БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

 2010 ОНЫ 5  ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол. “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуулийн 43.1.6 дахь заалтын дагуу сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан нөхцөлд тэдэнд 5 жил тутамд олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай, Төрийн албаны тухай хуулийн 28.2.4 дэх заалт, “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 96 дугаар тушаалын 5 дугаар хавсралтын 2 дахь заалтыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтанд олгох мэргэшлийн зэрэг болон нэмэгдэл ажлын хөлсний хувь хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг боловсруулан Засгийн газрын тогтоолын төслийн хамт Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны гишүүдийн нийслэлийн сургууль, цэцэрлэгт ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролд шийдвэрлэх шаардлагатай үндсэн асуудлуудыг тусгасан тус Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулан тус байнгын хороонд хүргүүллээ.

    БСШУЯ, БШУҮЭХ-ны 2010 онд хамтран ажиллах гэрээний дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан журамд нийцүүлэн боловсруулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлуулахаар холбогдох  яамдад хүргүүлээд байгаагийн зэрэгцээ “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, дүгнэх” үнэлгээний журмыг эцэслэн боловсруулж дуусгалаа. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн “Багшийн журнал” (I-III анги), “Багшийн журнал” (IV-XII анги), “Анги удирдсан багшийн дэвтэр”, “Суралцагчийн хувийн хэрэг”-ийн загвар, түүнийг хөтлөх зааврыг шинэчлэн боловсруулсны дээр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол, хүнсний аюулгүй байдал, хангамжийн талаар баримтлах бодлого”-ын төслийг эцэслээд байна.

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журмын дагуу 2010 онд кредиттэй төрөлжсөн сургалт явуулахаар эрх бүхий 32 байгуулагаас ирүүлсэн 177 сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийж, 22 байгууллагын 86 сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрийг яамны цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлэв.

    Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-IV, VIII-IX ангийн хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөө, III, VIII ангийн сургалтын хөтөлбөр /24 ширхэг/-ийг боловсруулан баталсны дээр ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд туссан “Иргэний боловсрол” хичээлийн агуулгад суралцагч, өсвөр үе, залуучуудад үндэсний үнэт зүйл, соёл, түүх, уламжлалт зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах, хадгалах, хамгаалах, түүнд суралцах, улмаар үндэсний уламжлалт соёл, үнэт зүйл, түүх, уламжлалаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий агуулгыг тусгах ажлыг тодорхой үе шаттайгаар хэлэлцүүлж, үр дүнг нэгтгэн бодлогын баримт бичиг боловсруулж байна.

    Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулга, арга зүйг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, энэ холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулан баталгаажуулж, ажлыг эхлээд байгаагийн хамт багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, үндэсний болон мэргэжлийн багийн 2 өдрийн сургалт явуулан төслийн зорилго, үйл ажиллагааны төлөвлөлтийн нэгдсэн ойлголцолд хүрэх, төслийн загвар аймаг, дүүрэг сонгох зэрэг арга хэмжээг бодлогын удирдлага, зохицуулалтаар хангалаа.

    Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн дагуу Нэпко хэвлэлийн газар болон боловсролд ээлтэй байгууллагуудын хандив, дэмжлэгээр “Collins Nepko English-Mongolian School Dictionary”-ийг 9988 хувь хэвлүүлэн, хот, хөдөөгийн 540 ерөнхий боловсролын сургуулийн номын санд нийлүүлэв.

    2009-2010 оны хичээлийн жилийн Суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэх олгох ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, захиалга авах, хэвлүүлэх, түгээх ажлыг зохион байгууллаа. Мөн сайдын 2010 оны 200 дугаар тушаалын дагуу 5 дугаар сард ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан 500 минутын TV хичээлийг бэлтгэж явуулах ажлыг зохион байгуулж, нийт 15 хичээлийг телевизээр нэвтрүүлэв.

    Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн хоолны сумын загвар төслийг Булган аймгийн Дашинчилэн суманд байгуулахаар шийдвэрлэж, БСШУЯ, Солонгосын WITH төрийн бус байгууллага, Булган аймгийн БСГ, Дашинчилэн сумын ЕБС-ийн хооронд Санамж бичиг байгуулан тус сургуулийн гал тогоог иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, ажилтнуудыг сургах, Шим тэжээлийн мэргэжилтэн ажиллуулах замаар суман дах Үдийн хоолны загварыг 2010-2013 онд бий болгохоор тохиролцлоо.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр “Хүртээмжтэй орчин” аяныг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, ХЗДХЯ болон бусад байгууллагатай хамтран зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд БСШУЯ-наас хариуцан “Сэтгэлийн өчил” яруу найргийн тэмцээн, Уран цоолборын үзэсгэлэн, тусгай сургуулийн сурагчдын дунд гар урлалын болон гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг оролцуулав.

       

Дээд болон мэргэжлийн боловсрол. Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар их, дээд сургуулиудаас санал авч нэгтгэн судалгаа хийж, хуулийн төслийн хувилбарыг их, дээд сургууль, коллеж, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий санал солилцох уулзалтаар хэлэлцүүлсний зэрэгцээ дээд боловсролын шинэтгэлийн зураглал-Roadmap-ын хувилбар боловсруулж, сайдын зөвлөлийн 5 дугаар сарын 20-ны хуралдаанаар авч хэлэлцээд байна.

“Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын хуулийн төсөл,  “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрийн зээл, буцалтгүй тусламж олгох журам”, “Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын магистрантур, докторантурт суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын төслийг тус тус боловсруулж, сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэв.

“Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам”-ын төслийг боловсруулж, баталгаажуулж нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын жагсаалтад бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсний зэрэгцээ “Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын болон “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн багшид багшийн мэргэжлийн зэрэг олгох, багшлах эрх олгох, хасах журам”-ын төслийг тус тус боловсруулж дуусгаад байна.

Их сургуулийн хотхоныг бүтээн байгуулах ажлыг удирдах Ажлын хэсгийн хуралдааныг 5 дугаар сарын 20-нд зохион байгуулж, энэхүү хотхоныг байгуулах асуудлыг нарийвчлан хэлэлцэж, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн үлдэгдэл хөрөнгийг хотхон байгуулахад зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүү¬лэхээр тогтож, холбогдох материалыг бэлтгэн яамдын санал авч байна.

Чех Улсын Хөгжлийн агентлагаас манай улсын мэргэжлийн боловсролын салбарт, тухайлбал, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд тусламж үзүүлэхээр тохиролцсоны дагуу Дархан, Сэлэнгийн мах, сүү, ногооны аж ахуйг түшиглэн мах, сүү боловсруулах, хүнсний ногоо нөөшлөх мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах төслийн саналыг ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран боловсруулж, Чехийн талд хүргүүлэв. АХБ-ны III төслийн хүрээнд Дорнод аймаг дахь шаталсан сургалттай Техник, технологийн сургууль, Баянхонгор аймаг дахь МСҮТ-д цахилгааны мэргэжлийн тоног төхөөрөмж нийлүүлэв.

Монгол Улсын Их сургуулийн захирлын ажлын байранд ажиллах албан тушаалтныг сонгон шалгаруулах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, энэхүү сонгон шалгаруулалтын дүнг үндэс болгон С.Төмөр-Очирыг уг албан тушаалд томилсны гадна “Дорнод” дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Лувсандандарыг 2010  оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд  М.Одмандахыг томилов.  Мөн Дархан-Уул аймаг дахь Техникийн коллежийг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг боловсруулан тус аймгийн Засаг даргад тавиад байна.

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Засгийн газрын тэтгэлгээр Бүгд Найрамдах Турк Улсын их, дээд сургуульд суралцуулах /50 бакалавр, 16 магистр/, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суралцуулах /8 бакалавр/ оюутны бичиг баримтыг бүрдүүлэн холбогдох оронд нь хүргүүлсний дээр Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2010-2011 оны хичээлийн жилд БНХАУ-аас МУИС-д суралцах хүмүүсийн асуудлыг шийдвэрлэв.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүмүүсийг  сонгон шалгаруулах уралдаант шалгалтад орох хүмүүсийн бүртгэлийг зохион байгуулж, бакалаврын хөтөлбөрийн шалгалтад орох 289, магистрын хөтөлбөрийн шалгалтад орох 69, докторын хөтөлбөрт элсэх 181 иргэний нэрсийн жагсаалт, холбогдох материалыг БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд хүргүүллээ. Мөн Монгол Улс, ХБНГУ-ын хамтарсан сангийн хүрээнд уул уурхайн мэргэжлээр 10 бакалавр, 10 магистрыг ХБНГУ-д сургах сонгон шалгаруулалтыг зарлав.

