“ҮГ” сонин 1990 оны 06-р сар №5/7/

СОЦИАЛ-ДЕМОКРАТУУД ГЭЖ ХЭН БЭ?

Өнөөдөр манайд социал-демократ гэж юу болохыг мэдээд хэлээд өгчих хүн тийм олон олдохгүй биз ээ. Коммунист үзэл бодлыг тууштай баримтлагчид социал-демократууд руу дайсагнасан байдлаар хандаж, улмаар “бодит социализм”-ын орны хүмүүст тудний талаар аль болох бага мэдүүлж сонсгохыг хичээж байлаа.

Социал-демократ гэдэг үг нь “ардчилсан социализм” гэдэг ойлголтоос эх үүсвэртэй боловч хөгжлийн явцад түүний утга нь өөрчлөгджээ. Орчин үеийн социал-демократууд социализмыг нийгэм улс төрийн төгс төгөлдөр байгуулал, эцсийн зорилго гэж үздэггүй. Ер нь нийгмийн байгууллыг тодорхой нэгэн үл гүйцэлдэх онол, загварын оронд аливаа нийгмийн ихэнх хэсэг нь болох хөдөлмөрийн хүмүүсийн эрх ашигт нийцсэн байнгын хөгжил хөдөлгөөн, шинэчлэлийг авч үздэг юм.

Социнтерн буюу социалист интернационалын хүндэт дарга Бруно Крайскийн хэлснээр: “Социализм бол үзэл баримтлал, тугамдсан асуудлыг шийдэх арга, зам болохоос зорилго биш” юм. Ийнхүү социал-демократуудын үзлээр социализм бол нийгмийн байгууллын тодорхой загвар биш харин эдийн засгийн янз бүрийн систем дээр тулгуурлан хэрэгжиж чадах хөгжил, дэвшлийн арга зам, онцлог шинж болно. Нэгэнт капитализмын үндэс суурин дээр социалист үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлж болж байгаа учир өнөө үед социал-демократууд социализм, капитализм хоёрын нэгийг нөгөөгийнх нь эсрэг байранд тавихыг больжээ.

Ер нь янз бүрийн үзэл сурталууд нийгмийн дотор хуваагдах, хагарахад үйлчилдэг. Гэтэл аливаа намуудын зорилго нь шийдвэрлэвэл зохих тодорхой чухал асуудлууд дээр эвлэрч, хамтрахад чиглэх ёстой. Гэсэн хэдий ч социал-демократ намууд өөрийн шинж чанарыг үл өөрчилж, гол анхаарлаа хөдөлмөрийн хүсүүийн эрх ашгийг хамгаалахад чиглүүлсэн байна.

Социал-демократуудын үзэл баримтлалд хувь хүн онцгой байр эзэлнэ. Тэгэхдээ хувь хүнийг нийгмийн бүлэг, ангиас илүү дээгүүр авч үздэг. Хэдийгээр хүнийг хамгаас дээгүүр авч үзэх боловч энэ нь хүн хязгааргүй эрх эдэлнэ гэсэн үг биш. Хүний эрх, эрх чөлөө нь түүнтэй тэгш эрхтэй бусад хүмүүсийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана.

Социал-демократуудын онцлог шинж бол социализмын тухай ягшмал онол, догмагын эсрэг байдагт оршино. Вилли Брандтын хэлснээр ардчилсан социализмыг ингээд, тэгээд байгуулчихна гэсэн жор байдаггүй. “Социалзим бол маш их өргөн хүрээтэй ойлголт юм. Бид юуг ч тулгахыг хүсэхгүй. Бидний гол баримтлал бол эрх чөлөөтэй сайн сайхан амьдрал бөгөөд үүнийг яаж нэрлэх, тодорхойлох нь тухайн улс орнуудын хэрэг юм” гэж социнтерний ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Дик Торнотр хэлсэн нь бий.

Социал-демократуудын ардчилалын үзэл санаа нь эрх чөлөө ба тэгш эрх гэсэн хоёр үндсэн зарчим дээр тулгуурладаг. Эрхчөлөө нь хувь хүмүүс болон нийгмийн бүлгүүдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болно. Аливаа хүн нь улс төрийн албадлагаас ангид байх ба өөрийгөө хөгжүүлэх хувийн хүсэл эрмэлзлэлийг биелүүлэх бүхий л боломжийг ашиглах эрхтэй. Энэхүү эрх нь зөвхөн ямар ч хүн ба анги, арьс өнгө, нас, хүйс, шүтлэг харгалзахгүйгээр бусдын эрхшээлд байдаггүй тохиолдолд л биелэх боломжтой. Бүхий л хэлбэрийн хавчлага шахалтгүй байх, тэгш эрхтэй байх ба бүх хүн хөгжих, дэвших ижил боломжоор хангагдах нь шударга ёсны үндэс суурь болно. Шударга ёсыг хэрэгжүүлэх явдал нь бие бялдар, оюун санаа болон нийгмийн тэгш биш байдлыг ямар нэгэн аргаар нөхөх, хүмүүсийг үйлдвэрийн хэрэгсэл эзэмшигч болон улс төрийн эрх эзэмшигчдээс үл хамаарах байдлыг бий болгохыг шаардана.

