Төсөл

2014 оны ... дугаар

сарын ... –ны өдөр

                                            Улаанбаатар

                                             хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Монгол Улсад эрх зүйт ёс, иргэдийн оролцоо, шууд ардчиллын зарчимд тулгуурласан иргэний нээлттэй нийгмийн харилцааг төлөвшүүлэх, орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, иргэдийн аудит, хяналтын тогтолцоог бүрдүүлэх замаар иргэдийн хөгжих эрхийг баталгаажуулан улс, орон нутгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд энэ хуулийн зорилт оршино.    

2 дугаар зүйл.Хуулийн хамрах хүрээ, зохицуулах харилцаа

2.1.Энэ хуулиар Монгол Улсын иргэд оршин сууж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ хэмжээнд төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг авах, авсан мэдээлэлдээ тулгуурлан нийтийн эрх ашгийн үүднээс шийдвэр гаргах үйл ажиллагаанд зохион байгуулалттайгаар оролцох, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

2.2.Төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс өөрсдийн чиг үүрэг, үйл ажиллагаанд хамаарах бүхий л мэдээллээр Монгол Улсын иргэдийг хангах, олж авсан мэдээлэлдээ тулгуурлан сайн дураараа нийтийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулалтад орох боломжийг иргэдэд олгох, иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах, нийтийн эрх ашигт харшилсан аливаа шийдвэрийг засаж залруулах нөхцөл, орчинг иргэд, олон нийтэд бүрдүүлж өгөх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд иргэдийг оролцуулахтай холбоотой харилцааг мөн энэ хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл.Иргэдийн оролцооны хууль тогтоомж

3.1.Иргэдийн оролцооны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомж, эдгээртэй нийцүүлэн орон нутгийн хэмжээнд гаргасан эрх зүйн бусад актаас бүрдэнэ.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”иргэдийн оролцоо” гэж нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар хамтын шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавихад иргэд сайн дурын үндсэн дээр чөлөөтэй оролцох үйл явцыг;

        4.1.2.“нийтийн зар мэдээ” гэж төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага болон иргэдээс иргэдийн оролцоо, нийтийн эрх ашигтай холбоотой аливаа асуудлаар иргэд, олон нийтэд зориулан гаргаж өгвөл зохих зар мэдээ, мэдээллийг;

4.1.3.”хууль эрх зүйн зар мэдээ” гэж тухайн орон нутагт шууд хамааралтай хууль тогтоомж, захирамж, тогтоол, тушаал, шийдвэр, дүрэм, журам, санал асуулга, санал хураалтын тухай зар мэдээ, мэдээллийг;

        4.1.4.”төрийн үйлчилгээ ба нийтийн аж ахуйн үйлчилгээний тухай мэдээлэл” гэж төрийн үйлчилгээ ба нийтийн аж ахуйн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, үнэ тариф, халамж, тэтгэвэр, тэтгэмж болон нийтэд хамааралтай  даатгал, банк санхүүгийн байгууллагын үйлчилгээний мэдээллүүд, төлбөр хураамжууд, сууц өмчлөгчдийн холбоо болон түүнтэй адилтгах төрлийн байгууллагын зар мэдээ, мэдээллийг;

4.1.5.“шуурхай зар мэдээ” гэж тухайн орон нутгийн иргэд, мал амьтан, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой бүхий л төрлийн шуурхай зар мэдээ, мэдээллийг;

4.1.6.“иргэний танхим” гэж иргэд өөр хоорондоо болон төрийн төв, түүнчлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай холбогдох иргэдийн оролцооны албан ёсны зохион байгуулалтын бүтцийг;

4.1.7.“Иргэдийн Нийтийн Хурал” гэж“ иргэд орон нутгийн асуудлаа хамтран хэлэлцэж, өөрсдийн сонгосон төлөөллийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжлах, эсвэл шууд бие даан шийдвэр гаргах эрх бүхий бүтцийг;

        4.1.8.“иргэдийн аудит” гэж төсвийн байгууллагын дэргэд иргэдийн төлөөллөөс бүрдсэн хяналт шалгалтын бүтцийг,

        4.1.9.“санал асуулга” гэж төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллага иргэд, иргэдийн бүлэг, ТББ-ын санаачилгаар иргэдийнхээ санаа бодолд нийцсэн шийдвэр гаргах зорилгоор тодорхой асуудлаар иргэдээсээ нэр хаяггүйгээр саналыг нь асуух үйлдэл;

        4.1.10.“санал хураалт” гэж иргэдийн бүх нийтийн, чөлөөт, тэгш, нууц санал хураалтаар эцсийн шийдвэр гаргах үйл ажиллагаа;

        

5 дугаар зүйл. Иргэдийн оролцоонд баримтлах зарчим

5.1. Иргэдийн оролцоог хангахдаа дараах зарчмуудыг баримтална:

5.1.1.хууль, эрх зүйг дээдлэх;

5.1.2.нийтийн эрх ашиг, сонирхлыг дээдлэх;

5.1.3.албадахыг цээрлэх;

5.1.4.нас хүйс, боловсрол, мэргэжил, аж амьдралын түвшин, эрүүл мэнд, шашин шүтлэг, арьс өнгө, үндэс угсаа, улс төрийн үзэл баримтлал, намын харъяаллаар ялгаварлан гадуурхахгүй байх;

5.1.5.шийдвэр гаргах болон хэрэгжүүлэх, хяналт тавих бүхий л шатанд иргэдийн оролцоог хангах;

5.1.6.иргэдийг цаг тухай бүрт нь урьдчилсан мэдээллээр хангах;

5.1.7.хүний эрх, нэр төр, хувийн нууцын халдашгүй баталгааг хангах;

5.1.8.ил тод, харилцан хяналттай байх;

5.1.9.хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх;

5.1.10.Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдлэх  зарчмуудыг баримтална. 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ОРОН НУТГИЙН ЭРХ ЗҮЙ

6 дугаар зүйл.Орон нутгийн Үндсэн дүрэм болон бусад дүрэм журам, тэдгээрт тавигдах ерөнхий болон тусгай шаардлага

6.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэн баталсан, мөн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас батлан гаргасан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дагаж мөрдөн нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаагаа зохицуулдаг дүрэм журмуудийн нийлбэр цогцыг орон нутгийн эрх зүй гэнэ.

        6.2.Орон нутгийн эрх зүй нь тухайн орон нутгийн Үндсэн дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад дүрэм журмуудаас бүрдэнэ.

6.3.Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүд ямар дүрэм журам гаргах, хэн хэрхэн баталж, дагаж мөрдөхөө өөрсдөө шийднэ.

6.4.Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүд дараах дүрэм журмуудыг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмуудын үлгэрчилсэн загварыг харгалзан заавал баталж дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнд:

6.4.1. орон нутгийн Үндсэн дүрэм;

6.4.2.орон нутгийн төсөв санхүүгийн дүрэм;

6.4.3.Нийтийн зар мэдээ хүргэх тухай журам;

6.4.4.Иргэдийн Нийтийн Хурлын дүрэм, хуралдааны Дэгийн журам;

6.4.5. Иргэний танхимын дүрэм

6.4.6. Олон нийтийн санал асуулгын журам

6.4.7. Орон нутгийн санал хураалтын журам;

6.4.8. Иргэдийн аудитийн дүрэм

6.4.9. захиргааны үйл ажиллагаанд иргэдийн саналыг тусгах тухай дүрэм;

6.4.10.орон нутгийн хөгжлийн сангийн дүрэм;

6.4.11.орон нутгийн газар ашиглалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөө.

        6.5.Орон нутгийн дүрэм журамд дараах нийтлэг шаардлага тавигдана:

                        6.5.1.орон нутгийн дүрэм журам нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байх;

                6.5.2.Монгол Улсын хууль тогтоомжоор нэгэнт зохицуулсан асуудлыг орон нутгийн дүрэм журмаар давхар зохицуулах эсвэл Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөрөөр зохицуулахыг хориглох;

                6.5.3.орон нутгийн дүрэм журмаар хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс, монгол үндэстний соёл, ёс заншил үнэт зүйлсэд илт харш, хүний түгээмэл эрх, эрх чөлөөг зөрчсөн зохицуулалт, норм норматив тогтоохыг хориглоно.

6.4.Орон нутгийн эрх зүйн зохицуулалт нь Монгол Улсын хууль, тогтоомжид заасантай зөрчилдөж байвал Монгол Улсын хууль, тогтоомжийн заалтыг баримтална.

7 дугаар зүйл. Орон нутгийн Үндсэн дүрэм

                7.1.Орон нутгийн Үндсэн дүрэм нь тухайн орон нутагт иргэд хооронд, иргэд болон засаг захиргааны байгууллага хооронд, иргэд болон аж ахуйн нэгж, төрийн бус байгуулага хооронд үүсэх харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг болно.

                7.2.Тухайн орон нутгийн бусад дүрэм журмыг Үндсэн дүрэмд нийцүүлэн гаргана.

                7.3.Үндсэн дүрмийг тухайн орон нутгийн эрх бүхий иргэдийн бүх нийтийн, нууц, тэгш, ил тод санал хураалтаар баталж тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтээр дагаж мөрдөнө.

                7.4.Үндсэн дүрмийг батлахад оролцох эрх бүхий иргэн гэдэгт:

                        7.4.1.Монгол Улсын иргэн;

                        7.4.2.тухайн орон нутгийн иргэний бүртгэлд бүртгүүлсэн;

                        7.4.3.тухайн орон нутагт 4-өөс доошгүй жил амьдран суусан;

7.4.5.тухайн орон нутгийн төсөвт татвар төлдөг иргэнийг ойлгоно.

7.5.Үндсэн дүрэм нь дараах зорилгод үйлчилнэ. Үүнд:

        7.5.1.тухайн орон нутагт ардчилсан, нийтийн ашиг сонирхол, санаа бодол, иргэдийн оролцоонд тулгуурласан нийгэм, улс төр, зохион байгуулалтын хариуцлагатай, ил тод нээлттэй дэг журам тогтоох;

                7.5.2.тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод, хөнгөн шуурхай, үр бүтээлтэй, арвич хямгач байлгах, үйл ажиллагааг нь олон нийтэд нээлттэй, хүний хөгжил, улс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй болгох;

        7.5.3.орон нутгийн хөгжлийн асуудлыг дотоод боломж чинээ, нөөцөд тулгуурлан өөрөө бие даан шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэх.

        7.6.Иргэдийн оролцоог хангахад орон нутаг дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

                        7.6.1.орон нутгийн үүрэг зорилго нь тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд амьдрах, аж ахуй эрхлэх эрүүл, таатай орчинг бүрдүүлэх үйлсэд нийт иргэд, оршин суугчдаа зохион байгуулж, хамтын шийдэл, хамтын хүчээр оршихуйн болон хөгжлийн асуудлаа цогцоор нь шийдэхэд оршино.

                        7.6.2.орон нутаг нь иргэд, оршин суугчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тохирсон, хөгжлийн хэтийн ирээдүйдээ хандсан, иргэдийн оролцоог бүх талаар нээлттэй болгосон удирдлага зохион байгуулалтын бүтэцтэй байна.

