D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ

1



2

ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ

МУНХАГИЙН ХАРАНХУЙГ ГИЙГҮҮЛЭГЧ БИЛГИЙН ЗУЛ ОРШВОЙ.

МЭРГЭН УНШИГЧ ТАНАА ӨРГӨН АЙЛТГАХ ИНУ.

Түмнээ толилуулан буй “Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул” хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагины тууж хэмээн алдаршсан эртний гайхамшигт нэгэн уран зохиол билээ. Энэ туужид Чойжид гэдэг бүсгүй гучин зургаахан насандаа бие барж авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан өнгөрч эрлэгийн газар очиж улмаар Эрлэг Номун хаантай нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орнуудыг нүдээр үзэж энэ тухайгаа ном болгон бичсэн уран нарийн зохиомжтой хойт нас, нүгэл буяны тухай гайхамшигт бүтээл юм.

Монгол хүн шашны энэрэнгүй ёс, их нигүүлсэгч чанарыг өөрийн уламжлалт заншилдаа таацуулан хэвшил болгон шингээж, хүн хүндээ байтугай адгуус амьтан уулс ус, газар шороондоо муу үйл, ааш араншин гаргахыг цээрлэн тэвчих ёсон эцэг эхээс үр хүүхдүүдэд, настан буурлуудаас хойч үеийнхэнд сайн үлгэр дууриал болон өргөн хүндэтгэлтэйгээр уламжлагдан ирсэн өнө эртний түүхтэй билээ. Гэвч өнгөрсөн зуун жилд Монголчууд бидэнд буян энэрэл үгүйлэгдэж, нүгэл хилэнц аривжсаныг амаар үгүүлж эс чадан зөвхөн ханцуй дотроо залбирдаг байлаа. Их номч билгүүн ухаан авъяас төгөлдөр Цэндийн Дамдинсүрэн зуун билиг хэмээх их хөлгөн ном бүтээхдээ бурханы шашны холбоо бүхий зарим нэгэн зохиол бүтээл оруулсан боловч энэхүү Чойжид дагины туужийг түүндээ багтаан оруулж чадаагүй нь тухайн цагын аясад захирагдан нухчин дарагсаных билээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж Герман улсын нэгэн эрдэмтэн багшдаа эл алдарт туужыг бэлэг болгон явуулсаны улмаас дотоод яаманд есөн удаа байцаагдсан гэлцдэг. Их зохиолч энэхүү гайхамшигт судрыг зориуд сонгон бэлэглэсэн нь уран нарийн зохиомж адал сонирхолтойг харгалзахын сацуу бас буяны үйлийг бодолцсон болов уу? Өнөө буяны үйл үнэний үрийг дээдлэн нээсэн өөрчлөлт шинэчлэлтийн сайн цагт энэ гайхамшигт учрыг хэвлэн нийтлэх боломж нээгдлээ. Самуун хорын муу үйлдлээс зайлж сайн буян тань арвижих болтугай хэмээн залбирюу!

МУНХАГИЙН ХАРАНХУЙГ ГИЙГҮҮЛЭГЧ БИЛГИЙН ЗУЛ ОРШВОЙ.

Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй! УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.

Хамгийг айлтгагч ялж төгс нөхцсөн бурхан лугаа хамтдаа байгч

Сарваа бодисад нарт мөргөмүй!

Харш нисваанисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо!

Чойжид би бие ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч Эрлэг Номун хааны зарлиг захиаг дэвтэрт бичин олон амьтанаа дэлгэрүүлэхийн тул товчлон өгүүлэх нь: Чойжид би гучин зургаахан насны цагт арван

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



3

зургаан хоног өвдөж аливаа ном гүргэм тустай бүхнийг үйлдэвч улмаар хүндэрч эдүгээ үхэх цаг болов оо. Чавганц больё хэмээхэд эцэг эх, гэрийн эзэн эс таалсанд би насан багын цагт нэг ч номын хөтөлбөрийг авч бясалгасангүй. Дээд лам гурван эрдэнийг ихэд тахисангүй. Зургаан зүйл хамаг амьтанд арвитай өглөг өгсөнгүй. Өөрийн энэ насандаа бүтээсэн буяны үндэс ихгүй. Ламын сургаалын багшид идээ өргөл төдийлэн барьсангүй. Аяа хөөрхий чөлөө учралт энэ биеийг дахин олохуйяа бэрх болсон хойно хичнээн гэмшивч тусгүй билээ. Амьд цагт үйлдсэн нүгэл, үйлийн үрээр муу зовлон болж миний толгой дээр магад ирэх бөгөөд жил бүр хонь үхэр хорь гучаадыг алж идсэн билээ. Тэр бүгдийн нүгэл хилэнцээр муу заяанд төрж барагдашгүй зовлон эдлэхийн цагт намайг хэн ч аврах оронгүй билээ. Авааль эр харам ихтэйн дээр лам гурван эрдэнэд сүжиггүй. Намайг үхсэний хойно тэрээр буян эс хийнэ хэмээн мууг санаж эцэг эх, үр хүүхдүүдээ дэргэдээ ир! Гэсэнд тэд маань хүрэлцэн ирцгээв. Чойжид би энэ өвчнөөс салахгүй магад үхэх тул та бүгдэд өгүүлэхийн эцэс гэрээс үгээ захисугай.

Чойжид надад урьд үйлдсэн буян доройн эрхээр энэ насанд эм язгууртай төрөөд хүний гэргий болж галын зах, гэрийн мухар сахин зөөлөн дэвсгэр дулаан тохитой хөнжил бүхий орон дээр хурцал шунал тачаангуйг үйлдэж энэ насандаа согтуурч ямагт хар нүглийг үйлдэн явснаас одоо магад үхэхийг мэдээд маш гэмшивч барагдахгүй болов оо. Намайг үхсэний хойно эцэг эх, үр хүүхэд та нар минь бурхныг тахиж, номд шүтэж буяныг үйлд! Нүгэлийг насандаа тэвчиж сайн ерөөлийг ямагт тавь! Эдүгээ буй бүх юмны гуравны нэгийг миний буянд заран үйлд! Үлдэх хувиар та нар аж төрөн яв! Миний засал чимгийн оюу шүр тэргүүтнийг охинд минь өгөөрэй! Заримаар нь буян үйлд! Үхэх насны хэмжээ нэгэн цагт ирэхүйд буян хийснээс өөр нөхөр ба тус үгүй бус уу? Хэмээсэнд эр нөхөр ийн өгүүлрүүн: Чамайг үхсэний хойно хүүхэд маань нас бага, хөрөнгө чинээ минь амь зууж аж төрж хүрэлцэхгүй тул эдүгээ буй мал эд юмсын гурван хувийн нэгээр буян үйлдэж чадахгүй гэв. Тийм боловч миний буяныг үл доройтуулсугай. Оюу шүрийг охинд өгье гэхэд Чойжид миний санахад энэ эрийн хэлэх үг, янз байдал нь миний хойноос яавч буян үйлдэхгүйгээр үл барам нэгэн гэргий авч даруй үр хүүхдийг маань зовооно байх.Би иймийг мэдсэн авч амьд байх цагтаа гурван эрдэнэд сужиглэж сургаалын багш ламд оюу шүрээ өргөж, хойтын буян үйлдсэн болоосой хэмээн цаглашгүй ихээр бодлогшрон зовж хэвтэхүйеэ гэнэт толгой эргэн газар дор оров хэмээн санагдаж дээрээс олон амьтан дарсан мэт аюул болсны дараа хөлгүй их далай дор орж маш даарч хөрсөнд биенд минь хэсэг хэсэг цэрвүү гүйн дэлбэрч хөлдөхийн цаглашгүй их зовлонг амсав. Бас түүний дараа газар дэлхий галаар дүүрч нүргэлэх их чимээнээр миний биеийг түлэх их зовлон тохиов. Түүний хойно улбалзсан хурцын гэрэл гэгээ гялбан газар дэлхий урван хөрвөх мэт болж хүржигнэх их дуу чимээ болсноор би юуг ч үл санан бие сэтгэл амар жимэр болов. Тэндээс юу болсоноо мэдсэнгүй. Өөрийн гэрийн хаяанд байна хэмээн санах зуур гэнэт миний толгой дээр таван өнгийн гэрэл бумбын төдий сацран ирж хар бүрэнхий дотроос хоорондоо адил бус толгойтой, дуу чимээ өөр өөр болоод хүний биетэй, нүд нь нар саран мэт гартаа олон зүйлс мэс баригсад хаа! Хаа! Хоо! Хоо! Ал! Ал! Цохь! Цохь! Хэмээцгээн мянган лууны дуун лугаа адил тачигнан дуугарахуйд миний дотор айж зүдэхийн зовлон цаглашгүй их болов. Тэр цагт миний санаанд урд номын хөтөлбөр хүртсэн ачит язгуурын ламын “зарлиг гэрэл бүгд өөрийн гэрэл, заль бүгд өөрийн заль,

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



4

дүр бүгд өөрийн дүр, дуу бүгд өөрийн сэтгэлийн чанар болой! ” хэмээн номлосон нь энэ мөн болой хэмээн санамагц өмнөх аюумшиг бүхэн үүл бороо цэлмэн арилсан мэт хоосрон замхарсанд миний сэтгэл аюуж эмээхийн зовлонгоос амирлав аа. Тэндээс өөрийн ор дэвсгэр тийш харвал муухай өмхий үнэр ханхалсан нэгэн үхдэл мэлхийг миний хувцасаар бүтээснийг үзэв. Охих хүүхэд ба ураг төрөл айлын ах дүү нар ирээд зарим нь тэрхүү үхдэл мэлхийн биенээс барьж зарим нь аманд нь амаа хүргэн орилон уйлцгааж байх нь чимээ ихсэж мянган луу нэгэн цагт хүрхрэх адил болов. Тэднийг уйлахаа аядан завсарлахад их дуу чимээ ба цасан мөндөр аядан завсарлахад амирлав. Түүний дараа миний дүү Чойжидмолом: “Энэ мэт уйлж юу хийнэм. Егүүтгэлийг үйлдүүлэх нэгэн лам залж сүнсийг хөтлүүлэх хэрэгтэй. Их бясалгагч ИшЦэрэн ламд эгч минь урьд сүжигтэй байсан тул түүнийг залсугай. Бас Доржзоводийг унших нэгэн лам залья.” Хэмээсэнд Чойжид би эд нар ямар үг хэлэлцнэм хэмээн санаж лам залж юу хийнэ хэмээвээс тэд хариу эс хэлэв. Миний эр нөхөр. Бүүеэ ламыг залья хэмээв. Дүү Чойжидмолом минь эгч минь Бүүеэд сүжиглэдэггүй бөлгөө. Та өөрийн дураар болтугай. Би их бясалгагч ламыг залья хэмээн одвоо. Эр нөхөр маань Зонгоржав нэрт хүнтэй тариа будаа авчрахаар ачлага ачин явав. Тэр үед манайд зургаан байшин дүүрэн сайн арвай байв. Түүнээс айлуудад гурил татуулхаар өгч байхыг хараад эд нар юу хийнэм хэмээн харамын сэтгэл над төрж, миний бие эдгэрч гэхээс биш үхэж гэх сэтгэл эс төрнө. Миний том хөвгүүн нэгэн ламыг залж ирээд Доржзодов уншууллаа. Тэр цагт манайд ойрхон нэгэн суврагыг итгэл уншсан чавганц хүн гороолж явахуй дор миний сэтгэл ихэд баясан амгалантай болов. Үдэш их бясалгагч лам залран ирсэнд Чойжид би гурав мөргөн адис авах гэтэл лам мутар талбин адис эс хайрласанд энэ ламтан надад уурласан буюу хэмээн санаж ламаас энд та юунд залран ирэвээ хэмээн санахад лам хийгээд тэнд буй хүмүүс хэн ч хариу эс хэлэв.

Эд нар надад уурласан буюу хэмээн санаж сэтгэл зовнин суутал их бясалгагч лам гэнэт босож үхдэл мэлхийн толгойн дээр мутраа тавиад итгэл явуулан ерөөл уншаад “Чойжид чи үхсэн биш үү! Охин хүүхэд ба ураг садан, эд мал дор хурцал шуналгүй чи өөрийн сүнсээ цагаан дуслын дүртэй нэгэн буурцгын төдий болгон миний зүрхэнд шингээд хамтаар Авид бурханы амгалант сувидайн орноо очьё” хэмээн зарлиг болгов. Тэр цагт миний санаанд ламын ийн хэлэх зарлигийг үзвээс Чойжид би үхсэн ажээ хэмээн бүрэг бараг санагдаж ламын зарлигийг дагая гэтэл үхдэл мэлхийнээс айж цочоод эс чадав. Лам гэнэт пад суухай хэмээн зарлиг болгосонд баясан дурлахын их амгаланд эзлэгдэв. Ламтан айлдаж-Сүнс хөтлөх цаг нэгнээ хожимдож үхдэл ухаан хоёр нэгэнт хагацсан тул үл болно хэмээв. Тэндээс мах, дарс гурил тэргүүтнийг лам нарт өргөхөд надад эс өгөлцөв. Их бясалгагч миний охинд зарлиг болж хайрсан гурил, махыг нэгэн муу тавганд хийж СЭРЖМИЙН хамт үхдэл мэлхийн дэргэв тавив. Миний охин ээж минь идэн соёрх хэмээсэнд би бээр өлсөх ундаасах их боловч үхдэл мэлхийгээс айн цочиж идэж эс чадсанд мөнөөх лам нар миний дэргэд нэгэн тарнийг олон олон уншиж гурил махыг галд түлэхэд үнэр утаагаар нь идсэн уусан мэт сэтгэл ханан машид амирлангуй болов. Тэдгээр лам нар цав манзаа зооглож дуусгаад Их бясалгагч ламаас дээш дээш айлтгаж номын бясалгалд орцгоов. Тэр цагт ламаас бусад хүн надад идээг өгөөгүйд би гомдохын сацуу миний бие агаарт тогтож үл чадан шувууны өрөвлөг салхинд хийсэх адил нааш цааш дэрвэх мэт болсонд эдгээ би юу хийвэл чадал тэнхээ

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



5

олж болох бол хэмээн санагдан сандарч байхүйд охин хүүхэд минь дахин уйлалдав. Тэр үеэс мөнөөх л цасан мөндрөөр намайг цохиж дэлдээд цаггүй их зовлон болов. Тэднийг уйлахаа зогсмогц мөндөр цохих зовлонгоос сая гэтлэв. Бас бус үзэгдэх юмгүй атал айх эмээх ба сэтгэл урван эвдрэх олонтой болж лам багшийн дэргэд ойр сууя гэвч би эхнэр хүн тул их лам дэргэдээ ойр суулгахгүй болов уу? хэмээн ар хойно нь нуугдан номын дууг сонсож суутал их лам нэгэн нүүртэй дөрвөн мутартай хутагт хоньсом бодисадьва болон үзэгдэвээ. Түүний дүрийг дээш чанарын агаарт бясалган ахуй дор миний сэтгэл айх эмээхгүй ихэд амгалан болов. Тэнд хэдий чинээн удаан суусныг үл мэднэ. Ламтан бясалгалаас сэрж цав идээгээ зооглохуй дор миний хувийг урьдын ёсоор галд түлэхэд би бээр цадаж ханаад байтал гаднаас нэгэн хүн “Чойжид чи иртүгэй” хэмээн дуудахуйд очвоос тэр нь эрлэгийн элч байсан бөлгөө. Түүний өгүүлэх нь “Чи над лугаа хамт явагтун. Чамд үзүүлэх нэгэн газар буй. Даруй нааш ир! “ хэмээсэнд миний сэтгэл энд байваас цөмөөрөө намайг тоож эс үзнэ. Гагцхүү лам багшаас өөр хүн идээний хувийг үл өгнө. Иймээс энэ хүний үгийг дагаж өөр оронд очьё хэмээн санаж түүнийг даган одов. Өвс ногоо ургаагүй нэгэн асга хад, гуу жалга болсон хавчилган газрын завсар замаар орж удалгүй тэрхүү бэрх замын чанад гарвал морьтон хүн хорин өдөр явж туулахуйц их говь тал тохиолдов. Тэр уудам говь талд сэтгэшгүй нэгэн балгасанд орж бас сэтгэшгүй нэгэн гүүрээр гарч чанд хүрвээс эр эм, олон хүмүүн цугларч бөөгнөрөн бужигнах нь шоргоолжны үүр нээсэн мэт ажээ. Эрлэгийн элч надаас, “эд нар дотор чиний таних хүн байна уу?” гэж асуухад би тэднийг ажиглаваас өнгө зүс алдаж уйлан гуниглаж энэлэн шаналан гаслаж байв. Чойжид би “над бас энэ мэт зовлон зүдгүүр тохиолдох болов уу” хэмээн маш ихээр зовон зовсоор цааш одсонд мөн л олон хүн цугларсан байв.

