Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны

25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын 2015 оны 9 дүгээр

сарын 13-ны өдөр /Ням гараг/-ийн Хүндэтгэлийн

хуралдааны гар тэмдэглэл

        Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүндэтгэлийн хуралдааныг даргалав.

        Хуралдаанд ирвэл зохих 76 гишүүнээс 42 гишүүн ирж, 55.3 хувийн ирцтэйгээр хуралдаан 11 цаг 50 минутад Төрийн ордны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд эхлэв.

        Чуулганы нэгдсэн хуралдааны танхим дахь төрийн далбааны дэргэд Төрийн хамгаалалтын албаны хүндэт харуул зогсож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Улсын Их Хурлын гишүүд суудлаа эзэлсэн байлаа.

        Танхимын баруун талд Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Улсын Их Хурлын дэд дарга асан Ж.Бямбадорж, Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга асан Ж.Болдбаатар, Д.Идэвхитэн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Өөлд, Х.Пүрэвдагва, Б.Пүрэвдорж, Н.Сампилноров, Ц.Товуусүрэн, П.Улаанхүү, Ч.Цэрэндагва, Д.Чилхаажав, Ш.Шагдарсүрэн, Д.Энхбаатар, Ц.Энхбат, Н.Жанцан, Д.Ламжав, Г.Лхагважав, О.Очиржав, Д.Баярцэнгэл, Гү.Лхагважав, танхимын зүүн талд Улсын Бага Хурлын гишүүн асан Д.Балдан-Очир, Н.Ганбаяр, Ж.Норовсамбуу, Т.Очирхүү, Р.Хатанбаатар, П.Бямбацэрэн, Н.Ганбямба, Д.Дорлигжав, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Батбаатар, Н.Лувсанжав, Улсын Их Хурлын Тамгын газрын Аудитор Ц.Лхагвагэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн орлогч дарга Л.Батжав, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв, Хяналт үнэлгээний хэлтсийн дарга Л.Энхтуяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга Н.Цогтсайхан, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн референт Б.Туул, Судалгаа, шинжилгээний хэлтсийн архивын эрхлэгч Д.Алтангэрэл, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч Б.Батгэрэл, Д.Цэндсүрэн нар, танхимын дээд лоожинд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид суудлаа эзэлсэн байв.

        Улсын Их Хурлын гишүүд болон парламентад ажиллаж байсан үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд бие биедээ баяр хүргэж, гар барин мэндчилж байлаа.

        Чуулганы танхим дахь дэлгэцэн дээр “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан, 2015.09.13” гэсэн үг гарч байв.

        Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Бага Хурлын гишүүд 25 жилийн өмнө 9 сарын 13-ны энэ өдөр тангаргаа өргөж, анхны хуралдаанаа хийсэн өдөр болохыг дурдаж, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд тохиолдуулан хийж байгаа Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдэв.

        Танхимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, зочид төлөөлөгчид босож хүндэтгэл үзүүлэв.

        Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлэв.

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.

        Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Бага Хурлын дарга асан Р.Гончигдорж үг хэлэв.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж үг хэлж дуусахад Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочдод талархлаа илэрхийлж, Хүндэтгэлийн хуралдаан хаасныг мэдэгдэв.

Хүндэтгэлийн хуралдааныг МҮОНТ-ийн “ММ” агентлаг, ETV телевиз, Ийгл телевизүүд шууд дамжуулж, TM телевиз, Bloomberg tv Mongolia телевизийн зураглаачид ажиллав.

        Чуулганы нэгдсэн хуралдааны зохион байгуулалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн ахлах референт З.Нямцогт, шинжээч Б.Баярсайхан, Т.Мөнхбат нар хариуцан ажиллав.

        Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 1 цаг 25 минут үргэлжилж, 13 цаг 15 минутад өндөрлөв.

        Тэмдэглэлтэй танилцсан:

        ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ

        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                          Б.БОЛДБААТАР

        Тэмдэглэл хөтөлсөн:

        ПРОТОКОЛЫН АЛБАНЫ

        ШИНЖЭЭЧ                                                                М.НОМИНДУЛАМ

       МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ

9 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР /НЯМ ГАРАГ/-ИЙН ХҮНДЭТГЭЛИЙН

ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

        З.Энхболд: -Улсын Их Хурлын гишүүдэд, Улсын Бага Хурлын гишүүдэд, энд хуран цугларсан бүх зочид төлөөлөгчдөд энэ өдрийн мэндийг хүргэе.

        Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд тохиолдуулан хийж байгаа хүндэтгэлийн чуулган эхлэх  гэж байна. 76 гишүүнээс 42 гишүүн хүрэлцэн ирж, 55.3 хувийн ирцтэй тул 9 дүгээр сарын 13-ны өдрийн өнөөдөр Улсын Бага Хурлын гишүүд тангаргаа өргөж, 25 жилийн өмнө анхны хуралдаанаа хийсэн өдөр байгаа юм. Тэгээд хүндэтгэлийн чуулган нээснийг мэдэгдье. /Төрийн дуулал эгшиглэв/.

        Монгол Улсын Ерөнхийлөгч өө,


             Монгол Улсын Ерөнхий сайд аа,


             Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,


             1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар аа,


             Улсын Бага Хурлын гишүүд ээ,


             Хүндэт зочид, ноёд хатагтай нар аа,


        Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт та бүхэнд болон Монголын ард түмэнд  Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баярын мэнд хүргэе.

        Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаар Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталж 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурлын гишүүд “Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай. Бүтэн бие мину алжааваас алжаатугай, бүрэн улс мину бүү алдартугай” хэмээн тангараг өргөснөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж өнөөдөр 25 дахь жилтэйгээ золгож байна.

        Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ үеийн түүх бөгөөд өнөөдрийг хүртэл парламентын засаглал шинэ ардчилсан Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байгаагийн илрэл юм. Тиймээс Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргаж энэхүү хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулж байна.

        Хүндэтгэлийн хуралдаанд 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар, Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байна.

        Монголын түүхэн дэх парламентын үүсэл хөгжил


        Өнөөгийн Монгол Улсын нутагт Хүннүгийн үеэс  Богд хаант улсын үе шувтартал хоёр мянгаад жил (МЭӨ 209  оноос 1924 он) оршин тогтнож байсан хаант улсуудад төрийн хэргийг хэлэлцэх, хааны эрх мэдлийг зарим талаар хязгаарлах, зөвлөх үүрэг бүхий байгууллагууд байсан түүхэн уламжлал байна.  Их Монгол улсын (1206-1368 он) Их хуралдай нь улс гүрний эзэн хааныг сонгодог, төр улсын тулгамдсан асуудлыг магадлан хэлэлцсэний үндсэн дээр хаанд зөвлөдөг байв.  Дундад эртний үеийн Монголын улсуудын  Хуралдай нь ард түмний дундаас сонгогдсон төлөөлөгчдийн байгууллага бус, язгуур угсаа, албан тушаалын зарчмыг баримтлан байгуулагдсан, хууль тогтоох эрх мэдлийг эдэлдэггүй зөвлөх үүрэгтэй байгууллагууд байсан байна.

        Харин Богд хаант Монгол Улсын (1911-1919) оны үед улс төрийн аливаа хэргийг бүгдээрээ нийлэн шүүмжлэн хэлэлцэж, олны бодлыг нийлүүлэх зорилго бүхий  сонгодог парламентын зарим хэв шинжийг агуулсан Улсын Дээд, Доод хурлыг байгуулж байв. Улсын Их Хурал нь уламжлалын дагуу Хуралдайтай адил байгуулагдсан, сонгуулийн бус, зөвлөх эрх бүхий байсан боловч  өмнөх үеэс ялгаатай нь Улсын доод хуралд язгууртан угсаагүй бичиг, цэргийн түшмэд орсон, төрийн хэргийг шийдэхэд олны саналыг авахын тулд төлөөлөгчдийн байгууллагаар хэлэлцдэг парламентат ёсыг  Монголд анх нэвтрүүлж эхэлсэн онцлогтой.

        1921 онд Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа төрийн шинэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар үзэл бодлын ялгаа болон олон улсын тухайн цагийн нөхцөл байдлаас шалтгаалан нэгдүгээрт, эртний төрт ёсны уламжлал дээр суурилан төрөө цаг үеийн бодит байдалд зохицуулан хөгжүүлэх; хоёрдугаарт, үндсэн хуульт хаант засаг байгуулах; гуравдугаарт, социалист хэлбэрийн төр буюу пролетарын диктатур байгуулах гэсэн үндсэн сонголтуудтай тулгарсан байна. Түүхэн баримтаас үзэхэд тэр үеийн Монголын удирдагчдын ихэнх нь үндэсний ардчилсан үзлийг баримтлан, парламентат ёсыг тогтоохыг эрмэлзэж байжээ.

        Монгол Улсын Их Хурал 1924 онд анхны Үндсэн хууль баталж,  уг хуулиар Монгол Улсыг Бүгд Найрамдах Улс болгон тунхагласан. Анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал бол төрийн эрхийг барих дээд байгууллага бөгөөд хурлын чөлөө цагт Улсын Бага Хурал төрийн эрхийг барина гэж заасан байна. Ийнхүү парламентат ёс Монгол оронд төлөвших эхлэл тавигдсан хэдий ч  тухайн цаг үеийн байдал, гадны улс орны шахалтаар хууль ёс гажуудан, Улсын Их Хурал ёс төдий байгууллага болон хувирчээ.

        1940 онд батлагдсан хоёр дахь Үндсэн хууль нь  нэг намыг улс төрийн тогтолцооны  цөм болгон баталгаажуулсан хэдий ч ардчилсан шинжтэй зарим хэм хэмжээ, тухайлбал, төлөөллийн ардчиллын  үндсэн зарчмыг хуульчилсан байдаг. 1944 онд сонгогчдын хувьд тавьж байсан элдэв хязгаарлалтыг хүчингүй болгож, сонгуулийн эрх нь хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн тогтолцоог ардчилах томоохон алхам хийж, Улсын Их Хурлын сонгуулийг шууд, тэгш, саналаа нууцаар хураах үндсэн дээр сонгуулийн тойргоор явуулж байхаар болсон нь парламентат ёсыг төлөвшүүлэх чухал алхам болжээ. Гэхдээ 1990 он хүртэл тухайн үеийн социалист системийн бусад орнуудын адилаар манай улсын Ардын Их Хурал  нь сонгогдон байгуулагдах, хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өнөөгийн ардчилсан парламент болон бүрэн төлөвшиж чадаагүй байсан.

         Хоёр. 1990 оны Ардчилсан хувьсгал ба парламентат ёсны төлөвшил


        1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр манай оронд өрнөсөн ардчилсан хувьсгал иргэдийн хувийн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, улс төрийн системийн ардчилсан тогтолцоо, өмчийн олон хэлбэр, зах зээлийн эдийн засгийн харилцааг  бий болгосон юм. 1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Ардын Их Хурлын чуулганаар “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай” хуулийг баталж, төрийн эрх барих байгууллагыг шинэчлэхдээ нам, төрийн үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллыг хөгжүүлэх бодлогыг баримталсан байна. Ингэхдээ төрийн эрх барих уламжлалт дээд байгууллага-Ардын Их Хурал, парламентат ёсны шинэ байгууллага-Улсын Бага Хурал, төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн институцийг бий болгож, тэдгээрийн хоорондын эрх мэдлийн харилцан хамаарал, тэнцлийг зөв тогтооход голлон анхаарсан байдаг.

        Монгол оронд 1990 оны 7 дугаар сарын 29-нд анх удаа олон намын оролцоотой, нэг тойрогт олон нэр дэвшигч бүхий сонгууль явагдаж, парламентат ёсны шинэ төрийн эрх барих байнгын дээд байгууллага болох Улсын Бага Хурлыг улс төрийн намуудын төлөө сонгогчдын өгсөн саналыг үндэслэн бүрдүүлж, МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам 4, Монголын Үндэсний Дэвшлийн Нам 3 суудалтайгаар  Улсын Бага Хурлыг байгуулжээ. Ийнхүү Монгол Улсад ард иргэдийн шууд оролцоотой төртэй байх бололцоо анх удаа бүрдсэн байна. 1990-1992 он бол Монгол Улсын хувьд улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг  шинэчлэх Үндсэн хуулийн шилжилтийн үе байлаа. Энэ шилжилтийн үеийн парламентат ёсны тогтолцоонд Ардын Их Хурлаас байгуулагдсан  Улсын Бага Хурал хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий  төрийн эрх барих дээд байгууллагын хувьд  Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бүрдүүлэн тогтоох үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


        Улсын Бага Хурал 2 жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоож олон хууль, тогтоол, олон улсын гэрээ хэлцлийг баталж Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсан нь Улсын Бага Хурал түүний гишүүд, Тамгын газрын ажилтнуудын Монгол Улсын түүхэнд оруулсан үнэлж баршгүй гавьяа мөн.
Улсын Бага Хурлаас өргөн барьсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатууд нойр хоолоо умартан 76 хоног өдөр, шөнийг үл харгалзан мэтгэлцэж 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон юм.
Шинэ Үндсэн хуулиар төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилж,  парламентыг нэг танхимтай, 76 гишүүнтэй байхаар тогтоон, үйл ажиллагааных нь эрх зүйн үндсийг тодорхойлж,  “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага  мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”  гэж заасан байна.