                        7.6.3.орон нутгийн удирдлага зохион байгуулалтын бүтэц нь иргэний оролцоог бүх талаар хангасан байхаас гадна аливаа асуудлыг төсөв санхүү, эдийн засгийн хувьд үр ашигтай, хэмнэлттэй, цаг хугацааны хувьд хурдан шуурхай, хэрэгцээ шаардлагыг хамгийн оновчтой хангаж чадсан байхуйцаар шийдэх үндсэн шаардлагад нийцсэн байна.

        7.6.4.орон нутгийн иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь орон нутгийн  иргэдийн амьдрал, аж ахуйд хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа иргэдийнхээ санаа бодолд тулгуурлаж, шийдвэр гаргах үйл ажиллагаагаа иргэд оршин суугчид өргөнөөр оролцож болохуйц ардчилсан, нээлттэй байдлаар зохион байгуулах үүрэгтэй.

7.7.Шийдвэр гаргах үйл ажиллагаа ба иргэдийн оролцоо:

7.7.1.оршин сууж буй орон нутгийнхаа хэмжээнд иргэн бүр шийдвэр гаргах үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр биечлэн оролцох эрхтэй.

7.7.2.оролцох эрхээ эдлэхийн тулд иргэн бүр иргэний бүртгэлд хамрагдан, шилжилт хөдөлгөөнийг тухай бүр хийлгэж, оршин суугаа газрын хаяг адресс болон үүрэн утасны дугаар, цахим шуудангийн хаягийг тодорхой байлгавал зохино.

7.7.3.иргэдийг тухайн оршин суугаа хаягаар нь шуудангийн хайрцгаар хангах, шуудангаар үйлчлэх, энэ асуудлаар холбогдох үйлчилгээний байгууллагуудад хандан арга хэмжээ авч мэдээлэл хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлэх үүргийг тухайн шатны Засаг дарга хүлээнэ. Шуудангийн үйлчилгээ хүрэх боломжгүй тохиолдолд мэдээллийг иргэдэд хүргэх үүргийг тухайн шатны засаг дарга биечлэн хариуцна.

7.8.Дараах дархан эрх, үүргийг иргэн бүр бусдад шилжүүлэлгүйгээр хэрэгжүүлнэ. Үүнд:

7.8.1. орон нутгийн Үндсэн дүрмээр бүх иргэдийн оролцоотойгоор иргэд өөрсдөө шууд хэлэлцэж баталж байхаар заасан бусад дүрэм, журмыг хэлэлцэн  батлах, өөрлчөх, өөрчлөн найруулах, хүчингүй болгох;

        7.8.2.засаг даргад нэр дэвших, сонгож батлах;

                7.8.3. Иргэдийн Нийтийн Хуралд оролцох, санал шүүмжлэл гаргах, шийдвэр гаргах;

                        7.8.4.тодорхой асуудлаар нийтийн санал хураалт явуулах санал гаргах, санал хураалтад оролцох;

                7.8.5.иргэний хэлэлцүүлэг санаачлах, оролцох, бусадтай хамтран  тодорхой асуудал дэвшүүлэх, дэвшүүлсэн асуудлаараа хэлэлцүүлэг явуулахыг шаардах;

                        7.8.6.нийтээр хэлэлцэн шийдсэн шийдвэр, баталсан дүрэм журмыг бусдын адил хүндэтгэж сахин биелүүлэх.

7.9.Үндсэн дүрэм нь дараах шаардлагыг хангасан байна:

                7.9.1.тухайн орон нутгийн эрх бүхий иргэдийн дархан эрхийн хэм хэмжээ, хамрах хүрээг тодорхой заах;

                7.9.2.орон нутгийн эрх зүйн хүрээнд тухайн нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн хэмжээнд баталж мөрдүүлэх орон нутгийн дүрэм, журмуудын жагсаалтыг тогтоож тэдгээрт тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг заах;

                7.9.3.дээр заасан орон нутгийн дүрэм, журмуудын алийг нь иргэд өөрсдөө шууд хэлэлцэн батлах, алийг нь тухайн шатны хурлын байгууллага, алийг нь Засаг дарга, Засаг даргын Тамгын газар баталж, ямар албан тушаалтан, аль байгууллага хэрэгжилтийг хангахыг тодорхой заах;

                        7.9.4.тухайн орон нутгийн Засаг даргыг иргэдээс шууд сонгохоор Үндсэн дүрэмд заасан бол тухайн шатны хурлын байгууллагаас энэ талаар эрх шилжүүлсэн шийдвэр гаргасан байвал зохино. Энэ тохиолдолд тухайн орон нутгийн нийт иргэдийн шууд, нууц санал хураалтаар сонгогдсон Засаг даргыг соёрхон батламжлах үүргийг тухайн шатны хурлын байгууллага хүлээх;

                                7.9.5.орон нутгийн тодорхой асуудал болон эрх бүхий байгууллага, этгээдийн шийдвэрийг хэрхэх талаар орон нутгийн нийт иргэдийн дунд санал хураалт явуулах үндсэн шалгуур, босго, санал хураалт явуулах талаар иргэдийн хүсэлтийг хүлээн авах байгууллага, албан тушаалтан, энэ үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх бусад харилцааны үндсэн зарчмуудыг тодорхой заах;

        7.9.6.орон нутгийн хэмжээнд ил тод байдал, иргэдийн оролцоо, иргэн ба иргэн, иргэн ба захиргааны хамтын ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай эрх зүйн ерөнхий зохицуулалтуудыг тусгах;

        7.9.7.орон нутгийн удирдлагын тайлагнал, тайлангийн хугацаа, тайлангийн хэлбэр, хариуцлага тооцох шалгуурыг тогтоох;

7.9.8.иргэдийн орон нутгийн өмнө хүлээх хариуцлагыг заах.

7.10.Орон нутгийн Үндсэн дүрэмд нийцүүлэн боловсруулсан бусад дүрэм журмыг Үндсэн дүрмээр тодорхойлогдсон эрх бүхий байгууллага тухайн орон нутгийн иргэдээр урьдчилан заавал хэлэлцүүлэх ба иргэдийн саналыг харгалзан баталж Үндсэн дүрмийн нэгэн адил тухайн нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн хэмжээнд бүх нийтээр албан ёсоор дагаж мөрдөнө.

7.11.Үндсэн дүрмээс бусад орон нутгийн дүрэм журмуудыг бүрнээр нь эсвэл хэсэгчлэн өөрчлөх, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дээрхийн нэгэн адил иргэдээр хэлэцүүлсэний эцэст Үндсэн дүрмээр эрх олгогдсон этгээд батална.

7.12.Орон нутгийн дүрэм, журмыг батлан мөрдүүлэхдээ энэхүү хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3 болон 6.4 дүгээр заалтуудыг ягштал баримталсан байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙТИЙН ЗАР МЭДЭЭ

8 дугаар зүйл.Нийтийн зар мэдээ

8.1.Төрийн төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, бүх шатны хурлын байгууллагууд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага болон иргэдээс иргэдийн оролцоо, нийтийн эрх ашигтай холбоотой аливаа асуудлаар  иргэд, олон нийтэд зориулан гаргаж өгвөл зохих зар мэдээ, мэдээллийг нийтийн зар мэдээ гэнэ.

8.2.Шилэн дансны тухай хууль нь нийтийн зар мэдээний тогтолцооны салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна. Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийн удирдлага, орон нутгийн хөгжлийн сантай холбоотой нийтийн зар мэдээг Шилэн дансны хуулийн дагуу зохицуулна.

8.3.Нийтийн зар мэдээ нь дараах төрөлтэй байна:

        8.3.1.иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, танилцуулга, судалгаа тооцоо, бусад зар мэдээ, мэдээлэл;

        8.3.2.тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тэдгээрийн Тэргүүлэгчид, бүх шатны Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын тогтоол шийдвэр;

8.3.3.иргэний танхимын зар мэдээ, мэдээлэл;

        8.3.4.иргэд, олон нийтэд зориулсан бусад хурал, цуглаан, уулзалт, хэлэлцүүлэг, сонсгол, сургалтын зар мэдээ мэдээлэл;

8.3.5.хууль эрх зүйн зар мэдээ, мэдээлэл;

8.3.6.шилэн дансны зар мэдээ, мэдээлэл;

        8.3.7.төрийн үйлчилгээ ба нийтийн ахуй үйлчилгээний зар мэдээ, мэдээлэл;

8.3.8.шуурхай зар мэдээ, мэдээлэл;

8.3.9.бусад зар мэдээ, мэдээлэл.

8.3.Нийтийн зар мэдээг хүргэх хугацаа:

        8.3.1.иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулахтай холбоотой нийтийн зар мэдээг орон нутгийн Үндсэн дүрэм, иргэдийн Нийтийн Хурлын дүрэм болон Дэгийн журамд тусгайлан заагаагүй бол хоёроос доошгүй долоо хоногийн өмнө;

        8.3.2.энэхүү хуулийн 8.2.2-т заасан орон нутгийн удирдлагын шийдвэрийг шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан;

        8.3.3.хууль эрх зүйн болон Шилэн дансны нийтийн зар мэдээг холбогдох хуулинд заасан хугацаанд;

8.3.4.шуурхай зар  мэдээг цаг алдалгүй;

        8.3.5.төрийн үйлчилгээ ба нийтийн ахуй үйлчилгээ, бусад зар мэдээ, мэдээллийг ажлын 3 хоногийн дотор.

8.4.Нийтийн зар мэдээг дараах этгээд мэдээлэх үүрэг хүлээнэ:

        8.4.1.иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой зар мэдээг тухайн иргэдийн Нийтийн Хурлын дарга, түүний эзгүйд тухайн баг, хорооны Засаг дарга;

        8.4.2.энэ хуулийн 8.2.2-т заасан орон нутгийн хурлын байгууллагын шийдвэрийг тухайн шатны хурлын дарга, засаг захиргааны шийдвэрийг шийдвэр гаргаж гарын үсэг зурсан Засаг дарга, Тамгын газрын дарга;

                   8.4.3.төрийн үйлчилгээ ба нийтийн ахуй үйлчилгээний зар мэдээг тухайн үйл ажилаагааг явуулсан байгууллага, албан тушаалтан;

        8.4.4.шуурхай зар мэдээг Засаг дарга, түүний эзгүйд Засаг даргын Тамгын газрын дарга хариуцна.

8.5.Нийтийн зар мэдээг нийтийн зар мэдээний самбар, хэвлэмэл хуудас, төвийн болон орон нутгийн чанартай сонин, хэвлэл, цахим хуудас, суурин болон гар утас, радио, телевиз, дүрс бичлэг, аман зар, захидал хэлбэрээр түгээнэ.

8.6.Нийтийн зар мэдээ, мэдээллийг тогтмол шинэчилж байх бөгөөд, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллээ архивлан хадгална.

8.7.Нийтийн зар мэдээний нарийвчилсан журмыг орон нутгийн Үндсэн дүрмийн хүрээнд тухайн эрх бүхий этгээд боловсруулж баталж мөрдүүлнэ.

   

9 дүгээр зүйл. Нийтийн зар мэдээний самбар

9.1.Нийтийн зар мэдээний самбарын байршил, тоо, хэмжээ, бусад стандарт шалгуурууд болон төсөв, санхүүжилтийн зарчмыг иргэд, олон нийтийн саналыг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно.

9.2.Нийтийн    зар мэдээний самбарыг иргэдэд дөхөмтэй, иргэд олон нийтэд аль болох хүртээмжтэй, олон хүн ашиглаж болохуйц газрыг сонгон байршуулна.

9.3.Нийтийн зар мэдээний самбарт тавигдах мэдээлэл нь дараах  шаардлагыг хангасан байна:

9.3.1.хэвлэмэл хуудсан хэлбэртэй;

        9.3.2.аливаа зар мэдээ нь А4-ийн хэмжээнээс томгүй хэвлэмэл хуудасны нэг нүүрэнд багтсан;

        9.3.3.шуурхай зар мэдээг улаан өнгийн хуудсан дээр, бусад  нийтийн зар мэдээний хуудас, үг, өгүүлбэрийг холбогдох дүрэм, журмаар заасан өнгөний кодоор ангилах;

        9.3.4.тухайн нийтийн зар мэдээтэй холбоотой дэлгэрэнгүй болон лавлах асуудлыг хариуцсан холбогдох албан тушаалтны овог нэр, албан тушаал, албан байрны хаяг, ажлын цаг, цахим хаяг, утсыг мэдээллийн хуудасны зүүн доод хэсэгт байршуулах;

        9.3.5.Засаг даргын Тамгын газар, хурлын байгууллага нь шаардлагатай тохиолдолд тухайн нийтийн зар мэдээний дэлгэрэнгүй материалыг Засаг даргын Тамгын газар болон тухайн орон нутгийн номын сан, сургуулийн номын сан, нийтийн номын санд байршуулж, нийтийн зар мэдээнд энэ талаар тодорхой мэдээлэх;

        9.4.Нийтийн зар мэдээний самбарт байршуулсан мэдээний нэг хувийг тухайн зар мэдээг гаргаж буй байгууллага, этгээд нэг хувь хэвлэн, уг мэдээллийг хэдий хугацаанд байршуулах талаарх мэдэгдлийн хамт тухайн баг, хорооны Засаг даргад хүлээлгэн өгөх ба  Засаг дарга архивлан хадгална.

        9.5.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо нь тухайн нутаг, дэвсгэрт байршсан нийтийн зар мэдээний самбарыг хамтран ашиглана.

        9.6.Нийтийн зар мэдээний самбарын ашиглалт, арчилгааг тухайн самбар байршиж буй баг, хорооны Засаг дарга хариуцна.

  10 дугаар зүйл.Нийтийн зар мэдээний санхүүжилт

        10.1.Нийтийн зар мэдээний самбарыг хийх, байршуулах, засварлах зардлыг тухайн сум, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлнэ.

        10.2.Нийтийн зар мэдээг гаргах зардлыг тухайн зар мэдээг хариуцах этгээд хариуцна.

        10.3.Нийтийн зар мэдээний  төсөв, зардлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн урсгал төсөвт жил бүр тухайн орон нутгийн иргэдийн тоог харгалзан нэг хүнд ногдох зардлын нормативаар тооцож тусгана. Норматив тооцох аргачлалыг Сангийн яам баталж мөрдүүлнэ.

        10.4.Энэхүү хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан баг, хороодын  нийтийн зар мэдээний урсгал зардлыг тухайн сум, дүүргийн төсөвт тусгайлан тусгана.

ТАВДУГААР БҮЛЭГ

ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

11 дүгээр зүйл.Иргэдийн Нийтийн Хурал

11.1.Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, гуравдугаар зүйлийн нэгд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн тогтоосны дагуу ард нийтээр шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр эрх тэгш, шууд оролцох бололцоог бүрдүүлэх үүрэг бүхий Үндсэн хуулиар статус нь тогтоогдсон байгууллага бол баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал /цаашид ИНХ гэж товчилно/ мөн. ИНХ нь тухайн баг, хорооны эрх барих дээд байгууллага мөн. ИНХ нь тухайн баг, хороонд нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоо, шууд ардчиллыг хөгжүүлэх үндсэн байгууллага мөн.

11.2.Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг, жаран хоёрдугаар зүйлийн нэгд “Нутгийн өөрөө удирдах байууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэсний дагуу орон нутгийн чанартай асуудлыг шийдэх болон төрийн эрхийг барих үйл хэрэгт ард түмний оролцох оролцоог зохион байгуулах явдал бол хорооны ИНХ-ын үндсэн зорилго, гүйцэтгэх үндсэн үүрэг функц нь болно. Мөн Монгол Улсын төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн тухай заалтад заасны дагуу улсын төсвөөс орон нутагт хуваарилагдсан хөрөнгийг захиран зарцуулах ажлыг олон нийтийн оролцоонд тулгуурлан зохион байгуулах явдал нь ИНХ-ын үндсэн үүрэг мөн.

11.3.Тухайн баг, хороонд амьдран суудаг, иргэний бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын эрх зүйн чадамж бүхий иргэн бүр баг, хорооны ИНХ-д оролцож санал шүүмжлэл гаргах, шийвэр гаргахад таслах эрхтэйгээр оролцох эрхтэй. Иргэн бүр бүгд ижил саналын нэг эрхтэй.

11.4.ИНХ-аар нэгэнт хэлэлцэн баталж, хүчин төгөлдөр болсон аливаа шийдвэрийг баг, хорооны иргэд, оршин суугчид заавал дагаж мөрдвөл зохино. Энэ нь тухайн хороонд амьдран суудаггүй боловч тухайн баг, хороонд газар болон хөрөнгө өмчилдөг, ажил эрхэлдэг, үйл ажиллагаа явуулдаг бүх хүн, хуулийн этгээдэд нэгэн адил үйлчилнэ.

11.5.ИНХ-ын шийдвэрийг зөвхөн тухайн баг, хорооны нийт иргэдийн санал хураалтаар хүчингүй болгож болно. ИНХ гаргасан шийдвэрээ өөрөө өөрчилсөн, эсвэл тухайн шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид харшилж байгаа нөхцөлд энэ заалт үйлчлэхгүй.

11.6.ИНХ нь Үндсэн хуулиар эрх хэмжээ, статус нь тогтоогдсон институцийн хувьд бланк, тамга тэмдэг, хаяг адресс зэрэг холбогдох бусад атрибутик зүйлсээр хангадсан байна. ИНХ үйл ажиллагаагаа зохион байгуулж явуулах төсөв хөрөнгөтэй байна.

11.7.Иргэд, оршин суугчдын амьдрал, аж ахуйд хамаарах аливаа бүх асуудлаас гадна хуулиар Монгол Улсын Их Хурал болон дээд шатны нэгжийн бүрэн эрхэд харъяалуулснаас бусад бүх асуудлыг ИНХ-аар хэлэлцэн шийдвэр гаргаж болно. ИНХ-ын эн тэргүүнд хэлэлцэж шийдвэрлэх, энэ зорилгоор иргэдээ зохион байгуулах ёстой жагсаалтад дараах асуудлууд хамарна:

        11.7.1.Үндсэн дүрэм;

        11.7.2.ИНХ-ын дүрэм, ИНХ-ын хуралдааны Дэгийн журам;

        11.7.3.иргэдэд нийтийн зар мэдээг хүргэх журам;

        11.7.4.баг, хорооны үйл ажиллагааны төсөв, Орон нутгийн хөгжлийн сан;

        11.7.5.Иргэдийн аудитийн журам;

        11.7.6.баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хотын хөгжлийн богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө;

        11.7.7.баг, хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээ;

11.7.8.баг, хорооны нутаг дэвсгэрт эрүүл аюулгүй орчин, нийтийн ариун цэвэр, дэг журам тогтоох, сахиулахтай холбоотой асуудлууд.

        11.8. Аливаа шатны шүүхийн шийдвэрийн талаар баг, хорооны ИНХ-аар хэлэлцэхгүй.

11.9.ИНХ-ын дүрэм, ИНХ-ын хуралдааны Дэгийн журам нь тухайн орон нутгийн Үндсэн дүрмийн салшгүй бүрэлдэхүүүн хэсэг байх бөгөөд тухайн орон нутгийн нийт иргэдийн бүх нийтийн, нууц, тэгш, ил тод санал хураалтаар баталж дагаж мөрдөнө.

12 дугаар зүйл.Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан

12.1.ИНХ-ын эрх барих дээд байгууллага нь ИНХ-ын хуралдаан мөн.

12.2.ИНХ-ын хуралдааныг олон нийтэд нээлттэй, орон зай, цаг хугацааны хувьд тухайн баг, хорооны иргэд чөлөөтэй оролцох боломжтойгоор зохион байгуулна.

12.3.Хуралдааны зарыг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг энэ хуулийн 3 дугаар бүлэгт зохицуулсны дагуу зохион байгуулна.

12.4.Ашиг сонирхлын зөрчилтэй этгээдээр хуралдаан даргалуулахыг хориглоно.

12.5.Хуралдаан даргалагчийг хуралд оролцогчдын дундаас нэр дэвшүүлж нууцаар санал хураан сонгож хурлыг удирдуулна.

12.6.Тухайн баг, хорооны ИНХ-ын хуралдааны Дэгийн журамд хуралдаан даргалагчид тавигдах шалгуурыг тусгайлан зааж болно.

 12.7.ИНХ-ын Дэгийн журамд хэрхэн зохицуулснаас хамааран тухайн хуралдааны цаг хугацаа болон бусад асуудлаар зохицуулалт хийж болно. Ингэхдээ асуудлыг хуралдаанд оролцогчдын ердийн олонхийн саналаар шийдэж батална.

12.8.Хуралдааны Дэгийн журамд хуралдаанд бэлтгэх үеэс эхлээд шийдвэр гаргах хүртэл бүх үе шатыг хамарсан дараах зохицуулалтуудыг заавал хийсэн байна. Үүнд:

        12.8.1.хуралдааны товыг хэн, хэзээ, яаж тогтоох;

        12.8.2.хуралдааны зарыг хэн, хэзээ хэнд яаж түгээх;

        12.8.3.хуралдаан болох газар, талбай, орон байр хаана байх;

        12.8.4.хэлэлцэх асуудлын саналыг хэн хэрхэн гаргаж, жагсаалтыг хэн хэрхэн батлах;

        12.8.5.хуралдаанд оролцох эрх бүхий этгээд гэж хэнийг үзэх;

        12.8.6.хуралдаанд оролцогчдын эрх ба үүрэг;

        12.8.7.хуралдааныг хэн яаж удирдах;

        12.8.8.хуралдааны явцад хэн хэрхэн дэг сахиулах;

        12.8.9.хуралдааны шийдвэрийг хэрхэн гаргах, хэрхэн албажуулах;

        12.8.10.хуралдааны тэмдэглэлийг хэн хэрхэн хөтөлж хаана хэрхэн хадгалах;

        12.8.11.хуралдааны явцад үүсч болох зүй бус үйл явцыг хэрхэн зохицуулах;

        12.8.12.хуралдааны үйл явцын үргэлжлэх хугацаа ба шийдвэр гаргах хүртэл хэдэн удаа завсарлаж болох тухай зохицуулалт;

        12.8.13.хуралдаанаас гарах шийдвэрийг олон нийтэд хэн хэзээ хэрхэн хүргэх;

        12.8.13.хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, хяналтыг хэрхэн зохион байгуулах.

