УРИАЛГА

  2012  оны 6 дугаар сарын 20                                    Улаанбаатар хот

Монгол түмний эс ширхэг болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахан дүүсээ!

           Монгол Улс  ардчилал, зах зээлийн нйигмийг сонгоод даруй 20 гаруй жилийн нүүр үзлээ. Төрийн түшээд нь ард түмнээ гэсэн нэгэн үзүүр сэтгэл барьсан бол хөгжил дэвшилд хүрэхэд хангалттай хугацаа.  Гэвч  төрд шургалсан хомхой сэтгэлтнүүд  авилгал цэцэглүүлж, ард түмний эд баялгийг луйврын аргаар өвөртлөн, ширээнийхээ араас хагартлаа баяжсан “дээдэс”-ийн бүлэг уяагаа улам бэхлэхийг хичээсээр байна. Гэтэл нөгөө талд нь жинхэнэ баялаг бүтээгч  ард олны   дийлэнхийг ядуурал, ажилгүйдлийн хар сүүдэр нөмрөн газар авсаар байна.

Энэ байдал нэн ялангуяа нийгмийн эмзэг хэсэг болох ахмад буурлууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүр ч хүнд тусаж байгааг хараад бид гүнээ сэтгэл түгшиж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид уйгагүй тэмцснийхээ үр дүнд НҮБ-ын 61 дүгээр Ассамблейн батлан гаргасан ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” конвенцид нэгдэх шийдвэрийг 2005 онд УИХ-аар батлуулж чадсан. Харамсалтай нь конвенцид нэгдэн орсноос хойш даруй 7 жил өнгөрсөн боловч эрх баригчдын  сэтгэл зүтгэл дутсаны гайгаар түүнийг хэрэгжүүлэх механизмыг энэхүү конвенцид заасан хэмжээнд бүрдүүлж чадалгүй өнөөдрийг хүрлээ.  Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл хүндэтгэсэн  улс төрийн хүчнүүдийн цэвдэг сэтгэлийн илрэл гэж бид үзэж байна.  

Монголчууд бид дуу хоолойгоо нэгтгэн, нэгэн үзүүр сэтгэлээр тэмцэж чадвал ямар ч шударга бус явдлыг ялах чадвартай, төр улсаа бултаараа  засаж төвхнүүлсээр ирсэн тэнгэрийн заяатай ард түмэн. Нэгэнтээ бий болоод байгаа төр, засгийн гажгийг засах бодит  боломж Та бидний өмнө тулж ирээд байна. 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар монгол түмэн сонголтоо зөв хийж, нэн түрүүнд төрд үүрлэсэн авилгачад, олигархуудыг зайлуулан, нийгмээ цэвэрлэж авах  нь иргэн бидний  нэн хариуцлагатай үүрэг мөн.

Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбоо энэ удаагийн сонгуулиар  нийгмийн ардчиллыг урьтал болгодог Монголын социал-демократ намд итгэл өгч, энэ намаас өөрийн холбооны Ерөнхийлөгчийн нэрийг УИХ-ын сонгуульд дэвшүүлээд байна.

Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний жаргал зовлонг ойлгож  дэмжин туслахад  бэлэн байгаа  нэр цэвэр, МСДН болон тус намаас нэр дэвшигчдийг 2012 оны сонгуулиар идэвхтэй дэмжихийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа манай салбаруудын   гишүүд, дэмжигчид  болон монголын нийт 125 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уриалж байна.

МОНГОЛЫН СОЦИАЛ-ДЕМОКРАТ НАМ

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБОО