“ҮГ” сонин 1991 оны 8-р сар № 21/37/

СЫЗЫФИЙН ЯЛАЛТ

1990 оны 7-р сарын 26-нд Салсбург хотод болсон

Олон улсын бага хурал дээр. Чехсловак улсын ерөнхийлөгч,

 нэрт зохиогч Вацлав Хавелын хэлсэн үг

Хүндэт ноёд, хатагтай нар аа!

Өнгөрсөн 6 сард хэдэн арван жилийн дараа анх удаа чөлөөт сонгууль болсон билээ. Түүнийг залгаад шинэ засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох ажил хэрэгч өдрүүд үргэлжилсэн юм. 7-р сарын 5-нд парламентаас намайг Ерөнхийлөгчөөр сонгож, удалгүй шинэ засгийн газар итгэмжлэлээ авсан билээ.

        Дээрх үйл явдлууд бол манай орчин цагийн түүхийн хамгийн хэцүү түгшүүрт нэгэн үеийн үр дүн байлаа. Тоталитар системийг ардчилсан хувьсгалаар түлхэн унагаасан энэ үе маань сэтгэл хөдлөлөөр дүүрэн, олон тооны яаруу давчуу шийдвэрүүд гаргасан, байнга шинийг сэдэхийг шаардсан, түгшүүр адал явдал хосолсон, элдэв үйл явдлаар баян, хүнд ажлын үе байсан юм. Хэдийгээр энэ бүхэн учир начры нь олоход хэцүү ээдрээтэй зүйл мэт санагдаж болох авч үнэн чанартаа маш сайхан зүүдтэй түүнийг адилтгаж болно. Яг л үлгэрт гардаг шиг, тэгэхдээ сайн сайхнаар төгсдөг үлгэр шиг юм болж өнгөрсөн. Ийм их амжилтад хүрэхийг төсөөлөхийн ч аргаггүй байлаа. Бид бүгдээрээ ерөөс таньж мэдэхгүй газраар явж байсан бөгөөд нэгэн агшинд бидний хөл доорх газар цөмрөхгүй гэж бүрэн итгэл байсангүй.

        Гэвч газар цөмөрсөнгүй. Бүх юм сайн сайхнаар дууслаа. Эцэст нь бид үнэхээр баярлаж, бахархах юмтай цаг ирлээ. Ямраар ч төгсөж болзошгүй байсан хувьсгалын эгзэгтэй үе хойно хоцорч, бидний өмнө ардчилсан төр улсаа төвхнүүлэх амар тайван цагийн ирээдүй нээгдэж байна. Урт удаан хугацааны турш тоталитар системд зовж зүдэрсэн улс орны хувьд үүнээс илүү аз жаргалтай эгшинг төсөөлж болно гэж үү?

        Яг энэ баяр баясгалан бялхсан түүхийн эгшинд надад ер бусын хачин зүйл тохиолдлоо. Ерөнхийлөгчөөр сонгогдчихоод амжилдаа ирсэн анхны өдрөө оюун санаа маань нэг л зогсонги байдалд орсныг мэдэрлээ. Мэнэрч дүйнгэтэн, сэтгэл оюун хоосорсон мэт санагдаж байв. Гэнэтхэн л бодож сэтгэх чадвараа алдаж, зорилго чиглэл, итгэл найдвар, авъяас, чадвар, сэтгэлийн хүчээ алдчих шиг. Хэдхэн өдрийн өмнө дааж давшгүй ажилд дарагдаж, тэр бүхнийг амжуулах цаг зав хүрэхгүй сандарч байсан бол одоо гэнэтхэн юу хийхээ ч мэдэхгүй болчихдог байна.

        Миний зүгээс асар их хүч хөдөлмөр гаргахыг шаардаж байсан толгой эргэм хурдацтай өрнөсөн үйл явдлууд өнгөрмөгц ядарч туйлдсанаа мэдэрч, цаашид ажиллах утга учир алдагдан хэнд ч хэрэггүй болсон мэт санагдав.

        Энэ бол санаа сэтгэлийн үнэхээр хачин байдал байлаа. Түүнийг залуур жолоогүй архидсаны дараах шарталттай ч юм уу, сайхан зүүд зүүдэлж байгаад хар бор амьдралынхаа дунд сэрэхтэй ч юм уу, эсвэл хайртдаа араараа тавиулсан эр хүний сэтгэлтэй ч бага зэрэг зүйрлэж болох юм.

        Гэтэл би ганцааараа ийм байдалтай байсангүй. Прага дахь ордонд надтай хамтран зүтгэж буй олон тооны нөхдүүд маань надтай нэгэн адил ер бусын байдалтай байсан юм.

        Ийнхүү яруу найраг, багт наадам дуусч жирийн амьдралын өдөр эхэлсэн билээ. Тэгэхэд л бид ямар их хүнд ачаа нуруундаа үүрэх болж, хичнээн их хүнд хүчир боловч тэр бүр үнэлэгддэггүй ажил хүлээж байгааг ойлголоо. Үйл явдлын галзуу мэт хурд бидэнд амсхийх, нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, хүлээж авах үүрэг зорилгоо биелүүлж чадах эсэхээ бодож цэгнэх боломж олгоогүй юм. Бүхий л хүч бололцоогоо үйл явдлын ширүүн урсгалд автагдан живчихэлгүй тэсэж үлдэхэд зориулж байлаа. Эцсийн эцэст сонгож авсан хувь заяаныхаа ямар хүнд хэцүү болохыг бүрэн ухамсарлан ойлгох цаг ирэх нь энэ ээ.

        Энэ мөчид мөн өнгөцхөн бодоход ямар ч учир шалтгаангүй гэмээр хаашаа ч гарах гарцгүй байдалд орсон мэт сэтгэгдэл төрөв.

        Бид бүхний дотор хаа нэгтэй арай хэрээс хэтэрсэн ачаа нуруундаа үүрэх болчихов уу даа, өөрт хүлээсэн үүргээ биелүүлж чадах болов уу гэсэн аймшиг нуугдаж байлаа. Энэ нь өөрсдийнхөө төгс төгөлдөр биш болохоос айсан айдас ер нь өөрсдөөсөө айсан хэрэг юм.

        Эцэст нь ерөөсөө энэ бүхэн ямар ч утга учиргүй зүйл мэт сэтгэгдэл намайг эзэмдэв. Үүнийг нэгэн сайхан өдөр Сызыфийн чулуу уулын орой дээр эргэж унахгүйгээр тогтчиховол тэр сэтгэл санааны ямар байдалтай болохов гэдэгтэй зүйрлэж болох юм. Сызыф өөрийнх нь хүч хөдөлмөр хэзээ нэгэн цагт үр дүнд хүрнэ гэсэн сэтгэл санааны бэлтгэлгүй учир түүний чулуу уулын орой дээр тогтчихвол түүнтэй хамт амьдралынх нь утга учир алдагдан цаашид хэрхэн амьдрахаа мэдэхгүй хачин байдалд орох болно. Бид үүнтэй л адилхан байдалд орсон юм.

        Жил орчмын өмнө энэхүү нөр хүндтэй баяр наадмын ажиллагааг нээж товчхон үг хэлнэ үү гэсэн урилгыг хүлээн авахдаа ийнхүү өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй ч гэсэн хэлэх үгээ бичээд явуулчихаж болох юм гэж бодоод дээрх урилгыг дуртайяа хүлээн авсан билээ.

        Гэвч хэлэх үгээ бэлтгэх зав олдохгүй байсаар сонгууль өнгөрөөчихлөө. Сонгуулийн дараа л арайхийн тухтай суун бичих зав цаг олдсон юм. Гэтэл энэ нь миний улс төрөөр шартчихсан үетэй давхацчихдаг юм байна. Яг бичих гэтэл юу ч бичих чадваргүй болчихсон байдаг. Нэг л дүйнгэ, хөндий хоосон, ямар ч чадвар тэнхээгүй болсон мэт байлаа.