12.9.ИНХ-ын хуралдааны Дэгийн журамд тусгайлан заагаагүй бол ИНХ-ын зарим хуралдааныг дараах товын дагуу зохион байгуулж хуралдуулна:

        12.9.1.баг, хорооны ИНХ-ын жилийн тайлангийн хуралдааныг тайлант жил дууссаны дараагийн жилийн 1 дүгээр сарын гуравдахь бямба гарагийн 14:00 цагаас эхлэн хуралдуулна.

        12.9.2.баг, хорооны ИНХ-ын дараа оны төсөв төлөвлөгөөг хэлэлцэх хуралдааныг 6 дугаар сарын гуравдахь Бямба гаригийн 14:00 цагаас эхлэн хуралдуулна.

        12.9.3.ээлжит бус хуралдааны товыг тухайн баг, хорооны ИНХ-ын Засаг дарга зарлаж хуралдуулна. Баг, хорооны иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зуран баг, хорооны Засаг даргад албан ёсоор хүлээлгэн өгч шаардсан бол ээлжит бус хуралдааны товыг ажлын 5 хоногт багтаан зарлан хуралдуулна. Харъяалах дүүрэг, хотын ИТХ, ЗДТГ-аас шаардсан бол хорооны ИНХ-ын ээлжит бус шуурхай хуралдааныг мөн ажлын 5 хоногт багтаан зарлан хуралдуулна.

12.10.Баг, хорооны ИНХ-ын хуралдааныг тухайн баг, хорооны нутаг дэвсгэрт, тийм боломж байхгүй бол тухайн баг, хорооны иргэд оролцох боломжтой газарт зохион байгуулна. Ингэхдээ дараах шаардлагыг хангасан байна:

12.10.1.хуралдааныг тогтсон нэг газар, заал танхимд хийж занших, түүний хаяг, байршлыг баг, хорооны ИНХ-ын дүрэм, ИНХ-ын хуралдааны Дэгийн журамд тодорхой заах;

          12.10.2.хуралдаан болох газар, заал танхим нь оролцохыг хүсч байгаа бүх хүн оролцож болохуйц багтаамж байх;

        12.10.3.баг, хорооны ИНХ-ын хуралдааныг ил задгай талбай, стадионд хийж болно;

        12.10.11.иргэдээс санал хураах, шийдвэр гаргах шаардлагагүй асуудлаар хуралдааныг иргэдийн тоо, хол ойр, хамрагдах боломжоос хамааран хэсэгчлэн зохион байгуулж болно.

12.11.Орон нутгийн Үндсэн дүрмээр тусгайлан зохицуулаагүй бол дараах шаардлагыг хангасан тохиолдолд  ИНХ-ын хуралдаанд ирцийн босго тавихгүй. Үүнд:

        12.11.1.Үндсэн дүрмээ энэхүү хуулийн дагуу баталж мөрдөж байгаа;

        12.11.2.Нийтийн зар мэдээний журмаа батлан, нийтийн зар мэдээний тогтолцоогоо бүрдүүлсэн;

        12.11.3.ИНХ-ын дүрэм, ИНХ-ын хуралдааны Дэгийн журмыг батлан мөрдүүлсэн;

        12.11.4.ИНХ-ын тухайн хуралдааны зар, тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох танилцуулга, тооцоо судалгаа, шийдвэрийн төслийг хуралдаан болохоос 2-оос доошгүй долоо хоногийн энэхүү хуулийн 12.12.1-12.12.3-д заасан дүрэм журмуудын дагуу нийт иргэдэд мэдээллийг хүргүүлсэн;

        12.11.5.энэ хуулийн 12.10.2-т заасан тогтолцоогоор дамжуулан ИНХ-ын хуралдааны шийдвэрийг нийт иргэддээ хүргэх боломжийг бүрдүүлсэн;

        12.11.6.тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан иргэд нь орон нутгийн санал хураалтын тогтолцоогоор дамжуулан шийдвэрийг буцаах эрх, боломж бүрдсэн.

12.12.ИНХ-ын зар болон товд заасан, эсвэл ИНХ-ын тухайн хуралдаанд оролцогчдоос баталж тусгайлан тогтоосон цагаас хоцорсон иргэд нь тухайн хуралдаанд таслах, шийдвэр гаргахад оролцохгүй зөвхөн ажиглагчийн статусаар тухайн хуралд сууна. Ажиглагч нь хуралдаанд асуулт тавих, санал гаргах, санал өгөх, шийдвэр гаргахад биечлэн оролцох эрхгүй болно.

12.13.Тухайн ИНХ-ын хуралдааны үйл ажиллагаанд саад учруулахгүйн үүднээс ажиглагчийн статустай иргэд болон тухайн баг, хороонд хамаарахгүй иргэдийг хуралдаанд оролцож буй таслах эрхтэй иргэдээс нүдэнд ил тод тодорхой заагласан байвал зохино. Ил задгай талбай, стадион гм газарт энэ заагийн хил хязгаарыг таслах эрхтэй иргэдийн гадуур олс татах байдлаар шийдэж болно.  

12.14.ИНХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтыг тухайн баг, хорооны Засаг дарга хариуцан гаргах бөгөөд тухайн баг, хорооны иргэдийн 10-аас доошгүй хувь нь гарын үсэг зурж, баталгаажуулсан саналыг хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд заавал оруулна. ИНХ-ын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад дараах асуудлууд заавал орсон байна:

                12.15.1.тайлангийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад:

                12.15.1.1.Засаг даргын жилийн ажлын тайлан;

                12.15.1.2.жилийн төсөв, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан;

                12.15.1.3.орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт;

                12.15.1.4.хэрэгжиж байгаа төслүүдийн явц болон гүйцэтгэлийн тайлан;

                12.15.1.5.тайлангуудад хийсэн аудитын санал, дүгнэлт;

                12.15.1.6.тайланг хүлээж авах эсэх асуудал;

        12.15.2.ирэх онд гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад:

                12.15.2.1.төсөв, санхүүгийн ерөнхий боломжийн тухай захиргааны танилцуулга;

                12.15.2.2.орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд хийж гүйцэтгэх ажил, төсөл, хөтөлбөрийн талаар болон худалдан авбал зохих зүйлсийн тухай иргэдээс гарсан саналууд;

                12.15.2.3.орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд хийж гүйцэтгэх ажил, төсөл, хөтөлбөрийн талаар болон худалдан авбал зохих зүйлсийн тухай захиргааны санал;

                12.15.2.4.нийт саналуудыг эрэмблэх санал хураалт;

                12.15.2.5.ирэх оны төсөв төлөвлөгөөг батлах.

12.16.Баг, хорооны ИНХ-ын хуралдаанд оролцогчдын дундаас сонгогдсон хуралдааны нарийн бичгийн дарга нар хуралдааны протокол хөтөлнө. Хуралдааны нарийн бичгийн дарга бүрийн хөтөлсөн протоколийг хуралдаанд оролцогчдод танилцуулан санал хураалтаар баталж архивлан хадгална. Хуралдааны протоколийг баг, хорооны нийт иргэдэд нээлттэй байлгана.

12.17.ИНХ-д оролцогчид нь хуралдааны үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр эрх тэгш оролцох эрх, үүрэгтэй бөгөөд ИНХ-ын дүрэм, ИНХ-ын хуралдааны Дэгийн журам, тухайн хуралдааны батлагдсан дэгийн дагуу хурал даргалагчийн шаардлагыг ханган биелүүлэх үүрэгтэй. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбогдуулан хурлдааны дэгийн дагуу асуулт асуух, хариулт авах, үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх, тодорхой асуудлыг дэмжих эсвэл эсэргүүцэхийг бусад оролцогчдоос уриалах эрхийг хуралдаанд оролцогч бүр адил тэгш эдэлнэ. Үүний зэрэгцээ хурлын дэг, хурал даргалагчид захирагдан сахилгатай, бусдыг хүндэтгэн, соёлтой оролцох үүргийг бүгд адил тэгш биелүүлнэ.

12.18.ИНХ-ын шийдвэр нь хуралдаанд таслах эрхтэй оролцогчдын ердийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно. Саналыг илээр хураана. Онцгой тохиолдолд /хувь хүнтэй холбоотой асуудал г.м./ хуралд оролцогчдын ердийн олонхийн саналаар нууцаар санал хураах тухай шийдвэр гаргаж болно. ИНХ-ын шийдвэр нь энэхүү хуулийн 23.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд гарсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараа хүчин төгөлдөр болон мөрдөгдөж эхэлнэ.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ИРГЭНИЙ ТАНХИМ

13 дугаар зүйл.Иргэний танхимын зорилго

13.1.Иргэний нийгмийн үнэт зүйлс, итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд Иргэний танхимын зорилт орших бөгөөд дараах зорилгод үйлчилнэ:

        13.1.1.орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, тодорхой асуудлаар иргэдэд мэдээлэл өгөх, танилцуулах, ашиг сонирхол нь хөндөгдөх иргэд болон оролцогч талуудын байр суурийг тодруулах, хамтын шийдэлд хүрэх;

        13.1.2.иргэд хоорондын болон иргэн ба орон нутгийн удирдлага, засаг захиргааны байгууллага хоорондын харилцаа холбоо, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох;

        13.1.3.орон нутгийн удирдлага, засаг захиргааны байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй болгож иргэний аудит, хяналтыг сайжруулах;

        13.1.4.төрийн болон нийгмийн үйлчилгээг хөнгөн шуурхай, үр ашигтай болгох;

        13.1.5.иргэд хамтран өөрсдийн амьдрах аж ахуй эрхлэх орчноо сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах боломжийг нэмэгдүүлэхэд;

        13.1.6.Монгол Улсын болон орон нутгийнхаа нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүй, аж амьдралын түгээмэл асуудлуудаар иргэдийн хэлэлцүүлгүүд зохион байгуулах;

        13.1.7.иргэдийн оролцооны боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах;

        13.1.8.иргэдийн амьжиргаа, чадавхийг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн сургалт зохион байгуулах.

13.2.Иргэний танхимаас гарсан тэмдэглэл, протоколыг шийдвэр гаргахад харгалзан үзнэ.

13.3.Иргэний танхим нь аль нэг нам, албан тушаалтан, байгууллага, ашиг сонирхолын бүлгээс хараат бус, иргэд оршин суугчдад нээлттэй, иргэдийн оролцоо ба нийтийн эрх ашигт үйлчлэх зарчмыг баримтлан ажиллана.

13.3.Иргэний танхимыг тухайн орон нутгийн түвшинд шийдвэр гаргах, бодлого боловсруулах, нийт иргэдэд зориулсан нээлттэй сонсгол явуулах, сургалт зохион байгуулахаас өөр зорилгоор ашиглахгүй. Мөн дараах үйл ажиллагааг Иргэний танхимд явуулахыг хориглоно. Үүнд:

          13.3.1.аль нэг улс төрийн намын үүрийн хурал г.м дотоод ажилтай холбоотой арга хэмжээ зохион байгуулах;

        13.3.2.шашин, сүсэг бишрэл, сүм хийдтэй холбоотой зан үйл, эргэл мөргөл, ёслол зохион байгуулах;

        13.3.3.архи дарс, согтууруулах ундаа хэрэглэсэн аливаа үйл ажиллагаа,  баяр ёслол, мөн түүнчилэн найр наадам, мөрийтэй тоглоом зохион байгуулах;

        13.3.4.иргэний танхимын үйл ажиллагаанаас ашиг олох, төлбөртэй үйлчилгээ эрхлэх.

