БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
2010 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол. Монгол Улсын Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуулийг шинэчлэн найруулах үзэл баримтлалын болон эдгээр хуулийн төсөл, бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын боловсролын стандарт, сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх Үндэсний хөтөлбөрийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Аймаг, нийслэл, дүүргийн боловсрол, соёлын газар, хэлтсийн дарга нарын цугларалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулж, өнгөрсөн хичээлийн жилийн ололт, амжилт, дутагдлаа шүүн хэлэлцсэний зэрэгцээ шинэ хичээлийн гол зорилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлов.
Тавь дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтыг зохион байгуулах, зураглал, төлөвлөлт, сургалтын хөтөлбөр боловсруулах асуудлыг тодорхойлон энэхүү сургалтыг Боловсролын хүрээлэнгээр гүйцэтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар шийдвэрлэн үндсэн сургалтыг эхлүүлээд байна.
“Монголын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах нь” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсролын сургалтын хөтөлбөр, бичиг үсгийн болон амьдрах ухааны 18 гарын авлага, 8 видео хичээлээс бүрдэх сургалтын дөрвөн багц материал, амьдрах ухааны “Цагаан алтны эрдэм" сэдэвт радио хичээлийн 1, 2, 3 дугаар хичээлийн найруулга, монтаж, “Сур, суран эдлэл” сэдэвт видео хичээлийн зохиол, үхрийн ширээр хөхүүр хийх зэрэг шинээр боловсруулах сургалтын багц 12 гарын авлага, 6 видео хичээл, 10 цуврал бүхий материалыг тус тус боловсруулсны гадна “Толь” сонин ХХК-тай хамтран “Малын дайвар бүтээгдэхүүний ач тус”, “Сод Фаун” ХХК-тай хамтран “Газрын амт” видео хичээлийг бэлтгэж байна.
2009 онд боловсруулсан амьдрах ухааны сургалтын “Ердийнх үү, ер бусынх уу?”, “Сэтгэлийн хөдөлгөөнөө жолоодохуй”, “Аавын хүү арван янз”, “Та өөртөө итгэдэг үү” гэсэн 4 гарын авлагыг тус бүр 1000 ширхэг хэвлэн Албан бус боловсролын “Гэгээрэл” төвүүдэд түгээгээд байгаагийн зэрэгцээ бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын модулыг хэрэглэх “Монгол хэл”, “Математик”-ийн зөвлөмжийг тус бүр 800 хувь хэвлүүлэн орон нутагт түгээхэд бэлэн болгоод байна. Мөн бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын “Би-Миний ирээдүй”, “Би-Даяаршиж буй дэлхий ертөнц”, “Түүх юу сургаж байна вэ?” сэдэвт 3 модулийг суурь боловсролын түвшинд, “Би-Миний орчин”, “Би-Миний сургууль” 2 модулийг бага боловсролын түвшинд зориулан боловсруулж хяналт хийж дуусгаад байна.
Хөдөө орон нутагт 15-25 насны хүүхэд, залуучуудад “Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн сургалт”-ыг зохион байгуулсны гадна Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Бизнестэй танилц” сургалт явуулж 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 30 багшийг оролцуулсан бөгөөд багш бүр орон нутагтаа 14-25 насны 885 хүүхэд залууст “Бизнесийн анхан шатны мэдлэг” мэдээлэл өгч, өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх сургалтад хамрууллаа. Эдгээр сургалтын талаарх тайланг нэгтгэж Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагад хүргүүлэв.
Дээд болон мэргэжлийн боловсрол. “Оюу толгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилд зуучлах журам”-ын төслийг боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2010 оны 409/123 дугаар хамтарсан тушаалаар баталгаажуулсны зэрэгцээ Сургалтын төрийн сангийн зээлээр “Өндөр хөгжилтэй орны магистрантур, докторантур”-т суралцуулах сонгон шалгаруулалтын ажлыг эцэслэн зохион байгуулж, дүнг гарган тэнцсэн хүмүүсийг холбогдох сургуульд нь явуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 391, 394 дүгээр тушаалаар шийдвэрлэн хэрэгжүүлж байна.
АХБ-ны “Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх” дунд хугацааны тайланг танилцуулах, тайлантай холбоотой санал сонсох уулзалтыг СЯ, ҮХШХ-ны холбогдох хүмүүсийн оролцоотой зохион байгуулав. Мөн төслийн бүрэлдэхүүн хэсэг бүрээр уулзалтыг зохион байгуулав. Дээд боловсролыг чадавхжуулах техникийн туслалцааны төслийн дунд хугацааны тайлан хэлэлцэх, тайлантай холбогдуулж санал гаргах уулзалтыг Азийн хөгжлийн банк, Сангийн яам, манай яамны газрын дарга нарыг оролцуулан зохион байгуулж, зохих тохиролцоонд хүрээд байна. Дээд боловсролыг чадавхжуулах төслийн дунд хугацааны тайлантай холбогдуулан санамж бичигт Сангийн яам, БСШУЯ, АХБ-ны төлөөлөл гарын үсэг зурж, баталгаажуулав. Санамж бичгийн дагуу зарим зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлээд байна.
Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Нэгжийн дарга нарын зөвлөлийн 2010 оны 9 дүгээр сарын 21-ний хуралдаанаар хэлэлцүүлэв. Уг хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу зохих өөрчлөлтийг хийж, баталгаажуулахад бэлэн болгоод байна.
Өндөр хөгжилтэй орны магистрантур, докторантурт иргэдийг суралцуулахаар зарласан Сургалтын төрийн сангийн зээлийн квотын тоонд хүрч хүн элсээгүйг харгалзан “Өндөр хөгжилтэй орны магистрантур, докторантур”-т суралцуулах сонгон шалгаруу-лалтыг дахин явуулах зарлалыг боловсруулж дахин нийтэд зарлаад байна. /Өдрийн сонин, Үндэсний шуудан/
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Вьетнам Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улсын их, дээд сургуульд суралцуулах Монгол Улсын иргэдийг холбогдох журмын дагуу тус тусын оронд нь илгээх ажлыг зохион байгуулж байна.