        Уул нь айдсын тухай бичих гэсэн юм. Гэтэл нөгөө айдас маань намайг бичих чадваргүй болгочихдог байна. Бичих гэж байгаа сэдэв, ер нь бичнэ гэдэг надад айдас төрүүлж байлаа. Өөрөөр хэлбэл өөрөөсөө, өөрийнхөө чадваргүй байдлаас айж байлаа. Энэ бол онцгой хачин, гажигтай зүйл юм.

        Ийм шартсан мэт хачин дүйнгэ байдал зөвхөн надад тохиолдсон юм биш. Дээр өгүүлсэн айдас хүйдэс ч мөн ялгаагүй. Зөвхөн Чехословакаар зогсохгүй бидэнтэй нэгэн адил тоталитар системээс гарч буй төв болон зүүн европын бусад орнуудад мөн ялгаагүй дээр өгүүлсэн айдас хүйдсийн илрэл, мэнэрч дүйнгэтсэн байдалтай байгаатай олон удаа учирсан билээ.

        Эдгээр орны ард түмэн хүсэж хүлээсэн эрх чөлөөгөө арай ядан олж авсан юм. Гэтэл нөгөө хүссэн эрх чөлөөгөө арай ядан олж авмагцаа гайхширан балмагддаг байна. Учир юу вэ гэвэл тэрбээр эрх чөлөө гэдгээс бүүр ангижран төсөөрөөд, түүнийгээ эдлэх арга ухаанаа олохгүй балмагдсан хэрэг. Тиймээс ч нөгөө зовж олсон эрх чөлөөнөөсөө эргээд өөрснөө айж байна. Яг л амьдрал нь утга учиргүй болсон мэт.

        Мөн эдгээр орны хүмүүсийг шинэ маягийн айдас эзэмдэж байгааг ажиглаж болно. Энэ нь ирээдүйгээсээ айх айдас юм. Тоталитаризм ноёрхож байхад хүмүүсийн амьжиргаа дорой боловч баталгаатай байсан бол өнөөдөр олон хүмүүст амьдрал нь ямар ч баталгаагүй болсон мэт бодогдох боллоо. Хуучин нийт хүмүүсийг ганцхан тоталитар дарангуйллын систем айлгадаг байсан бол тэр нь одоо таньж мэдэхгүй, эсвэл төсөөрч ангижирсан олон тооны шинэ аюулуудаар солигджээ. Үүнд үндэстэн хоорондын зөрчлөөс эхлээд нийгмийн чанартай ололтуудаа алдахаар дамжуулан эцэст нь мөнгө, арилжаа наймаа, эдэлж хэрэглэхийн дон нийтэд ноёлох аюул гэх мэт олон зүйлийг нэрлэж болно.

        Бид ялагдах, хавчигдах, дарлуулахыг сайн мэддэг, түүндээ ч дасаж зохицсон байсан. Магадгүй тиймээс өнөөдөр ялсандаа балмагдан хэнч биднийг хавчиж шахахгүйд гайхширч байж болох юм.

        Түүгээр ч барахгүй хуучнаа мөрөөдөх, хуучин руугаа тэмүүлэх үзэгдэлтэй ч хааяа тааралддаг юм. Урьд нь бидний амьдрал нарийхан голдрилоор урсаж, эрэг хөвөө нь ч тодорхой байдаг байлаа. Гэтэл өнөөдөр бид таньж мэдэхгүй усанд хөвж, нөгөө эрэг хөвөө нь ч алга болж, балмагдалд оржээ.

        Бид тусгаарлагдмал байдалдаа дасаж идээшсэн шоронгийн хоригдолуудтай адилхан болсон мэт. Тэрээр гэнэтхэн хүсэж мөрөөдөж явдаг эрх чөлөө нь олдмогц түүнийгээ хэрхэн яаж эдлэхээ мэдэхгүй, нөгөө талаас биеэ даан амьдрах, өөрөө өөрийнхөө асуудлыг байнга шийдэж байх шаардлага тэдэнд айдас төрүүлж байна.