        13.4.Хэлэлцүүлгийн сэдвээс хамааран оролцоог хязгаарлахыг хориглоно.

14 дүгээр зүйл.Иргэний танхимын бүтэц, зохион байгуулалт

14.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь иргэний танхимын бүтэцтэй байна.

14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад төрийн байгууллага иргэний танхимын бүтэцтэй байж болно.

14.3.Зориулалтын танхимгүй нөхцөлд тухайн орон нутгийн нийтийн эзэмшлийн барилга байгууламж, задгай талбайг иргэний танхим болгон ашиглаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд иргэний танхимын бүтцийг явуулын хэлбэрээр ашиглаж болно.

14.4.Иргэний танхимыг улс төрийн нам, аж ахуйн нэгж, компаний харъяа, тэдгээрийн байранд байрлуулахыг хориглоно.

14.5.Энэ хуулийн 14.1-д заасан Иргэний танхимыг аль ч шатны хурал болон тухайн аймаг, нийслэлийн иргэд үнэ төлбөргүй ашиглах эрхтэй.

14.6.Иргэний танхимийн журмыг орон нутгийн Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол тухайн шатны Хурлын байгууллагаас иргэдийн оролцоотой баталж мөрдүүлнэ.

14.7.Иргэний танхимд зохион байгуулагдах хэлэлцүүлгийн дэгийг тухайн хэлэлцүүлгийн оролцогч нар тухай бүр хэлэлцэн батална.

14.8.Иргэний танхим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах нөхцөл боломжоор хангагдсан байна.

14.9.Энэ хуулийн 14.1, 14.2-т заасан иргэний танхимын бүтэцтэй байгууллагууд нь өөрсдийн орон тоо, батлагдсан төсвийн зардалдаа багтаан Иргэний танхимын үйл ажиллагааг хариуцсан зохицуулагчтай байна.

14.10.Иргэний танхимын үйл ажиллагаа иргэн бүрт нээлттэй байна. Иргэний танхим нь тодорхой цагийн хуваарийн дагуу долоо хоногийн Даваагаас Ням гараг хүртэл өдөр бүр ажиллана.

         15 дугаар зүйл.Иргэний танхимын үйл ажиллагаа

15.1.Иргэний танхимын үйл ажиллагаа нь иргэд, оршин суугчид аль болох өргөнөөр оролцох боломжтой байхаар зохион байгуулагдана.  

         15.2.Иргэний танхимын үйл ажиллагаа нь дараах үндсэн шаардлагад нийцсэн байвал зохино. Үүнд:

        15.2.1.иргэдийг орон нутгийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх тэгш оролцуулах;

        15.2.2.улс орон болон орон нутгийн аж амьдралын аливаа асуудлаар мэдээлэл олж авах эх булгийн үүрэг гүйцэтгэх;

        15.2.3.санаа бодлоо илэрхийлэх чөлөөт индрийн үүрэг гүйцэтгэх;

        15.2.4.иргэд, оршин суугчид сайн дурын үндсэн зохион байгуулалтад орох бололцоо нөхцөлийг хангах.

15.3.Иргэний танхимын үйл ажиллагааг дараах хэлбэрээр зохион байгуулна. Үүнд:

                        15.3.1.төрөл бүрийн сэдвээр иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг;

                        15.3.2.ИНХ-ын хуралдаанд бэлтгэх зорилго бүхий хэлэлцүүлгүүд;

                        15.3.3.иргэдийн хөгжилд чиглэсэн сургалтын арга хэмжээ;

                15.3.4.иргэдийн дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээнүүд.

16 дугаар зүйл.Иргэний танхимын хэлэлцүүлэг

16.1.Нээлттэй хэлэлцүүлэгт асуудал оруулагч нь иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж байна.

16.2.Хэлэлцүүлэг санаачилагч нь хэлэлцүүлгийн нэр, он, сар, өдөр, үргэлжлэх хугацаа, товч танилцуулга, хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл авах цахим хуудасны нэр хаяг, зохион байгуулагч болон хариуцах этгээдийн нэр, харилцах утас, хаягийг тодорхой заасан албан хүсэлтийг хэлэлцүүлэг зохион байгуулахаас  ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө Иргэний танхимд хүргүүлж, хэлэлцүүлгийн хуваарьт бүртгүүлнэ.

16.3.Хэлэлцүүлэг санаачлагчийн хэлэлцүүлгийн он, сар, өдөр, цаг хугацаа нь бусад хэлэлцүүлгийн хугацаатай давхцаагүй тохиолд шууд хуваарьт оруулж, Иргэний танхимын зарлал, Нийтийн зар мэдээний самбарт байрлуулна.

16.4.Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэн, байгууллага, аж ахуйн нэгж нь цахим хаяг, харилцах утсаар, мөн биеэр очиж Иргэний танхимд бүртгүүлж болно.

16.5.Бүртгүүлсэн иргэнд шаардлагатай тохиолдолд тухайн хэлэлцүүлгийн материалыг урьдчилан цахим хэлбэрээр, эсвэл цаасаар өгнө.

16.6.Хэлэлцүүлгийн тухай нийтэд зар хүргэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

16.7.Иргэний танхимын үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч нь дараах зохион байгуулалтын ажлыг хариуцан хуваарилж ажиллана.

16.7.1.иргэдийг бүртгэх;

16.7.3.хэлэлцүүлгийн зар хүргэх;

16.7.4.хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оролцуулах;

16.7.5.хэлэлцүүлэгийг бүртгэгдсэн цаг хугацаанд зохион байгуулах;

16.7.6.танхимыг бэлтгэх;

16.7.7.протокол хөтлөх, аудио бичлэг хийх;

16.7.8.иргэдийн саналыг эмхэтгэн ангилж, холбогдох байгууллагад тухай бүр хүргүүлэх;

16.7.9.хэлэлцүүлгийн үр дүн, авсан арга хэмжээний талаар олон нийтэд тайлагнах.

                        16.8.Хэлэлцүүлгийг холбогдох албан тушаалтан эсвэл хэлэлцүүлэг хийх санаачилга гаргасан иргэн өөрөө удирдан явуулна.

                        16.9.Шаардлагатай бол хэлэлцүүлэгт тухайн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг татан оролцуулж болно.

                        16.10.Хэлэлцүүлэгтэй шууд холбоотой аливаа  зардал, санхүүжилтийг хэлэлцүүлэг санаачилагч хариуцна.

16.11.Иргэний танхимын хэлэлцүүлэг зарлагдсаны дараа цахим болон шуудан, утас, факсаар санал авах бөгөөд амаар болон бичгээр хариу өгнө.

16.12.Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг онцгой шаардлагын улмаас Иргэний танхимд болох хэлэлцүүлгийг энэхүү хуулийн 14.1-д заасан хурлын байгууллагуудын хувьд Хурлын дарга, 14.2-т заасан байгууллагуудын хувьд тухайн байгууллагын Тамгын газрын дарга албан ёсоор мэдэгдэн хойшлуулж болно.

        16.13.Иргэн бүрт танхимын үйл ажиллагаа нээлттэй байна. Танхим ИНХ-аар баталсан тодорхой цагийн хуваарийн дагуу долоо хоногийн Даваагаас Ням гараг хүртэл өдөр бүр ажиллана.

        16.14.Иргэний танхимаар үйлчлүүлэгч нь дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:

                16.14.1.иргэний танхимын эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглах;

                16.14.2.иргэний танхимын журам, дүрэм, хэлэлцүүлгийн дэгийг хүндэтгэн дагаж мөрдөх;

                16.14.3.бусдын эрх ашиг сонирхолыг хүндэтгэж, соёлтой оролцох;

                16.14.4.хурал, хэлэлцүүлэг даргалагчийн зааварчилгааг дагаж мөрдөх;

                16.14.5.хэлэлцүүлэгт ирэхдээ холбогдох мэдээллийг авсан байх, санал болон асуултаа бэлдэж ирэх;

16.14.6.хэлэлцүүлэгт тухайн хэлэлцэж буй асуудлаар санал хэлэх.

17 дугаар зүйл.Иргэний танхимын эд хөрөнгө, төсөв

        17.1.Иргэний танхимын өмч хөрөнгө нь тухайн танхимыг үүсгэн байгуулсан байгууллагын өмч хөрөнгөд бүртгэгдэнэ.

        17.2.Иргэний танхимын үйл ажиллагааны урсгал төсвийг орон нутгийн Үндсэн дүрэмд өөрөөр зохицуулаагүй бол тухайн хурлын байгууллагын төсөвт тусгайлан зааж батална.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

18 дүгээр зүйл. Олон нийтийн санал асуулга

18.1. Олон нийтийн санал асуулга гэдэгт тодорхой асуудлаар иргэдийн баримталж буй байрь суурь, санаа бодлыг тодруулах зорилгоор  иргэдийн дунд зохион байгуулж буй тандалт, судалгааны үйл ажиллагааг ойлгоно.

18.2. Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны аль ч байгууллага өөрт хамаарах асуудлаар олон нийтийн санал асуулгыг санаачилан зохион байгуулж болно.         

18.3. УИХ, Засгийн газар, төрийн захиргааны бусад төв байгууллагуудын санаачлагаар зохион байгуулагдаж буй санал асуулгад Монгол Улсын нийт иргэд, харин аль нэг орон нутгийн засаг захиргааны санаачлагаар зохион байгуулагдаж буй санал асуулгад тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэд, оршин суугчид оролцох боломжтой байхаар зохион байгуулбал зохино.

18.4.        Олон нийтийн санал асуулгыг саналын хуудас, цахим шуудан, цахим хуудас, үүрэн утасны богино илгээлт, бусад арга хэлбэрээр зохион байгуулж болно.

18.5.         Иргэд, олон нийтийн байгууллагууд нь тодорхой асуудлаар олон нийтийн санал асуулга явуулах хүсэлтийг захиргаанд хүргүүлж болно. Хүсэлтийн дагуу зохион байгуулсан олон нийтийн санал асуулгын дүнг захиргаанаас холбогдох иргэд, олон нийтийн байгууллагуудад албан ёсоор мэдэгдэнэ.

18.6. Олон нийтийн санал асуулгын дүнг тухайн зохион байгуулсан байгууллага хариуцан нэгтгэж нийтэд мэдээлнэ.

18.7.        Энэхүү хуулийн 18.2-т заасан байгууллагууд нь олон нийтийн санал асуулгын дүнг харгалзан шийдвэрээ гаргавал зохино.

18.8. Иргэд, олон нийтийн байгууллагууд өөрсдийн санаачлагаар олон нийтийн санал асуулга зохион байгуулж үр дүн, тайланг холбогдох этгээдэд хүргэх, санал дүгнэлтийнхээ үндэслэл болгон хавсаргаж болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ

ОРОН НУТГИЙН САНАЛ ХУРААЛТ

        

19 дүгээр зүйл. Орон нутгийн санал хураалт, санал хураалтын төрөл, хэлбэр

        19.1 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд хамаарах орон нутгийн аливаа асуудлаар хамтын шийдвэр гаргах зорилгоор тухайн орон нутгийн нийт иргэдийн дунд явуулж буй санал хураалтыг орон нутгийн санал хураалт гэж ойлгоно.