  
        Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ төрийн гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрх бүхий субъектүүд болох Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууллагын бүхий л асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэсээр ирлээ.


        Шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойш 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд нийт зургаан удаа парламентын сонгууль болж төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлыг байгууллаа.

        Монгол Улсын хувьд 1990-1992 онд   байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурал нь уламжлалт тогтолцоог халж парламентат ёсыг жинхэнэ утгаар шилжих замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал  хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага болсноор Монгол Улс дахь парламентат ёсны хөгжлийн төлөвшил дараагийн шатандаа орсон гэж үзэж болно.

        Монгол Улсын парламентат ёсны хөгжил нь нэгд, парламентын хэлбэр, дотоод болон үндсэн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь улам боловсронгуй болсноор, хоёрт, парламентыг бүрдүүлэх, түүний үйл ажиллагаанд олон түмний хяналт оролцоо идэвхжиж байгаагаар, гуравт, парламент өөрийн зорилго, мөн чанараараа улам бүр төгөлдөршиж байгаагаар тодорхойлогдож байна. Улсын Их Хурлын сонгууль 1992 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 1996, 2000, 2004 онд нэг мандаттай 76 тойрогт мажоритар тогтолцоогоор, 2008 онд олон мандаттай, томсгосон 26 тойргоос 76 гишүүнийг мажоритар тогтолцоогоор,  2012 онд Улсын Их Хурлын 76 гишүүний нь мандатын зарчмаар 26 тойргоос шууд мажоритар, үлдсэн 28 нь пропорциональ тогтолцоогоор явагдсан байна. 2012 оны Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн ээлжит сонгуулийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган  явуулж, гадаадад байгаа сонгогчдыг оролцуулан сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулснаараа онцлогтой.

        Сонгуулийн үр дүнгээр 1992, 2000 онд МАХН,1996 онд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл дангаараа, 2004 онд МАХН-“Эх орон-Ардчилал” эвсэл, 2008 онд МАХН- Ардчилсан Нам хамтарч Засгийн газраа байгуулсан бол  2012 онд олон суудал авсан Ардчилсан Нам “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг-Ногоон намтай хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж байна. Намуудын нэр тухайн үеийнхээ нэрээрээ явж байгааг хэлье.

        Ард түмний сонгосон үе үеийн Улсын Их Хурал ардчилсан төрийн тогтолцоог хөгжүүлэн, төрийн эрх мэдлийн хуваарилалтын механизмыг зүгшрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлж хэрэгжүүлэх түүхэн томоохон алхмуудыг хийсэн байна.
2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент  нь хамгийн олон намын төлөөлөлтэй, гурван намын бүлэгтэй, тэдгээрийг төлөөлсөн Улсын Их Хурлын гурван дэд даргатай, хамгийн олон эмэгтэй гишүүдтэй гэдгээрээ онцлогтой юм.
Энэ удаагийн Улсын Их Хурлаар Шүүх, цагдаагийн тухай, Захиргааны тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Шилэн дансны тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай, Ашигт малтмалын тухай, Өрийн удирдлагын тухай, Чөлөөт бүсийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг эрх зүй, эдийн засгийн, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбогдсон онцгой ач холбогдол бүхий олон хуулиуд батлаад байна.


        Улсын Их Хурал анх удаагаа олон жил алдагдалтай явж ирсэн, өөрсдийгөө хуурсан төсвөөс  татгалзаж, төсвийн сахилга батыг чангатгаж бодитой төлөвлөх тогтолцоог мөрдүүлж, аж үйлдвэр, эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Улсын Их Хурал “Чингис” бондыг босгосноор авто зам, төмөр зам, үйлдвэрлэл, уул уурхай, цахилгаан станц, агаарын тээвэр, дэд бүтэц, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт томоохон бүтээн байгуулалт хийгдэж байна.


        Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 саяын  босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч иргэнд худалдан авалтандаа төлсөн НӨАТ-ын 2 хүртэл хувийг буцаан олгохоор боллоо. Олон чухал зээлийн хэлэлцээр, төсөл хөтөлбөрийг баталсны дотор  Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг Улсын Их Хурал соёрхон баталснаар аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэх үндэс тавигдаж байна. Улсын Их Хурлын гишүүний болон парламентын олонх, цөөнхийн эрх зүйн байдал, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдэд тавих ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх, хуулийн төсөл боловсруулах, санаачлах, хэлэлцэх зэрэг хууль тогтоох үйл явцын үндэслэл, журмыг Улсын Их Хурал бүх л үйл ажиллагааныхаа явцад боловсронгуй болгож, улс орны өмнө тулгарсан төрийн байгуулалт, улс төр, нийгэм, эдийн засгийн  асуудлыг шийдвэрлэхийн хэрээр Монголын парламент өөрөө хөгжин төлөвшиж байна.


        
Гурав. Монголын парламентын төлөвшлийг гүнзгийрүүлэх нь

        Эрхэм гишүүд ээ,

        Улсын Бага Хурал болон 6 удаагийн парламент 25 жилд Анхдугаар хуралдааныг 6 удаа, ээлжит хуралдааныг 47 удаа, ээлжит бус чуулганыг 12 удаа, хүндэтгэлийн хуралдааныг 22 удаа хийж бие даасан хууль 454, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль  2209, гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 330, хууль хүчингүй болсон тухай хууль 145, Улсын Бага Хурлын тогтоол 167, Улсын Их Хурлын тогтоол 1779, нийт 5084 хууль, тогтоол хэлэлцэж баталжээ. Өнгөрсөн хугацаанд байнгын ажиллагаатай парламентад Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын зэрэг  давхардсан тоогоор 31 Байнгын хороо, Хүний эрхийн, Аюулгүй байдлын, Нутгийн өөрийн удирдлагын, Ёс зүйн, Төсвийн зарлагын, Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын зэрэг давхардсан тоогоор 15 дэд хороо, Ажлын байр бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих,  Орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах зэрэг асуудлаар   7 түр хороо байгуулагдан ажиллаж ирсэн байна.

        Монголын парламент ерөнхийлөгчийн сонгуулийг 6 удаа зарлан зохион байгуулж ард түмнээсээ сонгогдсон Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж нарын Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа. Улсын Их Хурлын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Очирбат 12 удаа, Багабанди 21 удаа, Энхбаяр 17 удаа, Элбэгдорж 11 удаа үг хэлсэн байна.


        Улсын Бага Хурал болон 6 удаагийн парламентад давхардсан бус тоогоор 326 хүн, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр  сонгогдон ажилласны дотор 7 удаа сонгогдсон гишүүн 2, 6 удаа сонгогдсон гишүүн 2, 5 удаа сонгогдсон гишүүн 4, 4 удаа сонгогдсон гишүүн 14, 3 удаа сонгогдсон гишүүн 30, 2 удаа сонгогдсон гишүүн 68, 1 удаа сонгогдсон гишүүн 206 байна.

        Улсын Бага Хурал болон 6 удаагийн Улсын Их Хуралд сонгогдсон хүний  321 буюу 98,5 нь дээд боловсролтой, 2 буюу 0,6 хувь нь тусгай дунд боловсролтой, 3 буюу 0,9 хувь нь бүрэн дунд боловсролтой, 27 буюу 8,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд гишүүдийн 19,6 хувь нь 25-35 насны,  47,0 хувь нь 36-45 насны, 33,4 хувь нь 46-аас дээш насны, мэргэжлийн хувьд 20,8 хувь нь эдийн засагч, 12,6 хувь нь багш, 28,5 хувь нь инженер, 13,2 хувь нь хуульч, 2,8 хувь нь сэтгүүлч, 0,6 хувь нь малчин, 21,5 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна. Эрхэлж буй ажлын хувьд, Улсын Их Хурлын гишүүдийн дотор Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 83, төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан 195, нам, олон нийтийн байгууллагад ажиллаж байсан 62, бизнес эрхэлж байсан 66 хүн байгаагийн дотор эрдмийн зэрэг, цолтой 97 хүн байна. Өнгөрсөн 25 жилд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Бат-Үүл Монгол Улсын баатар, Улсын Бага Хурлын гишүүн  Г.Лхагважав, Улсын Их Хурлын гишүүн Р.Раш, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Б.Чимид нар хөдөлмөрийн баатар цол хүртэж, 59 хүн гавьяат цол хүртжээ.  

        Парламентын гадаад харилцаа тасралтгүй өргөжиж, өнгөрсөн хугацаанд 40 гаруй орны парламенттай хамтран ажиллаж Монгол Улсын парламентын спикер  давхардсан тоогоор 67 оронд айлчилж, 73 орны парламентын спикер Монгол Улсад айлчилсан байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ким Дэ Жун, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, БНХАУ-ын дарга Ху Жинтао, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 11 орны төрийн тэргүүн, төлөөлөгчид үг хэлсэн байна.

        Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Бяраагийн Чимид, Н.Ринчиндорж, Логийн Цог, Баасангомбын Энэбиш, Д.Батбаатар,  Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Б.Болдбаатар нарын 9 хүн томилогдож, Тамгын газарт давхардсан тоогоор 920 орчим хүн ажиллаж хууль тогтоолыг хэлэлцүүлэх, хуралдааныг зохион байгуулах, судалгаа шинжилгээ, мониторинг хийх зэрэг нөр их ажлыг гүйцэтгэж ирлээ.

        Тамгын газраас парламентын үйл ажиллагааг ард түмэндээ нээлттэй, ил тод байлгах арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд зөвхөн сүүлийн 5 жилийн судалгаагаар Монголоос 248500 хүн, гадаадаас 2000 гаруй хүн Улсын Их Хурлын үйл ажиллагаатай биечлэн танилцсан байна.

        Парламентын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах талаар олон арга хэмжээ авсан бөгөөд сүүлийн 3 жилд мэдээллийн технологийн чиглэлээр Улсын Их Хурлын даргын уриалгыг дэмжин Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны цахим систем, парламентын сэтгүүлчдийн өрөөг шинэчлэн тоон системийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, 21 аймгийн Иргэний танхимуудыг Төрийн ордонтой холбосон дүрст хурлын систем байгуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг кабелийн болон өргөн нэвтрүүлгийн 6 телевиз, www.parliament.mn цахим хуудсаар шууд дамжуулах, Байнгын хороодын хуралдааныг Улсын Их Хурлын гишүүдийн албан өрөөнд шууд дамжуулах дотоод сувгийн үйлчилгээ нээх, цахим сүлжээг өргөтгөх,  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн цахим хувилбарыг нийтэд үнэ төлбөргүй түгээх зэргээр хууль тогтоох ажиллагааны ил тод байдлыг хангаж байна.
Энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоох, хуулийн биелэлтийг хянан шалгахдаа иргэдийн оролцоог бодитой хангах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан, гишүүдийн ирц, Улсын Их Хуралд өргөн барьсан хууль тогтоомжийн төслийг нийтэд ил болгон саналаа өгөх боломжоор хангах, гаргасан хууль тогтоомжийг төрийн байгууллага, иргэдэд сурталчлах чиглэлээр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг үнэгүй тараах, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоолын талаар төрөл бүрийн телевизийн нэвтрүүлэг, ном товхимол зэрэг сурталчилгааны материалыг бэлдэн нийтэд хүргэх, иргэдийн үзэл бодол, саналыг үйл ажиллагаандаа тусгах Улсын Их Хурлын нээлттэй сонсголын танхимыг байгуулан, Нийтийн сонсголын тухай хуулийг батлан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих замаар иргэд, сонгогчдод хууль тогтоогчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг илүү нээлттэй болголоо. Ингэснээр ард түмэн засгийн эрхийг жинхэнэ утгаараа барих боломжийг энэ бүрэн эрхийн хугацаанд улам бүр нээж өгч байна.

        Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар 2014 онд  төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг бий  болгож, анхны шагналыг Улсын Их Хурлын гишүүн, доктор, профессор Лүндээжанцан хүртсэн байна.

        Эрхэм гишүүд ээ,

        25 жилийн түүх урт биш гэлээ ч цаашид парламентын сонгодог жишгийг улам гүнзгийрүүлэх нь  Үндсэн хуулийн болон бусад эрх зүйн орчинд улам боловсронгуй болгох шаардлага гарсаар байна. Бид дараах асуудалд анхаарлаа хандуулах нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.