Тэдний дотор урьд манай гэрийн үхэр хариулж явсан Чойжив нэртэй нэгэн хүн байлаа. Тэр намайг үзээд эгч та энд ирэв үү? Би тун их зовж байна гэлээ. Би түүнээс энэ балгасны нэр юу гэдэг вэ? Энд ирсэн хүн жаргадаг юм уу? хэмээн асуув. Гүүрний цаанаас нэгэн хүн Чойжид чи наашаа түргэн ир! Гэж дуудав. Би тэнд очьё гэтэл үхэр хариулагч Чойжив ийн өгүүлрүүн: Хүн амьтан үхээд энд ирмүй. Үхсэн амьдын зуурдын орон гэгч энэ бөлгөө. Энд ирсэн хүн амьтаны зарим нь насны хэмжээ дуусч ирээд зуурдын дөчин есөн хоногоо хүлээнэ. Зарим нь насны хэмжээ дуусахаас өмнө нэр нас эндүүрэгдэн ирсэн нь ч бас байдаг. Бас үйлийн үрийн эрхээр арав, хорь, гучин жил өнгөртөл хаана ч төрөл авалгүй зуурдын сансар энд хүлээх нь ч бий гэлээ. Тэдний дотор хувцас хунар, өнгө зүс сайтай байгаа нь урьд өөрийн биеэр буян сайн үйлдсэн, бас үхсэний эцэст араас нь үр хүүхэд ахан дүүс, сайн санаатнууд буян үйлдсэнээс энэ болой. Тэдний дотор хувцас хунар, царай зүс муутай, энэлэн шаналан байгаа нь урьд өөрийн биеэр буян үйлдээгүй бас үхсэний эцэст хойноос нь сайн ерөөл ерөөж, буян үйлдээгүйгээс энэ болой. Эд нар зуурдын насны хэмжээ дүүрмэгц энд харагдах гүүрийн чанад дахь төмөр харшид хүрч очдог юм. Тэнд Эрлэг Номун хаан нөхөд, ноёд, түшмэл, зардас нартайгаа олуул суудаг авай. Тэд буян нүгэл юу үйлдсэнийг толь, дансандаа хараад урьд амьд ахуйдаа буян үйлдэж санаа сайн явсан болон үхсэн хойно нь буян сайн үйлдсэн байваас эл буяныг сайшааж бурхадын орон хийгээд өндөр язгуур буян ихтэй болгон төрлийг авхуулдаг юм. Урьд өөрөө элдэв нүгэл үйлдэж явсан болон үхсэн хойно нь буян үйлдээгүй аваас нүглийг машид муушаан түлэх, чанах тэргүүтэн

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



6

сэтгэшгүй олон зовлонг эдлүүлж байна. Чойжив би урьд буян яльж үйлдсэнгүй. Гагцхүү санаа муу яваагүй билээ. Ямар нэгэн муу юм болох болов уу хэмээн санаа зовж зүрх түгшин айж байна. Урьд намайг энд ирэхийн цагт Эрлэг Номун хаанаас зуурдын насны хэмжээ дуусах хүртэл хүлээж бай! Хэмээн тушааснаар эдүгээ би энд хүлээсээр байгаа минь энэ бөлгөө. Эгч та Эрлэг Номун хааны өмнө бараалхахын цагт юу хэлэхийг нь эрхбиш хүлээх болно хэмээв. Тэндээс би Чойжаваас салж элчийн хамт тэрхүү гүүрийг гарч одохуй дор гүүрэн дээр нэгэн хүнийг гэдрэг харуулан хэвтүүлж дөрвөн мөчийг тэлээд дээрээс нь нэгэн чулуун балгасаар дараад бахирахад нь хайлуулсан буцламгай халуун ширмийг аманд нь цутгаж байв. Би элчээс учрыг асуувал: Энэ хүн ертөнцөд байх цагтаа бусад хүмүүсийг дайрч давшилж доромжилсон ба эд малыг хулгайлж идэж завшаад би хулгай хийгээгүй хэмээн бурхан номын нэр барьж ам алдасны үйлээр ийнхүү залхаагдаж байна. Үүнийг амь тасарсаны нь хойно бас тамд хийж залхаана гэв. Мөн тэнд нэгэн хүүхнийг том ууран дотор хийж нүдэхэд тэр хүүхэн орь дуу тавьж лам гурван эрдэнэ, ээж, ах дүү нар минь хэмээн бархирахад улам их хүчээр нүдэн зовооход Чойжид би, элчээс – Энэ юу гэгчийг үйлдсэн хүүхэн бэ? хэмээвэл – Энэ хүүхэн хүний ертөнцөд байхдаа лам хуврагийг сайн муу хэмээн алагчлан санаж явсан ба өөрийг нь өвчлөхөд ном уншуулж, эм хүртээе гэхэд надад тэр бүхэн ач тус болохгүй хэмээн ном гүрэм, эм домын ачыг хэрэгсэхгүй байснаас ийн залхаагдаж байгаа юм аа гэв. Түүний цаанаас Чойжид намайг ир хэмээн дуудахыг сонсоод айж сүрдсээр явж хүрвэл нэгэн их төмөр балгасны дотор өнгө туяа гялбам өндөр сайхан алтан ширээнээ Эрлэг Номун хаан шар дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, элдэв сайхан торгон хувцас хийгээд эрдэнэсийн чимгээр биеэ чимэн заларч сууна. Өмнө талд нь хүдэр тэргүүнтэй нэгэн эрлэг бичиг бичиж сууна. Зүүн талд нь сармагчин тэргүүнтэй нэгэн эрлэг толь бариад үзэж сууна. Бас бус олон янзын тэргүүнтэй, амаа ангайж соёогоо ярзайж нүдээ бүлтийлгэж маш яхир хатуу дуу авиагаар дуугаралдагч аюумшигт олон янз дүртнүүд гартаа жад сэрээ, илд нум хийгээд оль, сүх, чавчуур, сэлэм, соёо, цалам, дэгээ, чимхүүр, ташуур, төмөр дээс тэргүүтэй цаглашгүй аюулт хурц мэсийг барьцгаан Ал! Ал! Цохь! Цохь! Хаа! Хаа! Хоо! Хоо! Хэмээн хашгиралдан хүйтнээр инээлдэж, тачигнатал хөхрөлдөх нь үнэхээр аюумшигтай агаад эдний өмнө эр, эм дөрвөн зуугаад хүний сүнс хуймран дагжин чичрэн байцгаав. Тэдний дотроос цувруулан авчирч буян нүглийг нь ялган байцаахыг Чойжид би нүдээр үзэв.

НЭГЭН ЗҮЙЛ

Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг Номун хаан - Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ. Чи авралт бурхан шашны оронд төрөөд ачит лам гурван эрдэнийг орой дээр шүтэж, авсан номын тангарагыг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу? үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг,эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шударга санаатай явсан уу? үгүй юу? Төр шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



7

хов үгээр үймүүлж,төлөв бус муу зангаар олон удаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтаны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа үргэлжид уншиж, ашдын сайн үйл бүтээхийг хичээж явсан уу? үгүй юу? Эдүгээ би, зургаан орны амьтан үхээд эрхбиш зуурдын сансарыг үзэх энэ хоорондын буянтан нүгэлтэнийг ялган байцааж аливаа сайн үйл буян үйлдэж ирэгсэдийг эрхэм дээд бурхан тэнгэрийн орноо илгээнэ. Дундуур зэрэг буян үйлдэн ирэгсэдийг эрхт хүний төрлийг олгон илгээнэ. Эргүү мунхаг хар нүгэлээр явж ирэгсэдийг элдэв зовлонт гурван муу заяанд илгээгч Эрлэг Номун хаан гэгч би байна. Аяа, чи юу үйлдэж явснаа чин шударгаар мэдүүлэгтүн! Гэхэд олон эрлэг мэдүүл! Мэдүүл! Хэмээн зэрэг зэрэг муухай хашгиралдав. Тэр хүн ийн мэдүүлэв: - Аяа, их Номун хаан анхааран соёрхоо! Эдгээр зан заншлын ёсоор би бээр их буяныг үйлдсэн хүн билээ. Хар бага наснаасаа хамаг олон амьтаны төлөө сайн санаа үүсгэж бүхий л буяны үйлсийг хичээгээд даган баясан хамаг амьтанаа харш хатуу муу нүгэлийг үйлдсэнгүй. Хэтэрхий их буянт маанийн зургаан үсгийг үргэлжид уншиж хэтийн сайн үйл заяа бүтээхийг бодож хувраг больё гэтэл эцэг эх, ах дүү нар маань эс болговоо. Эцэг эхийн сэтгэлийг хиртүүлэхгүйг хичээж эм гэргий авч эрхбиш аж төрөхийн үйлийг хийсэн боловч эрхэм хуврагтангуудыг хүндэлж эрдэм төгссөн нэгэн ламыг багш болгон шүтэж, элдэв номын ёсын ариун замуудыг мэдэж авлаа. Ам тавьсан тангараг санваарыг алдахгүйг хичээж ашид цаг үргэлжид эргэл мөргөл үйлдэв. Авралт зуугийн шүтээнд өргөн хатуу цай хоёрыг барьж харамгүй сэтгэлээр залбирч мөргөсөн билээ. Хадны агуйд ном бясалгасан даяанч ламд хамаг юмнаасаа шилж сонгон хорь гаруй жил харамгүй сэтгэлээр хүнс төхөөрч өргөлөө. Нирваан дүрийг үзүүлэхэд нь нимгэн зөөлөн хувцас нэгийг хийж өргөөд хойтын амгаланг хүсч хутагыг гуйж ерөөл тавиваа. Галсангийн судрын дэвтрийг бүтээж гайхамшиг болгон мянга уншуулж түүний харамжинд сайн алт нэг лан, нэг цэн ба хатиртай тарган морь нэг, хатуу цай хэд хэдийг өргөж хамаг нүгэл хилэнц арилахыг залбирч агуу их ерөөлийг тавьсан. Мөн нэгэн ламыг залж номын эвшиг хөтөлбөрийг хүртээд баясан хүндэлж хайнагийн үхэр нэгийн үнэ бүхий оюу нэгийг өргөж балай нүгэл хилэнцээ наминчилан үйлдсэн бөлгөө. Миний буян нүгэл аливаад холилдон бүхий учир алсан малын махнаас энд тэнд болон өөрийн гэр орноо асар ихийг идвээ. Номун хаан та нүгэл буяныг минь ялган айлдаж соёрхоно уу хэмээн мэдүүлсэнд Эрлэг Номун хаан: Үүний хэлснийг толь дансандаа үзэгтүн. Тун худал үг биш бололтой хэмээн зарлиг болсонд үхэр тэргүүнтэй ба сармагчин тэргүүнт хоёр эрлэг тус тусын барьсан толь дансандаа үзээд: - Бага насандаа нэг дэвсгэр дээр нүгний гурав сахисан. Маанийг тоогүй олон уншсан байна бусад хэлсэн үг цөм үнэн амой. Гурван хүн нэг сарлагийн шарыг хулгайлан аваад хэн алах вэ? хэмээн шоо орхисонд түүнд тусаж энэ хүн алжээ гэж байна хэмээсэнд огторгуйгаас нэгэн цагаан хүн бууж ирээд: - Энэ хүн буяны үйлийг цаглашгүй их үйлдсэн болой. Хилэнцийг ер үйлдсэнгүй. Хураасан буяны хэмжээ энэ бөлгөө хэмээн гэрийн чинээ цагаан чулуу овоолоод үүнийг жаргалтайн сувидайн орноо илгээнэ үү хэмээсэнд бас нэгэн хар хүн ирээд: - энэ хүний үйлдсэн нүгэл цаглашгүй их билээ. Хэмжээ нь энэ бөлгөө хэмээн арагын чинээ хар чулуу овоолж үүнд тамаас өөр одох орон үгүй хэмээв. Эдгээр хар, цагаан чулууны аль нь илүү болохыг тоолж хүнд хөнгөнийг нь дэнсэн үзэхүйд буяны цагаан чулуу олон болоод хүнд, нүгэл хилэнцийн хар чулуу цөөн бөгөөд хөнгөн байв.