        19.2. Орон нутгийн санал хураалт дараах төрөлтэй байна. Үүнд:

                19.2.1. шууд ардчиллын зарчмаар иргэд шууд шийдвэр гаргахын тулд зохион байгуулж буй хамтын шийдвэр гаргах санал хураалт;

                19.2.2. орон нутгийн эрх бүхий байгууллага, этгээдээс гаргасан шийдвэрийг эргэн хянах зорилгоор зохион байгуулж буй шийдвэр хянах санал хураалт.

19.3 Хамтын шийдвэр гаргах санал хураалтыг тухайн орон нутгийн Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол Иргэдийн Нийтийн Хурал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурал, тухайн шатны Засаг дарга, мөн энэхүү хууль болон орон нутгийн Үндсэн дүрэмд заасан  шалгуур, босгын шаардлагыг хангасан тохиолдолд иргэд, иргэдийн бүлэг, олон нийт, төрийн бус байгууллагын санаачилгаар тухайн шатны Засаг дарга зохион байгуулж явуулна.

        19.4. Шийдвэр хянах санал хураалтыг орон нутгийн Үндсэн дүрэмд заасан  шалгуур, босгын шаардлагыг хангасан иргэд, иргэдийн бүлэг, олон нийт, төрийн бус байгууллагын санаачилгаар тухайн шатны Засаг дарга зохион байгуулж явуулна.

        19.5 Орон нутгийн тодорхой асуудал болон эрх бүхий байгууллага, этгээдийн шийдвэрийг хэрхэх талаар орон нутгийн нийт иргэдийн дунд санал хураалт явуулах үндсэн шалгуур, босго, санал хураалт явуулах талаар иргэдийн хүсэлтийг хүлээн авах байгууллага, албан тушаалтан, энэ үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэх бусад харилцааны үндсэн зарчмуудыг орон нутгийн Үндсэн дүрэмд тодорхой заана.

        19.6.  Орон нутгийн санал хураалтын нарийвчилсан журмыг орон нутгийн Үндсэн дүрмийн хүрээнд тухайн эрх бүхий этгээд боловсруулж баталж мөрдүүлнэ.

        19.7. Орон нутгийн санал хураалтыг дараах аргаар зохион байгуулж болно. Үүнд:

                19.7.1. санал хураалтын хуудсаар;

                19.7.2. шуудангаар;

                19.7.3. үүрэн утасны богино мэдээгээр;

                19.7.4. Иргэдийн Нийтийн Хурал цуглаан зохион байгуулж илээр санал хураалт явуулах аргаар.

        19.8. Орон нутгийн Үндсэн дүрмийг хэлэлцэн батлах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох орон нутгийн санал хураалтыг зөвхөн санал хураалтын хуудсаар явуулна.         

        19.9. Бусад тохиолдолд 19.7-т заасан аргуудын аль нэгийг дангаар нь эсвэл холимог аль ч хэлбэрээр сонгон зохион байгуулж болох бөгөөд ямар санал хураалтыг ямар хэлбэрээр зохион байгуулж явуулахыг орон нутгийн Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол Орон нутгийн санал хураалтын батлагдсан журмын дагуу эрх бүхий этгээд шийднэ.

        20 дугаар зүйл. Орон нутгийн санал хураалтыг зохион байгуулахад баримтлах үндсэн зарчмууд

        20.1 Орон нутгийн санал хураалтад дараахи зарчмуудыг баримтална. Үүнд:

                20.1.1. иргэний нэр хаягийг саналын хуудсанд бүртгэхгүй

         20.1.2. нэг иргэн нэг санал гэсэн ардчилсэн тэгш эрхийн зарчмыг баримтах

        20.1.3. санал хураалтад хэнийг ч албадан оролцуулж болохгүй, мөн саналаа өгөхөд нь хэнд ч  саад учруулж болохгүй.

                20.1.4. санал хураалтын зохион байгуулалт нь олон нийтэд ил тод өөрийн бодол, итгэл үнэмшлээр саналаа илэрхийлэх боломжтой зохион байгуулагдах ёстой.

        21 дүгээр зүйл. Орон нутгийн санал хураалтын ирц

21.1  Орон нутгийн санал хураалтын ирц доорхи шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

                21.1.1 Сум, дүүрэг, баг хорооны орон нутгийн Үндсэн дүрэм болон энэхүү хуулийн 7.8.1.-д заасан дүрэм журмыг хэлэлцэн батлах, өөрчлөх, өөрчилөн найруулах,  хүчингүй болгох тохиолдолд санал хураалтад оролцох эрх бүхий иргэдийн тавиас доошгүй хувь;

                21.1.2. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, нэгтгэх, татан буулгах тохиолдолд санал хураалтад оролцох эрх бүхий иргэдийн тавиас доошгүй хувь;

                21.1.3. байгалийн баялаг, ашигт малтмал ашиглах болон байгаль орчин, хүний эрүүл ахуйд сөргөөр үйлчилж болзошгүй  бизнессийн зөвшөөрөл олгох,  эсэх асуудлаар санал хураалтад санал хураалтад оролцох эрх бүхий иргэдийн тавиас доошгүй хувь оролцсон байх шаардлага тавина.

        

        21.2. Орон нутгийн Үндсэн дүрмээр тусгайлан зохицуулаагүй бол дараах шаардлагыг хангасан тохиолдолд энэхүү хуулийн 21.1.-д зааснаас бусад асуудлаархи орон нутгийн санал хураалтад ирцийн босго тавихгүй. Үүнд:

        21.2.1.Үндсэн дүрмээ энэхүү хуулийн дагуу баталж мөрдөж байгаа;

        21.2.2.Нийтийн зар мэдээний журмаа батлан, нийтийн зар мэдээний тогтолцоогоо бүрдүүлсэн;

        21.2.3. Орон нутгийн санал хураалтын журмаа баталсан зэрэг болно.

        

        22 дугаар зүйл. Орон нутгийн санал хураалтыг хүчинтэйд тооцох нөхцөл

        22.1. Орон нутгийн санал хураалтад оролцсон иргэдийн ердийн олонхийн саналаар шийдвэрийг гаргана.

        22.2. Энэхүү хуулийн дагуу зохион байгуулсан орон нутгийн санал хураалтын дүн нь тухайн асуудлаар гаргасан эцсийн шийдвэр болно.

        22.3. Орон нутгийн санал хураалтаар гаргасан нийт иргэдийн хамтын шийдвэрийг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид бүх нийтээр дагаж мөрдөх үүрэгтэй.

        22.4. Орон нутгийн санал хураалтын шийдвэр, зохион байгуулалттай холбоотой маргаан гарсан тохиолдолд маргааныг Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу захиргааны хэргийн шүүхээр эцэслэн таслан шийдвэрлэнэ.  

23 дугаар зүйл. Орон нутгийн санал хураалт явуулах тухай шийдвэр

        23.1. Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах хүсэлтийг иргэдээс албан ёсоор хүлээн авнаас хойш хуанлийн 3 хоногийн дотор зохих шийдвэрийг албан ёсоор гарган, хуанлийн 14 хоногт багтаан тухайн асуудлаар орон нутгийн санал хураалт явуулах үүргийг зохих шатны Засаг дарга хүлээнэ.

        23.2. Тодорхой шийдвэрийг эргэж харах, хянах асуудлаар орон нутгийн санал хураалт явуулах тухай хүсэлтийг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 хувиас доошгүй тооны иргэд санал нэгдэн гарын үсэг зуран баталгаажуулсан байх ба дараахь шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

                23.2.1. тухайн баг, хороонд явуулах санал хураалтын хувьд баг, хорооны сонгуулийн санал өгөх эрх бүхий нийт иргэдийн 10 хувиас доошгүй хувь

                23.2.2.  тухайн сумын хэмжээнд санал хураалт явуулах тохиолдолд баг тус бүрээс  сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 хувиас доошгүй тооны иргэд гарын үсэг зурсан

                23.2.3. тухайн дүүргийн хэмжээнд санал хураалт явуулах тохиолдолд хороо тус бүрээс  сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 хувиас доошгүй тооны иргэд гарын үсэг зурсан

                23.2.4. тухайн аймгийн хэмжээнд санал хураалт явуулах тохиолдолд сум, баг тус бүрээс  сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 хувиас доошгүй тооны иргэд гарын үсэг зурсан

                23.2.5. хотын хэмжээнд санал хураалт явуулах тохиолдолд дүүрэг, хороо тус бүрээс  сонгуулийн эрх бүхий иргэдийн 10 хувиас доошгүй тооны иргэд гарын үсэг зурсан байна.

        23.3. Иргэдийн гарын үсгийг цуглуулах ажлыг тухайн орон нутгийн иргэн хэн ч зохион байгуулж болно.

        23.4. Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн эрх мэдлийн тодорхой асуудлаар  орон нутгийн санал хураалт явуулах шийдвэр гаргах эрхтэй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэхүү шийдвэрээ ердийн журмаар гаргаж тогтоолоор баталгаажуулна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг албан ёсоор хүлээн авснаас хойш хуанлийн 14 хоногт багтаан тухайн шатны Засаг дарга санал хураалтыг зохион байгуулах үүрэгтэй.

        23.5. Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь өөрийн эрх мэдлийн тодорхой асуудлаар  орон нутгийн санал хураалт явуулах шийдвэр гаргах эрхтэй. Орон нутгийн Үндсэн дүрэм болон Иргэдийн Нийтийн Хурлын дүрэм, хуралдааны Дэгийн журамд өөрөөр заагаагүй бол тодорхой асуудлаар санал хураалт явуулах тухай шийдвэрийг Иргэдийн Нийтийн Хуралд оролцож буй таслах эрхтэй иргэдийн ердийн олонхийн саналаар гаргана. Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарсан тохиолдолд баг, хорооны Засаг дарга 14 хоногт багтаан тухайн асуудлаар орон нутгийн санал хураалт зохион байгуулах үүрэгтэй.

        23.6. Бүх шатны Засаг дарга өөрийн эрх мэдлийн асуудлаар орон нутгийн санал хураалт зохион байгуулах талаар шийдвэр гарган хэрэгжүүлэх эрхтэй.         23.7. Бүх шатны Засаг даргатай холбоотой асуудлаар орон нутгийн санал хураалт зохион байгуулж байгаа тохиолдолд санал хураалтыг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга холбогдох шийдвэр гарган зохион байгуулна.

        23.8. Орон нутгийн санал хураалт явуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр нь тухайн асуудлаар санал хураах өдрөөс хуанлийн 7 хоногоос цөөнгүй хоногийн өмнө гарч, санал хураалтыг явуулах он, сар, өдөр, санал хураалт эхлэх болон дуусах цаг, хугацааг тодорхой заасан байхаас гадна тухайн асуудлаар Санал хураалтыг зохион байгуулах хороог албан ёсоор байгуулсан байвал зохино.

        24 дүгээр зүйл. Саналын хуудас, санал хураалтын асуултын томьёолол

        24.1. Санал хураалтын саналын хуудас нь иргэд саналаа илэрхийлэх, санал хураалтын дүнг гаргах үндсэн баримт бичиг бөгөөд дараах шаардлагыг хангасан байна: Үүнд:

                24.1.1. саналын хуудасны тоо нь санал хураалтад оролцох эрх бүхий иргэдийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тоотой тэнцүү байна.