        Нэгдүгээрт, Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан мөрдсөнөөс хойш 23 жил болж байна.  Шинэ Үндсэн хуулийг мөрдөж ирсэн хорь гаруй жилийн туршлага нь манай орны улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт зарчмын шинжтэй олон шинэтгэлийг бий болгосон нь маргаангүй үнэн. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн шинэтгэлийг хэрэгжүүлэх явцад амьдралаас урган гарсан олон сорилтыг даван туулах шаардлага гарч, тэдгээрийг шийдвэрлэх явцад алдаа оноо аль аль нь гарч байсан гэдгийг үгүйсгэх аргагүй. 2000 онд Улсын Их Хурлаас Үндсэн хуульд  оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөө хүртэл маргаан мэтгэлцээн дагуулж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр ч Үндсэн хуулийг боловсронгуй болгох санал, санаачилга ард иргэдээс ч, хууль тогтоогчдын зүгээс ч гарсаар байна. Гэхдээ Үндсэн хуульд  өөрчлөлт оруулах гэсэн санал, санаачилга бүрийг  хүлээн авч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гээд байх нь тийм ч хүсэх зүйл биш юм. Улсын Их Хурал 2010 онд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, зарчмыг өөрчлөхийг хязгаарласан.

        2013 оны 2 дугаар сард Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, энэхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн  2015 оны 01 дүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулж байна. Миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг боловсруулахад  иргэд, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог жигд хангаж, боловсруулалтын шатнаасаа эхлэн нийтэд ил тод байж, зөвлөлдөх ардчиллын зарчимд нийцсэн байх учиртай гэж боддог.


        Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал  улс орны хэтийн хөгжлийн чиг хандлагад ихээхэн анхаарч 1996, 2007 онуудад урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулах батлах оролдлого хийж байсан ч уг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мөрдөх асуудал хангалтгүй явж ирсэн. Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Энэхүү баримт бичгийг ул үндэстэй олон жилийн настай байхаар боловсруулж энэ парламентаар батлах нь чухал байна. Тогтвортой мөрдөгдөх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар  улс төрийн намууд сонгуульд өрсөлддөг. Парламентаас баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй нийцүүлэн баталдаг болох хэрэгтэй байна. Засгийн газрын хөтөлбөр нь түүнд нийцдэг байх нь хөгжлийн бодлого тасралтгүй, уламжлагдан хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашлаад энэ нь улс төрийн намуудын төлөвшил, Засгийн газрын тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна.

        Гуравдугаарт,  хуулийн  биелэлтийг хянан шалгах нь Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон чухал бүрэн эрхийн нэг. Парламентын хяналт шалгалт гэдэг нь юуны өмнө парламентаас Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт бөгөөд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тогтолцоог цаашид төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байна. Улсын Их Хурал баталсан хуулийнхаа хэрэгжилтийг Засгийн газарт даатгаад зөнд нь орхих бус, харин Үндсэн хуулиар олгогдсон хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын гишүүдийн тайланг ажил хэрэгчээр авч хэлэлцдэг байх, түүнчлэн өөрөө болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагаар дамжуулан хуулийн биелэлтийг хянан шалгаж байгаа ажлын үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна.

        Дөрөвдүгээрт, Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд төсөв хэлэлцэх, төсвийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих чадавхыг сайжруулахад ихээхэн анхаарах болсон байна. Парламентын хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд төсвийн тухай хууль, төсвийн гүйцэтгэлийг батлах тухай хуулийг тусгай дэгийн дагуу баталдаг нь уг асуудалд улс орнуудын парламент онцгойлон ач холбогдол өгдөгийн илрэл юм. Төсвийн төслийг парламентаар  хэлэлцэх, батлах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих бүх процессыг парламентын үйл ажиллагааны жилийн турш тасралтгүй үргэлжлэх нэгэн гол чиглэл болгон хэвшүүлэх хэрэгтэй байна. Хууль тогтоох байгууллагын зүгээс шаардлагатай бол өргөн барьсан төсвийн төсөлд өөрчлөлт оруулах, эрх бүхий зарим байгууллагыг төсвийн хувьд Засгийн газраас хараат бус байлгах, улс орныхоо хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлд нийцүүлэх үүднээс төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх, төсвийн судалгаа шинжилгээ болон хэлэлцүүлэгт бэлтгэх үйл ажиллагаа, төсөв батлагдсаны дараах хяналт шинжилгээ зэрэг функциональ үйл ажиллагаануудыг тодорхой бүтцийн нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг болоход анхаарах хэрэгтэй байна.

        Тавдугаарт, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг энэ чуулганаар хэлэлцэж батлах нь улс төрийн энэ гэдэг нь намрын чуулганыг хэлж байна. Улс төрийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Эдгээр багц хуулиудын үзэл баримтлалыг намууд харилцан зөвшилцсөн тохиолдолд тийм ч олон өөрчлөлт орохгүй. Ялангуяа Сонгуулийн хууль нь аль болохоор тогтвортой мөрдөгдөх нь төрийн тогтвортой байдалд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

        Зургаадугаарт, Монгол Улсад парламентат ёсыг хөгжүүлэн төгөлдөржүүлэх нь үе үеийн Улсын Их Хурлын байнгын анхааралд байж ирсэн, цаашид ч байх ёстой юм. Улсын Их Хурлын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, парламент хоорондын харилцааг хөгжүүлж, бусдын сайн туршлагыг нэвтрүүлэх нь  хууль тогтоогчид бидний нэг чухал зорилт байх болно. Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, парламентат ёсны хөгжлийн ололт, сургамж, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлсэн. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгож, төсөв санхүү, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх нь парламентат ёсны хөгжлийн салшгүй нэг чиглэл юм. Энэ дашрамд парламентат ёсны хөгжилд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа Монгол Улс дахь дипломат төлөөлөгчдийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, бидэнтэй хамтран ажиллаж байгаа бусад олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье.

        Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд дахин талархал илэрхийлж байна.

        Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлнэ. Улсын Бага Хурлын гишүүн байсан.

        Ц.Элбэгдорж: -Эрхэм хүндэт ард иргэд ээ, эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд ээ, манай оронд суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн тэргүүн нар аа, хатагтай ноёд оо.

        Өнөөдөр бид Монгол Улсад бий болсон байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэж Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган хийж байна. Сая Улсын Их Хурлын дарга энэ 25 жилд ямар ч байсан парламентын тухай, парламентат ёсны тухай, байнгын ажиллагаатай парламентуудын үйл ажиллагааны тухай ярьсан учраас үүнийг давтах хэрэггүй гэж бодож байгаа. Мөн Улсын Бага Хурлын дарга, эрхэм гишүүн Гончигдорж бас миний дараа үг хэлэх учраас Бага Хурлын үйл ажиллагааны тухай дэлгэрүүлэн энд ярих хэрэггүй болов уу гэж ингэж бодож байгаа юм. Бид нар 5 жилийн өмнө Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бий болсны 20 жилийн ойг тэмдэглэж бас явж ирсэн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашаа юу хийх вэ гэдэг талаараа ярилцаж байсныг тод санаж байна. Тэр ойн хуралдаан дээр, тэр хүндэтгэлийн хуралдаан дээр би дэлгэрэнгүй үг хэлж байсан. Тэнд  хэлж ярьж байсан олон зүйлүүд өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй байгааг энд тэмдэглэн хэлэх нь зөв байх гэж бодож байна.

        1990 оны 7 дугаар сарын 29-нд болсон анхны ардчилсан олон намын оролцоотой сонгуулиар бүрэлдсэн Ардын Их Хурлаас Улсын Бага Хурлыг байгуулж, Улсын Бага Хурлын хуралдаан яг өнөөдөр энд эхэлж байсныг сайн санаж байна.  Тэр үед Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан Маам гуай бид хоёрын хувьд Улсын Бага Хурлын гишүүдийн тангараг өргөх, ямар тангаргаар тангараг өргөж Улсын Бага Хурал ажилдаа орох вэ гэдгийг тэр тангаргийн үгийг бэлдэх ийм үүрэг авч байсан. Тэгээд олон янзаар оролдсон боловч үнэхээр Эзэн Чингис хааны хэлсэн тэр алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай гэсэн тэр агуу үгнээс өөр үг олж чадаагүй. Ийм үгээр Монгол Улсад анхны байнгын ажиллагаатай парламентын гишүүд үйл ажиллагаагаа эхэлж байсан юм гэдгийг энд давтан хэлье гэж ингэж бодож байна. 1990 оны 7 дугаар сарын 29-ны сонгууль болж 7 дугаар сарын 30 болоход Монголын ард түмэн жинхэнэ ёсоор эрхээ эдэллээ, сонголтоо хийлээ гэж бид бүгд баярлаж байсан. Тэр үед ардчилсан  хүчний төлөөлөл ялагдсан. Одоогоор нэлээн өндөр ялагдлыг хүлээсэн. Гэвч маш их баярлаж байсан. Ер нь сонгуульд ялагдаад сонгуульд оролцсон нам, сонгуульд оролцсон хүчин, тэр хүмүүс баярлаж байсан. Тэгэхэд чин сэтгэлээсээ баярласан түүх тэр 1990 оны 7 дугаар сарын 30-ны өглөө байх гэж би боддог юм. Үнэхээр монголчууд яллаа, монголчууд өөрсдийн төр засгаа сонгон байгуулдаг боллоо гэж бид тэр үед нүдэндээ нулимстай баярлаж байсан. Тэр үед дангаараа төр барьж байсан Монгол ардын хувьсгалт нам ч гэсэн цаашаа дангаараа төр барихгүй, бусад намтай төрийн эрхийг хамтарч харилцаж эрх баригч сөрөг  хүчин гэдэг байдлаар барьж явах ийм байдал руу орж байсан юм. Тэр үед Монгол ардын хувьсгалт намын гишүүд ч гэсэн тийм байдал руу орж байгаадаа нэг их гуньж гутарсан зүйл байхгүй. Ер нь ингэж явах нь зүйтэй юм байна гэсэн ийм ойлголтоор хоёр талаасаа нийлж нэгдэж ажиллаж байсан юм.

        Одоо эргээд Улсын Бага Хурлыг бодоход монголд бий болсон, ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа байнгын ажиллагаатай парламентын бүрэлдэхүүнүүдээс онцлог зүйл байдаг. Нэгдүгээрт, тэр Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн асар их ёс зүйтэй бүрэлдэхүүн байжээ гэж ингэж боддог. Ёс зүйтэй байсан учраас ард иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн, итгэлийг хүлээсэн ийм бүрэлдэхүүн байж чадсан. Нэгэнт ард иргэдийнхээ итгэл хүндэтгэлийг хүлээж байгаа учраас асар бүтээлч байж чадсан. Бүтэн 2 жил ч ажиллаагүй шүү дээ. 1990 оны 9 сард ирж цуглаад 1992 оны 6 сард ажлаа хүлээлгэж өгч байсан. 21 сар ажилласан байдаг. Тэгээд 21 сарын хугацаанд Монгол Улсын монголчуудын олон зуун жилд бодож зүтгэж явсан тэр эрх зүйт төр, монголчууд өөрөө өөрсдийнхөө бодлогыг тодорхойлоод явах тэр боломжийн бодлогын үндэс суурийг тавьж чадсанаараа гайхамшигтай парламент байжээ гэж ингэж боддог. Анх Улсын Бага Хуралд орж ирж ажиллаж байсан хүмүүс тэр бүр өөрийнхөө хүсэл зоригоор орж ирж ажиллаагүй. Би хувьдаа Улсын Бага Хурлын гишүүн болмооргүй байна, саарал ордонд очиж суумааргүй байна гэж нөхдөдөө хэлж зугтаж байсан. Тэгэхэд санал хураагаад чи орж сууна, чи орж ажиллана Бага Хурлын гишүүн болно. Тэр үед энэ ордонд орж ирж ажиллана гэвэл бол эрх ямба юм байна гэж бодож зугтаж байсан. Дараа нь орж ирж ажиллаад энэ бол эрх үүрэг юм байна. Энэ бол  хариуцлага юм байна шүү дээ. Энэ бол ачаа юм байна, ардчилсан орны парламентын гишүүн гэдэг бол тухайн улс орныхоо ард иргэдийн өмнө ачаа үүрдэг юм байна, ёс зүйтэй байх ёстой юм байна, хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг би хувьдаа улмаар ухаарч байсан. Ингэж л бид ажиллаж ирсэн юм гэдгийг хэлье гэж бодож байна.

        Манай Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн төлөөлөл өнөөдөр энд орж ирээд ихэнх нь суусан байна. Тэгээд энэ хүмүүсийг  харж байхад ер нь Улсын Бага Хурлын бүрэлдэхүүн гэдэг бие биедээ татагдсан тэр дурсамжаа ярьж ойрхон байхыг боддог. Би парламентын бүрэлдэхүүнд 4 удаа сонгогдож байсан. Тэгэхэд Улсын Бага Хурлын гишүүдийн байдал арай өөр онцлог байдаг. Ямар учраас ийм байдаг юм бол гэж бодохоор үзэл санаанд тулгуурласан асар их үүрэг хариуцлагаа ухамсарласан тийм ачаа үүрч явсан бүрэлдэхүүн насан туршдаа ийм ойрхон байдаг юм байна л даа. Тэр үзэл санаандаа үнэнч байдаг юм байна.

        Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байгаад цаашаа төр нийгмийн олон салбарт ажилласан хүмүүс байдаг. Ихэнх нь сайн ажилласан байдаг. Ихэнх нь өнөөдөр тэр үед тавьж байсан үзэл санаандаа үнэнч, улс орон, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэж явсан хүмүүс байдаг. Тэгэхээр үзэл санаа гэдэг бол агуу, урт удаан амьдрах чадвартай юм байна. Хүний нэг насны амьдралыг ч давж цаашаа оршин тогтнох агуу  зүйл юм байна гэдгийг энд бодож байгаа юм.

        Тэгээд өнөөдөр бид нар байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойгоо тэмдэглэж, хүндэтгэлийн чуулган хийж байгаа. 25 жил гэдэг бол аливаа улс орон хөгжлийн нэг зам сонгож аваад, дүгнэлт хийх хугацаа. Бидний өвөг дээдэс ч тодорхой хугацааны дараа дүгнэлт хийдэг байсан, бид өмнөх үе ч дүгнэлт хийдэг байсан, одоо бид энэ дүгнэлтийг хийх цаг болжээ. Бид цаашаа ямар үйл ажиллагаа явуулах вэ, юун дээр алдав, юун дээр онов, одоо бидэнд зайлшгүй хийх шаардлагатай зүйл юу байна вэ гэдгийг бодох цаг иржээ.

        Өнөөдрийн энэ Улсын Их Хурлын гишүүд бол энэ 25 жилийн буухиаг авч явж байгаа хамгийн эрхэм хүндтэй хариуцлага хүлээсэн хүмүүс шүү дээ. Энд Улсын Бага Хурлын үеэс парламентад сонгогдоод ажиллаж явж байгаа хүмүүс бий, төрд зүтгээд явж байгаа хүмүүс байна. Дараа дараагийн Их Хурлуудад сонгогдож орж ирсэн хүмүүс байна. Анх удаа энэ Их Хурлын сонгогдож орж ирж байгаа хүмүүс ч байгаа. Энэ утгаараа та бүхэн энэ 25 жилийн бүтээгдэхүүн юм. Энэ 25 жилийн парламентын ард түмний итгэлийг хүлээж авч явж байгаа хүмүүс. Маш эрхэм хүндтэй хариуцлага үүрч яваа хүмүүс. Тийм учраас бид бүхэн өнгөрсөн 25 жилд юу болов, цаашид бид юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдгийг өнөөдөр ярилцаж, нэгэнт хэлсэн бол, нэгэнт энд  ярилцсан бол,  нэгэнт ийм дүгнэлтэд хүрсэн бол энэ үйл ажиллагаагаа үйл хэрэг болгохын төлөө тууштай, цаг алдахгүй ажиллах ёстой гэж би бодож байгаа. Нэг үгээр хэлвэл Монголд бий болсон байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойн эзэд нь бол та бүхэн шүү. Энэ шийдвэрийг гаргах хүмүүс нь та бүхэн шүү. Та бүхнийг Улсын Бага Хурлын гишүүд, үе үеийн парламентын гишүүд, тэр бүх хүнийг сонгож явуулсан сонгогчид, ард иргэд итгэлийн нүдээр харж байгаа гэдгийг  хэлэх нь зөв байх гэж бодож байна.

        Ингээд би олон зүйл хэлэлгүйгээр гурван асуудал Монголын төрд энэ Их Хурлын бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа гурван асуудалд та бүхний анхаарлыг өнөөдөр хандуулъя гэж бодсон юм.

        Эхний нэг дэх асуудал бол бүгдээрээ хариуцлагатай, ёс зүйтэй улс төртэй болъё. “Дээрээ хөлөө олохгүй бол дороо хөлөө олохгүй” гэж манай ард түмэн хэлдэг. Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Хуулийг дарга нар өөрсдөө биелүүлж эхлэх ёстой. Хариуцлага дээрээсээ эхлэх ёстой гэдэг бол дээрээсээ эхэлж хариуцлага хүлээх ёстой. Энэ ажлыг бид эхлэхгүй хийхгүй бол болохгүй нь. Хариуцлагатай, албан тушаалын ёс зүйтэй ийм байх явдал чухал байна. Би хувьдаа хариуцлага бол ялангуяа улс төрийн, төрийн өндөр албан тушаал хашиж яваа хүмүүсийн хувьд таван шатлалтай байдаг гэж боддог. Хамгийн эхнийх нь ёс зүйн хариуцлага. Энэ бол хүн болж төрсний ийм өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд заавал дагаж явах ёстой хариуцлага юм. Өнөөдөр ёс зүйн хариуцлагыг харуулж байгаа төрийн өндөр албан тушаалтан, сонгогдсон, томилогдсон албан тушаалтан харагдахгүй байна харамсалтай нь. Улсын Бага Хурлын үед харагддаг байсан шүү.

        “Өөрийнхөө цалинг 20 дугаар тогтоолоор хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг ашигласан байна чи, тэр мөнгөнөөсөө чихэвчний хоёр ширхэг магнитафон худалдаж авсан байна” гээд тэр үед Улсын Бага Хурлын гишүүнийг бид Улсын Бага Хурлаас чөлөөлж байсан. 160 төгрөгийн үнэтэй жижиг магнитафон шүү дээ, хоёрыг худалдаж авсан байна гээд. Түүнийг эд мөрийн баримтаар тогтоосон гээд тэр хүн бид худалдаж авсан нь үнэн гэж хэлээд Улсын Бага Хурлын гишүүнээс чөлөөлөгдөж байсан. Ийм хариуцлагатай, ёс зүйтэй төртэй байсан юм шүү бид нар. Тийм парламенттай байсан юм. 160 төгрөг. Б.Чимид гуай хэлдэг байсан “8 төгрөг хөдөө томилолтоор явахдаа илүү зардал гаргасан бол цалингаасаа төлдөг байлаа” гэж. Өнөөдөр ингэж байгаа төрийн албан хаагч байна уу? Өнөөдөр төрийн мөнгөнөөс 8 төгрөг илүү зарцуулсан, зүй бусаар зарцуулсан төрийн албан хаагч эргүүлж төлж байгаа ийм хүн байна уу? Тийм алба тушаалын, авлигын асуудалд орсон тийм хүн байна уу, төлөөд явж байгаа тэгээд хариуцлага хүлээгээд явж байгаа? Үүнийгээ бид бодох ёстой. Нэгдүгээрт, ёс зүйн хариуцлага байгаа, хоёрдугаарт, улс т өрийн хариуцлага. Улс төрийн хариуцлага гэдэг бол тухайн албан тушаалдаа би тэнцэхгүй байна, болохгүй юм байна гээд түүнээсээ чөлөөлөгдөхийг хэлж байгаа юм. Түүнээс явахыг хэлж байгаа юм. Гуравдугаарт, Монгол Улсын иргэн хүний хувьд иргэний хариуцлага байгаа. “Би ийм зүйлийн төлөө зүтгэх ёстой, би ийм нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой”. Тэгээд дараа нь захиргааны, дараа нь эрүүгийн хариуцлага шүү дээ. Өнөөдөр явж явж эрүүгийн хариуцлага яригдах ийм түвшинд заримдаа очоод алга болж байна шүү дээ.

        Энэ хариуцлагын тогтолцоо ерөөсөө алга байна. Хариуцлагын тогтолцоо байхгүй бол ардчиллын тухай ярих хэрэггүй. Хариуцлага байхгүй бол ардчилсан нийгмийн тухай ярих хэрэггүй. Дарга нар нь хариуцлага хүлээдэггүй байх юм бол ардчилсан нийгмийн тухай яриад хэрэггүй гэж бодож байгаа юм. Би хариуцлагын тухай ярихдаа хүний тухай ярьдаггүй, би Монгол Улсын тухай ярьж байгаа. Би улсаа бодож хариуцлагын тухай ярьж байгаа юм. Бүгдээрээ улсаа бодъё л доо. Өөр өөрийн амьдралаар, өөрийн сонголтоор ажиллаж амьдраад явах боломжтой шүү дээ, энэ нийгэмд. Заавал энэ улс төрд орж ирж, хариуцлага хүлээхгүй байгаа бүдүүлэг зан авираараа, байж байгаа хэлбэрээрээ Монгол Улсыг хохироогоод байж болохгүй шүү дээ. Бид одоо ийм зүйлтэй хариуцлага тооцдог болох ёстой. Бид ийм хууль тогтоомжоо гаргах хэрэгтэй байгаа юм.

        Та бүхэн мэдэрч байгаа даа, Улсын Их Хурлын гишүүн бүхэндээ одоо би та бүхэндээ ингээд уулзаад ярилцахад ард түмний итгэл хөрч байна, тэр халуун итгэл алга болж байна шүү гэхэд бүгд зөвшөөрдөг шүү дээ. Энэ хүмүүсийн сэтгэл дотор  мөс хөрч байна шүү, халуун итгэл байхгүй, мөс хөрч байна. Энэ юуг сануулж байна вэ гэхээр хариуцлагын тогтолцоог авчир. Энэ парламент, энэ төрд авчир гэдгийг биднээс шахаж байгаа юм. Ирэх сонгуульд та бүхэн юу ч гэж амлаж, ярьж болно. Энэ хариуцлагын тогтолцоог л бий болгоогүй бол энэ бүхэн худлаа байх болно. Үүнийг 25 жил хангалттай харлаа. Юу ч гэж амлаад ард түмэн хүлээж авахгүй болсон доо. Үүнийг ойлгох хэрэгтэй. Үүнийгэ нам эвслийн хурал янз бүрийн газраа ярилцах хэрэгтэй шүү дээ. Байнгын хороо, намын бүлгүүд дээрээ ярилцах хэрэгтэй.

        Би Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хэмээн маш тодорхой нэр томъётой хууль санаачилж Улсын Их Хуралд өргөн бариад олон сар болж байна, хэлэлцэхгүй байна. Би үнэхээр шаардаж байна. Энэ удаагийн, энэ намар аравдугаар сард эхлэх Улсын Их Хурлын чуулганаар эхний хэлэлцэх асуудлуудад энэ хуулийн төслийг оруулж өгөөч ээ. Та бүхний ард Монгол, Монголын төр үлдэх ёстой. Аливаа ажил хийж байгаа, өндөр албан тушаал хашиж байгаа үүрэг хүлээж байгаа хүн бол миний ард юу үлдэх вэ гэдгээ боддог байх ёстой шүү дээ. Энэ хуульд хариуцлагын тогтолцоог бий болгож, тэр хуульд хариуцлагын тогтолцоог өнөөгийн түвшинд оруулж өгөхийг эрмэлзсэн. Энэ хуулийг хэлэлцүүлж өг.

        Өнөөдөр Монгол Улсын бодлого, улс төр тогтворгүй байна гэж та бүхэн ч гэсэн бүх хурал зөвлөгөөн дээр очиж ярьдаг. Энэ тогтворгүй байна гэдэг үгийг хурал зөвлөгөөний үг биш болгох хэрэгтэй шүү дээ. Үүнийг бид нар үйл ажиллагаагаараа засах ёстой. Бид тогтворгүй байгаа тухай хэчнээн ярих юм бэ? Тэгэхээр тогтворгүй байдал яагаад бий болоод байна вэ гэсэн чинь ерөөсөө хариуцлагагүй байдал чинь тогтворгүй байдлыг бий болгодог байна шүү дээ. Алдаатай шийдвэр гаргасан бол үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, түүнийгээ засдаггүй. Түүнд нь хүмүүсийн итгэл унаж байгааг тогтворгүй байна гэж хэлж байгаа юм. Хариуцлагатай байдал нь өөрөө тогтвортой байдлыг бий болгодог. Өөрөө тууштай байдлыг бий болгодог. Өөрөө итгэлтэй байдлыг бий болгодог. Иймээс бид Монголын улс төрд хариуцлагыг авчрах цаг болсон.

        Энэ чиглэлд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн тодорхой ажил хийсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Захиргааны хууль, манай төрийн захиргаа гэдэг байгууллага чинь өөрөө бие даасан хуульгүй явж ирсэн шүү дээ. Захиргааны шүүх гэж бий болгоод Захиргааны хуулийг нь баталж өгөөгүй байсан. Замын цагдаа нь байж байдаг дүрмийг нь баталж өгөөгүй явсан. Одоо дүрмийг нь баталж өгсөн. Одоо энэ хуулийг захиргааны бүх шатанд хатуу хэрэгжүүлэх ёстой. Энэ  хуулийн хэрэгжилтийг асуух ёстой. Дээрээс нь Нийтийн сонсголын тухай хууль зөвхөн хариуцлагыг Улсын Их Хуралд ярьдаг юм биш. Үүнийг аймгийн, сумын Хурлаар бас ярилцах ёстой, ард иргэд, олон нийт шаардаж байх ёстой. Энэ индрийг нь, энэ боломжийг нь эрх зүйг нь Улсын Их Хурал бүрэлдэхүүн хангаж өгсөн юм шүү. Одоо үүнийг ажиллуулах цаг болсон. Үүнийг манай иргэд, сонгогчид шаардах цаг болсон.

