Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн Үндэсний спортын улсын зөвлөгөөнд тавьсан илтгэл

Улсын их хурал, Засгийн газрын эрхэм гишүүд, Монголын үндэсний спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, үндэсний спортын холбооны болон биеийн тамир, спортын ажилтан, эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж,үндэсний спортын хөгжлийн хандлага, цаашдын зорилтын талаар зөвлөлдөхөөр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж баяр хүргэе.

Эрхэм нөхөд өө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай” 133 дугаар зарлиг гарч, 2007 онд Монгол улсын Засгийн газар “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 150 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 2010 онд хийсэн хөтөлбөрийн дунд хугацааны биелэлтийн дүн 73,5 хувьтай гарсан байна. Засгийн газар энэхүү хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцээд өнгөрсөн хугацаанд биеийн тамир спортын байгууллагууд уламжлалт болон шинээр хөгжиж буй үндэсний спортыг орчин үеийн шинжлэх ухааны ололт, уламжлалд тулгуурлан хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд өвлүүлэх, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, бусад улс оронд сурталчлах зорилгоо амжилттай биелүүлж ирсэнийг онцлон тэмдэглэж цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх даалгавар өгсөн юм. Түүнчлэн оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний спортын хөгжлийн асуудлаар улсын зөвлөгөөн зохион байгуулах санаачлага гаргаж, зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах үүрэг өгсөн юм.

Ийм учраас Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж Эрүүл мэндийн яам Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир спортын газрын хамт олонтойгоо хамтран энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт ирүүлж, Монгол Улсын шадар сайд, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд дэлгэрэнгүй үг хэлж үндэсний спортын хөгжлийн чиг хандлага, цаашид тавих зорилтын талаар тодорхой санал дэвшүүлсэнд зөвлөгөөнд оролцогчдынхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Ингээд үндэсний спортын өнөөгийн байдал, төр засгаас явуулж байгаа бодлого, цаашид тавих зорилтын талаар товч илтгэе.

Нэг. Үндэсний спортыг хөгжүүлэх талаар хийж байгаа ажил, үр дүн.

Эрхэм төлөөлөгчид өө,

Өнөөдрийн зөвлөгөөн Эрүүл мэнд, Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарлаж эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил улсын хэмжээнд өрнөсөн чухал үед болж байгаагаараа онцлог юм.

Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрт нийтийн биеийн тамир-чийрэгжүүлэлт, идэвхтэй хөдөлгөөнийг бүх талаар дэмжин дэлгэрүүлж, хүн амын дунд эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлж, улмаар иргэдийн оюун санаа, бие бялдар эрүүл чийрэг байх нөхцлийг бүрдүүлэх зорилтыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн бүрийн үүрэг гэж тодорхойлсон байдаг.

Дэлхийн улс үндэстэн бүрт үндэсний спортын төрөл, дасгал хөдөлгөөн, тоглоом, наадаан хүмүүст бие бялдрын хүмүүжил олгох зорилгоор тасралтгүй хөгжиж, хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад улам боловсронгуй болсоор өнөө хүртэл уламжлагдан ирсэн байна. Манай улсын үндэсний спорт гэхэд монголчуудын нүүдлийн соёл иргэншил, үндэстний ахуй амьдралын хэв маяг, шашин шүтлэг, эрхэлж буй аж ахуйн мөн чанар, байгаль цаг уурын онцлогтой зохицолдож, монгол хүний бие бялдрын хөгжил, хүч чадал, авьяас билэгт тулгуурлан өнөөг хүртэлх хугацаанд хэлбэр агуулга, хамрах хүрээгээ тэлж хөгжиж ирсэн түүхтэй.