ЭМЯ болон манай яамны хамтарсан байнгын комиссын хуралдааныг  5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, анагаахын мэргэжлийн индекс, анагаахын сургуудиудыг аттестатчилахад баримтлах нэмэлт шалгуурыг хэлэлцэн шийдвэрлээд байна.

Докторантурын хороодоос ирүүлсэн хүсэлтийг судалж, 14 горилогчийн диссертаци хамгаалуулах зөвлөлийг байгуулан Дорнод дээд сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулийн 21 сургалтын төлөвлөгөөг хянаж шийдвэрлэв.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой “Хөгжлийн орц-3” үйл ажиллагааг 5 дугаар 21-22-нд зохион байгуулсны дээр 2003 онд үйл ажиллагаа явуулж байсан 185 дээд боловсролын байгууллагын байршил, суралцагчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэн Азийн хөгжлийн банкны Дээд болон мэргэжлийн боловсролыг чадавхижуулах техникийн тусламжийн төсөлд хүргүүлэв.

Эдүгээ үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 99 дээд боловсролын байгууллагын орчны /өөрийн эзэмшлийн байр, оюутны байр, түүний багтаамж/ судалгааг гаргав. Одоогоор өөрийн эзэмшлийн байргүй 11 дээд боловсролын байгууллага байна. Эдгээрийн  дөрвийнх нь  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгов.

Соёл, урлаг. Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа байгуулах, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, Дэлхийн II дайн дууссаны болон 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг 2010 оны 8 дугаар сард, Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 30 жилийн ойг 2011 онд тэмдэглэх, нийслэлийн Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийг Германы алдарт эрдэмтэн Александр фон Хумбольдтын, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Пүрэвийн Хорлоогийн нэрэмжит болгох зэрэг асуудлыг боловсруулан зохих журмын дагуу холбогдох материалыг бэлтгэн Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.

“Сонгодог урлаг” хөтөлбөрийн шинэчлэн боловсруулж яамны Нэгжийн дарга нарын хурлаар хэлэлцэн цаашид сайжруулах чиглэлийг тодорхойлоод байна.

Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдрал, шинжлэх ухаан, соёл, урлаг биеийн тамир, эрүүл мэндийн салбарт гарч байгаа түүхэн тэмдэглэлт онцгой үйл явдлыг архивлан хадгалах зорилгоор “Монгол кино” нэгтгэлд захиалгаар хийлгэж буй “Түүхийн хүрд” баримтат киноны чанар, хэмжээ, агуулгад үзлэг хийж, дүгнэлт гарган сайдад танилцуулаад байна.

2010-2011 оны хичээлийн жилээс ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр суралцах оюутны эцсийн шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулж 27 хүүхдийг тэнцүүлсний дотор хүмүүжүүлэгч багш мэргэжлээр 1, балетийн жүжигчин мэргэжлээр -12, хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр - 10, дуучны мэргэжлээр - 2, хөгжимчний мэргэжлээр 2 хүүхэд тус тус сонгон тэднийг Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв (РЦНК) - д орос хэлний бэлтгэл дамжаанд хамруулан сургаж байна.

Японы Засгийн газрын соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд Улсын хүүхэлдэйн театрын гэрэл, дууны техникийг шинэчлэх төслийг төслийг Япон Улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор гүйцэтгэсний дээр ЕБС-ийн номын санд худалдан авах номын сангийн тоног төхөөрөмжийн техник үзүүлэлтийг боловсруулж, Азийн Хөгжлийн Банкны Боловсролын Хөгжлийн Хөтөлбөрт саналын хамт хүргүүлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын энэ оны 177 дугаар тушаалын дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 5 дугаар сарын 7-9-ний өдөр Үндэсний номын сан дээр зохион байгууллаа. Энэхүү баярын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, ховор номын үзэсгэлэнг зохион байгуулсны зэрэгцээ үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэх, заах, сургах үйлсэд амжилт гаргасан 11 хүнийг “Үндэсний бичиг үсэг дэлгэрүүлэгч” шагналаар шагнаж урамшууллаа.