                24.1.2. саналын хуудас нь А5 хэмжээнээс багагүй хэмжээтэй цаасан дээр монгол хэлээр хэвлэгдсэн, агуулга, бичилт, хэлбэрийн хувьд нийтэд ойлгомжтой, саналаа илэрхийлэхэд хялбар хэлбэрээр томъёологдсон, өөрийн саналыг хэрхэн тэмдэглэх тухай товч заавар агуулсан байвал зохино.

                24.1.3 саналын хуудас нь санал хураалтыг будлиангүй, ямар нэг булхай, заль мэхгүйгээр зохион байгуулахад зориулагдсан, шаардлагатай тохиолдолд тусгай нууцлалтай, нэгдсэн таних тэмдэгтэй байна.

                24.1.4 тухайн асуудлаар санал хураах саналын хуудасны загварыг Санал хураалтыг зохион байгуулах хороо батална.

                24.1.5. батлагдсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

        24.2. Санал хураалтад оролцох эрх бүхий иргэдийн бүртгэлийг тухайн шатны Засаг даргын Тамгын газар гаргаж Санал хураалт зохион байгуулах хороонд албан ёсоор хүлээлгэж өгнө. Санал хураалт зохион байгуулах хороо иргэдийн бүртгэлийг хянаж санал хураалт зохион байгуулагдах өдрөөс хуанлийн долоо хоногийн өмнө нийтэд ил болгон зарлах үүрэгтэй.

        24.3. Санал хураалтын асуултын томьёолол нь ямар нэг хоёрдмол утга, санаа агуулаагүй,  хэн нэг хүн, албан тушаалтны овог нэр, албан тушаалыг дурдаагүй, дэмжсэн эсхүл эсэргүүцсэн санал өгч болохуйцаар энгийн, товч, хялбар байна. Санал хураалт асуултыг утга агуулгын хувьд тодорхой шийдвэрт чиглүүлсэн, зориуд дэмжсэн эсвэл эсэргүүцсэн шийдвэр гарахуйцаар  томъёолохыг хориглоно. Ийм саналын хуудсаар хийгдсэн санал хураалтыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцож болно.

        24.4. Санал хураалтын асуулт нь “дэмжиж байна”, эсвэл “эсэргүүцэж байна” гэсэн хоёр хариултын аль нэгээр нь нэг л утга санаатай хариулахаар томьёологдсон байна.

        25 дугаар зүйл. Орон нутгийн санал хураалтаар шийдвэр гаргах үйл ажиллагааны хугацаа

        25.1.Орон нутгийн санал хураалтаар шийдвэр гаргах үйл ажиллагаа нь бэлтгэл үе шат, санал хураалт, үр дүнг баталгаажуулах гэсэн үндсэн гурван үе шаттай байна.         

        25.2. Орон нутгийн санал хураалтын бэлтгэл үе шат нь санал хураалт зарласан өдрөөс санал хураалт зохион байгуулагдах өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд тухайн шатны Засаг дарга нь Санал хураалтын хороог зохион байгуулан ажилд нь оруулах, шаардлагатай тохиолдолд саналын хуудсыг хэвлэх, санал хураалт явуулах байр, талбай бэлдэх г.м. бэлтгэл ажлуудыг хийсэн байвал зохино.

        25.3. Орон нутгийн санал хураалтын бэлтгэл үе шатны хугацаанд тухайн асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх, сурталчилгаа явуулах нь чөлөөтэй байна.

        25.4. Санал хураалтыг амралтын өдөр зохион байгуулбал зохимжтой бөгөөд баяр, наадмын өдөртэй давхцахгүй байна. Орон нутгийн үндсэн дүрэм, Орон нутгийн санал хураалтын журамд өөрөөр заагаагүй бол саналын хуудсаар санал хураалт өглөөний 08:00 цагаас 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

        25.5. Саналын хуудсыг тоолж санал хураалтын үр дүнг баталгаажуулах үе шат нь Санал хураалтыг зохион байгуулж явуулсан өдрийн 16:00 цагаас 20:00 хооронд санал хураалтын үр дүнг нийтэд зарлах үүрэгтэй. Гар утас, шуудан

        26 дугаар зүйл. Санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулах байгууллага, түүний эрх үүрэг

        26.1. Санал хураалтыг тухайн Аймаг, Нийслэл, Сум, Дүүрэг, Баг Хорооны Санал хураалт зохион байгуулах хороо /цаашид “Санал хураалтын хороо” гэнэ/ удирдан зохион байгуулна.

        26.2. Санал хураалтын хороог шат шатны Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурал болон иргэдийн төлөөлөл тэнцүү тоогоор оролцсон  12-оос цөөнгүй тооны гишүүдээр бүрдүүлэн зохион байгуулна.

        26.3. Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 мянгаас дээш хүн ам бүхий засаг захиргааны нэгжид зохион байгуулах санал хураалтыг салбар хороодоор дамжуулан зохион байгуулан явуулж болно.

        26.4. Санал хураалтын хороонд сонгогдсон гишүүдээс нэр дэвшүүлж, санал хураах замаар Санал хураалтын хорооны даргыг сонгоно.

        26.5. Санал хураалтын хорооны үйл ажиллагаа нь Аймаг, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн хорооны нэгэн адил эрх үүрэгтэй байна.

        26.6.Санал хураалтын хороонд тухайн асуудлаар санал хураалт явуулахаар хүсэлт гаргасан болон сонирхож буй иргэдийг заавал оролцуулна.

        26.7 Санал хураалтын хорооны эрх үүрэг, үйл ажиллагааны зарчмуудыг Орон нутгийн санал хураалтын журамд нарийвчилан зохицуулсан байна.

        27 дугаар зүйл. Орон нутгийн санал хураалтын ажиглагч буюу санал хураалтын хяналтын хороо

        27.1. Санал хураалтын хяналтын хороо нь зөвхөн иргэд, иргэний нийгмийн төлөөллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн таваас цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

        27.2. Орон нутгийн санал хураалтыг иргэдийн санааичлгаар зохион байгуулж буй тохиолдолд Санал  хураалтын хяналтын хороог санаачилагч иргэдийн төлөөллөөр бүрдүүлнэ.

        27.3. Орон нутгийн санал хураалтыг энэхүү хуулийн 23.4.-23.7.-д заасан байгууллага, албан тушаалтны санаачилгаар зохион байгуулж буй бол тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн Нийтийн Хурлаас Санал хураалтын хяналтын хороог иргэдийн оролцоотой зохион байгуулна.

        27.4. Санал хураалтын хяналтын хорооны үйл ажиллагаа нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан  ажиглагчтай нэгэн адил эрх, үүрэгтэй байна.

        27.5. Санал хураалтын хяналтын хорооны дүгнэлтийг санал хураалтын дүнгийн тогтоолд хавсаргана.

        27.6 Санал хураалтын саналын хуудасны тоо, энэ хуульд заасан стандарт, санал хураалтын асуултын томъёолол, санал хураалтын үйл ажиллагааг энэ хуульд заасан шаардлагын дагуу зохион байгуулж байгаа эсэхэд Санал хураалтын хяналтын хороо хяналт тавьна. Хяналтын хорооны илрүүлсэн зөрчлийг тухайн шатны Засаг дарга үл маргах зарчимаар арилгаж хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлэх  үүрэгтэй.  

        28 дугаар зүйл. Орон нутгийн санал хураалтын бэлтгэл үе шат

        28.1. Санал хураалт явуулах өдрийн өмнө Засаг дарга дараах бэлтгэлийг хангасан байна.Үүнд:

                28.1.1. Санал хураалтын хороо, Санал хураалтын хяналтын хороо байгуулагдсан байх;

                28.1.2. санал өгөх эрхтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг сум, дүүрэг, баг, хороогоор гаргасан байх;

                28.1.3. санал хураалтын шалтгаан, утга, зорилго, ямар хэлбэрээр хэрхэн санал өгөхийг тайлбарласан мэдээллийн хуудас бэлтгэж гарган нийтийн зар мэдээний тогтолцоо, сүлжээгээр дамжуулан нийтэд мэдээлсэн байх;

                28.1.4. саналын хуудсаар санал хураах тохиолдолд Санал хураалтын хорооноос баталсан загвар, стандартын дагуу санал өгөх эрх бүхий иргэдийн тоогоор саналын хуудас хэвлэгдсэн байх;

                28.1.5. саналын хуудасны загварыг нийтэд урьдчилан мэдээлсэн байна.

                28.1.6. санал өгөх эрх бүхий иргэдийн нэрсийн жагсаалтыг санал хураалт явуулахаас нэг долоо хоногийн өмнө гурван өдрийн турш иргэд өөрсдийн нэрсийн бүртгэлийг шалгах боломж олгож иргэдэд нээлттэй байлгана.

                28.1.7. санал хураалт явуулах газрын хаяг, хаанаас явуулж байгаа, хэн хариуцаж байгаа талаар мэдээллийг нийтийн зар мэдээний тогтолцоо, сүлжээгээр дамжуулан иргэдэд хууль тогтоомжид заасан хугацаанд нь хүргэсэн байна.

                28.1.8. орон нутгийн Үндсэн дүрэм, Орон нутгийн хураалтын журамд өөрөөр заагаагүй бол санал хураалтын хэлбэрээс шалтгаалан Санал хураалтын хороо, Санал хураалтын хяналтын хороо хамтран олонхийн саналаар энэ хуульд нийцүүлэн санал хураалт явуулах журам боловсруулан баталж, мөрдүүлэн хэрэгжүүлж болно.

                28.1.9. санал хураах үед Санал хураалтын хорооны гишүүдийн ажлын хуваарь, чиг үүргийг Санал хураалтын хороогоор хэлэлцэн батална.

        29 дүгээр зүйл. Санал хураах үе шат

        29.1. Санал хураалтыг зарласан өдрийн өглөөний 08:00 цагаас эхэлж 16:00 цаг хүртэл иргэдийн саналыг авна.

        29.2. Санал хураалтыг эхлүүлэх, хаахад Санал хураалтын хорооны дарга гарын үсэг зуран баталгаажуулна.

        29.3. Санал хураах үед Санал хураалтын хорооны гишүүд энэ хуулийн 28.1.9-д заасан хуваарь, чиг үүргийн дагуу ажиллана.

        29.4. Санал хураалтын үед Санал хураалтын хороо бүхий л үйл явцыг хариуцан зохион байгуулах ба санал хураалтын байр түүнд шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж, иргэд саналаа өгөхөд саадгүй байлгана.

        29.5. Санал хураалтын хороо санал хураалтын үед санаатай болон болгоомжгүй аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна.

        29.6. Санал хураалтын үед цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Санал хураалтын хорооны гишүүдэд дэмжлэг үзүүлж, санал хураалтын байрыг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах чиг үүрэгтэй ажиллана.

        29.7. Санал хураалтад оролцох эрх бүхий иргэн санал хураах өдөр тухайн нутаг дэвсгэрт байх боломжгүй, зайлшгүй шалтгаантай эсвэл санал хураах байр, талбайд хүрэлцэн ирж саналаа өгөх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний саналыг урьдчилан, гэрт нь очиж авч болно.