        Энэ намраас эхлээд манай иргэд сум бүхэнд шаардах боломжтой. Хариуцлагагүй сумын дарга байгаа бол, хариуцлагагүй албан тушаалтан танай аймагт байгаа бол Нийгмийн сонсголын тухай хуулийн дагуу авч хэлэлцье. Томилгооны сонсгол, төсвийн сонсгол, мөнгөний сонсгол байгаль орчинтэй холбоотой сонсгол, хариуцлагын сонсгол гээд бүгд байгаа. Одоо энэ хуулийг амьдруулъя, хэрэгжүүлье.

        Гурав дахь баталсан хууль бол Шилэн дансны тухай хууль. Эхлээд шилэн данс гээд олон нийтээрээ бүгд анхаардаг байсан. Одоо жаахан хаяж эхэлж байна. Үүнийг болих хэрэгтэй. Бид эргээд анхаарах хэрэгтэй. Би Шилэн дансны тухай хуулийг өргөн барьж байхдаа хэлж байсан “Монгол байгаа мөнгө зарцуулж байгаа тэр албан тушаалтан бүхэн, төсвийн мөнгө ашиглаж байгаа байгууллага бүхэн өглөө бүр Шилэн дансны тухай хууль байгаа шүү хэмээн бодож сэрдэг байх ёстой. Тэгээд тодорхой хэд хэдэн сайд хэрэгжүүлэхгүй байгаа бол, хэд хэдэн Их Хурлын гишүүн, хэд хэдэн аймгийн Засаг дарга нар, өндөр албан тушаалтнууд Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа бол хариуцлага хүлээгээсэй. Ингэх юм бол Монголд хариуцлагын зам уруу орлоо гэж бид бодох болно гэж хэлж байсан юм. Би үүнийг дахин шаардаж байна. Олон нийт ч хяналтаа тавих хэрэгтэй. Аудитын байгууллага бусад үүрэгтэй байгууллагууд үүндээ анхаарах ёстой гэж бодож байна. Дээрээс нь өргөн барихад бэлтгэгдсэн байгаа хоёр хууль байгаа нэг нь өргөн барьчихсан. Нэг нь Төрийн албаны тухай хууль байна. Төрийн албаны тухай бид маш их ярьсан, илүү зүйлийг би яримааргүй байна. Төрийн алба шиг төрийн албатай болох цаг өнөөдөр Монголд ирсэн. Бид 25 жилийн дараа үүнийг ярих хэрэгтэй. Хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, шалгууртай ийм  төрийн албатай болох ёстой. “Энэ нам яллаа, тэр нам яллаа, үүнийг ажлаас нь халлаа, төрийн албыг ингэж бужигнууллаа” гэж бид ярьдаг. Одоо төрийн албыг байх ёстой байранд нь оруулж ажиллуулах хэрэгтэй. Төрийн алба хэрхэн ажиллаж байгаагаас улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал үүнтэй холбоотой шүү дээ.

        Энэ нь эргээд хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой байдаг. Тийм учраас төрийн албыг дураараа самардаг байдалд цэг тавья. Энд сууж байгаа парламентын хоёр голлох намын дарга нар суугаад, бусад хүмүүс нь суугаад бүрэн хэмжээний танилцуулга хийсэн. Хуулийг өргөн барьчихсан байгаа. Одоо энэ хуулийг батлаад ирэх сонгуулиас өмнө хэрэгжүүлж эхэлнэ. Төрийн албыг ингэж бужигнуулж болохгүй. “Одоо та нар бужигнуулж байна. Дараа нь бидний ээлж. Бид нэг хэсэг бужигнуулж аваад энэ хуулийг чинь баталъя” гэж хэлж болохгүй. Ийм байдалтай хандаж болохгүй. Юм сонссон ч сонсоогүй юм шиг дүлий дүмбэ суугаад байж болохгүй. Одоо бид нар энэ байгаа байдлаа ярьж, шийдвэрээ гаргах цаг болсон.

        Улс төрийн намын тухай хууль, мөн энэ намын байгууллагууд, энд байгаа улс төрчид олон талаас нь оролцож олон жил ярилаа. Тэгээд энэ хуулийг бүр болохгүй болохоор нь энэ хуулийг Ерөнхийлөгч авч боловсруулъя, нэгтгэе. Саналуудыг авъя гээд ерөнхийд нь нэгтгээд, саналуудыг аваад, олон нийтэд танилцуулаад явж байгаа. Зарим нь зохион байгуулалттайгаар тэр хуулийн төслийг унагахын тулд өөр хууль санаачилна, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж зориуд зохион байгуулалттай зогсоохын тулд явж байна. Бид харж байгаа. Олон нийт харж байгаа. Энэ хуулийг өргөн барина. Энэ чуулганаар батлаарай гэдгийг хэлье гэж бодож байна.

        Ер нь улс төрийн нам бол судалгааны байгууллага байх ёстой. Шилдэг шийдлүүд, шилдэг үзэл санаануудыг цуглуулж байдаг. Ялагдсан нөхөд нь суугаад бид нар яагаад улс орныг буруу авч явав. Ямар учраас бид ялагдав гэдэгтээ дүгнэлт хийгээд цаашдаа яаж авч явах вэ гэдэг дээр үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө бэлтгэж байдаг. Түүнийг хэрэгжүүлэх багийг бий болгож байдаг. Тэр үзэл санаа, мөрийн хөтөлбөрөө ард иргэдэд ойлгуулж байдаг. Эрхээ хэрэгжүүлж байгаа нөхдүүд нь тэр хийсэн судалсан зүйлээ улс, эх орныхоо тусын тулд хэрэгжүүлээд явж байдаг. Дээрээс нь улс төрийн нам гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол  манлайлагчдын Монголын шинэ өнгө, төрх болсон, Монголыг авч явах шигшээ баг л энд бүрэлдэж байх ёстой. Өнөөдөр улс төрийн намыг тойроод шигшээ баг бүрэлдэж байна уу, ямар баг бүрэлдэж байна вэ?  Өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Энд хөтөлж чадах хариуцлагатай, чадвартай улс төрийн намын системийг Монголд бий болгох хэрэгтэй. Улс төрийн нам ялангуяа эрх барьж, эрх барихад оролцож байгаа бол хариуцлага хүлээдэггүй, хариуцлагаас гадна объект бий болоод байгаа шүү дээ. Байгууллага бий  болчихоод байгаа шүү дээ. Бид бүх байгууллагаас хариуцлага шаарддаг мөртлөө улс төрийн намаас хариуцлага шаардаж чадахгүй л. Тийм малгайн доор орсон этгээдүүд өнөөдөр хариуцлагаас зугтах гэж гүйдэг болсон. Монгол Улсыг хариуцлагагүй болгож байгаа, энэ ардчилсан сонголтыг утга учиргүй болгож байгаа этгээдүүд энэ дор цуглардаг болсон шүү. Энэ байдалд бүгдээрээ цэг тавья. Ингэж цаашаа хөгжлийнхөө байдлыг тогтооё. Ийм шалгуурыг бий болгоё. Хэрэв нам хариуцлагатай болохгүй бол төр хариуцлагатай болохгүй байна. Бид их олон зүйл яриад, урт үг хэлээд байх хэрэггүй. Хэлсэн, ойлголцсон, одоо үүнийгээ бид хийх л хэрэгтэй.

        Улс төрчдийн, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн ажил бол гаргаж байгаа шийдвэрээр нь л батлагддаг. Түүнээс биш телевизээр юу гэж ярьж байгаа, ямар мэдэгдэл хийж байгаагаар батлагддаггүй юм. Биелдэггүй юм гэдгийг энд хэлье гэж бодож байна. Ёс зүй гэдэг бол улс орныг урагш нь түлхдэг. Хариуцлага  гэдэг бол тогтвортой байдлыг бий болгодог. Дэг журам гэдэг бол эргүүлж юмыг нэгтгэдэг. Бид нар үнэхээр нэгдэж ажиллах хэрэгтэй. Нэгдэж ажиллахдаа энэ эв нэгдэл нь шударга ёсон дээр, шударга тогтолцоонд суурилсан ийм л эв нэгдэл байх ёстой. Үүний төлөө л бүгдээрээ явъя гэж бодож байгаа юм.

        Хоёрт нь миний хэлэх гэсэн зүйл бол гүйцэтгэх засаглалын бүтээлч, тогтвортой байдлыг хангая. Үнэхээр ингэхгүйгээр болохгүй байна. Бүх намуудаас гарч байгаа судалгаа байна. Манай дотоодоос хийж байгаа болон олон улсын байгууллагын судалгаа байна. Монголд байгаа хамгийн үр ашиг муутай ажиллаж байгаа нь гүйцэтгэх засаглал байна. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах орчин, тийм тогтолцоо Монгол Улсад бүрэлдээгүй байна гэсэн дүгнэлтийг маш олон газар хийж байна. Бид нар ч хийж байна. Үүнийг бид өнөөдөр амьдрал дээрээ мэдрээд гарч байгаа. Ийм учраас үнэхээр гүйцэтгэх засаглалыг бүтээлч болгоё. Нэгэнт бүтээлч болгох үйл ажиллагааг тавиад явж байгаа бол тодорхой шийдвэрээрээ харуулъя.

        Өнөөдөр Засгийн газрыг яаж байгуулж байгааг мэдэж байгаа шүү дээ. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Бараг намайг одоо ингээд хэлэх гэвэл “Нэр хэлбэл яана даа. Үүнийг ярьчих вий дээ” гэж зарим нь дотроо ичиж байгаа. Засгийн газар руу өөр өөрийнхөө хүнийг, өөр өөрийнхөө төлөөллийг оруулж, тэднээр дамжуулж өөрсдийнхөө бизнесийг, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах гэсэн хэсэг бүлэг л болчихсон байгаа шүү дээ. Худлаа юм ерөөсөө байхгүй. Үүний ард сууж байдаг, ард нь зэс хошуугаа хатгачихсан, араас нь сороод сууж байдаг, ийм л хүмүүсийн төлөөлөл болж орж ирж байгаа шүү дээ, зарим этгээд.

        Үүнийг ард түмэн хараад байна. Нэг удаа хийгдэж байгаа бол нэг удаа юм байна даа. Засах байлгүй дээ гэж боддог. Хоёр удаа хийгдэж байгаа бол хоёр удаа  гэж хардаг. Гурван удаа бол энэ  биш боллоо шүү гэдэг. Дөрвөн удаа, таван удаа  олон удаа давтагдлаа, одоо больё. Одоо арай хэтэрлээ. Ингэж Засгийн газраа байгуулдаг. Өвстэй хашаанд өөрийн хургануудаа хөөж оруулаад таргалахаар нь нядалж иддэг малчид шиг иймэрхүү хувиа бодсон хүн шиг байж болохгүй. Одоо зогсъё. Үүнээс цааш яаж явах юм бэ. Нэгэнт ийм хүмүүсээс бүрдсэн Засгийн газар яаж бүтээлч байх юм бэ. Араасаа аалзны шүлс шиг татуургатай. Ийм хүмүүсээс бүрдсэн Засгийн газар яаж улс орны, ард түмний өмнө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг зоригтой, бүтээлчээр шийдээд явж чадах юм бэ!

        “Надад өгдөг татвар хаана байна” гээд зарим албан тушаалтнууд тодорхой албан тушаалтнуудаас мөнгө нэхдэг болж байгаа гэж яригдаж байна. “Чи тэдэн саяыг аваад ир.Тэр тендер, тэр уралдаан, тэр мөнгө хаана байна” гэж ярьдаг. Одоо энд байгаа сайд нар “би ардаа ийм амлалт өгч байж сайд болсон. Би амлалт өгөлгүйгээр, арай бага амлалт өгч сайд болсон шүү” гэж хоорондоо ярьдаг болсон шүү. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй шүү дээ. Энэ чинь  уламжлалтай, түүхтэй төр шүү. Одоо больё. “Элбэгдорж ярьж байна. Ерөнхийлөгч ярьж байна. Яриад л өнгөрөх байлгүй дээ” гэж битгий бодоорой. Үүний ард нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Нэхэл хатуутай олон түмэн байгаа шүү. Би энэ олон түмний санал бодлыг хэлж байгаа юм.