Хоёр улсын Засгийн газрын гэрээний дагуу ОХУ-д суралцахаар шалгалтад тэнцэж хариу нь ирсэн 1 дүгээр курсийн 63, хэлний бэлтгэлд 100 оюутанд томилолт олгох, оросын талаас ерөнхий боловсролын сургуульд үзэж судалсан хичээлээс шалтгаалан суралцах мэргэжлээ солих шаардлага тавьсан оюутнуудын асуудлыг цаг алдалгүй шийдэх, суралцахаар шинээр явж буй оюутнуудад зөвлөгөө өгөх, визанд оруулан олон улсын суудлын билет захиалах, тэдний билетийн тухай мэдээллийг оросын талд мэдэгдэх зэрэг арга хэмжээ авлаа. Аспирантур болон мэргэжил дээшлүүлэгчийн хариу ирсэн тухай бүр зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын их, дээд сургуульд суралцах гадаадын оюутан, суралцагчдыг холбогдох сургуульд нь суралцуулах зохицуулалтыг үндсэнд нь дуусгаад байгаагийн дээр оюутан залуусыг ургац хураалтын ажилд оролцуулах зохицуулалтыг хийж байна.
Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Төв аймгийн Заамар суман дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Зүүнхараа” мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Орхон аймгийн Баян-Өндөр суман дахь Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэийн төвийн захирал, Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын сонгон шалгаруулалтын ажлыг тус тус зохион байгуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлд өргөн бариад байна.
Орхон дахь МУИС-ийн салбарт шилжин ирэх багш нарын асуудлыг Сайдын 2010 оны 398 дугаар тушаалаар шийдвэрлэв. Уг тушаалаар Орхоны ХААИС-аас шилжин ирэх 21 багшийн дотоодын магистрантур, докторантурын сургалтын зардлын 70,4 сая төгрөгийг Сургалтын төрийн сангаас гаргахаар болов.
Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөө орон нутагт ажиллах үеэр иргэдээс их, дээд сургуулиудын багш нар оюутнууддаа сурах бичиг, ном худалдан авахыг шаардах, борлуулдаг талаар гомдол гаргасны дагуу дээрх зөрчлийг арилгах эрх зүйн орчин бүрдүүлэн ажиллах талаар нийт төрийн өмчийн сургуульд даалгавар өглөө.
Улаанбаатар хотод загвар политехник коллеж байгуулах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 5 сая ам.долларын “Монгол-Солонгосын Техникийн Коллежийн Чадавхийг сайжруулж политехник коллеж болгон өргөтгөх” төслийн санамж бичиг, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хангаж, хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр, санамж бичгийн дагуу тус коллежийн хичээлийн болон дадлагын байрны өргөтгөл баригдаж, суудлын хүчин чадал нэмэгдэх ба техникийн боловсрол олгох мэргэжлийн хүрээг 6 (Барилгын сантехник, Хөргөлт агааржуулалт, Гагнуур , Хувцасны дизайн, Мод боловсруулалт, Хүнд машин механизмын засвар, оператор) шинэ мэргэжлээр өргөжүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, багш нарыг сургах ажлууд хийгдэнэ. Өргөтгөлийн ажлын хүрээнд номын сан, хурлын заал бүхий 4 давхар хичээлийн байр, 1 давхар дадлагын байр барина.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд төсөл хамтран хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр 3300 ажилгүй иргэдийг 3 жилийн хугацаанд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан сурган мэргэшүүлж, ажлын байраар хангах тухай Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр биелэх бодит боломж нээгдэж байгаа юм. Мэргэжилтэй ажилчдыг даруй бэлтгэн гаргах шаардлага байгаа тул эхний 1000 хүнийг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 12 МСҮТ дээр, үлдсэн 2300 хүнийг 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн нийт 36 МСҮТ дээр сургах ажлыг зохион байгуулна. Эдгээр 13 мэргэжлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон МСҮТ-үүдийн хүчин чадалд тулгуурлан сонгож авсан болно.
Суралцагчдыг сонгож сургахдаа төв, орон нутгийн оролцоог жигд хангаж, нийт хүн амын тоотой нь хувь тэнцүүлэн, суралцах хүний квотыг хот, аймаг, сум, дүүргээр тогтоох зарчмаар гаргасан болно. Дунджаар 816 хүн тутам 1 квот ногдож байна. Энэ арга хэмжээнд Оюу толгой төслөөс 36 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх юм. Үүний 12.1 тэрбумыг суралцагчдын сургалтын зардал, тээвэр, тэтгэлэг, нийгмийн даатгал, хоол хүнсний зардалд, 15 тэрбумыг Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн чадавхийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжөөр хангахад, 7.8 тэрбумыг багш нарын сургалт болон олон улсын зөвлөх урих, сургалтын хөтөлбөр шинэчлэх, худалдан авах, сургалтын хэрэглэгдэхүүн орчуулах, хэвлэхэд зарцуулна. Энэ төслийн хүрээнд мэргэжил эзэмшигч нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр, шинэ технологийг эзэмших боломжийг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дадлагын газруудад суралцах боломж бүрдүүлнэ.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан салбар сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчний нөөцөд тулгуурлан механикжсан фермийн тоног төхөөрөмжийн угсрагч, засварчин, тохируулагч (ВА, ВС 620305), хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмжийн засварчин (ВА,ВС 620302), гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаанчин (ВА, ВС 620306), экологи байгаль хамгаалагч (ВА, ВС 850102), автомашины засвар, ашиглалт (ВА, ВС 522304), тракторч-машинч (ВА, ВС 620301), монгол, буриад гутал (ВА, ВС 534937), нягтлан бодох бүртгэл, мэдээлэл зүй (ВА, ВС 341400) мэргэжлээр сургалт эрхлэх урьдчилсан зөвшөөрлийг сайдын тушаалаар олгоод байна.
Соёл, урлаг. “Монголын соёл, урлагийг 2011-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх хуралдааныг зохион байгуулж мастер төлөвлөгөөний анхны хувилбарыг хэлэлцүүлэв. Энэ арга хэмжээнд ЮНЕСКО-гийн болон Европын холбооны соёлын зөвлөх Саймон Мүндиг урж оролцуулан зохих зөвлөгөө авлаа.
“Азийн урлагийн 25 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн”-г Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах асуудлыг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 219 дүгээр тогтоолоор шийдвэрлүүлж, уг арга хэмжээнд зориулан Засгийн газрын нөөц сангаас 16 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тогтоосон болно. Тус үзэсгэлэнгийн нээлтийг 2010 оны 9 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд зохион байгууллаа. Энэхүү Олон Улсын үзэсгэлэнд Азийн 12 орны 160 гаруй мэргэжлийн зураач, уран бүтээлч оролцсон бөгөөд тэдгээрийн бүтээлээр 2 сарын хугацаатай үзэсгэлэн дэглэж, олны хүртээл болгож байна.