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



8

Эрлэг Номун хаан зарлиг болруун: Аяа чи хүний биеийг олж явахдаа сайн үйл буяныг сайтар үйлдэж бүтээсэн тул хураасан буяныхаа хүчээр амгалантын орноо төрөх боллоо. Тэнгэрийн төрөл дээр гэдэг тул учралт баян хүний хөвгүүн болон төрж дээд буяныг улам шамдан хичээтүгэй хэмээн зарлиг болов. Тэр хүн мөргөл үйлдэн босоод явахынхаа урьд:

Хүний ертөнцөд одогчид буй бөгөөс буяныг хичээж хилэнцийг тэвчээрэй! хэмээн захиж хэлээд баярласаар явчихваа.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

ХОЁР ЗҮЙЛ

Бас эрлэгийн зардас нэгэн хүнийг хөтлөн авчирч Эрлэг Номун хаанд сөгтгөн урьдын ёсоор асуусахуй. Тэрээр түгдрэн дуугүй суухад олон эрлэг маш сүртэйгээр Мэдүүл! Мэдүүл! Хэмээн хашгаралдан бахиралдахуйд тэр хүн чичрэн дагжиж – Тэнэг мулгуй би эрдэм сурч гэгээрсэнгүй. Тэгш буян, нүгэлийн үрийг тэр нь мөн энэ нь биш гэж ялгаварлаж мэдэхгүй билээ. Мунхаг надад учирсан авааль гэргий минь мугуйдаар идээ, эд юмсыг ямагт харамлах тул ер бусдад өглөг өгсөнгүй. Харин мөшгин гүжирдэх муу үгээр дайрч мултаршгүй нүгэлийг олонтоо хураалгав аа. Манайх идээ, эд, малаар аминдаа хүрэлцэх боловч илүүчлэх буянтай үйл бүтээе хэмээн бодож явсангүй. Идэх, эдлэх, аривлахын хармын сэтгэлдээ хөтлөгдөн илэрхий нэгэн гуйлагчинд ч өглөг өгч явсангүй. Олон түмнийг дууриан дагалдаж орныг даасан тахилч ламаас номын эвшэг хөтөлбөр авсан боловч сахиж чадалгүй осолдсон билээ. Өтөл би ертөнцийн хар хүн тул өмсөх зүүхийг үргэлжид бодож урхи саалийг зүүж загас гөрөөс олныг алав. Бас гэртээ хонь ямаа хорь гучаадыг гаргав. Нэгэн хүнийг гэгээн өдрөөр дээрэмдэн хүнс юмыг нь булаасан билээ. Энэ мэт хар нүгэлийг үйлдэж явсан муу хүн би хааш ч гарахгүй үнэнд гүйцэгдэж гэмшин ёолох цаг минь ирлээ. Ээ халаг! Яалаа ийлээ хэмээн газар үмхэн хөсөр хөрвөн уйлан орлихуйд эрлэгийн түшмэл урьдын адил тэр хүнийг толь дансандаа үзээд – Чиний үйлдсэн нүгэл тоо томшгүй байна. Урхи сааль зүүж загас хядсан нэн их. Басхүү сүжигтэний юмыг дээрэмдэж авсан ба номын сургаалын багш лугаа тангараг эвдэрсэн тэргүүтэн арван хар, таван завсаргүй, дөрвөн хүнд нүгэл цөмийг үйлдсэн байна. Гэхэд Эрлэг Номун хаан зарлиг болруун: - Энэ хүнийг дахин эдгэрүүлэгч тамаас эхлэн өөрийнх нь насны хэмжээ гүйцтэл халуун хүйтэн арван найман тамыг хэсүүлээд сүүлд нь очирт тамд оруулсугай хэмээв. Энэхүү дахин эдгэрүүлэгч тамын насны тоо гэдэг нь хүний жилээр нэг сая зургаан живаа, гурван бум, нэг түм хоёр мянга болно (61312000) хэмээн Жанчив лам ринчимбээс номлосон бөлгөө. Цааших тамуудын нас нь дахин эдгэрүүлэгч тамаас нэг нэг хувь илүү бөлгөө хэмээн айлдсанд урьдын адил нүгэл буяны чулуу овоолохуйд хар чулуу уулын чинээ болж цагаан чулуу буурцгын төдий ч үгүй байсанд Очирт халуун тамаас өөр одох оронгүй хэмээв ээ. Эрлэгүүд хаа хаа хэмээн хашгиралдан ган төмөр дэгээгээр дэгээдэн чирж гал бадарсан төмөр шилбүүрээр тас гуядан авч явахуйд тэр хүн: -