        Монгол Улсын Засгийн газрын гишүүн гэдэг бол өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаал шүү дээ. Тэр өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаалын өмнө, ёс зүйтэй албан тушаалын өмнө өөрийгөө тавиад хар л даа. Тэр өөрсдийнхөө хүнийг түлхэж байгаа фракц гэж нэрлэгддэг, хувийн үзэл бодолдоо баригдсан тэр хүмүүс өөрсдийгөө нэг тавиад хар даа. Ийм байдлаар, ийм ширэнгийн ойн хуулиар ажиллаж болохгүй. “Манай хүн орохгүй бол танай хүнийг оруулахгүй” гэж. Энэ юу гэсэн үг вэ.

        Би ороогүй, миний хувийн сонирхол явахгүй бол чинийх явахгүй гэж, үүний төлөө л байлдаж байна шүү дээ. Үүний төлөө л та бүхэн хэвлэл мэдээллийг ашиглаж, үүний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Үүний төлөө хүмүүсийг бүр ядаргаанд оруулж байна шүү дээ. Үүний төлөө үүнээс болж хүмүүс улс төрөөс залхаж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн юм шүү. Бид хүний эрхшээлд байхдаа ийм түүхийн дундуур явж ирсэн. Одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байгаа юм. Ингэж шинэ сонголтыг Монголын ард түмэн хийсэн шүү. бидний

        Бидний их өвөг дээдэс, Тэмүүжин, Чингис хаан анх гарч ирж байхдаа үнэхээр хэдэн ханлиг болоод хоорондоо байлдаад байвал Монгол үндэстэн алга болох нь ээ гэдгийг тэр хүн ойлгосон шүү дээ. Яг өнөөдөр энэ ханлигуудын байлдаан олон улсын хэллэгээр бол ширэнгийн ойн хууль Монголын парламентад үйлчилж байна. Ширэнгийн ойн хуультай парламентаас олон улсын төлөөлөл, ард түмэн юу хүлээж суух юм бэ. Ширэнгийн ой гэдэг бол тэнд байгаа, ширэнгэ, ширэнгийн мухарт байгаа ахлагч нарынхаа тогтоосон дэг журмаар, тэдний хүсэл зоригоор явдаг хүмүүсийг л хэлдэг шүү дээ. Тийм хуулиар ажилладаг газрыг хэлж байгаа юм.

        Ар ардаа байгаа нам, нам нь дотроо хэдэн фракц, бүлэглэлд хуваагдчихсан. Хүн бүхэн мэднэ. Монголын ажлыг ямар хүмүүс зогсоож байна. Яаж зогсоож байна. Ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна гэдгийг. Одоо энэ дэвийн, адын аргаасаа салъя, энэ ёрын муухай юмнаас больё л доо. Энд 25 жилийн өмнө Монголын төр бүрэлдэж байхад ямар ариун ёс зүйтэй бүрэлдэж байсныг би түрүүн хэллээ шүү дээ. Ямар хариуцлагатай бүрэлдэж байсныг хэллээ. Энэ үүрэг, хариуцлага чинь ямар хүнд юм бэ гэж хүлээж авч байсныг би түрүүн хэллээ. Ингээд бид хүний муухай чанарыг, болохгүй байгааг яриад байвал яриад л байна байх. Тийм учраас тогтолцоондоо өөрчлөлт оруулъя гэж байгаа юм. Тийм учраас түрүүчийн миний хэлдэг тэр хариуцлагын тухай хуулиуд, тэр асуудлуудаа шийдье. Засгийн газрыг бид бүтээлч, хариуцлагатай, ажлын төлөө явдаг, ёс зүйтэй болгохын тулд хоёр шийдвэр гаргахаас өөр арга алга.

        Нэгдүгээрт, Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын танхимдаа ажиллах гишүүд, сайд нараа өөрөө томилдог болох хэрэгтэй. Парламентыг томилгооноос салгах хэрэгтэй. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа, үүнийг ард түмэн хэлэхгүй байгаа шүү дээ. Бүх парламентын засаглалтай манай орон шиг ингээд сайд нараа нэг, нэгээр нь, фракц фракцаараа, нам намаараа хувааж аваад томилоод сууж байдаг ийм парламент дэлхий дээр хэд байна вэ? Байхгүй байна гэж дүгнэлт гарч байгаа, ганц хоёр гэж дүгнэлт гарч байгаа, арав хүрэхгүй байна гэж дүгнэлт гарч байгаа. Тэд нар үүнээсээ салахыг бодож байна. Тэд нар биднээс тэс өөр, Монголтой харьцуулшгүй тогтолцоо. Бид бол асар өвөрмөц байршилтай, асар өвөрмөц сонголт хийсэн тэр нь эмзэг орон шүү дээ. Тийм учраас бид өөрийн гэсэн зөв бүтэцтэй байх ёстой. Ийм учраас Улсын Их Хурал нь Засгийн газрын Ерөнхий сайдаа томиллоо, тэр парламент нь шийдлээ. Тэр хүн гараад бүрэн бие даасан байдлаар  Засгийн газрын гишүүнээр хэнийг авах, хэнийг томилохоо өөрөө шийдэх ёстой. Тэгэх юм бол тухайн салбарт юм хийж чадах, тухайн салбарт үнэхээр чадвартай гэж үзэх тухайн бодлогыг авч явах хүмүүсээ томилж чадна. Заавал тухайн намын гишүүн ч байх албагүй шүү дээ. Энэ эрхийг Ерөнхий сайдад өгөөгүй байна. Ийм учраас ар араас нь ийм татлагатай түлхээтэй, тэр хүнд татвар төлөх ёстой, нэг юмны шагнал болж орж байгаа хүмүүс чинь улс орны төлөө ажиллахгүй байна шүү дээ.

        Ийм учраас улс орон, засаглал чинь болохоо байлаа гэж хүмүүс хэлээд байгаа юм. Дээрээс нь тэр  сайдаа хэзээ чөлөөлөх вэ. Хэзээ огцруулах вэ гэдгээ Ерөнхий сайд өөрөө шууд мэддэг байх ёстой. Тэр хүн өөрөө мэдрэх ёстой, тэр  хариуцлагыг Ерөнхий сайдаас тухайн парламент нь нэхдэг байх ёстой. Бид нар нэг юм ойлгуулчихаж. Ардчилал гэвэл ийм байдаг юм байна, парламент гэвэл ийм байдаг юм байна. Их Хурлын гишүүд нь сайдаа томилдог юм байна гээд энэ 25 жил буруу явж ирсэн ойлголт буруу байна. Дэлхий нийтэд ингэж явдаггүй юм байна. Монголд ч гэсэн ингэж явж болохгүй юм байна. Энэ асуудлыг бид нар шийдэх хэрэгтэй. Энэ парламент шийдэх хэрэгтэй.

        Хоёрт, Ерөнхий сайдад өгөх ёстой гүйцэтгэх засаглалыг бид нар бүтээлч хариуцлагатай тэнцвэртэй болгохын тулд хоёр эрх бол Ерөнхий сайдад Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарладаг эрхийг өгөх хэрэгтэй. Ингэж албан тушаалын хойноос хөөцөлдөөд байх, уг нь бодлого яриад хууль гаргаад сууж байх ёстой хүмүүс шүү дээ. Тэгээд албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд татдаг, тэгэх гээд бодол өвөрлөөд сууж байгаадаа санаа зовох хэрэгтэй. Зарим нь мэдэхгүй байна гэж бодож байгаа байх. Мэдэж байгаа. Та нар бодсон л бол энэ дэлхий дээр, орчлон дээр бүртгэгдэж байдаг юм шүү. Тийм хөдөлгөөн, тийм хор найруулсан л бол үлдэж байдаг. Тэр чинь үр хойчид, цаашаа Монголын ард түмэнд гай болно шүү дээ. Нүгэл болно. Тийм учраас энэ нүглийг одоо зогсоох хэрэгтэй. Төр гэдэг бол хэцүү асуудлыг шийддэг, хэцүү ажлыг үүрч явдаг, буян хийж, нүглийг арилгахын төлөө, нүгэлтэй тэмцэж явдаг байгууллага шүү. Түүнээс биш мөнгөний хойноос, суудлын төлөө үхэлдэн хаталдан ингэж гүйлдэж байдаг. Ичих нүүрээ алдаж байгаа шүү.

        Улсын Их Хуралд сууж байгаа, өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн Засгийн газрын гишүүний суудлын үнэр сонсоод л бүх зарчмаа хаяж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ. Тэнд хэдэн сар, нэг, хоёр жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарч урвана гэдэг муухай шүү дээ. Яагаад хүмүүс Улсын Бага Хурлын тухай сайн ярьдаг юм бэ. Тэнд үзэл санаа байсан. Тэр зарчимдаа үнэнч явсан хүмүүс байсан. Тэр зарчимдаа үнэнч 21 сар ажилласан хүмүүс. Тэр Бага Хуралд байсан сайн зүйлээс нь бид суралцаж төрд байгаа сайн юмаа авч явах хэрэгтэй. Энд дүгнэж хэлэхэд танхимын гишүүдээ авч, томилох асуудлаа Монголын Ерөнхий сайд бие дааж шийддэг байх хэрэгтэй. Дээрээс нь Улсын Их Хурлын ээлжит бус сонгуулийг зарлах эрхийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Ингээд үзье. Их олон юм бужигнуулахаа больё. Үүн дээр нэгдье л дээ.

        Дээрээс нь Үндсэн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг та бүхэнд уншиж өгөх гэсэн юм. “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно” гэж байгаа. Энэ 2 дахь заалтад 17 үг байгаа. “Ерөнхий сайдыг томилсноор” гэсэн үг хоёр удаа орсон байгаа юм даа. Тэр үед бид нар ярьж байсан юм. Үндсэн хуулийн үг, үсэг бүхэн, цэг таслал бүхэн учир утгатай. Ийм учраас маш их бодож оруулна тэр үеийн хамгийн гайхамшигтай эрдэмтэд, бичгийн их хүмүүс үүн дээр сууж Үндсэн хуулийн редакцийг хийсэн юм шүү. Тэгэхээр би санаандгүйгээр “шинэ Ерөнхий сайдыг томилсноор” гэдгийг нь 17 үг дотор 2 удаа оруулаагүй гэж бодож байна.

        Бид нар нэг юмыг маш буруу хэрэгжүүлж ирсэн байгаа юм. Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг хэрэгжүүлж ирсэн. Ерөөсөө нэг удирдлага томилоод л түүнтэйгээ маргааш өдрөөс нь эхлээд л ноцолддог. Энэ маш буруу. Үндсэн хуульд удирдлагаа томилоод түүнтэйгээ маргааш өдрөөс нь эхэлж ноцолдож болохгүй гэдгийг хэлээд өгчихсөн байгаа. Шинэ Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болно. Засгийн газрын эрх, шинэ Ерөнхий сайдыг томилсноор эхэлнэ гээд байгаа. Энэ юу гэсэн үг вэ. Одоо та бүхэн миний хэлэх гээд байгаа санааг сайн ойлгосон байх. Өнөөгийн байгаа Ерөнхий сайдыг өөрчлөх гэж байгаа бол дараагийн Ерөнхий сайдыг Их Хурлаараа сонгоод баталчих. Тэгэхээр өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх шууд дуусгавар болно.

        Үүнийг улс төрийн намууд дээр ч авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь байгаа даргынхаа дараа намынхаа дүрмийн дагуу дараагийн дарга нь тодроод л намын шийддэг газар нь шийдчих юм бол өмнөх даргын бүрэн эрх дуусаж байх ёстой. Манайд яадаг вэ гэхээр өмнөхтэйгөө томилсныхоо маргаашаас зууралдаад эхэлдэг. Түүнийгээ муухай болгодог. Ийм байгаа учраас намын дарга нь ч бүрэлддэггүй. Дараагийн Монголын Ерөнхий сайд ч бэлтгэгдээгүй байдаг байхгүй юу. Бид нэг жишээ хэлдэг шүү дээ. 1990 оноос хойш бид нар 14 Ерөнхий сайд солилоо. ХБНГУ-д 3 канцлер солигджээ гэж. ХБНГУ-д байдаг юм үзсэн, сургамж авсан орнуудын хууль яг ийм байна. Дараагийн канцлерыг парламент нь томилох юм бол өмнөх канцлерын бүрэн эрх дуусдаг. Тиймээс учраас өмнөхтэйгөө чадахгүй байгаа улсууд, мэдэхгүй байгаа улсууд тэнд оръё гэж бодсон адын шуналтай улсууд тэгж зууралдаад байдаггүй юм байна. Жинхэнэ  тэр орныг авч явах манлайлагч, гүйцэтгэх засаглалыг авч явах манлайлагч тодорсон үед нь өмнөх хүний бүрэн эрх дуусдаг юм байна шүү дээ. Ойлгогдож байна уу, одоо?

