БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ЭРДЭМТЭН МЭРГЭД, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХАНДАЖ  УРИАЛАХ НЬ

Монгол улс тогтвортой хөгжихийн шавхагдашгүй эх булаг -  чанартай боловрол, ёс зүйт хүмүүн төлөвшлийн таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий бодит хөрөнгө оруулалт хийх, улмаар хөгжлийн түүчээ хүчин болсон багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, эх эцгийн чинээлэг амьдралыг санхүүгийн хувьд баталгаажуулсан нийгмийн тогтолцоог төлөвшүүлэх нь эдийн засаг эрчимтэй, бодитой өсөх  үндэс гэж МСДН үзэж байна.

Эл зорилгод хүрээгүй эдийн засгийн өсөлт нь  ард иргэдэд хоромхон зуурт үзэгдэх хөөс адил тусаж, эцсийн дүнд баян ядуу нийгмийн ялгарлыг улам гүнзгийрүүлж байна.   Баян ядуугийн зааг ялгаа цаашид даамжирвал удам дамжсан  нийгмийн давхраажилтыг дархлаажуулж, Монгол улсын хөгжлийг  явцгүй болгон, харийнхны эрхшээлд бүр мөсөн автах үл үзэгдэгч занга болж хувирна.

Монгол үндэстэн хөгжих үндсийн үндэс нь боловсролын тогтолцооны хувь заяатай шууд холбоотой.

Монголын боловсролын хөгжлийн хувь заяа бидний сайн сайхнаар төсөөлж байснаас огт өөрөөр эргэж байгаа гэдэгтэй Та бид санал нийлнэ байх. Энд элдэв тоо баримтаар толгой эргүүлэх шаардлагагүй. Олон улсын мэргэжлийн шинжээчид, манай боловсрол судлаачдын үнэлгээний тайлан үүнийг бэлхнээ илтгэж байгаа юм. Өнөөдөр үүнийг ухаарч эс ойлговоос улс орныг бүрхсэн ядуурлын гамшиг айсуй нь таамаглал бишээ.

.

Энэ бүхэн юунаас үүдэв?

Төр засгийн төсөв, мөнгө, татвар, орлогын шударга хуваарилалтын бодлого гажуудсны улмаас Монголын нийгэм тогтвортой хөгжих үндэс суурь тавигдаж чадахгүй байна. Энэ нь юуны түрүүнд боловсролын тогтолцооны хөгжилд шууд сөргөөр нөлөөлж байна. Энэ гажуудал нь үндэсний эдийн засгийн зохист бүтэц бүрэлдэн хөгжихэд саад учруулж буй үндсэн шалтгаан болж байна.

Бид цаашид юу хийх вэ?

  1. Улс төрийн хүрээнд:

Плюраль ардчиллын үзэл баримтлал бүхий Үндсэн хуулиа сайжруулж хамгаалах, төрийн байгуулалтын шинэтгэлийг механик аргаар биш, нарийвчилсан үнэлгээ шинжилгээний дүнд суурилан дахин инженерчлээр хийх, улс төрийн тогтолцооны бүх түвшинд шийдвэр гаргах орчил үйл явцын бүхий л  үйл ажиллагааны хэлхээ, үе шат бүр ил тод, тунгалаг байх зарчмаар өөрчлөлтийг иргэдийн бодит оролцоотой гүйцэтгэх, бүх шатны төрийн байгууллагад бүрэн хамралттай чанарын менежментийг үр ашигтай, хамгийн бага зардлаар хэрэгжүүлэх

  1. Эдийн засгийн хүрээнд:

Эдийн засгийн хөгжлийг зөвхөн өсөлт, бууралтын тоогоор биш, дундаж амьдрал бүхий  айл өрхийн орлогоын хувь Үндэсний нийт бүтээгдэхүүнд эзлэх жингийн өсөлтөөр хэмжих, дундаж давхраажилд хамаарах иргэдийн нийгэмд эзлэх жинг тасралтгүй нэмэгдүүлэх замаар баян ядуугийн орлого, амьдралын чанарын түвшингийн ялгааг багасгах тоон үзүүлэлтээр хөгжлөө хэмжиж жигнэх жишиг төлөвшүүлэх, шинжлэх ухааны, юуны түрүүн суурь судалгааны санхүүжилтийг байнга нэмэгдүүлэх, эх үүсвэрийг олшруулах замаар боловсролын тогтолцоог чанаржуулах

  1. Нийгмийн секторын хүрээнд:

Боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тогтолцооны хөгжилд хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн өнөөдөртөө л мэдрэгдэх арилцааны ашиг хонжоогоор биш, ирээдүйн мэдлэгт суурилсан нийгэмд үзүүлэх маргаашийн эдийн засгийн үр ашгаар тооцоолох, багш нарын амьдлралын түвшинг байнга нэмэгдүүлэхдээ цалингийн тоо хэмжээг механик нэмэлтээр биш, төгрөгийн худалдан авах чадварын чангаралтаар баталгаажуулах, нийгэмд баримжаалсан төрийн бодлогоор нийгмийн даатгалын шинэ тогтолцоо төлөвшүүлэх

зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр бодлого хэрэгжүүлэх нь нэн тулгамдсан шаардлага болж байна. Санаа зорилгоо нэгтгэн хамтдаа энэ үйл хэрэгт идэвхтэй оролцох нь нийгмийн хөгжлийн захиалга болжээ.

Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд, эцэг эхчүүд ээ!

Төрийн гэх нэрээр ард түмний өмч хөрөнгөөс тэрбум тэрбумаар нь завших далд сонирхлоор “цоорхой”-той хууль тогтоох зорилгод шунасан бүлэглэлийн эсрэг, нийтийн өмчийг гадаадынхантай хамтарч хуу хамах санаархлаар “тархи угаалт”-ын “гоё”үг, “хуурмаг” амлалт  бүхий кампанит үзэл суртлын эсрэг энэ удаагийн сонгуулиар САНАЛАА нэгтгэцгээе.

МОНГОЛЫН СОЦИАЛ-ДЕМОКРАТ НАМ