Социалистуудын хувьд ардчилал нь олон ургальч шинжтэй байна. Олон ургаьч үзэл нь ардчилал хөгжил хөдөлгөөнтэй байх нөхцөл болно. Иймээс социал-демократуудууд амьдралын бүхий л салбарт олон ургальч үзлийг хөхүүлэгчид байдаг.

Улс ардын аж ахуйг нийгмийн зүгээс хянах явдал хэзээ хэзээнээс илүү чухал боллоо хэмээн социал-демократуудууд үзэж байна. Үүний тулд:

Ардчиллын хэлбэр янз бүр байна. Гэхдээ хүмүүс улс төрийн зэрэгцээ программууд дотроос чөлөөтэй сонгох эрхтэй байх зөвхөн тэр тохиолдолд л ардчиллын тухай ярьж болох юм. Хувь хүний болон цөөнхийн эрх хамгаалагдсан тохиолдолд хууль бүх иргэдэд нэгэн адилаар үйлчлэх боломжтой. Улс төрийн ардчилал нь социалсист нийгэмд зайлшгүй байх ёстой.

Улс төрийн болон нийгмийн зорилтуудыг хүч үл хэрэглэн, шинэчлэл өөрчлөлтийн аргаар тайван замаар биелүүлж болно.

Социал-демократууд хүч хэрэглэн хувьсгал хийх явдлыг үл хэрэглэдэг. Энэ нь ажилчны хөдөлгөөний коммунист урсгалынхаас ялгарах нэг гол шалтгаан юм. Социнтернд нэгдсэн социал-демократ ба социалист намуудын ихэнх нь марксист эх үүсвэртэй. II Интернационал /1889-1914/-ийн жилүүдэд социал-демократууд, коммунистууд энэ байгууллагын дотор хамтран ажиллаж байсан түүхтэй.

1919 онд Коминтерн үүсэн бий болсноор ажилчны хөдөлгөөний хувьсгалт, реформист урсгалууд нэг ёсондоо салсан юм. Социнтерн 1924 онд Ажилчны Социалист Интернационал нэртэйгээр үйл ажиллагаагаа сэргээсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны эхэнд таржээ. 1951 онд дахин Социнтерн бий болсон. Энэ үед социал-демократууд марксизмаас улам холдсон байлаа. Марксын бодож байснаас өөр замаар дэлхий хөгжлөө. Капиталист нийгэм дэх туйлшрах хандлага ихсэх биш харин багасч, дунд анги нийгэмд  зонхилох болж, хуучин пролетаричууд шинэ нөхцөлд амьдрал нь улам сайжирч буй орчин үеийн шинэ ажилчин анги болж хувирлаа.

Марксизмаас ангижрах үйл явц аажим боловч буцашгүй явагдаж байв. Социнтерний сүүлчийн баримт бичиг болох “Зарчмын тунхаглал” /1989/-д марксизмын тухай нэгээхэн ч дурьдагдаагүй байна. Үүний зэрэгцээ социал-демократ хөдөлгөөний нийгмийн суурь нь ч өөрчлөгдөж шинээр бий болсон орчин үеийн дунд ангийнхныг хамрах болжээ. Үүнээс үүдэн үзэл баримтлалын номлол нь улам уян хатан прагматик шинжтэй болж ирэв.

Дээрх бүх өөрчлөлтүүд гарахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь түүхийн хэдэн арван жилд капиталист хэв загвар ихээхэн өөрчлөгдсөнд оршино. Социал-демократуудын үзэл бодлын нөлөө, тэдний шахалт болон олон тооны улсын засгийн газар дахь социал-демократуудын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд капитализмын нүүр царай ихээхэн өөрчлөгдсөн юм.

Хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа асуудлууд ихээхэн ерөнхий шинжтэй болж түүнийг давж туулахад бүх хүн төрөлхтний нэгдмэл хүчин чармайлт нэн шаардлагатай байгаа өнөө үед социал-демократ үзэл бодол зөвхөн нэг ард түмний ч юм уу орон нутгийн чанартай асуудлуудаас халих хандлагатай байна.

Байгаль орчныг хамгаалах, шинжлэх ухаан-техникийн дэвшил, бүх нийтийн зэвсэг хураалт, улсуудын өрийн асуудал, улс төр, соёлын талаарх олон улсын хэлэлцээрүүд, үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ загвар, эмэгтэйчүүдийн эрх дэлхийн хэмжээн дэх ажилгүйдэл гэх мэтчилэн харьцангуй шинээр бий болсон олон асуудлуудыг социал-демократ эрдэмтэд болон улс төрийнхөн үр дүнтэй шийдвэрлэцгээж байгаа билээ. Энэ нь социал-демократууд үзэл баримтлалын нэр хүндийг ихэсгэж түүний ирээдүйд чиглэгдсэн, бүх хүн төрөлхтний асуудлыг хөндсөн, алс хэтийн төлөвтэй болохыг баталж байгаа юм.

А.Ганбаатар