        Ийм байх юм бол энэ төр, улс чинь тогтвортой байдаг юм байна. Ийм байх юм бол бодлого чинь тогтвортой байдаг юм байна. Энэ олон нийтийн байгууллага дээр ч адилхан, улс төрийн намууд дээр ч адилхан, Монголын төрд ч адилхан. Энэ Үндсэн хуулийн язгуур үзэл санааг хэрэгжүүлье л дээ. Чи үнэхээр дараагийн Ерөнхий сайд болох гээд байгаа юм уу. Тэгвэл  Улсын Их Хурал дээр очоод батлагдаад гараад ир. Тэгээд хөтөлбөрөө дэвшүүл. Түүнийхээ төлөө зүтгэ. Түүнийгээ зарла. Чи үнэхээр дараагийн намын дарга болох гээд байгаа бол намын байгууллагынхаа хамт олны олонхын саналыг аваад гараад ир.

        Бид нар томилсон хүнээ өмнө нь унагах тухай бодоод байдаг юм байна шүү дээ. Тийм байгаа биз дээ. Тийм учраас бидний ажил унаад байна. Тийм учраас олон Ерөнхий сайд солигдоод байна. Тийм учраас Монголын тогтолцоо итгэлгүй гэж харагдаад байна. Хүн итгэхээ больчихоод байна шүү дээ. Одоо цаашдаа батлах гэж байгаа хууль, бүх зүйлээ Үндсэн хуулийн энэ язгуур үзэл санаанд нийцүүлэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол Монголын гүйцэтгэх засаглал тогтвортой байна. Ингэж чадах юм бол Монголын гүйцэтгэх засаглал бүтээлч байна гэж би харж байгаа. Тэгэхээр үүн рүү бид нар явъя. Тийм учраас хамгийн гол нь парламентыг энэ томилгооноос нь салгаж өгье. Дараагийн хүн нь тодорсноор өмнөх хүний бүрэн эрх автоматаар дуусдаг Үндсэн хуулийн язгуур үзэл санааг тууштай хэрэгжүүлье л гэж байгаа юм. Тэгэх юм бол миний түрүүчийн хэлдэг хоёр дахь асуудлаар та бүхэнд хэлж байгаа үйл ажиллагаа явна.

        Бид нар улс орон, ард түмнийхээ сонгож авсан сонголтын тухай ярихдаа “бид нээлттэй нийгэм байгуулж байгаа. Энэ бол бидний давуу тал” гэж ярьж байгаа. Үнэхээр ч энэ давуу тал. Бүгдээрээ л хамт сурч яваа. Бүгдээрээ л үүний дундуур явж байгаа. Бас болж байгаа юмыг огт туулах ёсгүй зам байсан. Огт бүтэхгүй байсан гэж үзэх болохгүй. Болдог л юм өнөөгийн тогтолцоон дотроо болж байгаа. Эндээс сургамж авсан бол муугаа хаяад л тэр сургамжаа сайн хууль, сайн тогтолцоо, сайн бодлогодоо оруулаад цаашаа явах хэрэгтэй. Би хувьдаа үүнээс сургамж авлаа гэж бодож байгаа. Ийм учраас Улс төрийн намуудын тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтнуудын хариуцлагын тухай хууль, Төрийн албаны хууль, ийм учраас гүйцэтгэх засаглалын чиглэлд оруулах хоёр алхмыг бид хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид сургамж авах хэрэгтэй. Нээлттэй нийгэм сургамжийг нь өгөөд байна. Ард иргэд өгөөд байна, хэлээд байна. Дамжуулж хэлээч гээд цаана чинь бүгдээрээ харж байна, хэлж байна. Үүнийг сонсоогүй юм шиг суугаад байж болохгүй. Тэгэх юм бол нээлттэй нийгмийн утга учир алдагдана. Ард түмний сонголтын утга учир алдагдана гэдгийг хэлэх гэсэн юм.

        Ингээд миний энэ хэсэгт хэлэх гэсэн зүйл бол хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг бий болгоё. Бүтээлч, тогтвортой гүйцэтгэх засаглалыг бий болгоё. Гүйцэтгэх засаглалыг ингэж ажиллуулъя гэдэг энэ хоёр арга хэмжээг авах хэрэгтэй.

        Гуравт нь хэлэх санаагаа хэлье. Монгол Улс байнга төвийг сахих бодлоготой орон болъё. Өмнө нь би дотоод асуудлаар, улс төрийн харилцаатай холбоотой асуудлаар хоёр зүйл хэлсэн бол одоо гадаад бодлоготой холбоотой асуудлаар нэг зүйлийг хэлье гэж бодсон юм. Ер нь бидний өвөг дээдэс гол ноён нуруутай бодлого гэж ярьдаг байсан. Төрийн бодлого бол голыг нь олсон, голчийг нь олсон, ноён нуруутай байх ёстой шүү гэдэг чинь явж төвийг сахих бодлого байж л дээ. Та бүхэн өвөг дээдсийнхээ бичсэн, үлдээсэн өв хөрөнгө, ном зохиолоос уншаад үзээрэй. Бидний ээж, аав ч хоорондоо ярьж байдаг. “Эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй байх юмсан” гэж. Явуулж байгаа голч бодлогоо энгийн амьдрал дээр аваад ирэхээр саяын үгээр хэлдэг байсан юм.

Тэгэхээр миний хэлж байгаа байнга төвийг сахих бодлого гэдэг нь ямар бодлого вэ? Ямар бодлогын тухай саяхан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж зөвлөмж болгосон бэ? Энэ бодлогыг цаашаа хэрэгжүүлж явах шаардлагатай гэж ямар бодлогыг хэлсэн бэ гэдэг талаар хэдэн зүйл хэлье. Байнга төвийг сахина гэдэг бол эхлээд, зарлаад хаячихгүй ээ л гэсэн үг. Энэ бодлогоо тууштай, идэвхтэй хэрэгжүүлнэ л гэсэн үг. Үүнийг бид ингээд орхихгүй ээ гэж хэлж байгаа юм. Энд би таван нөхцөл байдлыг дурдаж хэлье.

        Нэгдүгээрт, сүүлийн 25 жил Монгол Улсын хэрэгжүүлсэн бодлого бол бүхэлдээ сая миний хэлдэг бодлогын агуулга болж хэрэгжиж иржээ. Зарим хүн асууж байгаа. Монгол Улс ийм бодлого зарлаад эхэллээ, юу өөрчлөгдөв? Ямар юм солигдов гэж. Тэгвэл юу ч өөрчлөгдөөгүй. Бид нэртэй юмыг нэрээр нь нэрлэж байгаа юм. Бид агуулгыг нь 25 жилд бүтээсэн, хэрэгжүүлсэн. Одоо нэрийг нь өгч байгаа юм. Бид нар сүмээ барьсан бол нэрийг нь бичиж байгаа юм. Бид нар сонинд юм бичсэн бол нэрийг нь өгч байгаа юм. Бид нар хүүхдээ төрүүлсэн бол нэрийг нь өгч байгаа юм. Ямар нэг гэнэтийн болсон зүйл байхгүй. Бид нэртэй юмны нэрийг нь зарлаж байгаа юм.

        Бид олон тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Бид энхийг эрхэмлэх бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Энэ бол төвийг сахих бодлогын амин сүнс нь байдаг. Бид Гадаад бодлогынхоо үзэл баримтлалд бичсэн, Цэргийн бодлогынхоо үзэл баримтлалд бичсэн. Үндсэн хуульдаа бичсэн. Бид Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа бичсэн. Хэрэв манай улсын эрх ашигт халдахгүй бол бид бусдын эрх ашигт халдахгүй. Хэрэв манай улсад цэрэглэн халдахгүй бол бусдын эрх ашигт цэрэглэн халдахгүй. Бид өөрийнхөө эрх ашгийг хамгаална. Энэ бол төвийг сахих бодлогын үндсэн зарчим.

        Бид цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж зарлаж байна. Энэ бол төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Бид социализмын үеэс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний идэвхтэй гишүүн байж ирсэн. Энэ бол төвийг сахих бодлогыг олон улсын хэмжээнд Монгол явуулж байсан байдал. Үнэхээр бид нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх ёстой гэж бид байнга зарладаг. Үүнийгээ хадгалж үлдэх бодлого бол энэ төвийг сахих бодлогын үндсэн зарчим. Тийм учраас ямар шалтгаанаар, ямар учраас ийм бодлого ярьж эхлэв гэдэг эхний нэгдүгээр шалтгаан энэ байгаа юм.

        Хоёрт, миний харж байгаагаар төвийг сахих бодлого бол хамгийн тогтвортой бодлого юм байна. Хамгийн олон жил төвийг сахиж яваа улсын түүх бараг 400 жилээр тоологдож байна. Дэлхийн дэг журам янз бүрээр л өөрчлөгдсөн байх. Олон улсын дэг журам янз бүрээр өөрчлөгддөг. Одоо ч өөрчлөлтийн үйл ажиллагаа явагдаж байна. Цаашдаа ч өөрчлөгдөх болно. Харин төвийг сахисан бодлого хамгийн тогтвортой явж ирсэн байх юм.

        Дээрээс нь энэ бодлогын бас нэг сайн чанар бол бид өөрсдөө л зарлаж байгаа. Монгол Улс зарлаж байгаа шүү, өөр хэн ч биднийг шахаагүй. Бидний өвөг дээдэс 1910 онд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлаж байхдаа Төвийг сахисан бодлоготой болох тухай ярьж байсан. 1920 онд Ардын хувьсгал хийж байхдаа төвийг сахисан бодлогын тухай ярьж байсан. 1990 онд бид шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байхдаа төвийг сахисан бодлогын тухай ярьж хоорондоо энэ тухай хэлэлцдэг л байсан. Бид нар өнгөрсөн 25 жил энэ бодлогоо бүтээж хийсэн. Үүнийгээ гаргаж ирж байна.

        Тэгээд хамгийн сайн зүйл нь энэ бодлогыг зарлаж байгаа улс орон энэ бодлогынхоо тухай  өөрөө л тайлбарладаг. Монгол Улс л тайлбарлана, өөр хэн ч бидний өмнөөс тайлбарлаж байгаа тайлбар бодит зүйлд нийцдэггүй. Тэгэхээр Монгол Улс тайлбарладаг. Тэгээд олон улсын эрх зүйгээр төвийг сахисан бодлого гэдэг бол давхар баталгааждаг зүйл юм. Энэ бол бусадтай тэнцвэртэй харилцах, маргаантай асуудал дээр бид нар маш тодорхой байр суурьтай байх энэ  боломжийг бидэнд олгож байгаа юм. Ийм учраас Монгол Улс төвийг сахисан бодлого гэдэг нэртэй юмыг нэрээр нь нэрлээд явъя.

        Гуравдугаарт, энэ төвийг сахисан бодлогоор монголчууд өөрийн хүчинд найдаж бусадтай нээлтттэй харилцаж  хөгжих боломжид тулгуурлаж цаашаа явья. Нэг үе бид Марксизм-ленинизм гэж явсан. Дараа нь ардчилал, зах зээл гэж явсан. Ерөнхийд нь авч үзвэл энэ бол тодорхойгүй, үзэл баримтлалын түвшний зүйлүүд шүү дээ. Хэрэгждэг тодорхой зарчимтай, гэхдээ улс орнууд өөр өөрийн онцлогоор авч явдаг ийм зүйл. Тийм учраас бид тодорхой бодлоготой болж байгаа хэрэг. Тэгээд төвийг сахисан бодлого гэдэг бол тодорхой чадавх шаарддаг. Монголчууд юуг тойрч нэгдэх вэ гэж ярьцгаадаг байсан шүү дээ. Би энэ тухай зарим намын дарга нар, бүлгийн дарга нартайтай зөвлөлдсөн. Энд ажиллаж байсан олон хүмүүстэй, мөн судлаачидтай зөвлөлдөж ярилцсан. Тэгэхэд Монголын эрх ашигт болохгүй байна ийм зүйл нэг ч гарч ирээгүй. Үнэхээр хэлэх цаг нь болсон, ярих цаг нь болсон ийм бодлого юм. Монгол хүн монгол хүндээ найдъя, монгол хүн монгол хүнээ дэмжиж ажиллая.

        Өнөөдөр Монголд Ардын намын Монгол гэж байхгүй, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Монгол бол нэг л байгаа. Тийм учраас нэг Монгол, нэг монголчууд нэгдмэл зорилгынхоо төлөө улс орноо хөгжүүлэхийн төлөө, ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө, ерөөсөө газар нутагтаа бүрэн эрхээ эдэлж, сайн сайхан хөгжихийн төлөө зүтгэе. Төвийг сахисан бодлого гэдэг бол явж хөгжлийн бодлоготой уялдаж байгаа юм. Эдийн засгийн бодлоготой уялдаж байгаа юм. Зөвхөн гадаад бодлоготой биш, улс төрийн бодлого, цэргийн бодлого, нийгэм, олон улсын харилцаатай уялдаж байгаа юм.