Хүний ертөнцөд одогсод байваас над мэт хилэнц нүгэлийг бүү үйлдэгтүн! Зовлонгоос тонилох цаггүй байна биш үү гэж захиарай хэмээн бархирсаар явчихлаа.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



9

ГУРВАН ЗҮЙЛ

Бас эмийн манхаг үүрсэн нэгэн ламыг Эрлэг Номун хааны өмнө авчирч сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь: - Хүний оронд алдартай сайн эмч байлаа. Амьд байх цагт мал идээ маань нилээд их болсоон. Алтаар Доржзодов бичүүлэв. Аялгаар саян унших нэгэн ламыг залж нэг мянга уншуулсан ба бичсэн бичгийн хамт тарган сарлагын шар, үнээ хоёр, ахарын сайн эсгий гурван алд, хоёр шуудай арвай буудайтай барьсан билээ. Түүний дараа энэ хотын буянд зориулан тэнцэлгүй гүнрэгийн лхог мянга уншуулж төгс сайн ерөөлийг тавьж хайнагийн шар хоёр, сарлагийн үхэр долоог сэтгэл харамгүй өргөснөөс гадна сайн тарианы газар хоёр хэсгийг өргөв өө. Таяг мод бариад тэнэж ирсэн тарчиг ядуу гуйланч явахад тавтай хооллож тухтай хонуулаад тааламжит үгээр сэтгэлийг нь баясган гаргадаг байлаа. Өглөө бүр Жамбал Санжид Базар Бидэрнаа хоёр дарь эх тэргүүтнийг уншдаг байлаа. Ямар нэгэн өвчтөн хүнийг залахад ямбалж очихгүй хэмээн ихэрхэж байсангүй. Яршиг төвөг удаж барьц өргөл авъя гэсэнгүй. Юу байсан хүчит сайн эм тангаа хайр найргүй өгч явлаа. Атаа өшөөгөөр хорлохыг бодож аливаа эмийг хорын жороор буруу найруулсангүй. Авч идэхийн тулд олон нөхөд хуврагууд лугаа харшилсангүй. Орчлонд төрсөн хүний нүгэл буян холимог бүхий тул оногдсон малаасаа гаргуулж идсэн билээ. Одоо иймийн учир оройн дээд Номун хаан миний нүгэл буяныг ялган айлд хэмээсэнд эрлэгийн түшмэд толь дансандаа үзээд – Хийсэн буян нь цөм үнэн байна. Харин нэг баян хүний хөвгүүн өвдөөд чамайг залжээ. Чи тэдний эд малд шунаж өвдсөн хөвгүүнд буруу эм өгч найман сарын турш өвчлүүлээд тэднийг өргөл барьцаа нэмэн өгч дуусахуйд ач тустай эмээ өгч эдгэрүүлсэн боловч мэдсээр байж эд малд шунахайран зориуд буруу эм өгсөн. Гэртээ хонь, үхэр нэг зуун далаадыг алуулж идсэн нүгэл байна гээд урьдын ёсоор нүгэл буяны хар цагаан чулуу овоолж тоолж тэнсэн үзэхэд цагаан чулуу тоогоор илүү авч хийсэн үйл хилэнц хар чулууны жин хүнд байжээ. Ингээд Эрлэг Номуун хаан зарлиг болруун: - Аяа чи өргөл барьцад шунаагүй бол магад тэнгэр хүний сайн буяныг олон төрөх билээ. Гагцхүү нүгэл дийлсэн тул үүний аманд буцламтгай халуун ус цутга! Биед нь мянган төмөр гадас шаа! Түүгээр энэ хүний нүгэл хөнгөрөхийн цагт тэгш сайн язгуур дор илгээе хэмээхийн сацуу эрлэгийн зардасууд хашгиралдан дайрч дэгээгээр дэгээдэн Ал! Ал! Хэмээн одохуйд тэр хүн:

Хүний ертөнцөд одогсод бий бөгөөс буруу эмийг хүнд өгч өргөл барьцад бүү шунагтун хэмээн эмч оточ нарт захиарай. Тамын зовлон гэтлэшгүй их байдаг байна шүү! Хэмээн гасалсаар одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

ДӨРВӨН ЗҮЙЛ

Бас өрмөг дээлтэй нэгэн хүнийг авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь: - Хүний ертөнцийн оронд баян хүний хөвгүүн болж явсан билээ. Эцэг эх маань надад үлэмж хайртай тул сайн язгуурт хүний нэгэн гуа сайхан охиныг гуйж гэргий болгож өгөв. Бидэн хоёр эв эвдрэн салж тэр үед хонь мал хоёр зуугаадыг бид хоёрын харшлын зэрэгт зарж үрэв. Бас эмийн төрхөмийн хоёр гэрийн хүмүүст өшөө хонзонгоор түймэр тавиад тэнд байсан хүн, далан таван бод сэлтийг шатааж алав.