ЕБС-ын сурагчдын зуны амралтад зориулан зарласан “Номын анд” уралдааныг дүгнэн, эхний 4 байрыг БСШУЯ-ны нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Энэхүү ажлын хүрээнд 9 дүгээр сарын 1-9-ний хооронд сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.
Соёлын биет бус өв, түүний тээгчийг тогтоох үндэсний зөвлөлийн анхны хуралдааныг 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулав. Хуралдаанаар соёлын биет бус 2404 өв, тэдгээрийн тээгчийг Соёлын биет бус өвийн улсын бүртгэл-мэдээллийн санд бүртгэсэн тухай хэлэлцэж, соёлын биет бус зарим өв тээгчдэд үнэмлэх олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээг тодорхойлох мэргэжлийн зөвлөл”-ийн хурлыг 6 удаа зохион байгуулж, хил гааль дээр хураагдсан эд зүйл болон иргэдийн өргөдөл, хүсэлтийн дагуу тус яаманд ирүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл, үнэлгээ тогтоон дүгнэлт гаргаж, хариу өглөө.
Монголын соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг БСШУ-ы сайдын 2010 оны 387 дугаар тушаалаар шийдвэрлэж, уг арга хэмжээг 2010 оны 9 дүгээр сарын 11-нд зохион байгуулав. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төвийн мэргэжлийн урлагийн байгууллагын ажилчид, уран бүтээлчдийг МҮОНТ-ийн “Замд гаръяа”, бие даасан уран бүтээлчдийг “Хэй хэй”, соёлын байгуул-лагуудын ажилчин, уран бүтээлчдийн төлөөллийг ардын дууны нэвтрүүлэгт тус тус оролцууллаа.
Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих талаар хийсэн ажлын тайланг бэлтгэн ЮНЕСКО-ийн Үндэсний комисст хүргүүлсний зэрэгцээ Ханджамцын суваргын зураг төсөл хийхэд шаардагдах төсвийг боловсруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэв. Мөн Архангай аймгийн Заяын хүрээ /Аймгийн музей/-г сэргээн засварлах эрхийг Соёл, урлагийг хөгжүүлэх санд, орон нутгийн номын сангуудад 2010 онд ном худалдан авах эрхийг тухайн орон нутагт нь шилжүүлэх арга хэмжээ авлаа.
Япон Улсын соёлын буцалтгүй тусламжаар баригдсан Хархорин музейн барилгыг Улсын комисс хүлээн авч, музейн ажилтнуудыг сонгон шалгаруулах шалгалтыг зохион байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Хүүхдийн номын ордон, зарим төрийн бус байгууллагатай хамтран алслагдсан дүүргийн хүүхэд багачуудад номын сангийн үйлчилгээ үзүүлэх “Зөөврийн номын сан”-гийн үйлчилгээг эхлүүллээ. Тухайлбал, Баянхошуу, Хайлааст, Телевиз, Хужирбуланд амьдардаг хүүхэд багачууд хотын төв орохгүйгээр гэрийнхээ ойр байрлах төвд очиж ном унших боломжтой болоод байна. Хүүхдийн Номын Ордны Зөөврийн номын сан нь 21 хоног тутам тус төвүүдийн хүүхэд багачуудад Монголын болон дэлхийн сонгодог уран зохиолын болон амьдрах ухааны ном зохиолыг хүргэж өгөх үйлчилгээг явуулах юм. Энэ ажлын хүрээнд зөвхөн ном хүргэж өгөхөөс гадна хүүхдийн зохиолчидтой хамтран уулзалт, чанга уншлага, ярилцлага хийх зэрэг олон сонирхолтой ажлыг зохион байгуулах юм.
Шинжлэх ухаан, технологи. Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг 2010 оны 6 дугаар сард зарласны дагуу эрдэм шинжилгэний байгууллага, их сургууль, аж ахуйн нэгж, иргэдээс эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэх чиглэлээр 7, техник, технологийн чиглэлээр 32, хөдөө аж ахуй, биологийн чиглэлээр 7, нийт 46 төсөл ирүүлснийг БСШУ-ы сайдын шинжлэх ухаан, технологийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн “Уламжлалт нийлмэл жорын найрлагад суурилсан биологийн идэвхт 21 нэрийн бэлдмэлийн эмнэл зүй, стандарт, технологийг нэвтрүүлэх”, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэн, “Монос” группийн хамтарсан “Хоёрдогч түүхий эдээс биологийн идэвхтэй бэлдмэл гарган авах нь”, МААЭШХ-гийн Өндөр уулын бүсийн салбарын “Хангайн өндөр уулын бүсийн үхэр сүргийг шилмэл хээлтүүлэгчээр хангах селекцийн арга нэвтрүүлэх”, ШУҮ-ийн “Анхны анжис” ХХК-ий “Жижиг оврын тракторт угсарч, нарийн ногоо үрлэх техник хэрэгслийн туршилт, үйлдвэрлэл” зэрэг 6 төслийг шалгаруулан 437.5 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Эдгээр төсөл нь 2013 он хүртэл хэрэгжиж үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч, эдийн засгийн үр ашгаа өгөх болно.
“Шинжлэх ухааныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “ШУТ-ийн салбарын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 онд хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Тухайлбал салбар дундын тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлж, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, түншлэлийг хөгжүүлэхээр тусгагдсаны дагуу 2010 оны 9 сарын 21-нд тус яамнаас ХХААХҮЯ, ЭМЯ-тай хамтран инновацийн төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ байгуулж, зарим төслийг эхлүүлээд байна. Тухайлбал, ХХААХҮЯ-тай хамтран “Барилгын дулаалгын хонины ноосон материал үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж, жишиг үйлдвэр” төслийг хэрэгжүүлснээр ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын ажлын эхлэл, үр дүнд үндэслэн хонины ноосны ашиглалтыг сайжруулан барилгын салбарт импортыг орлох бүтээгдэхүүн дулаалгын материал үйлдвэрлэх боломж бүрдэх бөгөөд ЭМЯ, “Монос” групптэй хамтарсан “Хавдрын эсрэг үйлчлэл бүхий “Эллипин” шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрлэл болон эмчилгээнд нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь манай орны хүн амын дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Яамд түншлэлийн гэрээ байгуулж, хамтарч ажиллахаар тохиролцож байгаа нь инновацийн төслийг хамтран санхүүжүүлэх боломж олгож, асуудлыг шийдвэрлэх шинэ арга замыг тавьж буйгаараа шинэлэг, цаг үеэ олсон, цаашдын түншлэлийн эхлэлийг тавьсан чухал арга хэмжээ боллоо.