        Дөрөвдүгээрт миний хэлэх гэсэн нэг зүйл бол төвийг сахих бодлоготой холбоотойгоор арми, зэвсэгт хүчний асуудал нэлээн гарч ирж яригддаг. Төвийг сахисан бодлоготой улс орнууд өөрийн гэсэн армитай, өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй байгаа. Гадны халдлагаас өөрийгөө хамгаалах чадавхтай байх хэрэгтэй. Энэ чадавхаа бид нар бий болгох хэрэгтэй. Бид өнөөдөр арми, цэрэг, зэвсэгт хүчнээ ийм чадавхтай гэж үздэг. Дээрээс нь НҮБ болон бусад улсаас тусламж хүсэх эрхтэй. Тэгэхээр энэ бүхэн бол манай цэргийн бодлогын үндэстэй нийцдэг юм.

        Ер нь манай батлан хамгаалах салбар гурван бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж би боддог. Улс орноо батлан хамгаалах бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Ард иргэдээ энэ үйлст зориулж бэлдэх ёстой. Дэлхий нийтэд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой. Тэгэхээр энэ гурван бодлого бол манай  батлан хамгаалах болон цэргийн бодлогын үндэс болж явдаг. Энэ нь эргээд түрүүчийн хэлсэн төвийг сахих бодлогын суурь болж байгаа юм. Гол агуулга нь эндээс гарч байгаа юм. Тэгэхээр үүнийг би өнөөдөр Монголын парламентын 25 жилийн ойн дээр бид нар 25 жил явж ирсэн зүйлээ улс төр сайн муу, алдаа оноогоо цаашаа яаж засах вэ, ямар бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ зарлаж байгаа энэ үед би түрүүчийн хоёр бодлоготойгоор үүнийг дамжуулж оруулж зарлаж байгаа юм.

        Тавдугаарт, төвийг сахих бодлого гэдэг бол гадаад бодлогын үндсэн чиглэл байдаг. Гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогогүйгээр байхгүй. Тийм учраас энэ бол Монголын бодлогын хоёр тал юм. Төвийг сахисан бодлогыг бусад нь дэмжвэл бид  баярлах болно, дэмжихгүй байлаа гээд эндээс болохгүй юм ерөөсөө гардаггүй. Тухайн улс орон л тухайн бодлогодоо засвар оруулах, тухайн бодлогоо зогсоох, тухайн бодлогоо үргэлжлүүлэх, тухайн бодлогоо тайлбарлах эрхтэй байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсан. Ойрын өдрүүдэд манай Засгийн газрын зүгээс төвийг сахих бодлогыг дэлхий нийтэд, олон улсын хэмжээнд зарлах байх.

        Дараа нь Монгол Улс байнга төвийг сахих бодлогын тухай хуулийг Улсын Их Хуралд оруулж ирж батлуулна. Ингээд олон улсын түвшинд бид бусад оронтай хамтарч идэвхитэй ажиллах болно гэдгийг энд би хэлье гэж бодож байгаа юм. Энэ төвийг сахих бодлогыг явуулснаар Монгол Улс олон зүйлд өмнө нь явуулж байсан зуучлалын үйл ажиллагаа, эдийн засаг, санхүү, бусад зүйлүүд  Монголыг анхаардаг, Монголд ажиллая гэсэн олон бодлогыг идэвхжүүлэхэд энэ бодлого хэрэг болно. Энэ хэрэгтэй юм гэж үзэж байгаа гэдгийг энд хэлье гэж бодож байна. Өнөөдөр энэ түүхэн гэж хэлж болохоор ойг тэмдэглэж байгаа энэ өдөр би гурван зүйлийн тухай маш тодорхой ярилаа. Хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг хэрхэн бүрдүүлэх вэ? Гүйцэтгэх засаглалын бүтээлч, тогтвортой үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ? гэдгийг ярилаа. Монгол Улсын гадаад бодлогын үндсэн нэг зарчим болж хэрэгжиж ирсэн зүйлийг албан ёсоор статус нэрийг нь өгч тайлбарлаж хэллээ.

        Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх нь манай ард түмний эрх ашигт бүрнээ нийцэх зүйл гэж би бодож байна. Тийм учраас эдгээр зүйлүүдийг зөвхөн яриад өнгөрөх биш, энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн төлөө бид идэвхтэй ажиллах хэрэгтэй. Ер нь Монголын ард түмний хөгжил дэвшил  биднээс л шалтгаална. Монголын ард түмнээс, монгол хүнээс өөрөөс нь хамгийн их шалтгаалах болно гэдгийг би энд хэлэх нь зөв байх. Тийм учраас бүгдээрээ сая ярьсан зүйлүүдийг, олон зүйл хэлсэнгүй. Саяын ярьсан тоймтой  гурван асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтарч ажиллацгаая.

        Баярлалаа.

        З.Энхболд: -Ажил хэрэгч үг хэлсэн Ерөнхийлөгчид баярлалаа. Одоо Монгол Улсын Их Хурлын дэд дарга Гончигдорж үг  хэлнэ. Улсын Бага Хурлын дарга асан.

        Р.Гончигдорж: -Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Их Хурлын дарга аа, Монгол Улсын Ерөнхий сайд аа, Үндсэн хуулийн эцэг болсон Ардын Их Хурлын удирдлага болон үе үеийн Улсын Их Хурлын удирдлагууд,
Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын гишүүд, эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.


        
25 жилийн өмнө яг энэ өдөр 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын Бага Хурлын гишүүд андгай тангаргаа өргөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэхүү ойг тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулж, Улсын Бага Хурлын гишүүд биднийг урин оролцуулж байгаад Улсын Улсын Их Хурлын дарга Танд талархаж байгаагаа Бага Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс  илэрхийлье.

        
Улсын Бага Хурал нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн болж, БНМАУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага гэсэн статустайгаар бий болсон ийм түүхтэй. Тиймээс Улсын Бага Хурал өөрийнхөө үйл ажиллагааны нэг чиглэл бол энэ ард түмний сонголт болсон 1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг хууль эрх зүйн хувьд нэн тэргүүнд ханган биелүүлэхийн төлөө ажилласан юм. Энэ нь хувь хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн зах зээлийн харилцааны анхлах зохицуулалтуудыг хийх, улс төрийн харилцааны шинэ төлөвлшлийг бий болгох ийм эрх зүйн зохицуулалтууд бидний чиг үүрэг байсан. Энэ дагуу бидний үйл ажиллагаа ирээдүйд гарч ирэх Монголын ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны угтвар болгон хийгдэж байсан ийм түүхтэй юм.


        Хоёрдугаарт,
Улсын Бага Хурлын үндсэн үүрэг бол Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан, ард нийтээр хэлэлцүүлж, Ардын Их Хурлаар батлуулах чиг үүрэгтэй. Ийм үүргийг Улсын Бага Хурлын гишүүд бидний үүрэг гэж хүлээн авч, энэ үүргээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн юм. Өнөөдөр бидний дунд байхгүй ч гэсэн алд биеэ алжаан байж энэ их ажлаа хийж явсан тэр нөхдөө бид мартахгүй, тэр нөхдийг маань түүх мартахгүй юм.

        Улсын Бага Хурал ч
ухамхүү ийм л үүрэгтэй байсан учраас, ийм дуудлагыг хүлээж авсан учраас, ийм даалгаварыг хүлээн авсан учраас бидний ажиллагаа бас өвөрмөц байсан гэдгийг онцолж хэлмээр байна.
        
Яг энэ өдөр бид дэгийнхээ хуулийг баталж, дэгийнхээ хуулийн дагуу ажилласан. Гэхдээ бидний ажиллагааг дэг жолоодоогүй, бидний ажиллагааг бидний сэтгэл жолоодсон. Аливаа асуудал дээр зөвшилцлийг бий болгох тэр зүйлийг тухайн хуралдаан дээрээ дэг журмаараа тогтоож байсан. Энэ бол чухамхүү дэгээр тогтоохоос гадна чухам өөрсдийнхөө тухайн асуудал, тухайн нөхцөл байдалдаа тохируулан зөвшилцөл, ойлголцлыг бий болгох механизмыг бидний гол дэг хэмээн ингэж ажиллаж ирсэн гэдгийг онцлог болгож дурдаж хэлмээр байна.

        
Улсын Бага Хурал 1992 оны 01 дүгээр сарын 13-нд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлагдсаны дараагаар Үндсэн хуулийн хавсралтын тухай хуулийг оруулан батлуулж үүгээрээ Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Тийм учраас Улсын Бага Хурал бол Улсын Их Хурлын бүрэн эрхийг шилжүүлэн уламжлуулан хэрэглэж ирсэн гэдэг онцлогийг хэлмээр байгаа юм. Ингээд Улсын Бага Хурал 5 жилийн бүрэн эрхийн хугацаагаар сонгогдсон юм. Бид нар бүрэн эрх гэдэг бол үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлэхийн тулд зайлшгүй хангагдах эрхтэйгээр ажиллах гэдэг тийм ойлголттой байсан учраас бид үүргээ биелүүллээ. Анхны ардчилал, зах зээлийн харилцааны сууриудыг тавилаа. Үндсэн хуулиа батлууллаа. Бид үүргээ хэрэгжүүллээ. Тийм учраас бид 5 жилийн эрхээ эдлэх гэж зүтгэхгүй ээ гэж. Яагаад гэвэл ийм эрх үүргийг ногдуулахад бидэнд өгсөн учраас бид энэ эрхээ дараагийн Их Хуралд нь шилжүүлэх ёстой. Ингэж эцэг парламентын хувьд дараагийн Их Хурлын хуулийг баталж, дараагийн Их Хурлын сонгуулийг баталж, дараагийн Их Хурлын үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж өгсөн ийм түүхтэй юм. Би энэ болгоныг хэлэхдээ Бага Хурлыг онцолж хэлж байгаа зүйл биш. Үе үеийн парламент ийм л зарчимтай, ийм л сэтгэлтэй, ийм л мандат буюу үүрэгтэйгээр ажиллаж ирсэн цаашдаа ч ажиллах болно гэж боддогийнхоо хувьд жишээ болгож хэлж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

        
Нэг зүйлийг бас онцолж хэлье гэж бодсон юм. Бага Хурлаас мал хувьчлах тухай шийдвэрийг гаргаж, иргэд өөрийн гэсэн малтай болсон. Үндсэн хуульд мал сүрэг бол Монгол Улсын баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалт орсон. Үүнийг би өнөөдөр яаж дурдаж байна вэ гэхээр Улсын Бага Хурал төрт ёсныхоо түүхэн уламжлалыг салган авч хэрэгжүүлсэн төдийгүй Монголынхоо соёл иргэншлийг хадгалж үлдэх, алдагдаж болзошгүй ирмэг дээр байсан тэр соёл иргэншлийг цааш нь баталгаажуулах суурийг бий болгосон гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, нүүдэлчин Монголын нүүдэлчин соёл иргэншлийг хадгалж явсан тэр уламжлал бол мал нь эзэнтэй болж, малчид нь малтай болж Монгол Улс нүүдэлчин орныхоо тэр шинэ соёлыг шинэ үедээ авч гарсан нь энэ өнөөдөр бидний бахархал, энэ өнөөдөр бидний энэ түүхэндээ бас бахархаж хэлж болох зүйл байсан юм гэдгийг онцолж хэлэх гэж байгаа юм. Үндсэн хуулийн тэр заалт бол үнэндээ бид нар малыг төрийн хамгаалалтад авсан тухай асуудал биш, нүүдэлчин Монголын соёл бидний соёл үеийн үед хадгалагдах ёстой гэсэн тэр том үзэл санаа гэдгийг өнөөдөр би энд онцолж хэлэхийг хүссэн зүйл байгаа юм.


        
Би монгол заншлаараа өнөө өглөө босоод бурхандаа зулаа өргөөд өндөр Гэгээний их эв эеийн тухай сургасан Жанлавцогзолыг уншаад тэгээд дотроо ерөөл бодсон. Энэ маань Монгол хүн бүрийнхээ сайн сайхны төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөө, үе үеийн парламент, парламентчид сэтгэлийнхээ, итгэлийнхээ нэгдлээр ухаанаа уралдуулж, үгүйсгэлийн биш үргэлжлэлийн бодлогоор авч яваасай, авч явах болно гэсэн ийм ерөөлийг би дотроо бодож ерөөсөн юм. Ингээд  энэ ерөөл бат сайхан оршиг. Монголын үе үеийн парламент монгол түмнийхээ бүрэн эрхийн төлөөлөн байж, тэднийхээ төлөө сайн сайхан бүхнийг бүтээж явах ерөөл орших болтугай гэж ерөөе. Та бүхэнд баярлалаа.

        З.Энхболд: -Баяр хүргэж үг хэлсэн Улсын Их Хурлын дэд дарга Гончигдоржид баярлалаа. Улсын Их Хурлын 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хүндэтгэлийн хуралдаан өндөрлөснийг мэдэгдье. Зочдод, гишүүдэд баярлалаа.

        Дууны бичлэгээс буулгасан:

        ПРОТОКОЛЫН АЛБАНЫ  

        ШИНЖЭЭЧ  М.НОМИНДУЛАМ