        

        Хувийнхаа болон өөрийн орны ард түмний жишээн дээр тулгуурлан дээр өгүүлсэн нийгмийн байдал зөвхөн манай ч биш ер нь төв европын орнуудад нийтлэг зүйл мэт санагдана. Бид бүхэнд бусдыг бодвол илүү их айж эмээж явах, заримдаа бүр ямар ч учир шалтгаангүй тохиолдолд айж байх хувь оногдсон мэт бодогддог.

        Түүхээс айх айдас бидний хувьд зөвхөн ирээдүйгээсээ айх айдсаар хязгаарлагдахгүй бас өнгөрсөнөөсөө ч айх айдсаар тодорхойлогдоно. Энэ хоёр айдас харилцан биенээ нөхцөлдүүлж байдаг гэж ч болно.  Хэн ирээдүйгээс айж байна тэр бас өнгөрсөнтэйгөө халз нүүр тулахаас айдаг. Мөн хэн явсан мөрөө эргэж харахаас айна тэр ирээдүйгээсээ ч бас айна.

        Ертөнцийн энэ хэсэгт байнга тохиолддог нэг зүйл гэвэл нэг худал хуурмагаас айж түүнээс гарах арга зам, аврал хайхдаа дараагийн худал хуурмагийг төрүүлдэг явдал юм. Гэтэл ямарваа нэг худал хуурмаг зүйл  өөр нэг худал хуурмагаас аврах аврал болж чаддаггүй билээ. Жишээлэхэд л манай Чехословакт социалист диваажингийн тухай Сталины хуурмаг сургаал биднийг юуны ч өмнө аварч чадаагүй юм. Түүхийг гуйвуулагчид ард түмний эрх чөлөөг хамгаалдаггүй, харин түүнд аюул учруулж байдаг байна.

        Ямар ч ял зэмгүйгээр өөрийн өнгөрсөн түүхийг өөрчилчихөж болно, түүнийг залилаад өнгөрчихөж болно гэдэг үзэл бол төв европод уламжлал болж тогтсон зүүд зэрэглээ шиг зүйл юм.

        Хэрэв хэн нэгэн өнөөдөр ингэх гэж оролдвол өөртөө төдийгүй ард түмэндээ гай тарих болно. Учир нь үнэн ёс бүрэн дүүрэн эрх чөлөө байж чадахгүй.

        Их бага ямар нэгэн хэмжээнд буруутай хүмүүс асар олон байгаа нь ойлгомжтой. Хэрэв бид өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй л юм бол бид уучлагдахгүй бөгөөд бидний оюун санаанд амар тайван байдал айлчлахгүй.

        Буруугаа хүлээсэн хүн хүлээснээс ангижирч эрх чөлөөтэй болдгийг би өөрийн бие дээр амсаж мэдэрсэн. Сэтгэлийн ихээхэн хүч гаргаж байж өөрийнхөө гаргасан алдаатай алхмуудыг тунгаан шүүмжилсний дараа сэтгэл оюун маань цэвэршин нэг л сайхан болж билээ.

        Үнэнч чанар, үнэн ёс хүнийг айдас хүйдсээс ангижржуулдаг гэж нотлох байна, Европын манай хэсэгт бусдын жишгийг дагалгүй үнэнийг чангаар хэлэх гэж хичээж явсан хүмүүс олон бий. Тэгснээрээ тэд аливаад бодитой, хүлээцтэй хандах, хүмүүсийг ойлгох, уучлах чадвар, хэр хэмжээгээ мэдэх, элэгсэг дотно байх чадвараа хадгалж үлдсэн юм. Яагаад гэвэл тэд үнэнээс айлгүй, үнэнийг хэлж байсан бөгөөд эсрэг тохиолдолд шаналж үхэх байсан байх.

        Манай төв европын өвөрмөгц айдас түүхэнд олон гамшиг тарьсан юм. Орон нутгийн болон дэлхий нийтийн чанартай олон тооны зөрчил, мөргөлдөөн чухамхүү энэ айдсаас гаралтай болохыг нотолж болно. Өөрийн өчүүхэн байдал, ертөнц дэлхийгээс айсан айдас олон удаа хүч түрэмгийлэл, харгислал, үзэн ядах үзэлд хүргэж байсныг бид мэднэ.