БСШУ-ы сайдын ШУТ-ийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэн зарласан 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх ШУТ-ийн 54 төслийн чиглэлээр төрийн болон төрийн бус өмчийн эрдэм шинжилгээ, судалгааны 40 гаруй байгууллага, компани, судлаачдын багийн хамтран боловсруулсан 120 гаруй төсөл гүйцэтгэх санал хүлээн авлаа.
Монгол Улсын БСШУЯ болон ОХУ-ын Суурь судалгааны сан, Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сангийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2011 оноос хэрэгжүүлэх монгол-оросын хамтарсан судалгааны төслийг сонгон шалгаруулах уралдааныг зарлаад байна. Төслийн саналыг 2010 оны 10 сарын 30-нд хүлээн авах болно.
Монгол-Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан комиссын анхдугаар хурлыг 2010 оны 9 сарын 6-нд Улаанбаатар хотод зохион байгуулж, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010-2012 онд хамтран ажиллах Протоколд гарын үсэг зурлаа. Мөн хуралдааны үеэр “ШУТ, инновацийг хөгжүүлэхэд төр-эрдэм шинжилгээ-бизнесийн хамтын ажиллагааны үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал зохион байгуулж, монгол-солонгосын 80 гаруй эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагчийг оролцуулсны гадна Монгол-Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан комиссын хоёрдугаар хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж хэлэлцэх асуудал болон протоколын төслийг Вьетнамын талд хүргүүлээд байна.
Археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журмын дагуу 2010 онд хийгдсэн археологийн болон палентологийн хайгуул, малтлага, судалгааны экспедицийн тайланг хүлээн авч байна. Археологийн экспедицийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж дүгнэлт гаргах зорилгоор Мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгүүдийг Өвөрхангай-Архангай-Булган аймаг болон Хэнтий-Сүхбаатар аймагт ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу Өвөрхангай-Архангай-Булган аймагт ажлын хэсэг ажиллалаа.
Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залуу эрдэмтдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 2010 онд анх удаа БСШУ-ы Сайдын нэрэмжит “Залуу доктор”-ын грант олгохоор зарлаж, 25 залуу эрдэмтнээс төсөл хүлээн авсан бөгөөд Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрхлэгч Б. Батцэцэг “Адууны хачгийн халуун өвчнийг оношлох түргэн оношлогооны тестийн арга боловсруулах нь”, Нэхмэлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д. Энхжаргал “Шилмэл омгийн хонины ноосоор шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн нэвтрүүлэлт”, ШУТИС-ийн Математикийн сургуулийн багш Д.Ганбат “Пүршит тээрэм, шигшүүрийн зохион бүтээлт”, ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн Ж. Тэмүүжин “Цахилгаан станцын хаягдал үнснээс нано бүтэцтэй цеолитыг нийлэгжүүлэн гарган авч, аж үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэхэд ашиглах боломж”, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж. Энхтуяа “Рекомбинант уургийн нийлэгжлийн системийг ашиглан боомын үүсгэгчийг хөрснөөс илрүүлэх арга боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх”, БСШУЯ-ны ШУТГ-ын мэргэжилтэн Д.Одгэрэл “Монгол орны нөхцөлд тохирсон тосол үйлдвэрлэх технологийн судалгаа” төслүүдийг шалгаруулан тус бүр 10 сая төгрөгийн грант олгож судалгааны ажлыг нь эхлүүлээд байна.
Салбарын санхүү, хөрөнгө оруулалт. Боловсролын төвлөрсөн арга хэмжээний санхүүжилтийн эхний 9 сарын зарцуулалтыг гаргалаа. Улсын төсвөөс 7 105.7 сая төгрөг, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 218.2 сая төгрөг, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагын ажиллагсдад олгох үр дүнгийн урамшууллын санхүүжилт 10 086.9 сая төгрөг, гадаадын эх үүсвэрээс 4 429.0 сая төгрөг, сурах бичгийн тендерийн баримт бичиг борлуулсны орлого 7.6 сая төгрөг, нийт 21 847.6 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Төрийн өмчийн 23 их, дээд сургуулийн тогтмол зардалд-1 473.6 сая төгрөг, тэтгэвэрт гарахад нь олгох 1 удаагийн тэтгэмжид-391.4 сая төгрөг, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагын ажиллагсдад олгох үр дүнгийн урамшуулалд- 10 086.9 сая төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд-2 657.4 сая төгрөг, багш нарын мэргэжил дээшлүүлэх зардалд-164.4 сая төгрөг, интернетед холбогдсон төв, орон нутгийн 324 сургуулийн суваг сувагчлалын хөлс болон интернет ашигласны төлбөрт-572.7 сая төгрөг, 13 төрлөөр зохион байгууллагдсан дотоодын олимпиадад -30.0 сая төгрөг, Соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхтэй холбогдон бэлтгэл ажлыг хангах зорилгоор олгосон 66.0 сая төгрөгийг 10 багт, Хотгойдын жанжин Шадар ван Чингүнжавын 350 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 70.0 сая төгрөгийг санхүүжүүллээ. Нийт төсвийн гүйцэтгэл 16 736.9 сая төгрөг болж байна.
Сургалтын төрийн санд хамрагдах оюутнуудын хяналтын тоог тогтоов. Магадлан итгэмжлэгдсэн 92 их, дээд сургуульд суралцагчдын 2010-2011 оны хичээлийн жилийн эхний 9-12 сард ногдох сургалтын зардлыг Сургалтын төрийн сангийн зээлээр болон төрөөс хариуцан буцалтгүй тусламжаар олгох шинээр элсэгч 6200 оюутны хяналтын тоог Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 420/204 дугаар хамтарсан тушаалаар баталж, сургалтын төрийн сан болон сургуулиудад хүргүүлэв. Сургалтын төрийн сангаас 2009 онд 40612 суралцагчид 18.5 тэрбум төгрөгийн зээл, буцалтгүй тусламж олгосон байна. Нийт санхүүжилтийн 83 хувь буюу 15.4 тэрбум төгрөгийг сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, 25 хувь буюу 3.1 тэрбум төгрөгийг хөнгөлттэй зээлийн хэлбэрээр санхүүжүүлжээ. Тус сангаас 2010 оны батлагдсан төсөвт туссанаар манай улсад дээд боловсрол олгодог их, дээд сургууль, коллежийн суралцагчаас Засгийн газрын 2000 оны 201-р тогтоолоор 16133 оюутанд 7.9 тэрбум төгрөг олгогдох бол Засгийн газрын 2008 оны 177-р тогтоолын дагуу магадлан итгэмжлэгдсэн 86 сургуулийн 20990 суралцагчид хэлбэрээр 9.6 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж, 7735 суралцагчид 3.8 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгоно. Сургалтын төрийн сангаас санхүүжих суралцагчдын хяналтын тоо нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.14.-т “Инженер, технологи, байгалийн шинжлэл, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлнэ. Сургалтын төрийн сангаас үзүүлж буй зээл, тусламжийг Засгийн газраас тогтоосон мэргэжлийн чиглэл, сурлагын амжилтыг дэмжих, алслагдмал нутгийг хэрэгцээтэй мэргэжилтнээр, түүний дотор багш, инженер, техникийн ажилтан, хүний болон малын эмчээр хангахад чиглүүлнэ.” гэж заасан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.
