ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ЖУРАМ
Нийтлэг үндэслэл:
Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтүүдийг сонгон шалгаруулах, тэдний мэргэжлийн ур чадварт тавих шаардлага, Эрүүл мэндийн багц хууль, Хөдөлмөрийн хууль, Аймгийн Засаг даргын 2010 оны 109 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл мэндийн газрын дүрэм”-ийг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг баримтлана.
Нэг: Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэгт ажиллах эмчид тавих нийтлэг шаардлага, сонгон шалгаруулалтын комисс
1.1 Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэгт их эмч, эрхлэгчээр ажиллах хүсэлт гаргасан этгээд нь дараах баримт бичгийн бүрдлийг хангаж Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
1.1.1 Төрийн албан хаагчийн анкет
1.1.2 Баклавар буюу түүнээс дээш боловсролын үнэмлэх / диплом /-ний хуулбар / гэрчлүүлсэн байна /
1.1.2 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /эмчлэх/
1.1.3 Иргэний үнэмлэхний хуулбар / гэрчлүүлсэн байна /
1.1.4 Ажилд орохыг хүссэн өргөдөл 1.1.5 Цээж зураг 4 хувь / 3*4-ийн хэмжээтэй /
1.2. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэг нь их эмчийн орон тоо гарсан эсвэл шаардлагатай болсон тохиолдолд ажлын байрны захиалгаа эмчид тавигдах тусгай шаардлагын хамт Эрүүл мэндийн газарт ирүүлнэ.
1.3. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлгийн захиалгыг үндэслэн ЭМГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж их эмчийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг тогтоож сонгон шалгаруулалт явуулах тов болон сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах комиссын бүрэлдэхүүнийг батална.
1.4. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах комиссын бүрэлдэхүүн нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ЭМГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүдээс 3, бусад байгууллагын төлөөлөлөөс 2 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
Хоёр: Сонгон шалгаруулалт явуулах комиссын бүрэн эрх, үүрэг
2.1. Зөвлөлийн хурлаас томилсон комиссын гишүүд нь үйл ажиллагаагаа хараат бусаар бие даан явуулж, комиссын дарга, нарийн бичгийн даргаа сонгоно.
2.2. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулсан комисс нь сонгон шалгаруулалтыг явуулж дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор дүнг эцэслэн гаргаж, Эрүүл мэндийн газрын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралд танилцуулах үүрэгтэй.
2.3. Сонгон шалгаруулалт эрхлэн явуулах комисс нь шалгаруулалтын явцад гарсан зөрчил, маргааныг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгийн үнэн зөвийг бүрэн хариуцан ажиллана.
2.4. Комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын нууцлалыг бүрэн хариуцах үүрэгтэй.
Гурав: Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэгт
ажиллах бага эмчид тавих нийтлэг шаардлага:
3.1. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэгт бага эмчээр ажиллах хүсэлт гаргасан этгээд нь дараах баримт бичгийн бүрдлийг хангаж Нэгдсэн эмнэлгийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, сум, өрхийн эмнэлгийн эрхлэгчид хүлээлгэн өгнө.
3.1.1 Төрийн албан хаагчийн анкет
3.1.2 Тусгай дунд буюу түүнээс дээш боловсролын үнэмлэхний хуулбар / гэрчлүүлсэн байна /
3.1.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй /эмчлэх/
3.1.4 Иргэний үнэмлэхний хуулбар / гэрчлүүлсэн байна /
3.1.5 Ажилд орохыг хүссэн өргөдөл 3.1.6 Цээж зураг 4 хувь / 3*4-ийн хэмжээтэй /
3.2. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлгийн дарга, эрхлэгч, ахлагчийн дэргэдэх Зөвлөл хуралдаж бага эмчийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг тогтоож сонгон шалгаруулалт явуулах тов болон сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах комиссын бүрэлдэхүүнийг батална.
3.3. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах комиссын бүрэлдэхүүн нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүдээс 3, бусад байгууллагын төлөөлөлөөс 2 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнд дарга, эрхлэгч, ахлагч орохыг хориглоно.
3.4. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах комисс нь энэхүү журмын 2 дахь хэсэгт заасан эрх, үүрэг, хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Дөрөв: Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэгт ажиллах сувилагчид тавих нийтлэг шаардлага:
4.1. Дараахь бичиг баримтын бүрдлийг хангаж Нэгдсэн эмнэлгийн Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, сум, өрхийн эмнэлгийн эрхлэгчид хүлээлгэн өгнө.
