууж байгаа хорооны Засаг даргад бүртгүүлэх;
3.3.Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх;
3.4.Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх;
3.5.Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулах нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцох, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тухай бүр төлөх, хог хаягдлаа тээвэрлэх эрх бүхий байгууллагад хуваарийн дагуу ангилж шилжүүлэх;
3.6.Болзошгүй аюулаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, эрүүл тохилог орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг шаардах;

ДӨРӨВ: НИЙТИЙН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1.“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-д заасан худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлагаас гадна дараах шаардлагуудыг хангасан байна;
4.1.1.Нийтийн байрны нүхэн жорлон, угаадасны нүх нь Монгол Улсын стандарт “Нүхэн жорлон, угаадасны нүх”, Техникийн шаардлага MNS 5924:2015 стандарт, цэвэр бохир усны системд холбогдсон тохиолдолд цэвэр ус нь “Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүйн байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг тус тус хангаж байх;
4.1.2.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах байгууллага, нэгж стандарт шаардлага хангасан зуух, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан түлш хэрэглэх;
4.1.3.Шаардлага хангасан телекамер, нэгдсэн сүлжээнд холбогдсон дохиолол хамгаалалтын системтэй байх;
4.1.4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, мэдээллийн самбар, шаардлагатай утасны дугаарыг байрлуулах;
4.2.Нийтийн байрны үйлчилгээ эрхлэхдээ Харьяа дүүргийн Засаг даргын дэргэдэх “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-тэй үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж дараах баримт бичгийн бүрдлийг хангасан байна. Үүнд:
4.2.1.Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлын дүгнэлт;
4.2.2.Цагдаагийн байгууллагаас мэдээллийн нэгдсэн санд холбогдсон, стандартын шаардлага хангасан хяналтын камер суурилуулсан талаархи тодорхойлолт;
4.2.3.Барилгын дотор цахилгааны угсралтад ачааллын хэмжилтийг эрчим хүчний мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн дүгнэлт;
4.3.Нэгдсэн програм хангамж, сүлжээ, цахим бүртгэлийг хэрэглэх шаардлага хангасан техник тоног төхөөрөмж байх;
4.4.Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь аюулгүй байдлыг хангасан, гал түймрийг хохирол бага, богино хугацаанд унтраах бололцоог хангасан байх;
4.5.Орон сууцны барилга зураг төсөл, норм, дүрмийн дагуу баригдсан байна.
ТАВ. ЭНЭХҮҮ ЖУРМЫГ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА.
5.1.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ;
5.2.Нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч нь журамд заагдсан шаардлагыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчвөл, холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл”-тэй байгуулсан гэрээг хүчингүй болгоно;
ЗУРГАА. Бусад зүйл
6.1.Энэхүү журам нь Нийслэлийн нутаг дэвсгэрт .......... оны ......... дугаар сарын .........-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Та дээрхи журмын төслийг дэмжиж байна уу? *
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service