        29.8. Санал хураах цаг дуусаж Санал хураалтын хорооны дарга гарын үсэг зуран хааснаар санал хураах үе шат дуусгавар болно.

        30 дугаар зүйл. Санал хураалтын үр дүнг баталгаажуулах үе шат

        30.1.Энэ хуулийн –т зааснаас бусад тохиолдолд санал хураалтад оролцсон иргэдийн ирцээс үл хамааран санал хураах ажлыг энэ хуульд нийцүүлэн шударгаар зохион байгуулсан бол санал хураалтыг хүчинтэйд тооцож санал хураалтад оролцсон иргэдийн ердийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

        30.2. Иргэдийн саналыг Санал хураалтын хорооны гишүүд Санал хураалтын хяналтын хорооны гишүүдийн өмнө шууд, ил тодоор тоолж тогтоол үйлдэн баталгаажуулж, Санал хураалтын хяналтын хорооны дүгнэлтийг хавсаргана.

        30.3. Санал хураалтын хороо, Санал хураалтын хяналтын хороо нь саналыг тоолох, орон нутгийн санал хураалтын үр дүнг тогтоох, баталгаажуулах эрх,  үүрэгтэй бөгөөд өөрөөр ямар нэгэн шийдвэр гаргах, үр дүнг дур мэдэн тайлбарлахыг хориглоно.

        30.4. Санал хураалтын хорооны шийдвэр албан ёсоор гарсан тэр цаг мөчөөс эхлэн тухайн асуудал шийдэгдсэнд тооцно.  

        30.5. Санал хураалтын шийдвэрийг энэ хуулийн ..-р зүйлд заасан хугацаанд гарган нийтийн зар мэдээний самбар болон нийтийн зар мэдээний бусад арга хэрэгслээр дамжуулан нэн даруй нийтэд зарлан мэдээлнэ.

        30.6. Санал хураалтын хорооны шийдвэр албан ёсоор гарснаас хойш ажлын 1 хоногийн дотор тухайн эрх, үүрэг бүхий этгээд холбогдох шийдвэр гарган орон нутгийн санал хураалтын үр дүнг ёсчлон батлах, хэрэгжүүлэх үүрэгтэй.

30.7.Санал хураалтын шийдвэр нь тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд эцсийнх байна.

30.8 Орон нутгийн санал хураалтаар эцэслэн шийдсэн асуудал руу хоёр жилийн хугацаанд эргэж орохыг хориглоно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ИРГЭДИЙН АУДИТ

31 дүгээр зүйл. Иргэдийн  аудитын үйл ажиллагааны үндсэн зарчим

 31.1. Иргэдийн аудит нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

        31.1.1. иргэдийн үүсэл санаачлага,  хүсэл сонирхол, итгэл үнэмшил дээр суурилан ажиллаж бие даасан төрөөс хараат бус шинжтэй байна.

        31.1.2. иргэдийн аудитын үнэлгээ баримт судалгаанд тулгуурласан баталгаа нотолгоотой байх;

        31.1.2.үнэлгээ нь иргэдийн эрх ашгийн үүднээс хийгдэх;          

31.1.3.сонирхлын зөрчилд үл автах

31.1.4.төсвийн ил тод байдлыг хангахад чиглэгдсэн байх;

31.1.5. иргэдийн оролцоонд суурилсан байх

32 дүгээр зүйл. Иргэдийн аудитын үйл ажиллагааны чиглэл

32.1. Иргэдийн аудит нь дараахь чиглэлээр аудит, хяналт явуулна. Үүнд:

32.1.1. Шилэн дансны тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн хэрэгжилт болон төсвийн байгууллага нь төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгаа байдал болон  түүнийг иргэдэд нээлттэй, ил тод байлгаж байгаа эсэхэд хяналт тавих

        32.1.2. тухайн төсвийн байгууллагын төсвийн агуулга ба зардлын зүйл анги нь тухайн төсвийн байгууллага болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх;

32.1.3. тухайн төсвийн байгууллага нь төсвийн үе шат бүхэнд иргэдийн оролцоог хангаж байгаа эсэх;

32.1.4. тухайн шатны төсвийн захирагчид төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлж байгаа эсэх;

32.1.5. төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор иргэдийг хангаж байгаа эсэх;

32.1.6. төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангагдаж байгаа эсэх;

32.1.7. Орон нутгийн хөгжлийн сангийн хүрээнд хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох  шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэж байгаа эсэх;                        32.1.8. төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг иргэдэд тухай бүр мэдээлж байгаа эсэх;

32.1.9. төсвийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал

32.1.10. Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн байдал

32.1.11. төсвийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлгээ хийх зэрэг болно.

33 дугаар зүйл. Иргэдийн аудитын зохион байгуулалт.

33.1.  Иргэдийн аудит нь Иргэдийн аудитын бүлэг болон Иргэдийн аудитын зөвлөл гэсэн 2 шатлалтай байна. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дэргэд Иргэдийн аудитийн хороо ажиллана.

33.2.  Иргэдийн аудитын бүлэг нь төсөв, санхүүгийн мэргэжлийн академик хүмүүс болон иргэний нийгмийн байгууллага мөн түүнчлэн ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэд болон үйлчлүүлэгч, эцэг эхийн төлөөллөөс бүрдэнэ. Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёл, нийтийн үйлчилгээний салбарын төсвийн байгууллага бүрийн дэргэд Иргэдийн аудитын бүлэг байгуулагдана.

33.3. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх  Иргэдийн аудитийн бүлгийг Эцэг, эхийн зөвлөлийн шийдвэрээр байгуулна.

33.4. Энэхүү хуулийн 33.3-т зааснаас бусад төсвийн байгууллагуудын хувьд сум, дүүргийн төсөвтэй харилцдаг төсвийн байгууллагын Иргэдийн аудитийн бүлгийг тухайн баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр, аймаг, нийслэлийн  төсөвтэй харилцдаг төсвийн байгууллагын Иргэдийн аудитийн бүлгийг тухайн баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулна.

33.5. Иргэдийн аудитын бүлэг дотроосоо нэг хүнийг сонгох замаар  тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэдийн аудитын зөвлөл байгуулагдана.

33.6. Шаардлагатай тохиолдолд Иргэдийн аудитийн зөвлөл нь тухайн салбарын төлөөллөөс бүрдсэн Иргэдийн аудитийн дэд зөвлөлүүдийг байгуулж болно. (Сургуулийн өмнөх боловсролын, Ерөнхий боловсролын, Эрүүл мэндийн гм)

33.7.  Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай холбогдуулан баг, хороо бүрт Иргэдийн Нийтийн Хурлын дэргэд тухайн баг, хорооны Иргэдийн аудитийн зөвлөлийг гурваас доошгүй гишүүнтэйгээр байгуулна.  Орон нутгийн хөгжлийн сангийн зориулалтаар баг, хорооны Иргэдийн аудитийн зөвлөлийг ийнхүү байгуулахдаа мал аж ахуйн баг, алслагдсан баг, хороо, гэр болон байшин хорооллын төлөөллийг жигд оролцуулсан, 1000 хүн тутмаас багцаагаар 3 төлөөлөл орох шаардлагыг хангасан байвал зохино.

33.8. Хамаарах баг, хорооны Иргэдийн аудитийн хороо бүрээс нэг төлөөлөгчийг санал болгох замаар Сум, дүүрэг бүрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэдийн аудитийн хороог байгуулна.

33.9. Хамаарах сум, дүүргийн Иргэдийн аудитийн хороо бүрээс нэг төлөөлөгчийг санал болгох замаар аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэдийн аудитийн хороог байгуулна.

33.10. Бүх шатны хурлын байгууллагууд, төсвийн байгууллагууд иргэдийн аудитын үйл ажиллагааг бие даасан, хэвийн явуулах нөхцөлөөр хангах арга хэмжээг дүрэм, журамдаа заасан байвал зохино.

33.11. Иргэдийн аудитийн үйл ажиллагаа, төсөв санхүүжилтийн нарийвчилсан журмыг орон нутгийн Үндсэн дүрмийн хүрээнд тухайн эрх бүхий этгээд боловсруулж баталж мөрдүүлнэ.

34 дүгээр зүйл. Иргэдийн аудитын эрх

34.1. Иргэдийн аудитын бүлэг, хороо болон зөвлөл нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

34.1.1. төрийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа ба гаргаж буй  шийдвэр, зарцуулж буй төсвийн дагуу лавлах, тодруулах, бичиг баримттай танилцах;

34.1.2. улсын ба байгууллагын нууцад үл хамаарах мэдээ, материал, бүртгэлтэй танилцах, хувилж авах;

34.1.3. төсвийн задаргаа, тайлан мэдээлэл, санхүүгийн баримтууд үзэх боломжтой байх;

34.1.4. зөвшөөрөл, лиценз, тендерийн баримт бичгүүд зөвшөөрөгдсөн ба эс зөвшөөрөгдсөн өргөдлүүд үзэх боломжтой байх. Шаардлагатай бол хувилж нийтэд мэдээлэх эрхтэй байх;

34.1.5. холбогдох төрийн албан хаагчаас ярилцлага авах, асуултандаа хариулт авах;

34.1.6. иргэдийн санал, гомдлын дагуу авсан арга хэмжээ, үр дүнтэй танилцах, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах ажил зохиох.

34.1.7. төсвийн байгууллагын төсвийн зарцуулалтанд хяналт тавих;

34.1.8. иргэдийн аудитын олсон мэдээлэл, баримт гаргаж байгаа санал зөвлөмжийг тухайн асуудлаар ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэдийн төлөөлөлд танилцуулах, саналыг тусгах;

34.1.9. иргэдийн аудитын зорилго, үйл ажиллагааны чиглэл, ажлын хүрээны талаар орон нутгийн иргэдийн ойлголтыг зөв төлөвшүүлж дэмжлэгийг авахад чиглэгдсэн сургалт тогтмол зохион байгуулах зэрэг болно.

АРАВДУГААР БҮЛЭГ

 БУСАД

35 дугаар зүйл. Хариуцлага

35.1.Иргэдийн оролцооны тухай хууль тогтоомж зөрчсөн төрийн байгууллагын албан тушаалтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан түүнийг томилсон эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

35.2. Бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, Иргэдийн Нийтийн Хурлын  дарга энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх, хэрэгжүүлэх явцад нь саад хийх, хуулиар хориглосон эрхийг нь хязгаарласан тохиолдолд үндсэн цалингийн хэмжээг 20 хувиар 3 сар хүртэлх хугацаагаар бууруулна.

35.3. Бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, Иргэдийн Нийтийн Хурлын дарга иргэдийг эрхээ хэрэгжүүлэхэд дарамт шахалт үзүүлэх, ялгаварлах, улс төрийн ба бизнесийн ашгийн төлөө иргэдийг зохиомлоор зохион байгуулсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцно.

35.4.Эрх бүхий албан тушаалтны үйлдэл 2 буюу түүнээс дээш удаа давтагдвал Төрийн албаны тухай хуульд зааснаар үндсэн үүрэгт ажлаас нь 2 жил хугацаагаар чөлөөлнө.

---о0о---

ГАРЫН ҮСЭГ