4.1.1 Төрийн албан хаагчийн анкет
4.1.2 Тусгай дунд буюу түүнээс дээш боловсролын үнэмлэхний хуулбар / гэрчлүүлсэн байна /
4.1.3 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй /сувилах/
4.1.4 Иргэний үнэмлэхний хуулбар /гэрчлүүлсэн байна /
4.1.5 Ажилд орохыг хүссэн өргөдөл 4.1.6 Цээж зураг 4 хувь / 3*4-ийн хэмжээтэй /
4.2. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлэгт ажиллах сувилагчийг сонгон шалгаруулахдаа энэхүү журмын 3.2-3.4-д засан журмыг баримтлана.
Тав: Даргын дэргэдэх Зөвлөлийн бүрэн эрх.
5.1. Сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүнтэй танилцаж, сонгон шалгаруулалттай холбоотой материалуудтай нэг бүрчлэн танилцах / сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн бүх иргэдийн материалтай танилцана /, комиссын гишүүдэд асуулт тавьж, хариулт авах эрхтэй.
5.2. Комиссын дүнг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн тэнцсэн нэг иргэнийг томилох эрх бүхий албан тушаалтанд материалын хамт уламжлан томилуулахаар зөвөлсөн байна.
Зургаа: Сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам
6.1. Сонгон шалгаруулалтыг явуулах хугацаа сонгон шалгаруулалт болох өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байна.
6.2. Сонгон шалгаруулалтын оноо нийт 100 оноо байна. Үүнээс сорилын шалгалт 60 оноо, мэргэжлийн гардан үйлдлийн ажил 20 оноо, ярилцлага 20 оноо байна. Гурван түвшний шалгалтын нийлбэр дүн 70 түүнээс дээш хувьд хүрсэн бол сонгон шалгаруулалтад тэнцсэнд тооцно. Сонгон шалгаруулалтын шалгалт дараах төрөлтэй байна.
6.2.1. Сорилын шалгалт:
/ 60 асуулт нэг асуулт нэг оноо нийт 60 оноо, босго оноо 35 байна /
6.2.2. Мэргэжлийн гардан үйлдлийн шалгалт
6.2.3. Ярилцлага / 4 асуулт байна нэг асуултад 5 хүртэл оноо өгнө, ярилцлагын төрлийн хувьд хууль, эрх зүйн, мэргэжлийн, чөлөөт гэсэн байна /
6.3. Сонгон шалгаруулалтын сорилын болон ярилцлагын сэдвийг аймгийн Эрүүл мэндийн газар нэгдсэн журмаар боловсруулна. Эдгээр нь байгууллагын нууцад хамаарна.
Долоо: Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага
7.1. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах комисс түүний гишүүд нь энэхүү журмыг зөрчсөн, сонгон шалгаруулалтын нууцыг задруулсан бол сахилгын шийтгэлийг оногдуулна.
7.2. Байгууллагын дарга, эрхлэгч, ахлагч нь энэхүү журмаас гадуур иргэнийг ажилд авсан бол сахилгын шийтгэлийг Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар оногдуулна.
7.3. Сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулах комисс нь Зөвлөлөөс тогтоож өгсөн ерөнхий болон тусгай шаардлагаас өөр нэмэлт шаардлага тавьж иргэдийг хохироосон, хэн нэгэнд давуу байдлыг илт олгосон бол сахилгын шийтгэлийг оногдуулна.
7.4. Энэ журмын 6.2, 6.3-д заасан байгууллагын нууцыг задруулсан буруутай албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн сахилгын шийтгэлийг оногдуулна.
Найм: Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах.
8.1. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх бүхий этгээд нь Эрүүл мэндийн газрын даргын дэргэдэх Зөвлөлийн дарга, гишүүд байна. Бусад этгээдээс журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа дээрхи эрх бүхий этгээдүүдээр дамжуулан гаргаж болно.
8.2. Энэхүү журамд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай саналаа, санал гаргасан этгээдээс төслийг боловсруулан үндэслэл бүхий эрх зүйн актуудын хамт ЭМГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн дарга, гишүүдэд уламжилна.
8.3. Шинээр батлагдан гарсан хууль, тогтоомж тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт нийцүүлэн энэхүү журамд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг тухай бүр оруулж байна.
8.4. Журамд нэмэлт,өөрчлөлт оруулах асуудлыг ЭМГ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэн төслийг боловсруулан Эрүүл мэндийн газрын дарга баталгаажуулна