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ



10

Түүний хойно эцэг эх маань надад бас нэгэн эхнэр авч өгсөнд ураг төрлүүд маань мал хөрөнгө нэмж урьдын адил баян болж жаргасан боловч хэрүүл шуугиан дэгдэж зарга заалхай хийж хэрцгийлсэн хийгээд урьд өмнө хүн мал түймэрлэж түлж хөнөөсөндөө хэд дахин тамд унах нүгэл хийлээ гэж үнэхээр гэмшин хэн тааралдсан лам мэргэдэд нүгэл хилэнцээ арилгахын аргыг айлдан соёрхохыг хүсэмжилвээс хэтэрхий их эвшиг хөтөлбөр хэрэгтэй. Утгыг сайтар бясалгаваас нүгэл хилэнц чинь арилна гэв. Бас зарим мэргэд хуврагууд бурхан, суварга, шүтээн бүтээгээд оройн дээдээр тахин шүтэж зул хүжийн хандивийг байнга өргөж нүгэл хилэнцээ сайтар наманчилваас нүгэл арилна гэв. Миний санаанд аль ч мэргэдийн сургаалийг ёсчлон дагаж шүтэж чадваас хийсэн олон нүгэл минь арилна хэмээн бодоод хэтэрхий сургаалын багшид мөргөж, хэмжээлшгүй их нүгэл хийснээ наманчлан залбирч адисдайн орнуудыг явганаар хэсэж, олон бурхад шүтээнд мөргөл эргэл хийж энд тэнд нилээд жил илүү явлаа. Түүнээс нүтагтаа харьж ирээд хутагт их бясалгагч ламаас эвшиг хөтөлбөрийг хүртээд аглаг газарт очиж бясалгаж сууваа. Бас Аръяабалын нүгнийд суусан нэгэн ламтай хамт нэгэн дэвсгэр нүгнийг зуун найм сахив. Бас мааныг найман сая уншив. Адисдтай Доржзодов хийгээд дүншиг хоёрыг алтаар бүтээлгэж олон эд идээг өргөв. Хадны агуйд суусан номын онол бясалгал төгссөн нэгэн ламд тостой гурил тэргүүтнийг хэдэн жил өргөж нүгэлээ наманчлан ерөөл ававаа. Хангал ганшиг нэгэн зуу уншуулж харамжинд нь морь, хайнаг, оюу торго өргөж хамаг нүгэлээ арилгахыг хүсэж мөргөсөнд хилэнц нүгэл арилаа болов уу хэмээн мөргөсөнд Эрлэг Номун хаан зарлиг болоруун: - Хүчир их муу үйл хийсэн боловч хүчин төгөлдөр бүрдсэн сүжгээр хэмжиж хүчтэй буяныг сайтар үйлдэж ирсэн чинь хүн чиний гайхамшиг мөн болой! Бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэлээ наманчлан чин зориг, үнэн сүжгээр эргэл мөргөл хийж басхүү ном бурхан бүтээх тэргүүтэн бие бодитой буян үйлдэж нүгэлийг арилгаж ирсэн нь сайн болжээ. Эндээс хүний сайн төрлийг олж эрхэм бодийн мөрийг хичээвээс хойд төрлийн эцэст эрхбиш бурхны мөрийг олно. Эдүгээ миний өмнөөс гарсан шар гэрлийн замыг алдалгүй даган явж эд мал, язгуур эрх ихтэй баялаг хүний төрлийг авагтун хэмээн зарлиг болсонд тэр хүн сүслэн мөргөөд ийн өгүүллээ. Их хааны үнэхээр нийгүүлсэнгүй хийгээд миний үнэнхүү сүшиг буяны хүчээр үлэмж сайн хүний төрлийг олоод үзүүлэгч гурван эрднийг даган төрөх болтугай! хэмээн ерөөл тавьж явахдаа:

Цааш хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гэнэдэж нүгэл хилэнцийг үйлдэвч түүнээ гэмшин наманчилж буян сайн үйлдвээс өлзийтэй байна хэмээн захиарай гээд баясан баярласаар явж одлоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

ТАВАН ЗҮЙЛ

Бас нэгэн бүс хувцас өмссөн ихэмсэг егүүзэр дүртэй хүнийг авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн асуусанд тэрээр ихэмсэг зан гарган дуугарсангуйд олон эрлэгүүд мэдүүл! мэдүүл! хэмээн чанга дуугаар хашгичив. Тэрээр мэдүүлсэн нь: - Үйзэн газрын голын хаалганы дэргэд бүхнээ алдаршсан нэр минь Шаравдорж билээ. Би бүх чанарын номыг бүрэн мэдээд гурван санваарыг сахисан бөлгөө. Арван хар нүгэлийг үл үйлдэх хэмээн ам авсан тул ашиг олзонд шунах сэтгэл төрж явсангүй. Аливаа буяны өглөгийн эздийн өргөсөн алт, мөнгө, эд, агуурсыг авралт багшийг тахих ба зул хүжийг өргөх асар

D.SHIRENDEV ЧОЙЖИД ДАГИНЫ ТУУЖ