        Гэхдээ аливаа айдас заавал муу юманд хүргэнэ гэж бодож болохгүй.

        Өөрийн чадвар мэдлэг дутмагаас айсан айдас биднийг улам шаргуу ажиллах, хүчээ бүрэн дайчлах шалтгаан болж болно. Бурхны өмнө ч юм уу эсвэл өөрийн сэтгэлээс айсан айдас бидэнд зориг нэмж болно. Эрх чөлөөнөөс айж буй айдас энэхүү эрх чөлөөгөө зөв эдэлж ашиг тусыг нь амсахад тусалж мэднэ. Мөн ирээдүйгээсээ айх айдас сайн сайхан ирээдүй бий болгох боломж бидэнд олгож болох юм.

        Хүн хэдий чинээ аюулыг мэдэрч чадаж байна, төдийчинээ дээрх аюулуудаас өөрийгөө хамгаалах боломжтой болно.

        Ер нь би оюун санаа хоосорч, амьдралын утга учир алдагдсан мэт санагдах нь үнэн чанартаа өөрийн ажил, амьдралын шинэ утга, агуулгыг хайх үндэс гэж үздэг. Хамгийн гүн гүнзгий эргэлзээ, хямрал дундаас шинэ итгэл төрдөг шүү дээ. Ямар ч найдлаггүй мэт байдал маань жинхэнэ хүн ёсны итгэл найдвар төрж, өсөх хамгийн шимтэй хөрс ч болохыг үгүй гэх газаргүй. Ертөнц дэлхий, амьдрал утга учиргүй мэт санагдаж, бодогддоггүйсэн бол түүний утга учрыг эрж хайж, олж мэдэрч болно гэж үү.

        Энэхүү үгийг хэлэхдээ би төрийн тэргүүний үүднээс биш харин өөрийн эргэлзээ тээнэгэлзэл, мухардмал авралгүй байдалд орсон мэт сэтгэгдлээсээ хуваалцахыг хүслээ. Харин үгийнхээ төгсгөлийг бодитой, үр ашигтайгаар хийхийг хүсэж байна.

        Төв европын нийт оршин суугчид та бүхэнд хандан бидний ужиг болсон айдас хүйдсийн эсрэг түүний нөхцөл шалтгаан, эх үүсвэрийг тууштай арилгахад хамтран тэмцэхийг уриалж байна. Хамтын хүчээр европын манай хэсэгт аль болох хурдан улс төр, эдийн засаг, соёлын хэлхээ холбоог байгуулж, тэгснээрээ бидний хамтын ирээдүйд занал учруулж буй аюул, бид бүхний айдас хүйдсийн үндсийг таслах гэж хичээцгээе!

        Түүхийн хүнд хүчрийг туулсан энэ бүс нутагт зөвхөн худал, хуурмагаас төдийгүй мөн үнэнээс айх, айдсаас ангижрахын төлөө хичээцгээе! Одоо бие биенийхээ нүүрийг харц буруулалгүй яаралгүй тайван харцгаая. Манай өнгөрсөн, одоо, ирээдүйг сэтгэлийн хөдөлгөөнд авталгүй анхааралтай харцгаая. Түүнийг үнэн бодитойгоор ойлгосон цагт л хоёрдмол байдлаас сэрэмжлэх болно.

        Бидний эргэлзээ тээнэгэлзэл, бидний айдас хүйдэс, бидний арчаагүй мухардмал байдлын ёроолоос европ маягийн шинэ сэтгэлгээний өчүүхэн ч болтугай үр үндсийг хайж олохыг хичээцгээе. Өөрийн хувийн болон хамт олны сонирхлоос дээгүүр, өнөө үеэсээ дээгүүр харахаас айдаггүй сэтгэлгээний төлөө явцгаая.

        Анхаарал тавьсанд баярлалаа.

                                        САЛСБУРГ

                        1990.07.26

Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлүүлсэн А.Ганбаатар