Засгийн газрын 2009 оны 31 дүгээр тогтоолд зааснаар дээрх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлийг дор дурдсанаар тодорхойллоо:
Салбар | Шинээр төрийн санд хамруулах оюутны тоо | Нэг оюутныг санхүүжүүлэх дүн /мян.төг/ | 2010-2011 оны хичээлийн жилийн санхүүжилт /мян.төг/ |
Хүмүүнлэгийн салбар | 350 | 350.0 | 122,500.0 |
Нийгмийн салбар | 950 | 350.0 | 332,500.0 |
Үйлчилгээний салбар | 200 | 350.0 | 70,000.0 |
Боловсрол | 1310 | 520.0 | 681,200.0 |
Байгалийн ухаан | 799 | 470.0 | 375,530.0 |
Техник, технологи | 1579 | 620.0 | 978,980.0 |
ХАА | 437 | 570.0 | 249,090.0 |
Анагаах ухаан | 575 | 620.0 | 365,500.0 |
Нийт | 6200 | - | 3.166.300.0 |
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын /МСҮТ/ суралцагчдад олгох амьжиргааны тэтгэлгийн зардлын хэмнэлтээс гарах 931365.0 мянган төгрөгийг төсвийн санхүүжилтийн 12 дугаар сарын хуваариас хасаж, уг санхүүжилтийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар сургалт эрхлэх түр зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа эхлээд байгаа Булган аймгийн ХАА-н МСҮТ-д 214 340.8 мянган төгрөг, Орхон аймгийн ХАА-н МСҮТ-д 163992.8 мянган төгрөг, Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолын дагуу Орхон аймгийн МУИС-ийн салбар сургуульд шилжиж байгаа 10 багшийн цалин, НДШ-д 61054.7 мянган төгрөг, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг явуулахад 128000.0 мянган төгрөг, соёлын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад 304391.8 мянган төгрөгийг тус тус санхүүжүүлэх саналыг боловсруулан, Сангийн яаманд тавиад байна
Салбарын нийт хөрөнгө оруулалтын 2011 оны төсвийн төсөл, 2012-2013 оны төсвийн төсөөллийн тайлбар танилцуулгад дахин боловсруулалт хийж, эцсийн байдлаар 2011 оны төсвийн төслийн талаарх номонд оруулахаар бэлтгээд байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт тусгагдсан зорилтуудыг биелүүлэх хүрээнд төсвийн төслийг боловсрууллаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын барилга, их засвар, тоног төхөөрөмжийн 2011 онд зарцуулах хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 132453.8 сая төгрөг ба барилга, их засварын хөрөнгө оруулалтын хэмжээ 99513.0 сая төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 32940.8 сая төгрөг байхаар төсвийн төсөлд тусгаад байна. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн зарлагын хязгаараас 56975.8 сая төгрөгөөр буюу 75.5 хувиар нэмэгдэж байна. Өмнөх онуудаас шилжиж байгаа 80 гаруй барилга угсралтын ажлыг дуусгахад 44800.0 сая төгрөг, ашиглалтын хугацаа дуусаж барилга нурахад хүрч, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 50 гаруй обьектыг шинээр барих болон хүчин чадлыг нэмэгдүүлэх, барилгыг өргөтгөхөд шаардлагатай 40894.4 сая төгрөг, салбарын барилгын их засварт 13 818.6 сая төгрөг зарцуулахаар төсөвлөлөө. 2011 онд шинээр ашиглалтад орох 94 барилга болон бусад байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 32940,8 сая төгрөгийг төсөвлөв. Эдгээрийг тус яамны эрхэлдэг салбараар авч үзвэл:
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 2011 оны төсвийн төсөл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллага гэсэн ангиллаар боловсрууллаа. Боловсролын салбарт 2011 онд нийт 107 955.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөөд байна. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчын төсвийн зарлагын хязгаарыг 44 545.3 сая төгрөгөөр буюу 41.3 хувиар нэмэгдүүлсэн нь өмнөх онуудаас шилжиж байгаа 17 463 суудалтай 69 дуусаагүй барилга угсралтын ажлыг дуусгахад 39 517.6 сая төгрөг, түүнчлэн ашиглалтын хугацаа дуусаж, барилга нурахад хүрч, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй тухай Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гарсан 32 обьектуудыг шинээр барих болон хүчин чадал хүрэлцээгүй газарт шинээр өргөтгөл барихад 32 044.4 сая төгрөг зарцуулах шаардлагатай байгаатай холбоотой юм. Мөн боловсролын салбарын барилга байгууламжийг засварлаж, шинэчлэхэд 11 845.5 сая төгрөг, шинээр ашиглалтанд орох 76 барилга болон бусад байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад 24 548.0 сая төгрөгийг тус тус төсөвлөсөн болно.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “...сумын соёлын төвийн үйл ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулж тогтмолжуулах, соёлын төвүүдийн барилгыг шинэчилж, засварлах, хөгжмийн зэмсэг, ном, тоног төхөөрөмжөөр хангах замаар хүүхэд, залуус, хүн амд хүргэх соёлын үйлчилгээний нийгмийн үр өгөөжийг дээшлүүлнэ.” гэж туссаны дагуу мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, соёлын төвийн барилгыг сайжруулах, шинээр барих, төв, орон нутгийн соёлын төв, музейн барилгыг засаж сайжруулах, шинээр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвлөлөө. Тус салбарт 2011 онд нийт 19969.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөөд байна. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн зарлагын хязгаарыг 9571.8 сая төгрөг буюу 47.9 хувиар нэмэгдүүлсэний 4875.4 сая төгрөг нь өмнөх онуудаас шилжиж байгаа 12 барилгыг дуусгахад зарцуулагдана. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан 17 барилгыг шинээр барихад 16.1 тэрбум төгрөг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Үндэсний урлагийн ордонг барьж эхлүүлэхэд 2.5 тэрбум төгрөг, мөн 30 гаруй соёлын төв, музей, номын сангийн барилгыг засаж сайжруулахад 1.2 тэрбум төгрөг, соёлын салбарын байгууллагын тавилга тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг нийлүүлэхэд 6 370.8 сая төгрөгийг тус тус төсөвлөсөн болно. Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Мэргэжлийн урлагийн байгууллага, номын сан, соёлын төвийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, алслагдсан нутаг дэвсгэр, захын хорооллын хүн амд явуулын номын сангийн үйлчилгээг хүргэх, Төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагыг том, бага оврын автобусаар хангах, Улсын болон орон нутгийн чанартай музейг техник, тоног төхөөрөмжөөр хангах”, “Үндэсний соёлын өвийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Улсын болон орон нутгийн музейг хамгаалалт-дохиоллын хэрэгслээр хангах...” зорилтууд хангагдана гэж үзэн, үе шаттай хэрэгжүүлэхээр энэ онд 6 370.8 сая төгрөг төсөвлөөд байна.
Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “...Шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон эрчимтэй хөгжүүлэх, бодлогыг тодорхойлж, шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад төрөөс дэмжлэг үзүүлж, биотехнологи, нанотехнологи, мал эмнэлгийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн дэлхийн дундаж түвшинд хүрч тоноглогдсон орчин үеийн хоёроос доошгүй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах” зорилтын хүрээнд 2010-2015 онд шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, инновацийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баттай үндсийг тавихаар төлөвлөлөө. Иймд дурдсан хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх нь инновацийн дэд бүтцийг бүрдүүлэх, судалгааны ажлын чанар, түвшин, өгөөжийг дээшлүүлэх гол хөшүүрэг болохын тухайд энэ салбарт 2011 онд нийт 4 529.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөөд байна. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн зарлагын хязгаарыг 2 858.0 сая төгрөг буюу 63.1 хувиар нэмэгдүүлсэн нь “Сансар судлалын музей-планетарийн барилгыг дуусгахад 407.0 сая төгрөг, Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спортын танхим, комплексын барилга, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биологийн идэвхитэй бэлдмэлийн үйлдвэрлэл, туршилтын цехийн барилга, Булган аймгийн Газар хөдлөлтийг бүртгэх станцын барилгыг шинээр барьж эхлүүлэхэд 1300.0 сая төгрөг, салбарын зарим байгууллагын барилга, байгууламжийг засварлаж, шинэчлэхэд 800.0 сая төгрөг, нэн хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөөр хангахад 2 022.0 сая төгрөг тус тус төсөвлөсөн болно. Тус салбарт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжид Малын халдварт өвчний рекомбинант оношлуур, вакцины үйлдвэрлэл, Таримал ургамлын өвчний оношийн болон молекул ботаникийн лаборатори, Биотехнологийн аргаар ашигтай бичил биетэн шавьж үржүүлэх лаборатори зэрэг онцгой чухал ач холбогдолтой олон асуудал багтаж байгаа болно.
Салбарын 2010 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг олгов. Сангийн сайдын баталсан салбарын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хуваарийн дагуу нийт 58 гүйлгээгээр 28 барилга угсралт, 5 их засвар, 5 тоног төхөөрөмжийн ажлын нийт 4 986.3 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, барилга угсралтын ажлын явцыг хурдасгаад байна. Мөн 1 180.6 сая төгрөгийн 10 барилга угсралт, 2 их засварын ажлын гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийн эрхийг нь нээлгэхээр Сангийн яаманд албан тоотоор хүргүүлээд байна.
Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ. 2009-2010 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн статистикийн мэдээллийг албан ёсны мэдээллийн ДБ-4, захиргааны мэдээллийн ДБ-15 маягтын дагуу нийт 19 үзүүлэлтээр нэгтгэн гаргаж, дүнг 2009 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 8/5923 тоот албан бичгээр Үндэсний хөгжли шинэтгэлийн хороонд хүргүүллээ. Энэ онд бие даан үйл ажиллагаа явуулж буй дотоодын 141 дээд боловсролын сургалтын байгууллагын 139 нь төгсгөлт хийж, статистикийн мэдээлэлд бүрэн хамрагдлаа. Тухайн хичээлийн жилд төгсгөлт хийгээгүй төрийн бус өмчийн нэг жил элсэлт авалгүй өнжсөн “Гүүр” коллеж, 2008 онд байгуулагдсанаасаа хойш огт элсэлт аваагүй Монгол эрдэм дээд сургууль байна. Мөн гадаадын их сургуулийн салбаруудын ихэнх нь төгсгөлтөө үүсгэн байгуулагч улсынхаа их сургуулиудад хийж, мөн тухайн улсынхаа дипломыг олгодог тул энэ мэдээнд хамрагдаагүй болно.
2009-2010 оны хичээлийн жилд нийт 34,211 суралцагч сургуулиа төгсгөж өнгөрсөн онтой харьцуулахад 1.2 мянгаар нэмэгдсэн нь үндсэндээ магистрын зэргээр төгсгөгчдийн өсөлтөөс хамаарч байна. Төгсгөгчдийн боловсролын зэргийн бүтцийг авч үзвэл: нийт төгсгөгчдийн 1675 нь буюу 4.9 хувь нь дипломын дээд, 28,899 буюу 84.5 хувь нь бакалаврын, 3501 буюу 10.2 хувь нь магистрын, 136 буюу 0.4 хувь нь докторын зэрэгтэй төгсөгч байна. Сүүлийн жилүүдийн судалгаанаас үзэхэд магистрын зэргээр төгсгөгчдийн тоо жил тутам өсч байхад, дипломын дээд болон докторын зэргээр төгсгөгчдийн тоонд төдиийлөн өөрчлөлт гарахгүй байна.
Нийт төгсгөгчдийн 64.7 хувь нь эмэгтэй, 35.3 хувь нь эрэгтэй байна. Дээд боловсрол эзэмшиж байгаа эрэгтэйчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс 29,4 хувиар бага, эмэгтэй, эрэгтэйчүүдийн тооны харьцаа 1.83:1 байна. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод 2015 он гэхэд бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын хүйсийн зохистой харьцааг хангах зорилтыг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсэн билээ. Дээд боловсрол эзэмшигчдийн хувьд нийт төгсгөгчдийн 65.0 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж, энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэг түвшинд тогтворжих хандлагатай байна.