“Монгол тууль”, “Цуурын урлаг”, “Ардын бүжиг-бий биелгээ”-г “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өв”-өөр бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламжийг хүлээж авах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний түүхийн музейд “Дэлхийд данстай Монгол өв” үзэсгэлэнг соёлын олон төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөрт зориулан гаргаж, олон нийтэд толилууллаа.

Австралийн Урлагийн музейн захирал, музейн салбарын зочид төлөөлөгчдийг хүлээн авч монголын музейн салбарын үйл ажиллагаатай танилцуулж, туршлага солилцох уулзалт зохион байгуулсны гадна Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулийн номын санчдад зориулсан 5 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг Хүүхдийн номын ордон дээр зохион байгуулж, 24 номын санчдыг хамруулан сургалаа.

    Шинжлэх ухаан, технологи. Шинжлэх ухааны салбарын менежментийн шинэчлэл хийх саналыг боловсруулан БСШУ-ы сайдын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, уг зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Шинжлэх ухааны салбарын менежментийн шинэчлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна.

    ШУТ-ийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулж, эхний хувилбарыг Нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. ШУТ-ийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гол хүчин зүйл болохуйц түвшинд хүргэх зорилгыг дэвшүүлэн ШУТ-ийг хөгжүүлэх бодлогын зарчим, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг томъёолсон болно.

    Монгол Улсын нутагт археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам, Монгол Улсын нутагт археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулж, нэгжийн дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, БСШУ-ы сайдын 2010 оны 222 дугаар тушаалаар дээрх хоёр журам болон мэргэжлийн зөвлөлүүдийн  бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав. Эдгээр журамд нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулснаар Монгол Улсын нутагт археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага тодорхой болж, түүх дурсгалын олдворыг хамгаалах, хадгалах нөхцөл сайжирч, хариуцлагын тогтолцоо боловсронгуй болох эрх зүйн орчин бүрдлээ.

БСШУЯ-наас ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран 2010 оноос эхлэх 15 төсөл хэрэгжүүлэх, ОХУ-ын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сантай хамтран 11 төсөл хэрэгжүүлэх, мөн энэ онд 3 эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, 5 хайгуул, судалгаа хийх, 1 хамтын бүтээл туурвихаар харилцан тохиролцсныг БСШУ-ы сайдын 2010 оны 220 дугаар тушаалаар баталгаажуулан, эдгээр ажлыг хэрэгжүүлэх гэрээг байгуулсны дүнд  хамтарсан судалгааны ажлуудыг эхлэхэд бэлэн болоод байна.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэгдсэн инновацийн төслийн шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэлийг хангалаа. ХХААХҮЯ, ЭМЯ-тай хамтран инновацийн төсөл сонгож хэрэгжүүлэх санал хүргүүлээд байна. Уг төсөлд тухайн судалгаа, инновацийн ажлын үр дүнг байнгын хэрэглээ болгох үйлдвэр, бизнесийн байгууллагыг төслийн хамтран хэрэгжүүлэгчээр оролцуулах, гурван талын санхүүжилттэй төслүүдийг хэрэгжүүлэх зарчмыг баримталж байгаа бөгөөд ингэснээр ШУТ-ийн салбарт төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэхээс гадна төслийн үр дүн, оролцогчдын хариуцлага дээшлэх нөхцөл бүрэлдэх юм.

Гадаадын монгол судлаач залуу эрдэмтдийн зуны сургалтыг 2010 оны 6 сарын 23-наас 7 сарын 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэв. Зуны сургалтад гадаадын 10-аад орны 25 залуу эрдэмтэн оролцож, өөрсдийн судалгааны ажлыг танилцуулах бөгөөд манай орны болон гадаадын монгол судлаач эрдэмтэн багш нар хичээл заана. Жил бүхэн зохион байгууллагддаг энэхүү зуны сургалт нь Монгол судлалыг дэлхий дахинаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан болон багаж, тоног төхөөрөмжийн хангалт хийгдсэн технологийн зургаан инкубаторын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү ажлын үр дүнд үндэслэн эдгээр инкубаторын үйл ажиллагааг эрчимжүүлэх, өргөтгөх, ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал боловсруулж хэрэгжүүлнэ.

Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, Монгол орны хөгжил, дэвшлийг хангах, хүн ардын оюуны амьдралыг төлжүүлэх, соён гэгээрүүлэх, иргэний боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн “Эрдэмтдийн үг” цуврал лекцийн хүрээнд ХААШУА-ийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Минжигдоржийн “Мал аж ахуй хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт лекцийг 2010 оны 5-р сарын 20-ны өдөр БСШУЯ, ШУА, ХААШУА хамтран зохион байгууллаа. Энэхүү лекц мал аж ахуйн салбарт өнөөлдөр нүүрлээд байгаа а/ сэтгэлгээний ядуурал, б/ ахуйн ядуурал, в/ аж ахуйн ядуурал гэсэн 3 ядуурлыг иж бүрэн шийдвэрлэхэд мал аж ахуйн хөгжлийн бодлого чиглэгдэх учиртайг тодорхойлж тавьсанд судлаачид, олон нийт, бодлого боловсруулагчдын төлөөлөл талархан, асуудлын чухлыг онцлон тэмдэглэж байлаа. Энэ асуудлаар МҮОНТ-ийн Шинжлэх ухаан, танин мэдэхүй теле сэтгүүлээр нэг цагийн нэвтрүүлэг явагдаж, Монголын радиогоор өргөн нэвтрүүлэг хийгдсэн болно.

    Салбарын санхүү, хөрөнгө оруулалт.  БСШУ-ы салбарын харьяа байгууллагын эд хөрөнгийн дахин үнэлгээг хийж Төрийн өмчийн хорооны мэдээлэл, хяналт, мониторингийн газарт нэгтгэж хүргүүллээ. БСШУ-ы салбарт төрийн өмчийн 125 байгууллага байгаа бөгөөд үүнд 8 газар хөдлөлийн станц, 28 мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв, коллеж, 21 их, дээд сургууль, 18 соёлын байгууллага, 42 шинжлэх ухааны байгуууллага, 11 харьяа байгууллага байна. Салбарын жилийн эцсийн тайланг хүлээн авах явцдаа байгууллагуудын дахин үнэлгээний тайланг хэвлэмэл байдлаар болон файлаар хүлээн авч Төрийн өмчийн хороонд шилжүүлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн дахин үнэлгээ хийх явцад байгууллагуудыг гарын авлага болон мэдээллээр хангах, файл материалыг шалгаж нягтлах, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газар болон Төрийн өмчийн хорооны мэргэжилтнүүдтэй хамтран зохиолж байгуулж ирлээ.

Салбарын санхүүжилтийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт орууллаа. Энэ оны төсвийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймаг, нийслэлээс ирүүлсэн саналыг үндэслэн Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд 106.5 сая төгрөгийг 6 сард хуваарилагдсан байсан төсвөөс бууруулж 5 сарын хуваарьт нэмэгдүүлж өөрчлөлт орууллаа. Үүний дүнд аймгийн хэмжээнд үүсээд байсан өрийн асуудлыг багасгаж сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангууллаа.

Салбарт 2010 онд хийгдэх гамшгийн хөрөнгөөс боловсрол, соёлын салбарын барилга байгууламжид учирсан байгалийн гамшиг болон зайлшгүй нэн яаралтай хийгдэх засварын ажлын жагсаалтыг гарган баталгаажуулав. Тухайлбал, Архангай, Булган, Баянхонгор, Дундговь, Хэнтий, Увс аймагт зайлшгүй засвар хийх шаардлагатай 6 барилгад 212.5 сая төгрөгийг 2010 онд салбарт хийгдэх их засварын гамшигт хуваарилсан хөрөнгөөс гаргаж уг ажлыг яаралтай зохион байгуулах даалгаврыг холбогдох аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нарт үүрэг өгөөд байна.

Салбарын 2010 оны төсөвт батлагдсан Түүх дурсгалын соёлын өвийг сэргээн засварлах ажлын хүрээнд хийгдэх засварын ажлын хөрөнгийн хуваарийг гаргалаа. Энэ онд түүх, соёлын дурсгалыг хамгаалах чиглэлээр 246,0 сая төгрөгийн 5 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Амарбаясгалан хийдийн барилгын дээврийн их засварт 80.0 сая төгрөг, Чойжин ламын сүм музейн барилгын цахилгаан монтажын их засварт 35.0 сая төгрөг, Гандантэгчилэн хийдийн барилгын цахилгаан монтажын их засварын ажилд 50,0 саятөгрөг, Булган аймгийн Вангийн хүрээг сэргээн засварлахад 50,0 сая төгрөг, Богд хааны ордон музейн барилгын цахилгаан монтажын их засварт 50,0 сая төгрөг тус тус хуваарилаад байна.

Салбарын 2011-2015 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулав. Энэхүү хөтөлбөр ёсоор боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2011-2015 онд нийт 639,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болж байна. Үүнээс барилга, их засварын хөрөнгө оруулалт 508,6 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 130,6 тэрбум төгрөг байхаар төлөвлөв. Салбарын 2011 онд зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээ 109.5 тэрбум төгрөг ба барилга, их засварын хөрөнгө оруулалтын хэмжээ 95,8 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 13,1 тэрбум төгрөг болж байна. Үүний 31.6 тэрбум төгрөг нь өмнөх онуудаас шилжиж ирсэн барилга угсралтын ажил байна.

Салбарын 2010 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг хянаж санхүүжилтийн хуваарийн дагуу  барилга угсралтын 10, тоног төхөөрөмжийн 1 ажлын 2,477.4 сая төгрөгийн санхүүжилтийг олгож барилга угсралтын ажлыг хурдасгаад байна.

БСШУЯ-ны программ хангамж, тоног  төхөөрөмж нийлүүлэх тендерийн баримт бичгийг үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж тендер дахин зарлаж үнэлгээ хийж шалгарсан гүйцэтгэгч нартай гэрээ байгуулав. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тоног төхөөрөмж худалдан авах гүйцэтгэгчээр “М-Си-Эс электроникс” ХХК-ийг шалгаруулж 104,000,000 /Нэг зуун дөрвөн сая/ төгрөгийн үнийн дүнтэй, мөн яаманд тавилга, программ худалдан авах гүйцэтгэгчээр “Жи Би ЭС Импекс” ХХК-ийг шалгаруулж 34,948,602.0 /Гучин дөрвөн сая есөн зуун дөчин найман мянга зургаан зуун хоёр/ төгрөгний үнийн дүнтэй, вирусны программ худалдан авах гүйцэтгэгчээр “Софтлайн” ХХК-ийг шалгаруулж 11,000,000 /Арван нэгэн сая/ төгрөгний үнийн дүнтэй гэрээг тус тус байгуулаад байна.

Шинжлэх ухааны салбарт лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гурван багцад хязгаарлагдмал тендер зарлаж үнэлгээг хийж холбогдох гэрээ байгуулав. Тухайлбал, Имульсийг өндөр даралтаар жигдрүүлэгч  аппарат ТТ-2010-5б-г худалдан авч нийлүүлэхээр “Бего фарбен” ХХК-ийг шалгаруулж 28,890,000 /Хорин найман сая найман зуун ерэн мянган/ төгрөгийн үнийн дүнтэй, Хүнсний биотехнологийн инкубаторын  тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчээр шалгарсан “Арвис консалтинг” ХХК-тай 53,768,000 /Тавин гурван сая долоон зуун жаран найман мянган/ төгрөгийн үнийн дүнтэй, Пробиотик судалгааны иж бүрэн лабораторийн төхөөрөмж ТТ-2010-5г-г нийлүүлэхээр шалгарсан “Баялаг-Эрдэнэ цом” ХХК-тай 59,165,000 /Тавин ёсөн сая нэг зуун жаран таван мянган/ төгрөгийнний үнийн дүнтэй гэрээг тус тус байгуулав.

Үр дүнд түргэн хүрэх санаачилга төслөөс 67 сургуульд “Багш хөгжлийн төв”-ийн тавилга нийлүүлэх гүйцэтгэгчээр шалгарсан “БСБ сервис” ХХК-аас ирүүлсэн тавилгыг шалгаж гэрээг дүгнэв. Мөн тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчээр шалгарсан “Бодь электроникс” ХХК-ий ирүүлсэн тоног төхөөрөмжүүдийг гэрээтэй тулган шалгалт хийж, 11 тоног төхөөрөмжөөс 2 тоног төхөөрөмжийг шаардлага хангахгүй байсан тул буцаав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд нийлүүлэхээр шалгарсан “Гүчүгүр трейд” ХХК, “Онлайн” ХХК, “М-Си-Эс электроникс” ХХК-аас ирүүлсэн тавилга, тоног төхөөрөмжийг агуулахад нь шалгаж актаар хүлээн авлаа.

Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ.  Дээд боловсролын сургалтын байгууллагуудын 2009-2010 оны хичээлийн жилийн сургалтын орчны статистикийн мэдээллийг батлагдсан захиргааны мэдээллийн ДБ-11 маягт, үзүүлэлтийн дагуу нэгтгэн боловсруулж, мэдээллийн нэгдсэн дүнг БСШУЯ-ны Статистикийн мэдээллийн эмхтгэлд оруулж хэвлүүллээ. 2009 оны эцсийн байдлаар Дээд боловсролын сургалтын байгууллагуудад 469.8 мянган м2 ашигтай талбай бүхий 225 хичээлийн байр, 145.5 мянган м2 ашигтай талбай бүхий 89 оюутны дотуур байр ашиглагдаж байна. Гэхдээ төрийн өмчийн 2, төрийн бус өмчийн 14 сургууль өөрийн эзэмшлийн хичээлийн байргүйгээс түрээсийн байранд байрлаж, мөн төрийн өмчийн 11, төрийн бус өмчийн 69 сургууль оюутны дотуур байргүй байна. Өөрөөр хэлбэл, дотоодын дээд боловсролын сургалтын нийт байгууллагуудын 11.3 хувь нь өөрийн хичээлийн байргүй, 56,7 хувь нь дотуур байргүй байна.

“Боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын 2009 он, 2009-2010 оны хичээлийн жилийн статистикийн эмхтгэл (II)” номыг 200 ширхэг хэвлүүлж яамны аппаратын ажилтнууд болон бусад хэрэглэгчдэд хуваарийн дагуу түгээлээ. Энэхүү эмхтгэлд соёл, урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын 2009 оны статистикийн бүхий л мэдээлэл, мөн бүх шатны боловсролын байгууллагын 2009-2010 оны хичээлийн жилийн сургалтын орчны мэдээллийг дэлгэрэнгүй оруулсан болно.

2009-2010 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын салбарт ашиглаж байгаа хөгжмийн зэмсгийн судалгааг гаргалаа. Энэ хичээлийн жилд 814 цэцэрлэгийн 272 хөгжмийн кабинетэд 6 төрлийн 421 ширхэг үндэсний хөгжим, 5 төрлийн 992 ширхэг сонгодог хөгжмийн зэмсэг болон урлагийн 10366 хувцсыг сургалтад ашиглаж байна.

2009-2010 оны хичээлийн жилд бага, дунд боловсролын салбарт ашиглаж байгаа хөгжмийн зэмсгийн судалгааг гаргалаа. Энэ хичээлийн жилд 755 сургуулийн 354 хөгжмийн кабинетад 6 төрлийн 3844 ширхэг үндэсний хөгжим, 5 төрлийн 4968 ширхэг сонгодог хөгжмийн зэмсэг, урлагийн 2913 хувцсыг сургалтад ашиглаж байна.

ЮНЕСКО-той хамтран Улаанбаатар, Төв, Дархан-уул, Орхон аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, их, дээд сургуульд Боловсролын удирдлагын мэдээллийн систем-OpenEmis программыг турших ажлын хүрээнд үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг 5 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус сургалтаар хот, хөдөөгийн 50 багшийг үндэсний сургагч багшаар бэлтгэн удирдлагын мэдээллийн системийн программ, гарын авлагаар хангалаа. Үндэсний сургагч багш нар хариуцсан бүсийнхээ нэгж байгууллагын багш нарт анхан шатны өгөгдөл оруулах сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ дээрх программыг орон нутагт турших ажлыг хариуцан зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллана. Туршилтын эхний үр дүнг 7 дугаар сард хамтран ажилласан олон улсын байгууллагад тайлагнана.  

Аймгийн төв болон сумын төвийн интернэт урсгалыг нэмэх зорилготой сүлжээний өргөтгөлийн ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд Орхон, Булган аймгийн сүлжээний хурдыг нэмэгдүүлээд байна.

Салбарын бодлого үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлын хүрээнд БНСУ-д БСШУ-ны сайдын хийсэн айлчлал, түүний үр дүн, Монгол Улс, ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх сайдын мэдээлэл, Монголын ард түмний соёлын гайхамшигт өв-тууль, цуур, бий биелгээг хамгаалах соёлын өвөөр ЮНЕСКО бүртгэж, БАТЛАМЖ олгосныг гардуулах ёслолын ажиллагаа, ”Мөрөөдлийн сургууль-ногоон төгөл” төгсөгчдийн баярын мод тарих үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийг сурталчлах ажлыг хэвлэлийн байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Салбарын гадаад харилцаа.  2010 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийт 1 тэрбум 3 сая иений өртөг бүхий "Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийн төв" барих, "Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг" /JDS/ гэсэн төслүүдийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газрын хооронд солилцох нот бичиг, тусламжийн хэлэлцээрүүдэд  гарын үсэг зурав.  Уг нот, баримт бичгүүдэд Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Японы талаас Элчин сайд Т.Кидокоро, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ю.Ишида нар тус тус гарын үсэг зурсан болно.

ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны сонгуульд Монгол Улс сонгогдох боломжтой болсонтой холбогдуулан Сангийн яамнаас Монгол Улсын гишүүний татварыг төлсөн баримт, Парис дахь БНХАУ-ын Байнгын төлөөлөгчийн газартай байгуулах Санамж бичиг, БСШУ-ны сайдын чиглэлүүдийг боловсруулан тус тус Парис дахь Байнгын төлөөлөгчийн газарт хүргүүлэв. Монгол Улс ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн Конвенцийн Засгийн газар хоорондын хороонд БНХАУ-тай суудал хуваах зарчмаар гишүүнээр сонгогдох бөгөөд уг сонгууль нь 6 дугаар сарын эхээр явагдахаар товлогдоод байна.

БНЧУ-ын Ерөнхий сайд ноён Ян Фишерийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр буюу 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамтай 2010-2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбар болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Хэлэлцээрт гарын үсэг зурав.  Хэлэлцээрт Монголын талыг төлөөлж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Чехийн талыг төлөөлж БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Вацлав Йилек нар гарын үсэг зурав. Энэхүү Хэлэлцээрийн хугацаанд хоёр тал боловсролын тогтолцоо, боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэл, болон өөрийн орны түүх, газарзүй, эдийн засаг, соёлын талаарх мэдээллийг харилцан солилцохоор тохироод байна. Мөн боловсрол, шинжлэх ухааны салбарын шинжээчдийг жил бүр 15 хоногоос хэтрэхгүй хугацаагаар хоёр орны сургууль, боловсрол, шинжлэх ухааны асуудлыг судлах зорилгоор харилцан солилцож, Монгол, Чехийн их сургуулийн багш нарыг жил бүр нийт 2 сарын хугацаатайгаар судалгааны ажилд харилцан илгээж байхаар Чехийн талтай тохирон, Хэлэлцээрт тусгалаа. Монгол Улсын БСШУЯ нь Монголын тухай судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, Монгол хэл болон Монголын соёлын мэдлэгийг түгээх үүднээс жил бүр Монгол Улсад зохиогдох монгол хэл, уран зохиолын зуны сургалтад Чехийн З оюутныг суралцуулж байхаар шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд Соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай  хэлэлцээрт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Вацлав Йилек нар гарын үсэг зурав. “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хооронд Соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн баримт бичгийн төслийг харилцагч талууд 2009 онд харилцан тохирсон болно. Хэлэлцээрийн хүрээнд талууд соёл, урлагийн салбарын мэргэжилтнүүдийг харилцан солилцох, хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах, номын сан, музей, галларей, соёлын өвийн төв болон  уламжлалт ардын урлагийн ба мэргэжлийн бус соёлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх, үзэсгэлэн солилцох зэрэг арга хэмжээг зохион байгуулна.  Мөн цахим номын сан, түүх соёлын үнэт зүйлсийг хууль бусаар импортлох, экспортлох, тээвэрлэхээс сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэв.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн урлагийн галарейн захирал Эдмонд Капон тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 5 дугаар сарын 19-өөс 24-ний өдрүүдэд хүлээн авч тэдгээрийг нийслэлийн музей, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулан цаашид зохион байгуулах арга хэмжээний тухай санал солилцов.

------------оОо-----------