Ардчилал, шинэчлэлийн өнөө үед эдийн засаг, нийгмийн хөгжил хурдасч, дэлхийн даяаршил гүнзгийрэхийн хэрээр нүүдэлчдийн ёс заншил, зан үйл, үндэсний өв уламжлалаа өсвөр залуу үедээ өвлүүлэн үлдээж төлөвшүүлэхэд төр засаг төдийгүй манай бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллага, иргэд зүрх сэтгэлээ зориулж ихээхэн анхаарч байгаагийн дотор Үндэсний спортын төрөл зохих байр сууриа эзэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газраас Биеийн тамир спортыг хөгжүүлэхэд байнгын анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ирсэний нэгэн баталгаа бол Монгол Улс “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-оо тодорхойлж, “Биеийн тамир, спортын тухай”, “Үндэсний баяр наадмын тухай” хууль, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”, “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”, “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай”, “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” зэрэг 10 гаруй хууль, тогтоол, зарлиг, шийдвэрийг гаргаж амжилттай хэрэгжүүлж байгаа явдал юм.

Монгол Улсын Засгийн газар биеийн тамир спортын үйл ажиллагааг дэмжин, материаллаг орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч байгаагийн үр дүнд 2005- 2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий, Увс, Өвөрхангай, Хөвсгөл, Баян- Өлгий, Булган, Төв аймагт спортын шинэ ордон барьж ашиглалтад орууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2011 онд Сүхбаатар аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Спортын цогцолборын барилгын ажлыг эхлүүлж, Нийслэлийн 5 дүүрэгт тус бүр 1000 хүний суудалтай, усан бассейн бүхий спортын цогцолбор барьж байгуулахаар төлөвлөн барилгын зураг төслийг боловсруулж байна. Өнгөрсөн онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 5045 хүний суудалтай спортын ордон барьж ашиглалтад оруулсаны дээр 30 мянган хүний суудалтай үндэсний цэнгэлдэх хүрээлэнг Концессийн тухай хуулийн нөхцлөөр барьж байгуулахаар төлөвлөж гэрээ хэлцэл хийж байна. Энэ бол хүүхэд залуучууд нийт спорт сонирхогчдыг үндэсний спортоор хичээллэх,

уралдаан тэмцээн зохион байгуулахад заал танхимын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болох юм.

Үндэсний спортын уралдаан тэмцээн зохион байгуулах арга хэмжээг боловсронгуй болгоход төр засгаас олон арга хэмжээ авч байгаагийн дотор Улсын их баяр наадмыг зохион байгуулан явуулахад сүүлийн 5 жилд 753,0 сая төгрөг, Хүй долоон худгийн хурдан морины гараа, бариаг тохижуулах, зам угсралтын ажилд 2,1 тэрбум, үндэсний сурын талбай, шагайн харвааны байрны ажилд Нийслэлийн төсвөөс 1,1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулаад байна.

“Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн хүрээнд монголын үндэсний спортын их наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулж байна. Тухайлбал: Засгийн газрын 2009 оны 211 дүгээр тогтоолоор Үндэсний спортын IV их наадмыг 2010 онд орон даяар 3 үе шаттай, Үндэсний спортын 9 төрлөөр зохион байгуулж 45 сая төгрөгийн санхүүжилт хийж, улсын хэмжээнд нийт 6000 гаруй тамирчин хамрагдан шигшээ тэмцээнд 153 багц медалийн төлөө өрсөлдлөө. Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор үндэсний спортын их наадмын урамшуулалыг улсын аварга шалгаруулах тэмцээнтэй адилтган тэргүүн байрт 600.0 мянган төгрөг, хоёрдугаар байрт 400.0 мянган төгрөг, гурав дугаар байрт 200.0 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгодог боллоо.

Үндэсний спорт нь тухайн улс үндэстний шашин, ахуйн соёл, зан үйл, урлал, урлагын асар их өвийг өөртөө шингээж, олон мянган жилээр хадгалан үеэс үед өвлөгдөн ирсэн учраас “Монгол наадам” хэмээх цогцолбор соёлыг дэлхийн соёлын биет бус зүйлийн өв санд бүртгэж авсан ба бусад олон зүйлүүд нь үргэлжлэн бүртгэгдэхээр судлагдаж байна. Энэ бүхэн нь үндэсний спортоор хичээллэж, эдгээрийг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн хадгалж ирсэн үе үеийн үндэсний спортын зүтгэлтэн, бөхчүүд, харваачид, уяачдын хичээнгүй зүтгэлийн ач буян гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Монгол түмний бахархал болсон үндэсний спортын төрөлд олон сайхан тамирчид, алдартнууд төрж тэдний залгамж халаа бэлтгэгдсээр байна. Төр засаг ч үндэсний спортын зүтгэлтнүүдийнхээ гавьяа зүтгэлийг ямагт өндрөөр үнэлж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндэсний спортын салбарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамдин, Д.Цэрэнтогтох, Монголын Үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж, Үндэсний спортын гавьяат мастер Н.Жамъян, Д.Мөнх-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, Ц.Аюуш, Г.Сандуйжав, Үндэсний сурын даяар дуурсах, дархан мэргэн, спортын гавъяат тамирчин А.Цэвээн, Ч.Мөнхцэцэг, Ш.Даваахүү зэрэг спортын зэрэг цолтой 4000 гаруй тамирчид төрөн гарсныг дурьдахад таатай байна.

1960 онд хуралдсан Монголын тамирчдын анхдугаар их хурлаас Үндэсний спортын төрлийн оролцоотой бөхийн чөлөөт барилдаан, байт харваа зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байсан нь санамсаргүй хэрэг огт биш. Үндэсний спортын төрлийг хөгжүүлж олон хүнийг хамруулж ирсэний хүчинд монголын баг тамирчид олон жил байт харваа, бөхийн чөлөөт, жүдо, самбо бөхийн төрлүүдээр дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж эцсийн

эцэст 2008 оны бээжингийн олимпоос жудо, байт харвааны төрлөөр олимпийн аваргууд төрж монголчуудынхаа цөсийг хөөргөсөн. Ийнхүү дээрхи спортын төрлөөр монгол хүн дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа нь монгол түмний үндэсний спортын сургалтын гайхамшигт ухаанаар өвлөгдөж ирсэн хүчит бөх, хурдан морь, эрхий мэргэн харваагаар хичээллэж ирсэнтэй холбоотой юм.

Засгийн газар энэхүү бодит байдалд дүгнэлт хийж үндэсний спортоор хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 2010 оны аравдугаар сарын 271 дүгээр тогтоолоор баяр наадмын спортын төрлүүд тухайлбал Үндэсний их баяр наадмын бөх, морь, байт харвааны шагналын хэмжээг урьд өмнө хэзээч байгаагүйгээр нэмэгдүүлж улсын баяр наадмын түрүү бөхөд 15 сая, үзүүр бөхөд 10 сая, шөвгийн дөрөвт үлдсэн бөхөд тус бүр 7 сая төгрөг, хурдан морины байг насны ангиллаар түрүү моринд 5 сая, аман хүзүүнд 3 сая, айргийн гуравт 2 сая, дөрөвт 1.5 сая, тавд 1 сая төгрөг, харваачдын нэгдүгээр байрт 4 сая, хоёрдугаар байрт 3 сая, гуравдугаар байрт 2 сая төгрөгийн бай шагнал олгодог болголоо. Аймаг, сумын бөх, морь, байт харвааны шагналын хэмжээг ч нэмэгдүүллээ. Түүнчлэн улсын төсвөөс улсын баяр наадамд 132 сая, аймгийн наадамд 193.2 сая, сумын наадамд 1 тэрбум 226 сая төгрөг, нийт 1 тэрбум 591 сая төгрөг зарцуулахаар болсон. Энэ бол Засгийн газраас үндэсний их баяр наадмаа дээдэлж, үндэсний спортод хүч чадал оюун ухаанаа зориулсан спортын алдартнуудаа ямагт дэмжиж байдгийн баталгаа гэж үзэж байна.

Төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн спортын байгууллага, Үндэсний спортын холбоодууд гол үүрэг гүйцэтгэж тодорхой түвшинд хамтран ажиллаж байна.

Анх 1945 онд улсын их баяр наадмын үндэсний бөхийг зохион байгуулах комисс байгуулагдаж 1952 онд Монголын бөхийн холбоо албан ёсоор байгуулагдаж байсан түүхтэй бөгөөд 1990 онд Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн тэр үеээс Монголын үндэсний бөхийн холбоо, Морин спорт уралдааны холбоо, Үндэсний сурын холбоод бие даан байгуулагдаж төрийн нэрийн өмнөөс бөх, морь, сурын асуудлыг хариуцан үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Түүнчлэн үндэсний спортын төрөл, наадаан өргөжихийн хамтаар морь, сарлаг, тэмээн поло, ширээний шагай болон мөсний шагайн төрлүүдийг хөгжүүлэх холбоодууд байгуулагдан өргөн хүрээнд ажиллах боллоо.Энэ бол үндэснийхээ уламжлалыг сэргээж хадгалах гэсэн монгол түмний хүсэл тэмүүлэлийн бодит илэрхийлэл гэж үзэж байна.

Төв, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Завхан, Дундговь зэрэг аймгийн Биеийн тамир, спортын газрууд “Олимп судлалын төв”-дөө Үндэсний спортын төрлүүдийг сурталчилсан танхим, булан байгуулж, аймаг, сумд Үндэсний баяр наадмын болон сурын талбайг засварлан сэргээж Үндэсний спортын уламжлалт төрлүүдийг ёс жаяг, зан үйлийн дагуу зохион байгуулж, шинээр хөгжиж байгаа морь, сарлаг, тэмээн поло, ширээний шагай болон мөсний шагайн төрлүүдийг хөгжүүлж байна. Үндэсний спортын холбоод бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж байгаа ажлынхаа үр дүнг дүгнэх зорилгоор холбооныхоо хурал

зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулдаг болсоноор үйл ажиллагаа нь олон түмэнд ил тод болж иргэд ч санал бодлоо чөлөөтөй илэрхийлэх нөхцөл бүрдэж байна.

1990 ээд оны эхэн үед шинэчлэгдэн байгуулагдсан төрийн бус байгууллагын нэг болох Монголын үндэсний бөхийн холбооны санаачлагаар 1990-ээд оны дунд үед бөхийн өргөө барих ажил өрнөж монголчууд хандив хөрөнгөө харамгүй зориулж, эцэст нь өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж бөхийн өргөө барихад улсын төсвөөс 800 сая төгрөг гаргаж ашиглалтад оруулж байсан нь түүх болон үлдсэн байна. Манай бөхчүүд монгол үндэсний бөхийн хөгжил дэвшилд ихээхэн анхаарч шинэчлэл хийх, бөхийн барилдааны шинэ хэлбэрүүдийг бий болгох, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах талаар олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд үндэсний спортын тамирчин, дасгалжуулагч, арга зүйчдийг бэлтгэдэг биеийн тамир спортын дээд сургууль, олон арван бөхийн дэвжээ, клубууд аймаг дүүргүүдэд байгуулагдаж үндэсний бөхийн спортоор хичээллэгсэд жилээс жилд тасралтгүй нэмэгдэж заалны барилдаанд оролцогчдын тоо нэмэгдэж чанар мэдэгдэхүйц дээшилж тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Соёлын үнэт өв болох монгол бөх монгол наадмын хүрээнд ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэнээр манай үндэсний бөх дэлхий нийтийн анхааралын төвд орж бөхийн хөгжилд ихээхэн түлхэц өгч байна.

Монголын морин спорт, уяачдын холбоо “Хүй долоон худаг”-т хурдан морины уралдааны зам, талбай, гараа, барианы тоног төхөөрөмжийг шинэчлэн жилээс жилд улам боловсронгуй болгож байна. Өвөрхангай, Архангай, Хэнтий, Өмнөговь, Булган, Орхон аймгууд хурдан морины уралдааныг зохион явуулах, гараа, барианы зурхайг орчин үеийн нөхцөлд тохируулан барьж байгуулсан нь үзэгчид төдийгүй хурдан морь унаачдад ээлтэй арга хэмжээ болж байна. Монголын морин спорт, уяачдын холбоо нь жил бүр зуны бүсийн уралдаануудыг тухайн аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран амжилттай зохион байгуулж, улс, бүсийн чанартай наадмуудад Монгол Улсын бүх аймаг, хот, сум, дүүргийн төлөөлөл болсон уяачид оролцож байна.

Хурдан морины уралдаан зохион байгуулах комиссоос даатгалын компаниудтай гэрээ байгуулан Улсын баяр наадамд нийт бүртгэгдсэн хүүхдийн 96 хувь буюу 1000 орчим морь унаач хүүхэд гэнэтийн ослын даатгалд хамрагдсаны дээр хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандарт боловсруулах, хурдан морины зам талбайн болон уралдааны үед үйлчилдэг үйлчилгээний стандартыг боловсруулах ажлыг хийж байна.

Монголын тамирчид морьтойгоо эх орондоо болон ОХУ-ын Кабардино-Балкар, Арабын Нэгдсэн Эмират, Катар, БНХАУ, Азербайжан, БНСУ зэрэг улс оронд болсон олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож спортын мастер 5, морин спорт-уралдааны шилдэг хүлэгч цолтон 20-иод төрж Орхон, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотыг хамарсан улсын аварга шалгаруулах тэмцээнүүд тогтмолжиж байна. Энэ төрлийн тэмцээнийг насанд хүрэгчдийн болон өсвөр үеийн ангиллаар зохион байгуулах, олон

улсын чанартай болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах зорилго тавьж байна.

Уран уургач, бугуйлч, эмнэг сургалтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх 1989 онд Булган аймгийн Могод суманд зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр ард түмний уламжлалт соёл, ахуй амьдралын онцлог хэлбэр гэхээс илүүтэйгээр Үндэсний спортын спортын бие даасан төрөл болон хөгжиж 1998 оноос Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг Үндэсний спортын их наадамд өөрийн байр сууриа эзлэн, спортын төрөл зүйл болон албан ёсоор орох болсон байна.

Монголчууд эрт дээр үеэс шагайгаар тоглож ирсэн ч олон төрлийн наадаанаас спорт болтлоо хөгжсөн, нарийн нандин ёс жаяг, онцлог журам, зан үйлтэй наадаан нь Шагайн харваа билээ. 1998 оноос жил бүр Үндэсний Их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор орсон Шагайн харвааг монгол үндэстний ёс заншил, ардын зан үйлийн өв соёлыг цогц байдлаар агуулдаг уламжлалт тоглоом учир ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн “Төлөөллийн жагсаалт”-д нэр дэвшүүлэхээр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисст хүргүүлээд байна.

Эдгээрээс гадна манай оронд үндэсний гэх тодотголтой олон спортын холбоод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал үндэсний хэмжээнд хүрч, аймаг, сумыг хамрах хэмжээнд ажиллаж чадаагүй байгаа ч Азийн жороо хүлэг морин спортын холбоо жороо морины уралдааныг жил бүр улсын их баяр наадмаар зохион байгуулж, тухайн төрлийг орчин үеийн хэлбэрээр хөгжүүлэх зорилгоор уралдааны тойруулгын барилга байгууламж барихаар төлөвлөж байгаа нь сайшаалтай юм.

Тэмээн пологийн спорт жинхэнэ монгол брэнд спорт болж байна. Тэмээн поло өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна.Тиймээс тэмээн полог шинэ үндэсний спорт болгон хөгжүүлж, хот, хөдөөгийн залуучуудыг өргөн хамруулах, устаж үгүй болохын босгон дээр ирсэн тэмээн сүргээ хамгаалах хууль, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан бодлого зорилтоо тодорхойлж ажиллаж чадвал амжилтад хүрэх спортын сонирхолтой төрөл гэж үзэж байна.

Олон жилийн түүхийн нугачаанд ард түмний авч ирсэн үнэ цэнтэй, өөртөө маш олон үнэт чанарыг агуулсан монголын өвлийн ховорхон спортын нэг бол мөсний шагайн харваа юм. Энэ спортыг хөгжүүлэх зорилгоор мөсний шагайн холбоо байгуулагдаж ажил нь тогтмолжиж, уламжлагдан ирсэн түүхэн өвийг орон даяар дэлгэрүүлэх талаар тэмцээн, наадмыг олшруулан, цаашид битүү хөргүүртэй мөсөн талбай барих зорилт тавин ажиллаж байгаад бид талархаж байна.

Үндэсний спортын холбоод, төрийн бус байгууллагуудын санхүүжилтийн бэрхшээлтэй байдлыг харгалзан төрөөс дэмжлэг үзүүлэх, архи тамхины онцгой албан татварын тодорхой хувийг их спорт, нийтийн биеийн тамир, үндэсний спортыг хөгжүүлэх, сурталчлахад зарцуулах талаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эрүүл мэндийг дэмжих санд тодорхой хэмжээний хөрөнгийг тусгаж зарцуулж байгаа нь үндэсний спортын хөгжилд зохих дэмжлэг болно гэж үзэж байна.

Хоёр. Үндэсний спортыг хөгжүүлэх талаар цаашид тавих зорилт.

Эрхэм нөхөд өө,

Хэдийгээр үндэсний уламжлалт тоглоом, наадаанууд уламжлагдан сэргэж байгаа ч тэдгээрийн сурган хүмүүжүүлэх, эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөг бүх нийтийн хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэх ажил төр засгийн бодлого, хүн ардын хэрэгцээ шаардлагын хэмжээнд хүрч чадаагүй байгааг бид анхаарч үзсэний улмаас энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Үнэнийг хэлэхэд монгол орны цаг агаар, бүс нутгийн онцлогт тохирсон Үндэсний спортын төрлүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт дасгалжуулалтыг төлөвлөгөөтэй явуулах, судалгааны ажлыг өргөжүүлэх, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хүч бололцоо, дэмжлэгийг нэгтгэж ажиллах, Үндэсний спортын талаар гарсан хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Үндэсний спортыг дэмжигчдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжих, төрийн ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх гэх мэт олон асуудалд анхаарал хандуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үндэсний спортын хөгжил хандлагын талаар олон нийтийн дунд болон спортын холбоодын хурал зөвлөгөөн дээр олон асуудал хөндөгдөж, яригдаж байна. Тухайлбал,

-Үндэсний их баяр наадмыг төр шууд зохион байгуулсанаар санхүүжилтийн оновчтой бус байдлыг бий болгож, зарим талаар эрх мэдэлтэн тойрсон наадам болж байгаа учраас спортын холбоод шууд зохион байгуулж, төр засаг тэдний үйл ажиллагааг дэмждэг болох,

-Хурдан морийг бага насны, хамгаалалтын хувцасгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, хурдан морь унах дадлага туршлагагүй нялх балчир хүүхдүүдээр унуулж байгааг зогсоож хүүхдийн эрхийг дээдлэх,

-Хурдан морины уралдаанд гадны болон цус холилдсон морьд уралдах болсоноор монгол цусны адуу төрийн наадамд түрүүлж, айрагдах нь багасч уяачдын хүч хөдөлмөр үнэлэгдэхгүй болж, улмаар хөдөөгийн уяачид улсын баяр наадамд оролцох сонирхолгүй болж оролцоо хумигдах байгааг анхаарч зохицуулах,

- үндэсний бөхөд шөвгийн 16-д үлдсэн бөх болон үндэсний сурын харвааны эхний 3-н байр эзэлсэн харваачдаас сэргээшийн шинжилгээ авдаг журамтай атлаа шинжилгээний хариу гараагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол чимгийг олгож байна. Энэ тохиолдолд сэргээш хэрэглэсэн нь илэрвэл цол, чимгийг хураах зохимжгүй байдал өнөөдрийн хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлээр үүсч байгаа учраас үндэсний их баяр наадамд зөвхөн аварга цол хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж аварга цолыг нь олгох, бусад цолыг наадмын төв комисс үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн олгодог болгох,

-бөхчүүдийн эрүүл мэнд, удмын санг цэвэр байлгах үүднээс үндэсний бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөх болон үндэсний сурын харвааны эхний 3-н байр эзэлсэн харваачдаас сэргээшийн шинжилгээ авдагыг өөрчилж нийт бөх, харваачдын дундаас тодорхой тооны тамирчидыг сонгож шинжилгээ авч олон улсын жишигт нийцүүлэх,

-сэргээштэй холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сэргээш хэрэглэсэн тохиолдолд уралдаан тэмцээнд оролцох эрхийг эхний удаа 2 жилээр, давтан хэрэглэсэн тохиолдолд дахин үндэсний их баяр наадмын уралдаан, тэмцээнд оролцох эрхийг олгохгүй болгох,

-Үндэсний баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Үндэсний бөхийн цол, чимэг хүртэх эрхтэй болсоныг тухайн үед зарлан бай шагналыг олгож, сэргээшийн шинжилгээний хариу гарсаны дараа наадмыг зохион байгуулах комиссын саналыг үндэслэн цолыг олгох,

-хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нэр томьёог ойлгомжтой тусгайгүйгээс цуваа сурын харваанд буриад, урианхай сурыг хамааруулж, үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах гэж маргалдаж, мэтгэлцэж байгааг тодорхой болгох зэрэг олон асуудал хөндөгдөж яригдаж байна.

Өнөөдрийн зөвлөгөөн эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд биш, та бүхний санал бодлыг сонсож зохицуулалт хийхэд нь туслах, боломжтой хувилбарыг сонгож уламжлалт үндэснийхээ спортыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах эрхэм зорилгыг агуулж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.

Бөхчүүдийн дотоод зөрчил, шүүхийн маргаантай асуудлууд, олон түмний дунд яригдаж шүүмжлэгдэж байгаа цолны найраа, бөхчүүдийн төрөл бүрийн уураг, эм бэлдмэл хэрэглэж жин нэмж эрүүл мэндээрээ хохирч байгаа талаархи асуудал олон жил яригдаж байгаа нь үнэн. Ийм маргаан мэтгэлцээнд төр ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцож зохицуулах гэх нь учир утгагүй бөгөөд гагцхүү үндэсний спортын зүтгэлтнүүд багш, дасгалжуулагчид, тамирчид та бүхэн эв санаагаа нэгтгэн, оюун ухаанаа уралдуулж хамгийн оновчтой хувилбарыг сонгож зүй зохистой шийдвэр гаргаж ажиллах нь зөв гэж бид үзэж байна. Сэргээшийн тухайд хууль, дүрэм журам гаргаж хорьж, цагдаж хариуцлага тооцож болох хэдий ч эцсийн эцэст өөрийнхөө эрүүл мэндийг хохироохгүйн тулд, үндэсний спортынхоо уламжлалд сэв суулгахгүйн тулд энэ спортоор хичээллэж байгаа тамирчин хүн өөрөө энэ үйлдлээс ухамсартайгаар татгалзахыг энэхүү зөвлөгөөний индэрээс уриалж байна.

Дээр тэмдэглэсэн олон асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах үндсэн асуудлыг зөвлөгөөний энэхүү хүндэт индэрээс дэвшүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Түрүү бөх, морь, сурын харвааны бай шагнал, цол чимэгийг олгуулах, Үндэсний их баяр наадамд үндэсний спортын ямар төрлийг багтаах зэрэг асуудлыг сайтар судлан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Монголчууд та бид дэлхийн дэвжээнд олон төрлийн спортоор өрсөлдөж амжилт гаргаж байгаа нь үнэхээр бахархалтай хэрэг. Гэхдээ энэ амжилтын үндэс нь монгол хүний хар бага наснаасаа хүч чадлаа сорьж ирсэн үндэсний спортын агуу их уламжлал, арга мэх, хүч чадал, тэвчээрт байгаа гэдгийг эрдэмтэн мэргэд хэлж байна. Тийм болохоор Үндэсний спортын судалгаа, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, бусад спортын төрлүүдтэй нягт уялдуулах шаардлагатай байна.

Гуравдугаарт, Үндэсний спортын хэрэглэл материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг өргөтгөх, улсын хэмжээний хэрэгцээг хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэрлэлийн баазыг бий болгох, шаардлагатай түүхий эд, материалыг бэлтгэн хангах талаар бодлого боловсруулж эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир спортын төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Дөрөвдүгээрт, Холбоодын үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, төрийн ба төрийн бус байгууллагын уялдаа холбоо түншлэлийг өргөжүүлж, төрийн байгууллагын хяналтыг сайжруулахыг цаг үе шаардаж байна. Өөрөөр хэлбэл олон эшт үзэл бодол байхыг үгүйсгэхийн аргагүй ч арсалдан тэмцэлдэх бус арга билгийн ухаанаар учир зүйгээ ололцож, эв нэгдлийг эрхэмлэн үндэснийхээ бахархал болсон спортын гайхамшигт төрлүүдийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах нь бидний дээд эрх ашиг гэж үзэж ажиллах хэрэгтэй байна.

Тавдугаарт, “Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дунд хугацааны үнэлгээгээр үндэсний спортоор хичээллэгчдийн тоо нийт хүн амын 14 хувьтай байгааг 30-аас доошгүй хувьд хүргэх, үүний тулд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн санхүүжилтийг бодиттойгоор нэмэгдүүлэх, хамрагдагсадын тоог нэмэгдүүлэхийн тулд сургууль, байгууллага бүр идэвхи санаачлагатай ажиллах, амжилт гаргасан хамт олон, үндэсний спортын зүтгэлтнүүдийг дэмжиж урамшуулах талаар санаачлага гаргаж ажиллах хэрэгтэй байна.

Зургаадугаарт, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн программд заасан сургалтыг өндөр түвшинд явуулах, цаашдаа ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт үндэсний спортын төрөлд зориулсан багц цагийг нэмэгдүүлэх талаар гарч байгаа саналыг харгалзан үзэж тооцоо судалгаа хийх нь зүйтэй гэж үзэж байна. Үндэсний спортын ирээдүй сургуулийн танхимд байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Долоодугаарт, Энэ жилийн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос үндэсний их баяр наадам болон улс, бүсийн чанартай наадмын хурдан морины уралдаанд эрлийз болон цэвэр монгол цусны адууны уралдааныг тусад нь уралдуулдаг болох талаар морин спорт уяачдын холбооны санал санаачлагыг бүх талаар дэмжих хэрэгтэй гэж үзэж байна.

Наймдугаарт, Засгийн газраас унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах үүднээс өвлийн уралдааныг зохиох цаг хугацаа, улс, бүсийн уралдааны товыг гаргахдаа цаг агаар дулаарсан тохиромжтой үеийг сонгож гаргахад анхаарлаа хандуулах, товлолын бус өвлийн уралдаан тэмцээн зохион байгуулахыг хязгаарлах хэрэгтэй гэж үзэж байна.

Есдүгээрт, Үндэсний спортын аргазүйн гарын авлага, зөвлөмж материалыг бэлтгэж гаргах болон дасгалжуулагч-багш нарыг бэлтгэх талаар биеийн тамир, спортын сургуулиуд, мэргэжлийн холбоод санаачилга гарган хамтран ажиллах хэрэгтэй байна.

Энэ бол та бүхний тойрч ярилцах, санал бодлоо илэрхийлэх гол гогцоо асуудал гэж бид үзэж байгаа юм. Зөвлөгөөний эцсийн зорилго өнөөдрийн нэгдсэн зөвлөгөөнөөр хязгаарлагдахгүй бөгөөд салбарын хурлуудыг бүх холбоодууд улс аймгийн хэмжээнд зохион байгуулж санал бодлоо үргэлжлүүлэн хэлэлцэж нэгдсэн саналаа Биеийн тамир спортын газарт 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Та бүхний санал, санаачлагыг үндэслэн тодорхой төлөвлөгөө гарган төрийн бодлого, хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах зорилт тавьж байна.

Зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.