Нийт төгсгөгчдийг эзэмшиж байгаа мэргэжлийн чиглэлээр нь ангилан авч үзвэл: 14.7 хувь нь боловсрол, 10.2 хувь нь хүмүүнлэг, 41.3 хувь нь нийгэм, эдийн засаг, 5.4 хувь нь байгалийн ухаан, 11.7 хувь нь техник-технологи, 2.4 хувь нь хөдөө аж ахуй, 8.2 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт хамаарч байна. Үүнийг өмнөх хичээлийн жилтэй харьцуулбал боловсрол, эрүүл мэндийн салбарын хувийн жин 1.0 орчим хувиар тус тус өсөж, нийгэм, эдийн засгийн салбарын эзлэх хувь 3.0 орчим хувиар буурчээ. 2001 оноос хойших хугацаанд боловсрол, байгалийн ухаан, техник-технологи, анагаах ухааны чиглэлээр төгсгөгчдийн тоо аажмаар өсч байгаа ч эдгээр салбарын нийт дүнд эзлэх хувь хэмжээ нь дорвитой нэмэгдэхгүй, нийгэм, хүмүүнлэгийн салбараар төгсгөгчдийн хувийн жин 51.4-55.0 хувьтай байна. Иймд дээд боловсрол эзэмшихээр суралцагчдын тоо жил ирэх тусам өсч байгаатай холбогдуулан их, дээд сургууль, коллежид мэргэжлийн тэргүүлэх чиглэлээр түлхүү элсэлт авах, Сургалтын төрийн сангаас олгох сургалтын зээл, буцалтгүй тусламжийг ялгавартай тогтоох бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх шаардлагатай байна.
2009-2010 оны хичээлийн жилийн хувьд нийт төгсгөгчдийн 40.6 хувь нь төгссөн даруйдаа ажлын байртай болсон статистик мэдээ гарч байна. Сүүлийн 5 жилийн байдлаар энэ үзүүлэлт 32.2-40.6 хувьтай байгаа юм. Энэ үзүүлэлт жилээс жилд төдийлөн өсөхгүй байгаа нь зарим сургуулиуд төгсгөгчдийн ажил эрхлэлтийн мэдээг бүрэн, үнэн зөв гаргаж чадахгүй байгаа, түүнчлэн төгсгөгчид төгссөн үедээ тэр бүр ажлын байртай болж амжихгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Төгсгөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг мэргэжлийн чиглэлээр нь авч үзвэл харилцан адилгүй байна. Тухайлбал, төрөөс зардлыг нь даан чиглэлийн яам, салбарын байгууллагын захиалгаар сургаж байгаа батлан хамгаалах, цагдаа, аюулгүй байдлын салбарт 95.0, мөн тээврийн (төмөр зам) салбарт 93.0, анагаахын салбарт 85.0 гаруй хувьтай байхад инженер, технологи, барилга, архитектурын салбарт дунджаар 44.0-60.0 хувьтай байна.
Төгсгөгчдөд боловсролын баримт бичиг олгосон тухай нэгдсэн бүртгэлийг их, дээд сургууль, коллежуудаас цаасан болон электрон хэлбэрээр авч файлын сан бүрдүүлж байгаагийн дээр төгсгөчдийн мэдээг иргэдэд ил тод болгох зорилгоор яамны вэб сайтад тавихаар бэлтгэж байна.
Дээд боловсролын сургалтын байгууллагуудын нэрсийн жагсаалтыг 2010-2011 оны хичээлийн жилийн байдлаар шинэчлэн гаргаж, тэдгээрийн холбогдох зарим мэдээллийг /сургуулийн нэр, үйл ажиллагааны чиглэл, байршил, шуудангийн хаяг, утас, И-мэйл, вэб хуудас зэрэг/ яамны шинэчилсэн вэб сайтад тавихад бэлэн болголоо. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 15 дугаар тогтоолоор төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийснээр 42 сургуулийг 16 болгож цөөрүүлсний дээр зохих шаардлага хангахгүй байгаа төрийн бус өмчийн дээд боловсролын зарим байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, ижил төрлийн сургуулиудыг хооронд нь нэгтгэх, үйл ажиллагааг нь хоршуулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд 2010 оны 9 сар байдлаар Монгол Улсад дээд боловсролын сургалтын 112 байгууллага /төрийн өмчийн-16, төрийн бус өмчийн-91, гадаадын их сургуулийн салбар-5/ бүртгэлтэй байгаа нь дээд боловсролын сургалтын байгууллагын тоо өнгөрсөн хичээлийн жилийнхээс 20 гаруй хувиар буурсан байна.
ШУТ-ийн салбарын 2009 он болон түүний өмнөх 5 жилийн хүний нөөц, санхүүжилттэй холбогдсон статистикийн мэдээллийг ЮНЕСКО-гоос ирүүлсэн аргачлал, UIS/ST/2010 асуулгын маягтын дагуу гаргаж, ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэнд цахим хэлбэрээр хүргүүлэн уг мэдээллийг хүлээн авсан тухай хариу авлаа. ЮНЕСКО гишүүн орнуудаасаа 2 жил тутамд ШУТ-ийн энэхүү мэдээллийг хүлээн авдаг бөгөөд уг мэдээлэлд хамрагдсанаараа манай улсын холбогдох үзүүлэлтүүд ЮНЕСКО-гоос тогтмол хэвлэн гаргадаг Статистикийн ном, Шинжлэх ухааны тухай илтгэл, Дэлхийн банкны Дэлхийн хөгжлийн илтгэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжлийн илтгэл зэрэг олон улсын баримт бичгүүдэд тусгагдах боломжтой болох юм.
Мэргэжлийн боловсрол эзэмшин төгсөгчдийн мэдээг нэгтгэж, Үндэсний статистикийн хороонд хүргүүлэхээр бэлтгээд байна. 2009-2010 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 63 төвд 14,861 сурагч суралцаж төгссөнөөс 48.1 хувь буюу 7137 нь эмэгтэй сурагч байна. Нийт төгсөгчдийн 14.1 хувь буюу 2094 сурагч дараагийн шатны сургуульд дэвшиж орсны 45,4 хувь буюу 950 нь эмэгтэй сурагч байна. Дараагийн шатны сургуульд дэвшин суралцагчдын 11.8 хувь буюу 247 нь мэргэжлийн боловсрол, 18.8 хувь буюу 395 нь дипломын боловсрол, 69.4 хувь буюу 1452 нь бакалаврын боловсрол эзэмшихээр тус тус элссэн байна.
Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг төгсөгчдийн 54,5 хувь буюу 8099 нь ажлын байртай болсон байна. Эдгээрийн 72,8 хувь буюу 5893 нь төгсөөд шууд мэргэжлийн ажилд, 16,2 хувь буюу 1314 нь төгсөөд 3 сарын дараа, 11,0 хувь буюу 892 нь төгсөөд 6 сарын дараа ажилд орсон байна.
ЕБС-ийг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх ажил энэ хичээлийн жилд үргэлжилж, 1, 2, 3, 8-р ангиуд 12 жилийн тогтолцоогоор, бусад анги 11 жилийн тогтолцоогоор хичээллэж байгаатай холбогдуулан сурагчдын судалгааны маягтыг өөрчлөн зөвлөмж, зааврыг боловсруулж аймаг, нийслэлийн БСГ-уудад хүргүүлэн 2010-2011 оны хичээлийн жилийн статистик мэдээ авах бэлтгэл ажлыг хангаад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 202 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Баруун болон Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөр /2006-2015 он/-т тус яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн зорилтын хэрэгжилтийн биелэлтийг гаргаж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд, ерөнхий боловсролын сургуулиудын үүсгэн байгуулагдсан он, захирлын нэр, утасны жагсаалтын мэдээллийг нэгтгэн гаргаж, 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 4/5679 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүллээ.
Салбарын гадаад харилцаа. Монгол, Солонгосын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтарсан комиссын хуралдааныг 9 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулав. Комиссын хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Солонгосын талаас БНСУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн дэд сайд Ким Чан Гёон нар ахлав. Анхдугаар хуралдааны үеэр Талууд хүний хөгжил, байгалийн нөөцийн хамгаалалт, ашиглалт, хөдөө аж ахуй, өндөр технологи, мэдээллийн технологи салбаруудад хамтарсан төсөл хэрэгжүүлэх, өндөр мэргэшсэн судлаач бэлтгэх, нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаач солилцох, эрдэм шинжилгээний бага хурал, симпозиум, ярилцлага зохион байгуулах, эрдэм шинжил¬гээний байгууллагын лаборатори, туршилт, сорилтын баазыг бэхжүүлэх, инновацийн дэд бүтцийн элементүүдийг байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Хуралдааны үеэр Монгол-Солонгосын боловсрол, шинжлэх ухаан, технологийн форум, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бөгөөд Форумд боловсролын салбарын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, инноваци, төр-эрдэм шинжилгээ-бизнесийн түншлэлийн талаар хэлэлцүүлэг хийв. Мөн хамтарсан хуралдааны үеэр Монгол, Солонгосын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж байхаар тохиролцон 2011 онд “Боловсрол, шинжлэх ухаан, технологийн судалгааны удирдлагын шинэчилсэн тогтолцоог бүрдүүлэх нь” сэдвээр Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулах тохиролцоонд хүрэв. Хуралдаанаар хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааны явцын талаар харилцан санал солилцож, хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар хэлэлцэн, 2010-2012 онуудад хамтран ажиллах Протокол байгуулав. Энэхүү Протоколд Монгол, Солонгосын Боловсрол, шинжлэх ухаан, технологийн хамтарсан комиссын хуралдааныг 2 жилд нэг удаа Монгол Улс, БНСУ-д ээлжлэн зохион байгуулах ба боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах шинэ чиглэл, хэлбэрүүдийн талаар санал дэвшүүлж, хэлэлцүүлэн дүгнэлт гаргаж байхаар тогтов.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярын 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хийх айлчлалын зохицуулалт хийв. Ё.Отгонбаяр сайд айлчлалын үеэр 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо болсон Монгол-Британы дугуй ширээний уулзалтад оролцож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, хэтийн төлөвийн талаар хэлэлцээ хийв.
“Мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Канад Улсын Алберта мужийн Боловсрол, технологийн яам хоорондын санамж бичиг”-ийн төслийг боловсруулан, харилцагч талд дипломат шугамаар хүргүүлэв. Санамж бичгийн төсөлд Монгол Улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын газрыг Канадын Альберта мужийн Мэргэжлийн боловсролын газартай холбох, улмаар Монголд шинээр байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын агенлагийн чадавхийг дээшлүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөр, стандарт боловсруулах туршлага солилцох, залуучуудад зориулсан карьер, боловсролын гарын авлага гаргахад Канадын талтай хамтран ажиллах тухай саналыг тусгав.
ЮНЕСКО-гийн Бээжин оффисийн тэргүүн Сингх дэд сайд Куландатай хийсэн ажлын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үеэр ЮНЕСКО-оос хэрэгжүүлж буй Үндэстний цөөнхөд зориулсан мэдээлэл, харилцааны төслийн явцын талаар санал солилцож цаашид ЮНИСЕФ, ЮНЕСКО, БСШУЯ хэрхэн хамтран ажиллах шаардлагатай буй талаар санал солилцлоо.
БНСУ-ын Соёлын өвийн хорооны урилгаар БСШУЯ, Соёлын өвийн төв, Чойжин ламын сүм музейн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй баг 2010 оны 9 дүгээр сарын 13-аас 17-ны өдрүүдэд туршлага судлах аялалд оролцлоо. Дээрх хугацаанд төлөөлөгчид Солонгос улсаас Дэлхийн Соёлын өв болон Биет өвд бүртгэгдсэн эд өлгийн газруудтай танилцан, түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэж буй үйл ажиллагааны хүрээнд санал солилцож, туршлага судлав.
БНХАУ-ын Үндэстнүүдийн хэрэг эрхлэх хорооны дэд даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авлаа. Төлөөлөгчид Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Сүхбаатар дүүргийн Тамгын газар болон БСШУ-ы сайдтай ажлын уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.
Монгол Улсын Боловсрол, Соёл шинжлэх ухааны яам, БНХАУ-ын хятад хэлийг дэлхийд түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдах хэсгийн албаны хооронд байгуулсан Монгол Улсад хятад хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах тухай хэлэлцээрийн дагуу 2010/2011 оны хичээлийн жилд БНХАУ-ын 127 иргэн Монгол Улсын ерөнхий болон дээд сургуулиудад багшлахаар тохиролцон холбогдох арга хэмжээг авав.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам